Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: Ч.С*******

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

          1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын Ч.С*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Б******* ХХК-д, Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар тушаалаар *******анд байрлах 0.07 га газрыг 5 жилийн хугацаанд ашиглах эрх олгожээ.[1]

2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дүгээр тушаал[2] гарч Б******* ХХК-д олгосон 0.07 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 366 дугаар санал[3]-ыг үндэслэн дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дүгээр[4] болон 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар[5] тушаалуудаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/65 дугаар тушаалаар ...Арцатын аманд газар ашиглах зөвшөөрөлгүй удаан жил оршин сууц буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх шаардлагатай эсэх асуудлаар санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий... ажлын хэсгийг байгуулсан[6] ба тус ажлын хэсгээс ...давхцалгүй...газар дээрээ олон жил амьдарсан 12 иргэнд... газар ашиглуулах саналыг уламжлах... шийдвэрийг гаргаж[7], 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1827 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн Удирдлагын газарт хүргүүлжээ[8].

2.4. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/604 дүгээр тушаалаар *******анд 976.8 м2 газрыг Ч*******ийн С*******т 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байна.[9]

2.5. Харин нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дүгээр газар ашиглах эрх дуусгавар болох тухай тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/5066 албан бичгээр[10] мэдсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаан тооцуулан нэхэмжлэлээ гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын Ч.С*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд анх бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар тушаалаар манай компанид *******ны хязгаарлалтын бүсэд 0.07 га газар ашиглах эрхийг олгосон. Үүний дагуу бид тус газрыг ашиглах эрхийг олж авсан. Гэвч дээр дурдсан маргаан бүхий захиргааны актаар бидний тус газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан байна. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас манай компанийн газар ашиглах эрх зөрчигдөж байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргав.

Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухай: Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн бидний газар ашиглах эрхийг цуцалсан талаар тусгасан байна. Тус хуулийн 3.1.7-д "түүх, соёлын дурсгалт газар гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийн" гэж, 38.1-д "Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно" гэж, 38.1.2-т "палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох" гэж тус тус заасан байна. Иймд тус үндэслэлүүдийн дагуу акт гарсан гэж ойлгож байна.

Гэвч манай ашиглах эрх бүхий газар нь түүх, соёлын дурсгалт газар байгаагүй. Мөн хуулийн 38.1.2 дахь заалт нь газар дээр тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт байгаа болохоос газар ашиглах эрхийг цуцалсан зохицуулалт биш байна. Хэрэв манай компанийн газар нь хуулийн тус заалтад хамаарч байсан бол анх газар олгохгүй байх, эсвэл анхны газар ашиглах эрх олгосон Тушаалыг хүчингүй болгох асуудал яригдах билээ. Гэтэл бидэнд газар ашиглах эрх олгосон боловч хожим нь хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хуулийн 38.1.2-т олон үйл ажиллагааг хориглосон байх бөгөөд манай компани тэдгээрийн алинд нь хамаарч байгаа нь тодорхой бус юм. Бид хуулийн тус хэсэгт заасан хориглох үйл ажиллагаануудыг явуулаагүй. Мөн манай компанийн газар нь түүх, соёлын дурсгалт бүхий газар биш учир Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй билээ. Иймд тус хуулийн дагуу бидний газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1-т газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг заасан байна. Эдгээр нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл байна. Харин соёлын өвийг хамгаалах үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг хуульд заагаагүй байна. Иймд Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тус хуулийн дээрх заалтуудыг үндэслэж манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны зарчим, журмуудыг баримтлахгүйгээр шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ямар үндэслэлээр бидний газрыг цуцлах гэж буй тухай бидэнд мэдэгдэж, холбогдох баримтуудтай танилцуулж, бидний тайлбарыг авах зэргээр сонсох ажиллагаа хийх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах журмуудыг зөрчиж шийдвэр гаргалаа.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан Сайдын тушаалыг 2022.09.07-ны өдөр мэдсэн. Тодруулбал манай компанийн газар ашиглах эрх цуцлагдсан гэдэг албан бус мэдээ сонсоод Байгаль орчин, Аялал жуулчлалын яамд хандаж, мэдээлэл хүсэж, хэрэв газар ашиглах эрх цуцлагдсан бол цуцалсан шийдвэрийн хуулбарыг өгөхийг хүссэн. Улмаар тус яамны 2022.09.07-ны өдрийн 09/5066 дугаар албан бичгээр манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан 2017.05.23-ны өдрийн А/139 дүгээр шийдвэрийн хуулбар хувийг ирүүлсэн бөгөөд дээрх албан бичгийг авсан өдөр болох 2022.09.07-ны өдрөөс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Сайдын тушаалыг хүчингүй болгох, гомдол шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг хуульд тодорхойлоогүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргав.

Иймд Байгаль орчин. Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын "" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэмэгдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 09 дүгээр 13-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын "" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2022.12.22-ны өдөр хариуцагч нь маргаан бүхий газартай давхцуулан А/604 дүгээр тушаалаар Ч.С*******т газар олгосон байгаа нь хууль бус шийдвэр болсон байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Газрын тухай хуулиас бүрдэх талаар заасан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл тухайн газартай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байгаа бол маргааныг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд тус газарт гэрчилгээ олгохгүй гэж заасан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энэхүү захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон буюу хэргийн талаар мэдсэн атлаа тус өдрөөс хойш 2 сарын дараа нэхэмжлэгчийн газартай давхцуулан Ч.С*******т газар олгож байгаа нь дээрх хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин, хууль бус шийдвэр гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/604 дүгээр тушаалыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсний дараа танилцсаны дараа хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа билээ.

 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.12.22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын Ч.С******* /РД: /-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний шаардлага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын Бам солоон ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд. Уг тушаалаар цуцлахдаа Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 38 дугаар зүйлийн 38.3, 39 дүгээр зүйлийн 39.2 , 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7, 38.1.2 дахь заалт Богдхан уулын дархан цаат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 366 тоот саналыг тус тус үндэслэсэн. Уг тушаалын үндэслэл, хууль зүйн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-д дархан цаат газар энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан өөр зориулалтаар гаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн. Юу юуг хориглох вэ гэхээр газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах, зэгс, шагшуур бэлтгэх, хяналтын бүсээс бусад газарт мод тарих зэргээр байгалийн төлөв байдлыг нь өөрчлөхийг хориглоно гэж заасан. Гэтэл Б******* ХХК-ийн газар ашиглах тусгай зөвшөөрөл нь аялал жуулчлалын зориулалттай тусгай зөвшөөрөл байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38.3 дахь хэсэг гэж үндэслэсэн ч ийм хуулийн зүйл, заалт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.2 дахь заалт мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг заасан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.2-т юу гэж заасан бэ гэхээр тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг дуусгавар болно гэж заасан. Гэтэл Бам солоон ХХК үүнийг удаа дараа юм уу ноцтой зөрчсөн нь бол тогтоогдоогүй. Үүнийгээ нотлох үүрэгтэй байсан. Ямар ч нөхцөл илрээгүй. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.7 дахь хэсгийг үндэслэсэн байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн соёлын амын соёмбот уулын соёлын тэмдэг нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаартай тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх дүүргийн хамгаалалд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ? гэвэл сайдын тушаал гарахдаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг үндэслэсэн байдаг. Гэтэл тушаал гарах үед соёмбот уулын тэмдэг болон Соёмбо тэмдэг нь соёлын өв байгаагүй. Тухайн тогтоолоос өмнө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаартай тогтоол хүчинтэй байсан. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байгаа. Үүнд соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно гээд палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгохыг хориглоно гэж заасан. Тэгэхээр ерөнхийдөө түрүүн дурдсан нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгосон тул энэ хориглох заалт бол ямар ч хамааралгүй. Тушаал гарах үед Соёмбот уул нь соёлын өв биш байсан байна. Тэгэхээр энэ сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 139 дугаар тушаал бол хууль бус шийдвэр юм.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Ингээд захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас маргаан бүхий газарт давхцуулан А/604 тушаалаар Ч.С*******т газар олгосон нь хууль бус шийдвэр. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Газрын тухай хуулиас бүрдэх талаар заасан бөгөөд Газрын тухай хуулийн 40.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохгүй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл тухайн газартай холбогдуулан маргаан шүүхэд хянагдаж байхад маргаан нь шийдвэрлэх, дуусах хүртэл хугацаанд тус газарт шинээр гэрчилгээ олгохгүй байсан. Үүнийг хариуцагч тал мэдэж байсан. Итгэмжилсэн төлөөлөгчөө томилоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл одоо Ч.С******* гэх иргэнд газар олгосон нь хууль тогтоомжоос зөрөөтэй хууль бус шийдвэр гаргасан. Гол нь Газрын тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн шийдвэр байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын Бам солоон ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дугаартай тушаалын Ч.С*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Б******* ХХК-ийн газрыг цуцлахдаа соёлын өвд сөргөөр нөлөөлөх юм байна гэдэг байдлаар цуцалсан. Гэхдээ Б******* ХХК-ийн зүгээс соёлын өвд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, мөн яамны зүгээс тэгж бодогдохгүй байгаа. Харин энд газар олгочихсон байгаа нь өөрөө соёлын өвд сөргөөр нөлөөлнө гэдэг агуулгаар тушаалыг гаргасан. Гэхдээ энд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох нь тухайн соёлын өв болох соёмбот ууланд сөргөөр нөлөөлнө гэх баримт байдаггүй. Хэрэгт энэ газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигласнаар соёлын өв сүйтгэх юм байна аа гэдэг агуулгатай баримт байхгүй. Шинжээч томилсон боловч шинжээчид хариулахаас татгалзсан. Бидний тусгай мэдлэгт хамаарахгүй гэсэн. Тухайн газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээр соёлын өвд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл бодит байдал дээр тэнд хашаатай иргэд ч амьдарч байгаа, 12 давхар барилга ч босчихсон байгаа. Тэрнээс болоод ямар ч сөргөөр нөлөөлөөд байгаа зүйл байхгүй. Гэтэл хажууд нь байгаа жижигхэн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахад сөргөөр нөлөөлөөд байна гэвэл үгүй. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд маргаан бүхий газар Соёмбо тэмдэг ямар зайтай байна вэ гэдгийг харуулсан байгаа. Тэнд бол нэг булангаас нь 209 метр, нөгөө булангаас нь 240 метрийн зайтай байна аа гэсэн. Тэгэхээр энэ хол зай, нөлөөлөл нь одоо шууд хүрэх боломжгүй. Энд ямар одоо барилга барих зориулалттай газар олгоод байгаа ч биш. Ер нь бол соёлын өв нөлөөлөхгүй. Хоёрдугаарт маргаан бүхий акт гарах үед соёлын өв байгаагүй учраас хамгаалагдах эрх ашиг сонирхол байгаагүй. Дараа нь Ч.С******* гэж хүний хувьд маргаан бүхий газарт газар олгочихсон байгаа нь Газрын тухай хуулийн 45 дахь заалтыг зөрчсөн. Үүнээс гадна энэ Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд, сэргээх боломжгүй болгож байгаа учраас үүнтэй бас маргах шаардлагатай болсон. Ч.С*******ийн хувьд бол олон жил тэнд амьдарсан, амьдарч байгаа гэдэг үндэслэлээр газраа томсгож авсан байгаа. Гэхдээ аялал жуулчлалын зориулалтаар олгочихсон. Тэгээд амьдран суух зориулалттай тухайн газрыг ашиглаж байгаа болон аялал жуулчлалын зориулалттай олгогдсон нь анхнаасаа хууль бус зүйл байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

3.5. Хариуцагчаас, нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: "" ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны тухайд: Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар *******, Соёмбот уулын баруун хойд талд 0,07 га газрыг ашиглах эрхтэй болсон байдаг. Харин маргаан бүхий акт нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна." гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж нь сум, дүүргийн Заcar дарга болон хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулдаг бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт "Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: 2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг" гэж зааснаар тухайн гэрээнд аж ахуйн нэгж нь газрын төлбөр төлөх үүрэгтэй байхаар тусгагддаг. Ийнхүү гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй учир маргаан бүхий акт гарснаас хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад мэдээгүй байх боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох юм.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34.1-т зааснаар газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх тул нэхэмжлэгч нь газар ашиглах эрх нь дуусгавар болсныг мэдээгүй байсан ч 2021 онд газар ашиглах тухай гэрээний хугацаа дуусах үед мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь дуусгавар болсныг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд багтаж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээргүй байна.

Маргаан бүхий актын тухайд: Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар *******, Соёмбот уулын баруун хойд талд 0,07 га газрыг ашиглах эрхтэй болсон байдаг. Харин маргаан бүхий актыг гаргахдаа түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, унаган төрхөөр нь ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор түүний ойр орчимд газар ашиглах эрх олгосон байсныг цуцалж шийдвэрлэсэн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар "түүх, соёлын дурсгалт газар" гэж тус хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг хэлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна: 5.1.11-т бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал." гэж заасан байдаг. Соёмбот Уулын тэмдэг нь 1936 онд буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор бүтээгдсэн бөгөөд өдгөө 80 гаруй жилийн настай, Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг бэлгэддэг түүх, соёлын үл хөдлөх дурсгал мөн учир дээрх эрх зүйн зохицуулалтад зайлшгүй хамаарах юм.

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т "Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно: 38.1.2. палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;" гэж заасан. Тус зохицуулалт нь соёлын өв болсон газарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар газар олгохыг хориглосон байна. Нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь Соёмбот уулын баруун хойд талд олгогдсон байх тул дээр дурдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь үндэслэлтэй юм гэжээ.

3.6. Хариуцагчаас, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: "" ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дугаар тушаалын иргэн Ч.С*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар *******, Соёмбот уулын баруун хойд талд 0,07 га газрыг ашиглах эрхтэй болсон байдаг. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар Богдхан уулан дээр байрлах Соёмбын тэмдэг болох түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, унаган төрхөөр нь ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор түүний ойр орчимд газар ашиглах эрх олгосон байсныг цуцалж шийдвэрлэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн заагийг шинэчлэн баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газар нь хязгаарлалтын бүсэд байсан нь өөрчлөгдөж, хамгаалалтын бүсэд хамаарах болсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бус болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана." гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг олгохдоо дархан цаазат газрын зөвхөн хязгаарлалтын бүсэд олгох эрхтэй. ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон тул дахин тус газарт газар ашиглах эрх олгох боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газрын зарим хэсгийг иргэн Ч.С*******т олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанид маргаан бүхий захиргааны актыг гардуулсан гэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхээс хангалттай нотлох баримтыг гаргуулсан гэж харж байна. Харамсалтай нь энэ талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Маргаан бүхий актын хувьд соёлын өвд бүртгэгдсэн газар. Газар ашиглах эрх анх 2016 онд олгогдож эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр тухайн үед олон асуудал үүсэж байсан. Хэд хэдэн хэвлэлийн хурал хийсэн талаар гэрч мөн адил мэдүүлсэн байдаг. Эрх олгосон 50-аас 60 аж ахуй нэгжүүдэд газар олгоход соёмбот ууланд газар ухах асуудлууд гарч эхэлсэн. Иймээс газар ашиглах эрхийг цуцалсан. Нэхэмжлэгч компанид Соёмбот Ууланд газар олгосноос хойш нэг жилийн дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Түүний дараа Ч.С*******т олгосон асуудалд тус иргэн нь тухайн газар дээр маш их олон жил амьдарсан. Энд газар ашиглах эрх олгож өгөөч гэж яаманд удаа дараа хүсэлтүүдийг ирүүлж байдаг. Яам бодит нөхцөл байдалд тусалж байгаа юм. Тухайн иргэн маш удаан хугацаагаар оршин суучихсан, энд амьдран суух зориулалтаар хамтран эзэмшүүлэх эрх олгох боломж байхгүй. Учир нь тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглуулах эрх л олгодог. Тэгэхээр хуульд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар олгочихсон ийм л асуудал байгаа. Тэгэхээр Ч.С*******т олгосон газар ашиглах эрх зорилгодоо нийцсэн гэж харж байгаа гэжээ.

3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт хариуцагчийн тайлбартай санал нэг байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тухайн маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн сайдын тушаалыг 2022 оны 9 сард өөрөө мэдсэн гэдэг агуулга ярьдаг. Мөн нэхэмжлэлд яагаад энэ 5 жилийн хугацаанд маргаан бүхий захиргааны актыг гарсан талаар мэдэх боломжгүй байсан талаар ямар нэгэн тайлбар хэрэгт авагдаагүй байдаг. 5 жилийн хугацаанд мэдэх боломжгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг албан бичиг байдаг. Мөн гэрчийн мэдүүлэгт тухайн үед Монгол шууданд хийсэн гээд мөн Монгол шуудангаас тухайн үеийн бүртгэл байхгүй байна гэдэг. Тэгэхээр аль аль талууд дээр мөн шүүхээс үзлэг хийсэн, тэр дээр холбогдох баримтууд нь байхгүй байсан. Гэрчийн мэдүүлэг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болж байгаа. Гэрч тухайн үед юу гэсэн бэ гэхээр бид нар ирсэн нотлох баримтуудыг шууданд хийгээд хүргүүлдэг. Тэгэхээр шуудангаас ирсэн, явсан юм байхгүй гэдэг. Тухайн үед гэрч ямар ч байсан хүргүүлсэн гэдгийг тайлбарласан байдаг. Мөн 2 дахь баримт нь тухайн үед Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөр төлж байсан эсэх талаар лавлагаа авсан. Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу 1.017.700 төгрөгийг л төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй гэдэг лавлагаа ирүүлсэн байдаг. Тэгэхээр газар ашиглах, эзэмших эрхийг гэрээ байгуулж олгодог. Уг гэрээнд газрын төлбөрийг жил болгон төлөөд явах зохицуулалт байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдсэн учраас газрын төлбөрөө төлөөгүй. Ингээд 5 жилийн хугацаа болж байгаад гэнэт мэдээгүй байсан мэтээр нэхэмжлэлээ гаргаж байгаа нь өөрөө хууль бус байна. Тэгэхээр нэхэмжлэлийн эхний шаардлага болох сайдын тушаалыг хүчингүй болгуулах гэдэг нь үүгээр үгүйсгэгдэж байгаа. Тэгээд 2 дахь шаардлага Ч.С*******т холбогдох хэсгийг бас хүчингүй болгуулъя гэдэг нь нэгэнт хүчингүй болчихсон, мэдээллийн санд байхгүй учраас бол Газрын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Кадастр нь ямар нэгэн хүний эзэмшил, ашиглалттай давхцалгүй учраас Ч.С*******т газар олгосон. Иймд 2 нэхэмжлэлийн шаардлага нь хоёул үндэслэлгүй. Энэ хэрэг маш энгийн, тодорхой захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д асны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ийм хэрэг байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.1 Маргаж буй  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно, 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "түүх, соёлын дурсгалт газар" гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг гэх нэр томьёоны тодорхойлолт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох-ыг хориглосон заалтууд байна.

4.1.2.Нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3-2/08 дугаар лавлагааны хуудсаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан толгойн баруун талд байрлах Соёмбот толгойг Хан-Уул дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Жагсаалт батлах тухай 12/35 дугаар тогтоол[11]нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй[12] байх бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01-07/656 албан бичгээр уг дурсгалын цогцолборын хил зааг, эргэлтийн цэгийн солбицлуудыг тусгаагүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй[13].

4.1.3.Мөн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар ХХК-д олгогдсон 2016/226 дугаар гэрчилгээ дээрх солбицлоор олгогдсон талбайн зүүн доод захаас үзэхэд Хувьсгалын 100 жилийн ой мандтугай хүртэл 228,52 метр Соёмбын доод хэсэг хүртэл 252,24 метрийн зайтай...[14] болох нь тогтоогдсон.

4.1.4.Дээрх нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий актад дурдсан ...Соёмбот уулын тэмдэг нь 2015 онд соёлын өвд бүртгэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид ... Соёмбот уулын баруун хойд талд 0,07 га газар ашиглах зориулалтаар олгосны улмаас Соёмбот уулын тэмдэг бүхий гэрэлт байгууламжид ноцтой хохирол, сөрөг нөлөө үзүүлсэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн тайлбар үндэслэл бүхий байна.

4.1.5.Гэвч дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй юм.

Учир нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар ХХК-д Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн 2016/226 дугаар гэрчилгээг[15] олгожээ.

4.1.6.Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ гээд дархан цаазат газарт зөвхөн энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д  аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулж болно.

4.1.7.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих,..11-д хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах -ыг хориглоно гэжээ.

4.1.8.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгч компанид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын /хамгаалалтын/ бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон байна.

4.1.9.Үүнээс үзвэл хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт гаргасан үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримталсан гэж дүгнэхээр байна.

4.1.10.Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно гээд 39.1.1-д ... газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй ... бол газар эзэмших эрх дуусгавар болох талаар хуульчилжээ.

4.1.11.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар ХХК-д Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/226 дугаар гэрчилгээг[16] 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд тус гэрчилгээний хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор байна.

4.1.12.Аливаа газар эзэмшигч болон ашиглагчийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг биелүүлэх ёстой юм.

4.1.13. Харин хэрэгт цугларсан бүхий л баримтаар нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байсан гэх, түүнчлэн гаргасан хүсэлтийг нь эрх бүхий этгээдээс шийдвэрлэж байсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй төдийгүй ийм нөхцөл байдал ч тогтоогдоогүй.

4.1.14.Түүнчлэн Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий удирдлагуудтай байгуулсан талаар баримт байхгүй, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаар баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй болно.

4.1.15. Хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаал гарсан болохыг мэдээгүй байж болох хэдий ч дээрх хуульд заасан газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлж байсан тохиолдолд уг актыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс[17] өмнө мэдэх боломжтой байсан.

4.1.16. Гэвч шүүх энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг газар эзэмших эрх зүйн харилцаа дуусгавар болсныг харгалзан үзээд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.

4.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын Ч.С*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд:

4.2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дүгээр тушаалаар[18] Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн заагийг шинэчлэн баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газар нь хязгаарлалтын бүсэд байсан нь өөрчлөгдөж, хамгаалалтын бүсэд хамаарах болсон.

4.2.2.Гуравдагч этгээд Ч.С*******ийн хувьд өөрийн амьдарч байсан газраа эзэмшиж, ашиглахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтийг[19] нэгж талбарын зураг[20], иргэний үнэмлэхний хуулбар[21] гаргасан байсныг тус газрын захиргаа хянан үзээд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1827 дугаар албан бичгээр ...Богд хан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд он удаан жил амьдарч буй гуравдагч этгээд Ч.С*******т[22] газар ашиглуулахыг дэмжсэн бөгөөд уг саналыг нь мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/406 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд түүнд газар ашиглуулах эрх олгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжилжээ.[23]

4.2.3.Улмаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх саналыг үндэслэлтэй гэж үзэн, холбогдох хууль нийцүүлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаал гарган Ч.С*******т Хан-уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 976.8 м.кв газар ашиглах эрхийг олгожээ.[24]

4.2.4.Хариуцагчийн хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулах ажлын хэсгийг байгуулан, гуравдагч этгээд болон бусад нэр бүхий иргэдтэй холбогдох асуудлыг судлан шийдвэрлүүлсний үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан аялагч, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах;[25] зориулалтаар ашиглах эрхийг олгосон байх бөгөөд гуравдагч этгээдийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т заасан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль  орчинд сөрөг нөлөөлөх хориглосон үйл ажиллагаа явуулсан болох үйл баримт тогтоогдсонгүй.

 

4.2.5. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 39 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан /хуучнаар/ Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/139 дугаар тушаалын Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/604 дүгээр тушаалын Ч.С*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 29-31 хуудас,

[2] 1 хавтаст хэргийн 98-99 хуудас,

[3] 1 хавтаст хэргийн 100 хуудас,

[4] 1 хавтаст хэргийн 140-167 хуудас,

[5] 1 хавтаст хэргийн 188-213 хуудас,

[6] 1 хавтаст хэргийн 103-105 хуудас,

[7] 1 хавтаст хэргийн 111-112 хуудас,

[8] 1 хавтаст хэргийн 106-110 хуудас,

[9] 1 хавтаст хэргийн 113-115 хуудас,

[10] 1 Хавтас хэргийн 9 хуудас

[11] 1Хавтас хэргийн 238-245 хуудас

[12] 1Хавтас хэргийн 173 хуудас

[13] 1Хавтас хэргийн 174 хуудас

[14] 1Хавтас хэргийн 85-88 хуудас

[17] 1 хавтас хэргийн 9 хуудас

[18] 1 хавтас хэргийн 188-213 хуудас

[19] 1 Хавтас хэргийн 179 хуудас

[20] 1 хавтас хэргийн 182 хуудас

[21] 1 хавтас хэргийн 183 хуудас

[22] 1 хавтас хэргийн 106-107 хуудас

[23] 1 Хавтас хэргийн 111-112 хуудас

[24] 1 Хавтас хэргийн 113-115 хуудас

[25] 1 Хавтас хэргийн 113-115, 132 хуудас