Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0013

 

 

 

 
2018 оны 01 сарын 03 өдөр     Дугаар 221/МА2018/0013             Улаанбаатар хот


С.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/744 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор, С.Э-н нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/744 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Э-г Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан цалингийн зөрүүг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 327,684 төгрөгөөр тооцож хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч С.Э-н “Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан 128/ШШ2017/744 дугаар “Шийдвэр”-ийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 30 дугаар зүйлийн 30.3.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Үндэслэл-1. Анхан шатны шүүх: “... Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 тоот ...тушаалын 1 хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлсний дотор нэхэмжлэгч С.Э орсон /сүүлд уг тушаалыг өөрчилсөн/... гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цаг уур, орчны шинжилгээний газрын бичиг хэрэг, компьютерт шүүхийн журмаар хийсэн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Үндэслэл-2. Анхан шатны шүүх “...хариуцагч Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан, үүнийгээ С.Э-н урьд эрхэлж байсан албан тушаал болох Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын зорилго, 4 чиг үүрэг нь 2 хэлтсийн 4 хүний ажлын зорилго, чиг үүрэгт шилжиж ажлын байр байхгүй болсон” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин эсрэгээрээ С.Э-н өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна гэж шүүх дүгнэв гэжээ.
Хавтаст хэрэгт Байгаль орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдын 2015 оны 02 сарын 24-ний “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” А-77 тоот тушаалын 2 хавсралтаар батлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар авагдсан. Энэхүү бүтэц, тодорхойлолтоор С.Э нь:
“Цаг уур, орчны шинжилгээний газрын болон салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг удирдан зохион байгуулах, сүлжээний хөтөлбөр, арга зүй, боловсруулах, тэдгээрийг байгуулах, шилжүүлэх, татан буулгах, үндэслэлийг боловсруулах, сүлжээний тасралтгүй ажиллагаа, стандартын шаардлагыг хангуулах, бодлого боловсруулахад санал оруулах, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх,мэдээллээр хэрэглэгчдийг хангах, ажлыг нэгтгэн зохион байгуулах, арга зүйгээр хангах, хяналт тавих” зорилготой, дараах ажлын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогддог. Үүнд:
1. “Орчны хяналт шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих”
2. Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний байршил, хийх ажлын хөтөлбөр, арга зүйг боловсруулах, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих
3. “Орчны хяналт шинжилгээний ажлын хөтөлбөртэй уялдуулан ашиглах хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сонголт хийх, захиалах, хуваарилах, ашиглалтад нь хяналт тавих”
4. “Орчны хяналт шинжилгээний мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үйлчлэх” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байсан.
Мөн хэрэгт авагдсан 2016 оны 09 сарын 02-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” А/32 тоот тушаалын 6 дахь заалтаар дээрх 2015 оны А/77 тушаал хүчингүй болж, тушаалын 2 дугаар хавсралтаар агентлагийн зохион байгуулалтын бүтэц, нэхэмжлэгч С.Э-н ажлын байрны тодорхойлолтод заагдсан дээрх ажлын зорилго, чиг үүрэг нь дараах байдлаар шилжиж түүний ажиллаж байсан ажлын байр, албан тушаал байхгүй болсон нь нотлогддог. Үүнд:
1 дэх чиг үүргийн “Орчны хяналт шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах чиглэл, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, шаардлагатай зөвлөгөөгөөр хангах” чиг үүрэг нь Орчны шинжилгээний хэлтсийн даргын ажлын байрны 1,2-т буюу орчны хяналт шинжилгээ бүхэлдээ шилжсэн.
2 дахь чиг үүргийн “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ” чиг үүрэг нь Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны 1,2-т буюу орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ бүхэлдээ шилжсэн
2 дахь чиг үүргийн “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний байршил хийх ажлын хөтөлбөр, арга зүй боловсруулах үйл ажиллагаанд нь хяналт тавих” чиг үүрэг нь Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүргийн 2-т шилжсэн
2 дахь чиг үүргийн “Улсын сүлжээний орчны шинжилгээний салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх” чиг үүрэг нь “Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэнд,
3 дахь чиг үүрэг буюу “орчны шинжилгээний ажлын хөтөлбөртэй уялдуулан ашиглах хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сонголт хийх, захиалах, хуваарилах, ашиглалтад нь хяналт тавих” чиг үүрэг нь УСУАҮХ-н автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтэнд
4 дэх чиг үүрэг буюу “Орчны хяналт шинжилгээний мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг хангах” чиг үүрэг нь Орчны чанарын төлөв байдлын талаар гарсан мэдээ, тайланг нэгтгэх, хяналт тавих, мэдээ мэдээллээр төр засаг холбогдох байгууллага, нийгмийн хэрэгцээг хангах” болж өргөжин, Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэнд тус тус шилжсэн нь эдгээр ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно.
Ийнхүү хавтаст хэрэгт нотлон баримтаар авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтаар нэхэмжлэгчийн ажлын байр үгүй болж ажлын чиг үүрэг нь 2 хэлтэст хуваагдаж, тус тусын хэлтсийн дарга, мэргэжилтний ажлын чиг үүрэгт шилжиж, ахлах мэргэжилтэн дангаараа хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй болж өөрчлөгдсөн байна.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэг ажлын байр, албан тушаал буюу “Улсын сүлжээний орчны шинжилгээний салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх” чиг үүрэг нь “Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд шилжсэнийг С.Э-н урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны зорилго болон хэрэгжүүлэх чиг үүрэгт бүхэлдээ тухайн ажлын байранд хадгалагдсан гэж өрөөсгөл дүгнэлт хийж, тухайн ажлын байрны бусад чиг үүргийг харгалзахгүйгээр нэхэмжлэгчийг урьд нь хийж гүйцэтгэж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх дээр дурдсанаар “... 2 хэлтсийн 4 албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжиж ажлын байр байхгүй болсон” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн атлаа “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаас үзвэл С.Э-н урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны зорилго болон хэрэгжүүлэх чир үүрэг нь бүхэлдээ дээрх ажлын байранд хадгалагдаж үлдсэн байна” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Үндэслэл-3. Шүүх “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсны дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэжээ.
Гэтэл хариуцагч Б42 тоот тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн ба харин шүүх мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэж дүгнээд нэхэмжлэгчийг эрхэлж байгаагүй, томилогдоогүй, ажил, албан тушаалд шинээр томилж шийдвэрлэж байгаа нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх болон тухайн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Шүүхийн “...чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэлээр “Нэхэмжлэгч С.Э-г шинээр албан тушаалд шууд томилж шийдвэрлэсэн нь тухайн Б/42 дугаар тушаал гаргасан үндэслэлтэй нийцээгүй мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д маш олон тохиолдлуудыг зохицуулсан ба шүүх чухам аль зохицуулалтад хамааруулж дүгнэсэн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа дээрх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ” гэж танилцуулсан атлаа шийдвэр бичгийн хэлбэрээр гаргахдаа “С.Э-н өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж харьцуулан үзээгүй, хуулийн 2 өөр зүйл заалтыг хольж гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн нь дээрх дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүргүүд нь яаж өөрчлөгдөж, нэмэгдэж, хасагдаж, шилжсэн, шилжээгүй талаар дүгнээгүй, ямар чиг үүрэг нь дээрх хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байгааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгосон бичгийн баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Үндэслэл-4. Шүүх “... С.Э-тай тохиролцсон нь нотлох баримтаар нотлогдоогүй байхын дээр албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн гэдгээ хариуцагч нотлоогүй тул "өөр ажилд шилжүүлсэн” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр шилжүүлсэн гэж хариуцагчийн тайлбар болон энэ талаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөөгүй байхад шүүх санаачлагаараа дээрх хуулийн үндэслэл гаргаж дүгнэсэн мөн С.Э нь орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байна гэж өөрт олгогдоогүй асуудалд дүгнэлт хийсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй түүнийг ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох зэрэг шаардлага бүрт хуулийн хэм хэмжээний хүрээнд бүрэн гүйцэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадаагүй байна.
С.Э-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилж ажиллуулахыг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захиралд үүрэг болгосноор Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/11 тоот тушаалаар:
С.Э-г “... усны шинжилгээний лабораторийн мэдэлд шилжүүлэн инженерээр томилсныг хүлээн зөвшөөрсөн тул өнөөдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа талаар маргахгүй байгааг шүүх огт анхаарч үзээгүй.
Үндэслэл-5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гэж үзэж байна.
Үндэслэл-6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/744 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Э нь “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах, төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар гэж заасан. Уг тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.
Улмаар Цаг уур, орчны шинжилгээний газар нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноор Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаараа албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар албан хаагчдыг буцаан томилохдоо тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан С.Э-г томилолгүй, мөн өдрийн Б/42 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Э-н өмнө эрхэлж байсан “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ний албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 тушаалаар өөрчлөн байгуулагдсан “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг нь хасагдаагүй хэвээр хадгалагдсан байна.
Нөгөөтэйгүүр, дээрх “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”, “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг С.Э нь хангаж байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зөв байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, албан тушаалын орон тоо хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд харин ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан болох нь тогтоогдож байхад мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.
Тодруулбал, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан.
Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны Б/42 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэгч С.Э-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд маргаан бүхий Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/744 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “... эгүүлэн тогтоосугай” гэснийг “... томилохыг даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР