Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 350

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ийн Э-т холбогдох эрүүгийн 201726030572 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөтөч тайлбарлагч мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, дүү нарынхаа хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод оршин суух, “Баянгол” зочид буудалд Харуул хамгаалалтын албанд ажилладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн 2012.03.27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын 3 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Э нь 2017 оны 04 дугаар сарын 23-ны өдөр 17.30 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** дүгээр орцны ** дугаар давхарт иргэн Б.Г-г гэртээ орох үед нь араас нь боож, хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан "Самсунг S-6 ” загварын гар утас, улаан өнгийн арьсан түрүүвчийн зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 04 дугаар сарын 23-ны өдөр би 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байр, 56 тоот  гэрээсээ ганцаараа дэлгүүр орж ногоо авахаар гараад байрныхаа урд байрлах ногооны дэлгүүрээс ногоо худалдаж авчихаад гэр рүүгээ буцаад орох гээд ** дүгээр байрны ** дүгээр орц руу ороод 5 дугаар давхарт гарсан. Намайг орц руу орох үед нэг залуу араас дагаж орж байсан. Ингээд би 3 давхарт явж байгаад нөгөө залууг хажуугаараа өнгөрөөсөн. Тэгсэн чинь миний хажуугаар гараад утсаа гаргаж ирээд нэг хүнтэй танайх хэдэн тоот билээ гэхээр нь би тайвшраад айлд ирж байгаа хүн байна гэж бодоод 4 давхарт нөгөө залуу зогсоод байхаар нь хажуугаар нь гараад 5 давхарт гэрийнхээ үүдэнд ирэх үед миний араас хүзүүнээс боох үед би ухаан алдчихсан. Тухайн үед би орилж чадаагүй, эсэргүүцэл үзүүлж чадаагүй ухаан алдчихсан нэг мэдсэн чинь 5 давхарт орцондоо гэрийнхээ үүдэнд хэвтэж байсан. Тэгээд барьж явсан трүүвч, гар утсаа шалгахад байхгүй байсан. Ингээд Цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дуудсан...” гэжээ. /  хх 38-39-р тал /,

 

Гэрч Х.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э тэмцээнд орсон бөгөөд үдээс хойш орой гэртээ ирсэн. Тэр орой Б.Э “би хүнээс гар утас худалдаж авдаг юм билүү” гэж надад хэлсэн. Би “ямар гар утас, ямар хүнээс хэдээр авах гэж байгаа юм” гэж асуусан. “Хуучин хамт ажиллаж байсан танидаг хүнээс 480.000 авна” гэж хэлсэн. “Мөнгийг нь яаж өгөх гэж байгаа юм” гэхэд “цалингаа аваад бага багаар төлөөд дуусгана” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь үдээс хойш гэртээ орж ирэхэд зөрж гарахад би “хаачих гэж байгаа юм” гэхэд “хүнээс авна гэсэн утсаа аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Удаагүй 20-30 минутын дараа буцаж орж ирэхдээ гар утастай орж ирсэн. Мөнгө хэрэг болоод хоёр хоногийн дараа гар утасыг барьцаалан зээлдүүлэх газарт 320.000 төгрөг барьцаанд тавьсан. Өнөөдөр би гар утасыг байрьцаалан зээлдүүлэх газраас авсан...” гэжээ./ хх 44-45-р тал/,

 

Гэрч Ч.Б-т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн орчим өглөөний хог ачиж байхад гялгар уутанд хийсэн задгай хогны хажуу талд улаан өнгийн түрийвч байхыг харсан.  Уг түрийвчийг би аваад онгойлгож үзэхэд Б.Г гэж хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 2 ширхэг банкны карт зэрэг эд зүйл байхаар нь түрийвчин дотор байсан юнителийн дугаар руу залгаж таны бичиг баримт мөн үү гэсэн чинь бишээ гээд нэг эрэгтэй хүн ярьсан. Тэгээд би хүнд нь өгье гэж бодоод хүүхдээрээ Фейсбуук дээр “Баянхонгор аймгийн нэгдсэн бүлгэм” гэх групп дээр бичиг баримт олсон гэсэн тухай зар тавьсан. Удалгүй манай хүүхэд рүү Б.Г гэж түрийвчний эзэн гэх эмэгтэй холбогдоод бичиг баримтаа ирээд авсан байсан...” гэжээ. / хх 48-р тал /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн №5484 дугаартай дүгнэлтэнд: “...1. Б.Г-гийн биед хүзүүнд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх 50-р тал/,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн Б.Г-гийн гаргасан өргөдөл / хх 6 /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-10 /, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 22-27/, Эд зүйл хүлээн авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Б.Г “Samsung S6” гар утас худалдаж авсан тухай баримтын хуулбар / хх 28-32/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-70/, Ял шийтгэлийн хуудас /хх-78/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-81-92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э нь 2017 оны 04 дугаар сарын 23-ны өдөр 17.30 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** дүгээр орцны 5 дугаар давхарт иргэн Б.Г-г гэртээ орох үед нь араас нь боож, хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан "Самсунг S-6 ” загварын гар утас, улаан өнгийн арьсан түрүүвчийн зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт 2015 оны Шинэчлэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “...Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...”. гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж   заасан байна.

 

2015 оны Шинэчлэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..”. гэж  заасны дагуу  2015 оны Шинэчлэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 04 дугаар сарын 23-ны өдөр 17.30 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** дүгээр орцны 5 дугаар давхарт иргэн Б.Г-г гэртээ орох үед нь араас нь боож, хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулан "Самсунг S-6 ” загварын гар утас, улаан өнгийн арьсан түрүүвчийн зэргийг дээрэмдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг / хх-63-65, 67-68-р тал/, хохирогч Б.Г /хх-38-39-р тал/, гэрч Х.И / хх-44-45-р тал/, гэрч Ч.Б /хх-48-р тал / нарын мэдүүлгүүд,  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон №5484 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-т Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-д 760.000 төгрөгний хохирол учирсан ба эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь 2017 оны  05 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын  28-ны өдрийг хүртэл 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б-ийн Э-ыг 2 /хоёр/  жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 58 / тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Э-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ