| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2113000720150 |
| Дугаар | 2022/ДШМ/32 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/32
К.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолтой,
шүүгдэгч К.Ж-д холбогдох эрүүгийн 2113000720150 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч К.Ж, түүний өмгөөлөгч Я.Сьезд, иргэний нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, *** хамт Баян-Өлгий аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, урьд 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хугацаагаар хорих ял, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 12 жилийн хугацаагаар хорих ял, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 38/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай М овогт К Ж /РД:БЮ0000000/ нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Д-н Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар түүний 000000000 тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг автомат теллерийн машинаас /цаашид “АТМ” гэх/ бэлнээр гарган авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар яллах дүгнэлтээр К.Ж-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч М овогт К Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-ын цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийгтүүний эдлэх хорих ялаас хасаж тооцож,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Ж-аас гэмт хэргийн хор уршигт 80.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Д-д, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.992.600 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,992,600 төгрөгийг шүүгдэгч К.Ж надаар төлүүлэхээр болсныг эс зөвшөөрч байна. Учир нь тус аймгийн Цагдаагийн газрын автомашин Улаанбаатар хотод зөвхөн намайг Баян-Өлгий аймагт авч ирэх дан ганц зорилгоор очоогүй, цагдаагийн албаны хүмүүсийг хотод аваачсан, намайг Говь-сүмбэр аймагт байх үед хотоос суудлын хөнгөн тэргээр хотод авч ирсэн, буцахдаа байгууллагын компьютерын хэрэгсэл болон намайг хотоос авч ирсэн мөрдөн байцаагч Баян-Өлгий аймагт нүүж ирж байгаа учраас түүний гэр орны эд хогшлыг ачсан байсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,992,600 төгрөгийг бүхэлд нь шууд надаар төлүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх 1,992,600 төгрөгийг төлүүлэх асуудлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
4.2. Миний үйлдсэн гэх гэмт хэрэг нь 2021 оны Өршөөлийн үзүүлэх тухай хууль гарахаас өмнө үйлдэгдсэн хөнгөн гэмт хэрэг учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд заавал хамрагдах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх К.Ж миний 2021 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн М.Н- **** УБН улсын дугаартай “Тоёото хариер" загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэрэг нь энэхүү гэмт хэрэгтэй хамт нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг учраас Өршөөл үзүүлэх хуульд хамтатган хамруулах ёстой гэж үзэж байна. Иймд уг асуудлыг давж заалдах шатны шүүхээс онцгойлон анхаарч үзэхийг хүсье.
Хэрвээ шүүгдэгч К.Ж миний үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэж үзвэл шүүгдэгч К.Ж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Ж миний үйлдсэн гэх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь уг зүйл ангид зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг хорихоос өөр төрлийн ял байгаа юм. Уг зүйл ангид хорих ялын доод хэмжээ ч 6 сар байх юм.
4.3. Шүүгдэгч К.Ж би 2017 оны Эрүүгийн хуулиар анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1-ийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэснийг ноцтой зөрчиж урьд ял шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр 2 жилийн хорих ялыг оногдуулсан нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт гэж үзэж байна.
4.4. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Д-д учруулсан гэх 700,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлсөн ба замын зардал буюу гэмт хэргийн хор уршиг болох 80,000 төгрөгийн асуудал шүүх хуралдааны үед гарч ирсэн уг 80,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанд төлж өгөхөө илэрхийлсэн. Иймд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө бүрэн төлөхөө илэрхийлж байна.
4.5. Шүүгдэгч К.Ж би 2021 оны 10 дугаар сард гэр бүл болсон ба саяхан эхнэр маань амаржсан, охинтой болсон. Иймд миний ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэхийг хүсье.
4.6. Шүүгдэгч К.Ж би үйлдсэн хэргээ чин санаасаа гэмшин ухамсарлаж байгаа, амьдрахын эрхээр Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байх үед баривчлагдсан. К.Ж би 2021 оны 11 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймагт оршин сууж байсан ба энэ үед цагдаагийн байгууллагаас дуудаж байгаагүй.
4.7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч К.Ж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж өөрчилж өгөхийг хүсье.
5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Анхан шүүхээс хохирол 1,992,600 төгрөгийг шүүгдэгч К.Ж-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Жаргалмаа оролцох үед прокурор би өөрөө хохирол 1,992,600 төгрөг шүүгдэгч К.Жыг авчирсан үед гарсан зардал уу гэж асуухад иргэний нэхэмжлэгч тийм гэдэг байдлаар хариулсан.
5.2. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2021 оны 3 дугаар сард гарсан. К.Жын хувийн байдлыг авч үзэхэд гэмт хэрэгт холбогдсон үед шүүгдэгч Баян-Өлгий аймгаас оргон зайлсан. Хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд байсан тул К.Жыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан. Дараа нь 2021 оны 9 дүгээр сард К.Ж өөрийн биеэр ирсэн. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох боломжгүй анхан шатны шүүхээс оногдуулах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан дүйцүүлэн солих гэмт хэрэгт холбогдсон. Би ОХУ-д сургалтад явсан үед шүүгдэгч К.Ж оргосон байсан. Дараа нь шүүгдэгч оргон зайлсан тул хэргийг нь түдгэлгүүлж Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. Тухайн үед шүүгдэгчийн хаана байгаа нь тогтоогдохгүй явж байх үед Ж гэх хүнтэй хамт Говьсүмбэр аймагт гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гэх мэдээллийн дагуу шүүгдэгч К.Ж-д Говьсүмбэр аймагт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар К.Ж-д 3-4 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Анхан шатны шийтгэх тогтоол гарахаас өмнө 35 хоног цагдан хоригдсон. К.Ж-г Баян-Өлгий аймагт цагдан хорих тухай шүүгчийн захирамжийг биелүүлэх үүднээс цагдаагийн байгууллагаас машин гаргаж шүүгдэгчийг Баян-Өлгий аймагт авчирсан. Шүүгдэгч цагдаагийн байгууллагаас зөвхөн намайг авахын тулд гаргаж өгөөгүй өөр бусад эд хогшил ачсан гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбар нь үндэслэлгүй юм. Иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилж байгаа төлбөр мөнгийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
5.3. 2021 оны Өршөөлийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар шүүгдэгч К.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нэг үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдсан тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулан өршөөл үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Өршөөлийн хуулийн зорилт дээр нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан тул К.Жад Өршөөлийн хуулийг хоёр дахь удаа хэрэглэх боломжгүй.
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар К.Ж*ын хувийн байдал хэрэгт тодорхой авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Ж-д 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Баянхонгор аймгийн прокурорын газраас би амралтад байх хугацаанд К.Ж нь хэдэн жилийн хугацаанд хорих ял авсан талаар асуусан байна. Хаана явсан газартаа гэмт хэрэгт холбогддог тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Ар гэрийн байдлыг харгалзан шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгоос татгалзаж болохгүй. Анхан шатны шүүх хуралдааны шийдвэр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны тогтоолд К.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэдгийг дурдсан. Иймд К.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Шүүгдэгч К.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Д-ы ХАС банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар уг виза картыг ашиглан түүний 5001942819 тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч хулгайлсан, мөн Өлгий сумын 02 дугаар багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө хохирогч М.Н 40-29 УБЧ улсын дугаартай, Тоёота хариер загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
8. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор К.Жын хохирогч М.Н-ын **** УБЧ улсын дугаартай, Тоёота хариер загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, харин түүний бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
9. Шүүгдэгч К.Жын 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Дийн ХАС банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар уг виза картыг ашиглан түүний ******* тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гарган авч хулгайлж, хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль ёсны зарчмыг хангасан бөгөөд түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн мэдүүлсэн нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
10. Харин прокуророос К.Жад холбогдох, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийг журамлаж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтууд тус тус хэрэглэх боломжтой эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй; шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийн аль аль нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарснаар түүний эрх зүйн байдалд нь өөрчлөлт орох нөхцөлд, түүний үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийг хуульд заасан журмаар нэгтгэж нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлээгүйгээс анхан шатны шүүх “шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг прокурорын шатанд нэг удаа хэрэглэсэн” гэх үндэслэлээр түүний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх замаар, дараах үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. К.Жын 2021 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн М.Нын **** УБЧ улсын дугаартай, Тоёота хариер загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолоор /хэргийн 2 дахь хавтасны 22 дахь тал/ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж хэрэгсэхгүй болгох үед яллагдагч К.Жын 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2113000720150 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1 дэх хавтасны 114 дэх тал/ байсан нь тогтоогдсон, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор мэдэж байсан бөгөөд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед түүний зарим үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн байна.
12. Хэрвээ прокуророос К.Жын үйлдсэн дээрх бие даасан 2 үйлдэл бүхий хэргүүдийн заримд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бол шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй байсан нь дараах хууль зүйн фактаар тогтоогдож байна. Үүнд:
12.1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд (1) 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуульчилсан бол (2) 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхээр хуульчлагдсан.
12.2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүнийг эрүүгийн хариуцлагаас (3) нэг удаа өршөөн хэлтрүүлэхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулах бөгөөд нэг шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн аль аль нь Өршөөлийн хуульд хамаарагдах тохиолдолд түүний үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэх, өршөөн хэрэгсэхгүй болгох, ялаас өршөөн хасах, эсхүл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн хасах зэрэг өршөөл үзүүлэх хэлбэрүүдийн аль нэгийг хэрэглэхдээ (4) шүүгдэгчийн хувьд хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг нь баримтлах энэрэнгүй ёсны зарчим нь эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт юм.
13. Гэтэл шүүгдэгч К.Жын үйлдсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах хэд хэдэн гэмт хэргийг хуульд заасан журмаар нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, нэгтгэвэл зохих хэргийг нэгтгэж нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлэхгүйгээр түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хөнгөн гэмт хэрэгт дангаар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн прокурорын үйл ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн байна.
14. Прокурорын гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шүүхийн шатанд шүүгдэгч К.Жын эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгох, К.Жын холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэж, улмаар яллах дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулах боломжтой атал анхан шатны шүүх уг ажиллагааг хуульд заасан журмаар явуулахгүйгээр, шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг удаа хэрэглэх зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан прокурорын хууль хэрэглээний алдаа зөрчлийг харгалзаж үзээгүй байна.
15. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж хэрэгсэхгүй болгосон процессын алдаатай прокурорын үйл ажиллагаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгч К.Жын эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн нөхцөл байдал; анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үед мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан дээрх зөрчлийг хуульд заасан үндэслэл, журмаар залруулах хуульчилсан журмыг хэрэглээгүй зэргийг харгалзан үзэж; давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэж заасан шударга ёсны зарчмыг баримталж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар К.Жын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, түүнийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж, түүнд мөн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч К.Жын үйлдсэн гэмт хэргүүдээс аль хөнгөн хэргийг прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулсан үйл ажиллагаа нь түүний үйлдсэн өөр хэргийг хожим шүүхийн шатанд хянан шийдвэрлэх үед “шүүгдэгчийн хувьд хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг нь баримталж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх” зарчмыг алдагдуулж, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
17. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч К.Жад хуульд заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж, мөн уг заалтад нэмэлт оруулж, 3, 4, 8 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж байна.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч К.Жад хуульд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж, шүүхээс оногдуулсан ял дээр нь нэмж “гэмт хэргийн хор уршгийг арилгах, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг төлөх талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авахаар шийдвэрлэв.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулж байна.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жын цагдан хоригдсон 96 хоногийн хугацаа нь түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хоёр жилийн хугацаанаас 96 хоногоор тооцогдон хасагдаж /түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасав/, түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцогдох бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул К.Жад шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй.
22. Шүүгдэгч К.Жын “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх 1,992,600 төгрөгийг төлүүлэх асуудлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч К.Жыг Говьсүмбэр аймаг дахь хорих 425 дугаар ангиас Баян-Өлгий аймагт шилжүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.992.600 төгрөг гарсан нь баримтаар тогтоогдсон ба үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. /2 дугаар хавтаст хэргийн 17-20 дахь тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-ыг хоёр /2/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, мөн 2 дахь заалтад:
“21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн,
“22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч К.Ж-д гэмт хэргийн хор уршгийг арилгах, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг төлөх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн,
“23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.” гэсэн,
“24. Шүүгдэгч К.Ж-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт зааснаар, түүнчлэн түүнд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг мөн хуулийн 189 дүгээр зүйлд заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж нэмэлт заалтууд тус тус оруулж,
шийтгэх тогтоолын 3, 4, 8 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Жын ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жын цагдан хоригдсон 96 хоногийн хугацааг түүнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч К.Жад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ