Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/шш2024/0379

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

“Д*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ““Д*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/06-0******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан  2024 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус загвар зургийг батлахыг хариуцагчид даалгах тухай” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц*******-А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ дагуу “Д*******” ХХК нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Д*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/06-0******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус загвар зургийг батлахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан байна.

 Иймд татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ийнхүү татгалзаж буй асуудлаараа дахин нэхэмжлэл гаргах шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Д*******” ХХК-аас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Д*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/06-0******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан  2024 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус загвар зургийг батлахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц*******-А******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

​          Иймд нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Д*******” ХХК-аас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ““Д*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/06-0******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан  2024 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус загвар зургийг батлахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ