Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 146/шш2024/00204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******************************тоотод оршин суух ******************* овогтой ************* /РД:******************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************* оршин суух ************* овогтой ********* /РД:******************/ холбогдох

 

Гэрээний үүрэгт 82 400 000 төгрөг, алданги 62 400 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохиролд 15 691 897 төгрөг, нийт 160 491 897 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ************ нэхэмжлэгч ******************нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 205 740 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******************, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гандөш, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ***************нь ******************* холбогдуулан гэрээний үүрэгт 82 400 000 төгрөг, алданги 62 400 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохиролд 15 691 897 төгрөг, нийт 160 491 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*********** миний бие ******************* тоотод байрлах *****************буудлыг нөхөр ***************өмчлөлийнх бөгөөд дээрх зочид буудлыг бусдад түрээслэх болон шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр ***************** надад шилжүүлсэн. Ингээд миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2032 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал *************** улирлын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг үүнийг урьдчилан 1, 4, 7, 10  дугаар саруудад төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутмын 0.5 хувийн алданги тооцохоор түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 1, 2, 3, 4, 9, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 45 000 000 төгрөг буюу түрээсийн гэрээний төлөгдөөгүй үнэ 75 000 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүй алданги 37 500 000 төгрөг нийт 112 500 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын төлбөр, 2023 оны 04 дүгээр сарын төлбөрөөс дутуу 2 400 000 төгрөг нийт 7 400 000 төгрөг хугацаа хэтэрсэн алданги 24 900 000 төгрөг нийт 32 300 000 төгрөг төлөөгүй.

**************** нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээний хавсралтад эд хөрөнгө хүлээлгэх актаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг буцааж өгөлгүйгээр бүх эд хөрөнгийг авч явсан бөгөөд нэхэмжлэгч *****************нь маргаан бүхий зочид буудлыг хэвийн хэмжээнд нь ажиллуулах зорилгоор

Дэрний уут 35*7500=262 500 төгрөг

Углаа 35*48 000=1 680 000 төгрөг

Дэвсгэр даавуу 35*31 000=1 085 000 төгрөг

Ванны алчуур 35*18 000=630 000 төгрөг

Гар нүүрний алчуур 35*5 000=175 000 төгрөг

Тус бүр 50 ширхэг цайны аяга, 1 дүгээр хоолны таваг, 2 дугаар хоолны таваг, дарсны хундага, стекан, халбага сэрээ зэрэгт 1 625 000 төгрөг

Буудлын өрөөний түлхүүр цоож 11*127 000 =1 397 000 төгрөг

Буудлын өрөөний нойлын өрөөний түлхүүр 11*127 000 =1 397 000 төгрөг

Сангийн материал 5 213 254 төгрөг

Зочид буудлыг түрээсэлж байх хугацааны буюу 2023 оны 12 дугаар сарын цэвэр усны төлбөр 149 590 төгрөг

Бохир усны төлбөр 148 700 төгрөг

2023 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөр 1 587 663 төгрөг

2023 оны газрын татвар 342 230 төгрөг зэргийг нэхэмжлэгч төлсөн байх тул **************** гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохиролд нийт 15 691 897 төгрөг, нийт 160 491 897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сард өмнө нь танил байсан **************** тохиролцож 2020 оны 01 дүгээр сараас бүрэн хүлээлгэж өгөөд түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл он гараад удалгүй Ковид болоод 2020, 2021 онд ковидын үед огт орлогогүй гээд түрээсийн төлбөр төлөөгүй. Цаашдаа ч гэсэн 2022 онд байгуулсан түрээсийн гэрээн дээр байнга түрээсийн төлбөрөө нэхүүлээд төлдөг байсан. Тэгээд 2023 онд барилга шалгахаар ирэхдээ энэ орон нутагт амьдардаг таньдаг хүмүүстэй тааралдахад танай зочид буудал ковидын үед маш их орлоготой байсан. Та мэдсэн үү гэж надад хэлсэн. Тэгээд барилга дээр арчилгаа өөрөөр хэлэх юм бол урсгал засвар огт хийгдээгүй байсан. Одоо ганцхан жишээ хэлэхэд 2 давхар Герман улсын хивсэнцрээр бүрдсэн байхад тоос сорогч ч байхгүй, хананы будаг ч байхгүй. Миний хүлээлгэж өгсөн байдлаас маш дордуулаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь 2023 оны зуны төгсгөл дээр буюу 8, 9 сар хавьцаа түрээсийн гэрээгээ цуцалъя. Энэ байдлаар цаашаа явахгүй гэдгээ мэдэгдсэн боловч огт арга хэмжээ аваагүй. Тэгэхээр нь ер нь ковидын үед орлогоо өгсөн үү, үгүй юу гэдэг талаар цагдаад өргөдлөө өгөөд шалгуулахад орлоготой байсан нь батлагдсан. Гэхдээ та энэ асуудлыг иргэний журмаар, шүүхээр шийдсэн нь дээр гэж хэлсэн. Эрүүгийн талаасаа зөрчил байхгүй гэж хэлсэн. Тэгээд 11 сар, 12 сард байраа суллаад өгчих, нөхөж түрээс төлүүлнэ гэсэн яриа байгаагүй. Зүгээр л хүлээлгээд өгчих гэсэн шаардлага тавихад өөрөө байраа хүлээлцэхгүй, доромжлоод, цагдаад дуудлага өгөөд нэлээн юм болж байж байраа салгаж авсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сард засвараа эхлүүлээд явахад ноцтой зүйл гарч ирсэн. Урсгал засвар байхгүй байхаас гадна галын аюулгүй байдал дээр аягүй ноцтой зөрчил байсан. Галын хор байхгүй, мэргэжлийн бус цахилгааны холболттой. Дээрээс нь өөрөө түрээсийн гэрээний үүргээр дулааны зуухыг солихдоо энэ барилгын дулааныг бүрэн хангах боломжгүй зуух тавьсан байсан. Хэрэглээд дулаанаа тавьж чадахгүй. Тэгээд урсгал засвар хийх үүргийг би ************ нэхэмжлээгүй. Одоо нэхэмжлээд байгаа зүйл нь юу гэвэл ковидын үед орсон орлогоос сүүлдээ нэхүүлээд авч байсан түрээсийн орлого, зарим нэг төлбөрийг гаргуулах. Үүнээс гадна надаас нэлээн зардал гарсан. ************ хийх ёстой зүйлийг би өмнөөс нь өөрөө хийсэн. Одоо *************** нэхэмжлээд байгаа 200 000 000 гаруй төгрөгийн засвар хийсэн зүйл огт харагдахгүй байгаа. Дулааны зуух гэж яриад байгаа. Энэ зуух нь дулаанаа хангаж чадахгүй байгаа учраас би шинээр өөр дулааны системийг хийнэ. Хийчихсэний дараа чи энэ дулааны зуухыг өөрөө авбал аваарай. Харин хуучин зуухаа аваад ир гэхэд өөрөө таг алга болчихсон. Тэгээд одоо *******************нэхэмжлээд байгаа засвар хийсэн гэх 200 000 000 төгрөгийг би огт хүлээж авахгүй байгаа. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж хүлээж авахгүй байгааг би бас ойлгохгүй байгаа. Орлогоо олчхоод барилгадаа ямар ч урсгал засвар хийгээгүй байж одоо засвар хийсэн гээд хэт их, ямар ч батлагдаагүй, баримтгүй, бодит байдал дээр харагдахгүй байгаа тэр зардлыг би хүлээж авахгүй байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

************************** нарын хооронд түрээсийн гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл тус түрээсийн гэрээ үргэлжлээд, мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2032 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түрээсийн гэрээнүүд байгуулсан. Дээрх түрээсийн гэрээнүүд бүгд хоёр талын сайн дурын үндсэн дээр хийгдээд нотариатаар гэрээг баталгаажуулаад энэ түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгүүлэх ажлыг *************хүлээж авсан. Ингээд түрээсийн гэрээ хийгдээд түрээслэгдэж байгаа объект буюу зочид буудлыг *********************** эзэмшилд шилжүүлээд ******************* 2020 оны 01 дүгээр сараас эхлээд тухайн зочид буудлыг түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрийг улирал тутмын 15 000 000 төгрөг төлөхөөр гэрээнд заасан байгаа. Оны 1, 4, 7, 10 дугаар саруудын 05-ны өдрийн дотор 15 000 000 төгрөгөө төлөхөөр тохиролцсон. Ингээд 2020 онд байгуулсан түрээсийн гэрээний 4.1 дэх заалт, 2022 оны түрээсийн гэрээний 8.4 дэх заалтаар түрээслэгч түрээсийн төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлсэн. Гэрээний үүрэг гүйцэтгээгүй учраас, мөн гэрээнд заасан тухайн түрээслэх гэж байгаа объектын урсгал засвар хийх, урьд түрээслүүлэхээр өгсөн нөхцөл байдлаас дордуулахгүйгээр байлгах гэсэн энэ түрээсийн гэрээнүүдэд заагдсан үүргийг түрээслэгч биелүүлээгүй учраас *************** зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байгаа. Ингээд гэрээнд заасан үүргийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5%-аар алданги тооцохоор заасан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийсэн гэрээний хувьд 2020 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар буюу нийт 15 сарын гэрээний үүрэг биелүүлээгүй үнийн дүнд 75 000 000 төгрөг, түүний алданги буюу гэрээний үүрэгт биелэгдээгүй үнийн дүнгийн 50 хувьд алданги тооцоод 37 500 000 төгрөгийн алданги, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2032 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийсэн түрээсийн гэрээний 2022 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөр бүтэн, 2023 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 2 400 000 төгрөг гээд нийт төлөгдөөгүй үндсэн түрээсийн төлбөрт 7 400 000 төгрөг байгаа. Гэрээнд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлбөрөө хийх ёстой. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхний түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг орж ирсэн. 15 000 000 төгрөг хийх ёстой байтал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхний түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг орж ирсэн учраас хугацаа хэтэрсэн 14 хоногийн мөнгө 350 000 төгрөгийн алданги, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг төлсөн. Хугацаа хэтрэлт 45 хоног 1 125 000 төгрөгийн алданги, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг хийснээр нийт 80 хоногийн хугацаа хэтрэлттэй болж 2 000 000 төгрөгийн алданги, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлөгдөх ёстой байсан төлөлт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийгдэж 8 хоногийн хугацаа хэтрэлттэй болж 200 000 төгрөгийн алданги, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийгдэж 41 хоногийн хугацаа хэтрэлттэй болж 1 025 000 төгрөгийн алданги, 2022 оны 06 дугаар сарын төлбөр орж ирээгүй. Үүний алдангийг 50 хувиар тооцож 2 500 000 төгрөг болсон. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхний төлбөр орж ирсэн. Хугацаа хэтрэлт нь 25 000 төгрөг байна. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийж хугацаа хэтрэлт 21 хоногийн 525 000 төгрөгийн алданги, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийж 67 хоногийн хугацаа хэтрэлттэй болж 1 675 000 төгрөгийн алданги болсон. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийгдэж 8 хоногийн хугацаа хэтрэлттэй 200 000 төгрөгийн алданги, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлөлт хийгдэж 41 хоногийн хугацаа хэтрэлттэй 1 025 000 төгрөгийн алданги, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгдэж 78 хоногийн хугацаа хэтрэлттэй 1 950 000 төгрөгийн алданги байна. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний үүргийн дагуу төлөлт хийх ёстой байтал 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эхний 5 000 000 төгрөг орж ирээд хугацаа хэтэрсэн 8 хоног 200 000 төгрөг, 2023 оны 02, 03 дугаар сарын төлөлт хийгдээгүй явж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийгдэж 105 хоногийн хугацаа хэтрэлттэй 2 500 000 төгрөгийн алдангитай, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийгдэж 111 хоногийн хугацаа хэтрэлттэй 2 500 000 төгрөгийн алдангитай болж байгаа. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын төлөлт огт орж ирээгүй байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 600 000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Хугацаа хэтрэлт нь 65 хоног буюу 1 625 000 төгрөгийн алдангитай болсон. 2023 оны 05 дугаар сарын алданги нийт 700 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын алданги 500 000 төгрөг болсон. 2023 оны 05 дугаар сарын төлбөр нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж 73 хоногийн хэтрэлттэй 1 825 000 төгрөгийн алданги, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06 дугаар сарын төлбөрийг хийж 83 хоногийн хэтрэлттэй 2 075 000 төгрөгийн алданги байна. 2023 оны 07 дугаар сарын төлөлтийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг хийсэн үүнд алданги бодоогүй. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг хийсэн үүнд алданги бодоогүй. 2023 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сарын төлөлт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг хийгдэж үүнд 15 хоногийн хугацаа хэтрэлттэй гэж үзээд 375 000 төгрөгийн алданги бодсон. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг төлсөн учраас алданги бодоогүй. Ингээд нийт алданги нь 24 900 000 төгрөг болж байна. Тухайн зочид буудлыг****************** хүлээж авахад өмнө нь хүлээлгэж өгсөн хэмжээнд байгаагүй засвар үйлчилгээ хийгдээгүй байсан учраас************ өөрийн хөрөнгөөр дараах эд зүйлсийг авч зочид буудлыг хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Үүнд: дэрний уут 35 ширхгийг 7 500 төгрөгөөр бодоод 262 500 төгрөг, углаа даавуу 35 ширхгийг 48 000 төгрөгөөр 1 680 000 төгрөг, дэвсгэр даавуу 35 ширхгийг 31 000 төгрөгөөр 1 085 000 төгрөг, ванны алчуур 35 ширхгийг 18 000 төгрөгөөр 630 000 төгрөг, нүүр гарын алчуур 35 ширхгийг 5 000 төгрөгөөр 175 000 төгрөг, тус бүр 50 ширхэгтэй цайны аяга, 1 дүгээр хоолны таваг, 2 дугаар хоолны таваг, дарсны хундага, стакан, халбага, сэрээ зэрэгт нийт 1 625 000 төгрөг, буудлын өрөөний түлхүүр, цоож 11 ширхгийг 127 000 төгрөгөөр 1 397 000 төгрөг, буудлын өрөөний нойлын өрөөний түлхүүр 11 ширхгийг 127 000 төгрөгөөр 1 397 000 төгрөг, сангийн материал 5 213 252 төгрөг, зочид буудлыг түрээсэлж байх хугацааны буюу 2023 оны 12 дугаар сарын цэвэр усны төлбөр 149 590 төгрөг, бохир усны төлбөр 148 700 төгрөг, цахилгааны төлбөр 1 587 663 төгрөг, газрын татвар 342 230 төгрөг ингээд хэвийн хэмжээнд ажиллуулахын тулд нийт 15 691 897 төгрөгийн зардлыг *********** өөрөөсөө гаргасан. Одоо нийт нэхэмжлэлийн үнийн дүн 160 491 897 төгрөгийг ******************** гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний хувьд хариуцагч *********итгэмжлэлээр төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэдэг үндэслэлээ тайлбарлая. Иргэн ********************** нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зочид буудал түрээслэх, түрээслүүлэх 2 түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний үргэлжлэл болгоод үнийн дүн өөрчлөгдөөгүй, бусад нөхцөл нь өөрчлөгдөхгүйгээр 04 дүгээр сарын 22-ны өдөр шинэчилж энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээндээ түрээслэгчийн төлөөлөгч, түрээслүүлэгч 2-ын бичиг баримтын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргасан байгаа. Манай зүгээс яагаад алданги, түрээсийн төлбөр, гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй хугацаа хэтэрсний алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний зүйл болох тохиолдолд тухайн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Хэрэв түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар тухайн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан хуулийн шаардлага тавьсан байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуульд заасан байдаг. Мөн тус зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ улсын бүртгэлийн байгууллагад огт бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Энэ гэрээний үндсэн дээр хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар бусад хэлцэл буюу 2022 онд үргэлжлүүлж хийсэн хэлцэл нь өөрөө дагаад хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж үзэж байгаа учраас манайх энэ түрээсийн төлбөрийн үндсэн төлбөр, алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. **************** гуайн хувьд 2023 оны 11 дүгээр сараас эхлээд************* нь өөрөө ирээд зочид буудалд хүмүүс байрлуулсан байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн зүйлийг ярьдаг. Ийм учраас 2024 оны 01 дүгээр сар гэхэд бүгдийг нь чөлөөлөөд өөрт нь хүлээлгээд өгсөн байгаа. Анх түрээсийн гэрээ байгуулахдаа цаашдаа худалдаж авах боломжтой гэдэг санал тавьсны дагуу би түрээслэхээр болоод явсан. Түрээсийн төлбөр төлж байх хугацаанд ковид, цар тахалтай холбоотой янз бүрийн асуудлууд гарсан. Ийм учраас орлого маш муу байсан. Дээр нь тухайн зочид буудалд би өөрийнхөө хөрөнгөөр засвар шинэчлэлтүүдийг тухай тухайн үед нь хийж байсан гэсэн тайлбарыг хэлье гэв.

 

Хариуцагч ******************нарт холбогдуулан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ Иргэний хуульд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулж, *********************байрлалтай зочид буудлын зориулалттай объектыг анх 2020 оны 01 сард хүлээж авсан.

Гэвч хуульд зааснаар анх 2020 оны 01 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болгох тохиолдолд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 318.4-т заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байдаг ба Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг тул уг заалт нь императив буюу зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ гэж ойлгож байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.10-т дээр дурдсан хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иймд ************* нарын хооронд байгуулсан 2020 оны 01 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ, 2022 оны 04 сарын 22-ны өдрийн хийсэн “Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн түрээсийн гэрээг анх байгуулахдаа ***************** нь хүлээлцэх акт үйлдэн барилгын гадна талын чулуун хавтан засах, зочид буудлын 5.7,8,12 тост өрөөнүүдийн ус алдалтыг засах үүргийг хүлээсэн боловч засаж өгөөгүй төдийгүй эдгээр өрөөнүүдийн дулааны шугам бохирын шугамнаас ус алдсанаас болж бүрэн засвар хийх шаардлагатай болсон.Иймээс ***************************** би өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн.

1. Гадна пассатны нүүр талын чулуун хавтан 45 хувь нь салж унаж, хагарсан байсныг засч шинээр 700 ширхгийг худалдан авч сольсон болон гадна эмжээр, бусад гэрэлтүүлэг хийсэн /нийт 22 000 000 төгрөг/, 

2. Түрээсийн гэрээний хүлээлцэх актанд заасан 5,7,8,12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамны засвар, холигч, шүршүүр, 00-ийн суултуур гишгүүр сольсон /нийт 12 000 000 төгрөг болсон/,

3. Зочид буудлын 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор, суултуур душ, тосгуур, холигч, обой; шүршүүрний хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн. /нийт 14 500 000 төгрөг/,

4. Зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар /нийт 5 000 000 төгрөг/,

5. Зочид буудлын гал тогооны засвар /нийт 6 000 000 төгрөг/,

6. Жижиг заалны засвар /нийт 9 000 000 төгрөг/,

7. Гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материал /нийт 7 800 000 төгрөг/,

8. Галын аюулгүй байдлыг хангаж стандартын дагуу байрлуулах шаардлагатай болсон тул хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан /нийт 2 500 000 төгрөг/,

9. Зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг, самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардал /нийт 1 500 000 төгрөг/,

10. Нам даралтын уурын зуухыг “******************” ХХК-аас шинээр худалдан авч, суурилуулсны зардал /11 500 000 төгрөг/,

11. Зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны нийт зардал /нийт 98 000 000 төгрөг/,

12. Зочид буудалд*************/8 хоног 1 өрөө/, *********** /10 хоног 1 өрөө/, ************ /2 хоног 1 өрөө/, ************** 3 хүний хамт /2 хоног 6 өрөө/ байрлуулсны зардал болон гал тогоо ашигласны зардал 3 940 000 төгрөг, 

13. **************************нь НӨАТ-ын төлбөр гэж надаас 12 000 000 төгрөг авсан. Нийт 205 740 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна.

Миний бие Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т зааснаар түрээсээр эзэмшиж буй зочид буудлын зориулалттай объектыг түрээсийн гэрээний хугацааны турш эзэмшиж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, ашиг олох, үр шимийг хүртэх эрхтэй ба үүний хариуд объектыг эзэмшсэний төлбөрийг төлөх үүргээ хуульд зааснаар биелүүлсээр ирсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө нь ярьсан учраас хэлээгүй юмнуудаа хэлээд товчхон тайлбар хийе гэж бодож байна. 1 дүгээрт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа учраас энэ 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг манай зүгээс гаргаж байгаа. Мөн хуулиар хэлцлийг хүчин төгөлдөр бус болоход буруутай үйлдэл хийсэн тал нь нөгөө талынхаа хохирлыг барагдуулах үүрэгтэй байдаг. Шүүхээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байгаа нөхцөлд шаардах эрх үүсдэг. Иймд тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх хугацааны засвар шинэчлэл хийсэн дараах зардлуудыг нэмж нэхэмжилж байгаа. 1 дүгээрт энэ 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 2 дугаарт мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Үүнийг задалж тайлбарлаж хэлье. Тухайн гэрээг байгуулахдаа ******************* нь хүлээлцэх акт үйлдсэн барилгын гадна талын чулуун хавтан засах, зочид буудлын 5, 7, 8, 12 тоот өрөөнүүдийн ус алдалтыг засах үүргийг хүлээсэн боловч засаж өгөөгүй. Эдгээр өрөөнүүдийн дулааны шугам, бохирын шугамаас ус алдсанаас болж бүрэн засвар хийх шаардлагатай болсон. **************** би өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн. Үүнд задаргаа нь гадна фасадын нүүрэн талын чулуун хавтан 45% нь салж унасан, хагарсан байсныг засаж шинээр 700 ширхгийг худалдан авч сольсон. Гадна эмжээр бусад гэрэлтүүлгийг хийсэн, туузан гэрэл хийсэн нийт 22 000 000 төгрөг, түрээсийн гэрээний хүлээлцэх акт гэх актад 5, 7, 8, 12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамын засвар, холигч, шүршүүр, нойлын суултуур, гишгүүр сольсон нийт 12 000 000 төгрөг, мөн зочид буудлын 13 тоот өрөөг бүрэн засварлаж давхар ор, суултуур, душ, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулалтын систем хийсний нийт 14 500 000 төгрөг, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар 5 000 000 төгрөг, зочид буудлын гал тогооны засвар 6 000 000 төгрөг, жижиг заалны засвар 9 000 000 төгрөг, гадна талбайн ногоон байгууламжийн хайсан хашаа, ажлын хөлс, бусад материалд нийт 7 800 000 төгрөг, галын аюулгүй байдлыг хангаж стандартын дагуу байрлуулах шаардлагатай болсон тул хогийн цэгийг нүүлгэн шилжүүлж байршлыг нь өөрчилж шинээр блокоор барьсан нийт 2 500 000 төгрөг орсон гэж нэхэмжилж байгаа. Мөн зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны самбар, хайрцгийг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн өөр газар байршуулах шаардлагатай болсон тул түүнийг шилжүүлсэн зардал нийт 1 500 000 төгрөг, тухайн зочид буудлын халаалтын асуудлыг шинэчилж “****************” гэдэг компаниас шинээр уурын зуух худалдаж авсан, суурилуулсны зардал нийт 11 500 000 төгрөг, зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны зардал нийт 98 000 000 төгрөг, зочид буудалд ************* 8 хоног нэг өрөө, ***********10 хоног нэг өрөө, ************* 2 хоног нэг өрөө, *********** 3 хүний хамт 2 хоног 6 өрөөнд байрласны зардал, гал тогоо ашигласны зардал 3 940 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг зочид буудлын бүртгэлийн дэвтэр дээрээс харж болно. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөхгүйгээр хүмүүс байрлуулж байсан гэсэн тайлбарыг өмнө нь гаргадаг учраас үүнийг нэхэмжилж байгаа. Дээр нь **************нь НӨАТ-ын төлбөр нэхэгдээд байна. Би өөрөө төлөх шаардлагатай байна гээд 12 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрийн мөнгөнөөсөө тусдаа авсан байдаг. Энэ 12 000 000 төгрөгийг нэхэмжлээд нийт 205 740 000 төгрөгийн зардлыг хуульд зааснаар нэхэмжилж байгаа. Тэгээд хэрэгт нотлох баримтаар засварын асуудал, уурын зуух худалдаж авсан асуудал, хэнээр хийлгэсэн талаар гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн дансны хуулга, “************” компанийн уурын зуухны бичиг баримт, зочид буудлын бүртгэлийн дэвтэр, 380 вольтын цахилгааны хайрцгийн мөнгө шилжүүлсэн болон хогийн цэгийг шилжүүлсний зардлын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа учраас эдгээр сөрөг нэхэмжлэлийг нэмж гаргаж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа гаргасан тайлбартаа:

Би нэг тайлбар хэлье. 2019 оны сүүлээр амаар байгуулсан түрээсийн гэрээн дээр зочид буудлын бохир ус нь асуудалтай байсныг бол хүлээж авна. Гэхдээ гэрээ байгуулаад дуусаагүй байхад ковид болсон учраас наашаа цаашаа яваад засвар хийх ямар ч боломжгүй байсан. Гэтэл би 2024 онд буцааж хүлээж авахад нөгөө бохир нь гоожсон яг хэвээрээ байсан. Тэгээд ************* түрээсийн гэрээгүй гэсэн байж өөрсдөө орлого олчхоод зассан болоод намайг нэхэн байж буцааж авахад нөгөө л хэвээрээ байсан. Бүрэн сантехникийн шинэчлэл хийгээд бүх уян хоолой, уян холбоосыг солих ёстой байтал огт солиогүй. Тэрийгээ бүгдийг нь би солиод ямар ч ус гоожихооргүй болгосон байгаа. Тэгээд дээрээс нь 5, 7, 8, 12 дугаар өрөөг би зассан, 13 дугаар өрөөнд хивсэнцэр, суултуур тавьж 13 дугаар өрөөний нойлыг бүрэн зассан.  Яагаад гэвэл огт хүн орох аргагүй байсан. Тэгээд дулааны дутагдлаас болоод мөөгөнцөртсөн обойг аваад засвар хийхээс өөр ямар ч аргагүй байсан. Энэ засварыг би өөрөө хийсэн. Зочид буудлын үүдний хэсэгт бүрэн засвар хийсэн юм огт харагдаагүй. Анх яаж хүлээлгэж өгсөн яг тэр байдалтайгаа байсан. 5 000 000 төгрөгөөр засвар хийсэн баримт байхгүй. Банкны хуулгаар хэнд, юу өгсөн нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ талаар ямар ч баримт байхгүй байгаа. Зочид буудлын гал тогооны засвар 6 000 000 төгрөг байгаа. Ресторанаа хүлээлгэж өгсөн заалт гэрээнд байхгүй. Гэтэл өөрөө ажиллуулчхаад, тохижуулчхаад явахдаа анх хүлээлгэж өгсөн байдалтайгаа буцааж хүлээлгэж өгсөн. Харин ч бүр гал тогооны тоноглолын цахилгааны холболт нь гал гарах хэмжээн дээр байсан. Галын аюулгүй байдлыг би 01 сард шалгуулахад маш их дутагдалтай байсан. Жижиг заалны завсар 9 000 000 төгрөг гэж байна. Гэтэл одоо яг байсан байдлаараа л байгаа. Бүх юм яг хэвээрээ байгаа. Нэг ханандаа обой наачихсан байсан боловч дулааны дутагдлаас болоод мөөгөнцөртсөн байсан учраас тэрийг нь авсан. Гадна талбайн ногоон байгууламж, хайс, ажлын хөлс гээд хийчихсэн байгаа. Би 200 ширхэг модыг ****************** худалдаж аваад суулгаад 2, 3 жил услаад үүнийг услаад арчлаарай гэхэд бүгд үхчихсэн байсан. Би тэрний мөнгийг огт нэхэмжлээгүй. Галын аюулгүй байдлын стандартын дагуу нүүлгэж шилжүүлсэн гэж байна. Би тэрийг огт хараагүй. Харин ч намайг хүлээж авахад галын аюулгүй байдал огт байгаагүй. Зочид буудлын уурын зууханд 380 вольтын цахилгааны самбарыг хийгээд шинээр уурын зуухыг тавьсан гэж байгаа. Би үүнийг 2024 оны 01 сард өвөл хүлээж авахад уурын зуух тэр барилгыг бүрэн халаах хүчин чадалгүй гэдгийг ойлгоод бүх дулааны системийг шинэчилж хийгээд энэ уурын зуухаа өөрөө очиж ав гэж хэлсэн. Салгаад тавьчихсан байгаа. Гэтэл өөрт нь хэрэггүй болохоор надаас одоо мөнгөө нэхээд байгаа. Бид нар одоо дотроо цахилгаанаар ажилладаг дулааны бүтэн систем тавьчихсан байгаа. Уурын зуухны цахилгааны хайрцгийг гадаа ил тавиад орхисон байхаар нь манай цахилгааны засварынхан ирээд бүгдийг баримтжуулаад хэрэглэхийн аргагүй юм байна гээд хэрэглээгүй. Зочид буудлын урд ногоон байгууламж би тордож хийсэн нийт зардал 98 000 000 төгрөг гэж байна. Намайг хүлээж авахад ганц ширхэг мод байхгүй, үзэмж муутай нэг төмөр хайс хийсэн байсан. Би тэрийг нь салгаад Улаанбаатар хотоос мод авч ирж шинээр хийсэн. Түрээсийн гэрээгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Тэгвэл би өөрийнхөө хүмүүсийг дагуулж очоод өөрийнхөө буудалд хоноод явахад надаас 3 900 000 төгрөг нэхэж байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус би хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа байж яагаад НӨАТ-ын мөнгөө нэхээд байгаа юм бэ. Эдгээр нэхээд байгаа мөнгийг зарцуулсан бол баримт нь байхгүй. Зүгээр дансны хуулгаа гаргаад өгсөн байна. Би ******************* балгас болгосон байрыг буцаад хэвд нь оруулахад 500 000 000 гаруй төгрөг зарцуулсан. Яагаад гэвэл 2019 оны зардал хэд билээ одооны зардал хэд билээ. Гэхдээ би тэрийг огт нэхэмжлээгүй. Тэгээд одоо ************** балгас болгосон зочид буудлыг засварлаж шинэчлээд буцаад орлоготой болохын тулд бид одоог хүртэл ажиллаад л сууж байгаа. Гэтэл би өөрийнхөө зочид буудлыг засвартай, уурын зуухтай, 5-6 ажилчинтай, 24 цагаар 12 сар ажилладаг, 2017-2018 онд бүрэн засвар хийсэн зочид буудлыг хүлээлгэж өгсөн байхад буцаагаад авахад хана, Итали хаалга, шалны хивсэнцэр, тохижилтоосоо авхуулаад үнэхээр хэцүү болсон байсан. Ядаж байхад Италийн хаалганы түгжээг нь аваад хаячихсан байсан. Хаачсан юм бүү мэд. Түлхүүр гэж байхгүй аваад явчихсан. Тийм болохоор бүрэн шинэчилнэ шүү дээ. Италийн хаалган дээр 100 айлаас юм уу, дэлгүүрээс цоож авахын арга байхгүй. Надад нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс зарим нэг хүлээн зөвшөөрч байгаа зүйл байгаа. Жишээлбэл: түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх юм бол би хүмүүс байрлуулсны төлбөр болон НӨАТ-ын 12 000 000 төгрөгийг төлнө гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нэмж тайлбар хэлье. Нотлох баримт шинжлэн судалсны дараа ихэнх зүйлүүд тодорхой болох гээд байгаа юм. Гэхдээ гадна фасад, дотор дулааны шугам, бохирын шугамын засвар, угтах хэсгийн иж бүрэн засвар, уурын зууханд байрлаж байгаа цахилгааны хайрцаг самбар, хогийн цэгийн асуудал дээр түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь байгаа. Мөн ор хөнжлийн даавуу бол элэгдэж хуучирсан гэж ярьж байх шиг байна. Хэрвээ элэгдэж хуучирвал эргүүлээд шинийг тавих нь ************түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэг байсан. ******************* энэ үүргээ ухамсарлахгүй явснаас болоод энэ гэрээ цуцлагдсан. Хэрвээ *************** түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу энэ хүний зочид буудлыг хэвийн хэмжээнд ажиллуулаад, хүлээлгэж өгснөөс дордуулахгүй байдлаар урсгал засвар хийгээд, элэгдэж хуучирсан юмаа нөхөн сэргээгээд түрээсийн гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлээд явсан бол энэ түрээсийн гэрээ цуцлагдах ямар ч шаардлага байхгүй байсан. *************** гуай түрээсийн гэрээгээр ямар үүрэг хүлээж байснаа мэдэж байсан боловч биелүүлээгүй. Тэгэхээр энэ түрээсийн гэрээний нотлох баримтыг шинжлэн судлах болон бусад нотлох баримтыг шинжлэн судалсны дараа сөрөг нэхэмжлэлийн асуудлыг дахиад ярих нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****************нь хариуцагч ************* холбогдуулан гэрээний үүрэгт 82 400 000 төгрөг, алданги 62 400 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохиролд 15 691 897 төгрөг, нийт 160 491 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ***********нь  зочид буудал түрээслэх гэрээний үүргээ биелүүлэхгүй 2020 оны 1, 2, 3, 4, 9, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 45 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг, үүний алданги 37 500 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс дутуу 2 400 000 төгрөг, нийт 7 400 000 төгрөг, үүний алданги 24 900 000 төгрөг, нийт 144 800 000 төгрөг төлөөгүй. **************нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээний хавсралтад эд хөрөнгө хүлээлгэх актаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг буцааж өгөлгүйгээр авч явсны улмаас дахин эд зүйлс худалдан авсан, мөн түрээсэлж байх хугацааны ашиглалтын зардал, газрын татварт төлсөн нийт 15 691 897 төгрөг, нийт 160 491 897 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг сар бүр төлж байхаар түрээслүүлэгчтэй амаар тохирсон ба бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

2. Хариуцагч ******************нь нэхэмжлэгч ***********************нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээнээс үүссэн хохирол 205 740  000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ******************* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл ба уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм.  Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд засвар, шинэчлэл хийсэн зардал болох 205 740 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хариуцагч **********хүлээхээр бид харилцан тохиролцсон, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хэлцэл ба түрээсийн зүйл болох зочид буудалд хариуцагч нь ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул хохирол гэх 205 740 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тус тус шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******************* нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч ************** зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, **************************** буудлыг бүхэлд нь /граж, авто зогсоол, хашааны хамтаар/ 01 жилийн хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 Гэрээнд түрээсийн төлбөрийг урьдчилж 01, 04, 07, 10 дугаар саруудын 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн Хаан банкин дахь тоот дансанд улирал тутам түрээслэгч нь түрээслүүлэгчид 15 000 000 төгрөгийг төлж байхаар, түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5%-ийн алданги түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч ************* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч ***************зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, ******************* буудлыг бүхэлд нь /граж, авто зогсоол, хашааны хамтаар/ 10 жилийн хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 Мөн уг гэрээнд түрээсийн төлбөрийг урьдчилж 01, 04, 07, 10 дугаар саруудын 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн Хаан банкин дахь тоот дансанд улирал тутам түрээслэгч нь түрээслүүлэгчид 15 000 000 төгрөгийг төлж байхаар, түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5%-ийн алданги түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, гэрээ дуусгавар болсон эсэх талаар байна, түрээсийн гэрээг байгуулсан, түрээсийн гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй.

 

6. Зохигч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-т “...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурж баталгаажуулан хуульд нийцүүлэн хийсэн байх ба гэрээний дагуу түрээслүүлэгч **************** нь дээрх объектийг түрээслэгч*************** эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээслэгч тал объектийг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

Хариуцагч талаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Нэхэмжлэгч ************** нь ************************тоотод байршилтай Зочид буудал, үйлчилгээний зориулалттай 416 м.кв талбайтай барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан ******************** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох бөгөөд энэ зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэжээ.

Талууд түрээсийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй талаар, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийн хариуцагч хүлээсэн талаар хэн аль нь маргаагүй, гэвч гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан тодорхой хөрөнгө нь ****************хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй, уг объектийг буудлын зориулалтаар ашиглуулахаар шилжүүлсэн, хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд төлж байсан талаараа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч байсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж шүүх үзэв.

Дээрх үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр тул 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь хариуцагч талын тайлбарлаж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл биш юм.

 

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, түрээсийн зүйлийг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан тул 2020 оны 1, 2, 3, 4, 9, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 45 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг, үүний алданги 37 500 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс дутуу 2 400 000 төгрөг, нийт 7 400 000 төгрөг, үүний алданги 24 900 000 төгрөг, нийт 32 300 000 төгрөг, нийт түрээсийн төлбөр, алдангид 144 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь объектийг түрээслэн эзэмшиж, ашиглаж байсан дээрх хугацааны түрээсийг төлсөн байх ёстой гэж тайлбарлан өөрийн депозит дансны хуулгыг, гар бичмэлийн хамт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нь хуулийн шаардлага хангаагүй, хэдийд хэний дансанд төлбөр шилжүүлээд байгаа нь тодорхойгүй, талууд тооцоо нийлээгүй байх тул хариуцагч түрээсийн төлбөрийг төлж байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 халдварт өвчний улмаас 2019 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9 удаагийн хөл хорио тогтоосон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлж 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй ба энэ хугацаанд хариуцагч *************нь түрээсийн зүйлийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж үйл ажиллагаа явуулж орлого олж байсан болох нь ************************* газраас ирүүлсэн албан бичиг болон бусад хавсаргасан нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ хугацаанд түрээсийн гэрээ байгуулагдаагүй байсан гэж хариуцагч маргадаггүй тул нэхэмжлэгчийг энэ хугацааны түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна гэж шүүх үзсэн.

Иймд түрээсийн төлбөрт 82 400 000 төгрөгийг хариуцагч ********** гаргуулан нэхэмжлэгч ************* олгох нь хуульд нийцнэ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдэд түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр тохиролцсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 82 400 000 төгрөг нэхэмжилсэн атлаа алдангид 62 400 000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх тул алдангид гүйцэтгээгүй үүрэг болох 82 400 000 төгрөгийн 50 хувь болох 41 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх 21 200 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх, 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заасан байна.

Хариуцагч нь гэрээг 2023 оны 12 дугаар сард цуцалж, дуусгавар болсон, биднийг шууд хөөж гаргасан хохиролд нэхэмжлээд байгаа эд зүйлс бүгд буудалд байсан гэж тайлбарласан.

Талууд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дуусгавар болгон цуцалж, түрээслэгч нь зочид буудлаас гарсан, талууд эд хөрөнгө хүлээлцэх акт болон тооцоо нийлсэн акт үйлдээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар удаа дараа амаар мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. Нэгэнт гэрээнд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдлийг хүргүүлэн гэрээг цуцалж гэрээнд зааснаар түүний салшгүй хэсэг болох эд хөрөнгө хүлээлцсэн актыг үйлдээгүй тул буудлын эд зүйлийг үгүй хийж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул шинээр авсан эд зүйлс болох дэрний уут 262 500 төгрөг, углаа 1 680 000 төгрөг, дэвсгэр даавуу 1 085 000 төгрөг, ванны алчуур 630 000 төгрөг, гар нүүрний алчуур 175 000 төгрөг, тус бүр 50 ширхэг цайны аяга, 1 дүгээр хоолны таваг, 2 дугаар хоолны таваг, дарсны хундага, стекан, халбага сэрээ зэрэгт 1 625 000 төгрөг, буудлын өрөөний түлхүүр цоож 1 397 000 төгрөг, буудлын өрөөний нойлын өрөөний түлхүүр 1 397 000 төгрөг, сангийн материал 5 213 254 төгрөг, нийт 13 464 344.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин түрээслэгч, хариуцагч ***************нь тухайн объектийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан хугацааны хэрэглээний төлбөрийг төлөхөөр гэрээнд тохиролцон байх тул 2023 оны 12 дугаар сарын цэвэр усны төлбөр 149 590 төгрөг, бохир усны төлбөр 148 700 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөр 1 587 663 төгрөг, 2023 оны газрын татвар 342 230 төгрөг, нийт 2 227 552.63 төгрөгийг хариуцагч************** гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. Дээрхийг нэгтгэхэд үндсэн нэхэмжлэлийн тухайд хариуцагч ************** түрээсийн гэрээний үүрэг 125 827 552.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************** олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 34 664 344.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хариуцагч *********************гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд нь иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээний хавсралт болох хүлээлцсэн актын 3-т ....5, 7, 8, 12 тоот өрөөнүүдэд ус алдаж байгааг түрээслүүлэгч ************* засна, барилгын гадна заслын плита салсан бөгөөд үүнийг түрээслүүлэгч *******************засна гэж тохиролцсон, энэ үүргээ биелүүлээгүй талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч ******************************нь тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан хугацаанд нийт өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн. Үүнд: Гадна фасадын нүүрэн талын чулуун хавтан 45% нь салж унасан, хагарсан байсныг засаж шинээр 700 ширхгийг худалдан авч сольсон. Гадна эмжээр бусад гэрэлтүүлгийг хийсэн, туузан гэрэл хийсэн нийт 22 000 000 төгрөг, 5, 7, 8, 12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамын засвар, холигч, шүршүүр, нойлын суултуур, гишгүүр сольсон нийт 12 000 000 төгрөг, 13 тоот өрөөг бүрэн засварлаж давхар ор, суултуур, душ, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулалтын систем хийсний нийт 14 500 000 төгрөг, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар 5 000 000 төгрөг, зочид буудлын гал тогооны засвар 6 000 000 төгрөг, жижиг заалны засвар 9 000 000 төгрөг, гадна талбайн ногоон байгууламжийн хайсан хашаа, ажлын хөлс, бусад материалд нийт 7 800 000 төгрөг, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан 2 500 000 төгрөг, зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны самбар, хайрцгийг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн өөр газар байршуулах шаардлагатай болсон тул түүнийг шилжүүлсэн зардал нийт 1 500 000 төгрөг, “************* компаниас шинээр уурын зуух худалдаж авсан, суурилуулсны зардал нийт 11 500 000 төгрөг, зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны зардал нийт 98 000 000 төгрөг, зочид буудалд *********8 хоног нэг өрөө, *************м 10 хоног нэг өрөө, ************ 2 хоног нэг өрөө, ************ 3 хүний хамт 2 хоног 6 өрөөнд байрласны зардал, гал тогоо ашигласны зардал 3 940 000 төгрөг, НӨАТ-ын төлбөр 12 000 000 төгрөг, нийт 205 740 000 төгрөг болсон тул нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нараас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн депозит дансны хуулга, өөрийн гар бичвэрүүд, фото зургууд, зарлагын баримтуудыг гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан зарлагын баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл худалдан авагчийн нэр, гарын үсэг байхгүй, санхүүгийн тэмдэггүй, хариуцагчийн өөрийн тайлбар бичиж хавсаргасан фото зургуудыг шүүх үнэлэх хууль зүйн боломжгүй, депозит дансны хуулга баримтаар яг хэний данснаас хаашаа юуны төлбөр шилжээд байгаа нь тодорхойгүй, гар бичмэлүүдийг хэн хэзээ бичсэн нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг хууль зүйн талаас нь үнэлэх боломжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна гэж шүүхээс дүгнэв. Хариуцагч нь засвар үйлчилгээг хийсэн гэж нэр бүхий гэрчүүдийг асуулгасан боловч гэрчийн мэдүүлэг нь давхар нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч ********************* нь 2023 оны 12 дугаар сард хүмүүстэй ирж буудалд байрласан болон НӨАТ-ын төлбөр гэж *****************с 12 000 000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15 940 000 төгрөгийг хангаж нэхэмжлэгч ************** нараас гаргуулж **************** олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 189 800 000 төгрөгийг хариуцагч нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ***************** түрээсийн гэрээний үүрэгт 125 827 552.63 /нэг зуун хорин таван сая найман зуун хорин долоон мянга таван зуун тавин хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *************олгож, үлдэх 34 664 344.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч **************** нараас 15 940 000 /арван таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч *****************олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 189 800 000 төгрөг, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 276 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 787 087 /долоон зуун наян долоон мянга наян долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************олгож, хариуцагч *************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 256 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. Нэхэмжлэгч ********************* нараас улсын тэмдэгтийн хураамжид 237 650 /хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун тавин/ төгрөг гаргуулж хариуцагч ******************************* олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА