Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 351

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Д-ийн С-д холбогдох 171 0000000007 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “Голден жем” фитнесст багш ажилтай, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Д-ийн С,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн Вилла” /Green villa/ хотхоны 206 дугаар байрны граж буюу тусгайлан хамгаалсан байрнаас Ж.Д-гийн “Трек” маркийн унадаг дугуйг Ц.Ө-ын эзэмшлийн “Тоёота приус-30” маркийн **-** УБС улсын дугаартай автомашинд ачин хулгайлан авч явж, Ж.Д-д 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Д.С-ын: “...2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  “Грийн вилла” хотхонд Ц.Ө гэх найзтайгаа  уулзахаар очсон. Ц.Ө луу залгахад хүүхдийн тоглоомын талбай дээр дүүгээ тоглуулж байна гэж хэлэхээр нь Ц.Ө дээр очиж уулзаад дүүг нь хамт тоглуулж байхдаа грашид унадаг дугуй байгааг хараад хулгайлан авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Намайг уучлаарай...” гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ж.Д-гийн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед харуул хаалга тогшиж танай дугуйг хүн аваад явчихлаа гэсэн. Тэгээд граж руугаа ороод харахад хойд зүгт тавьсан байсан “Трек” брэндийн унадаг хүүхдийн дугуй алдагдсан байсан. Харуулаас асуухад приус маркийн машинтай хүн машиндаа ачаад явчихлаа цагдаа дуудсан гэсэн...” гэх мэдүүлэг. \ хх-ийн 7-8 дугаар хуудас\

    -Гэрч Ш.Э-гийн: “... 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагийн үед ажлын байранд хяналтын камерын дэлгэцийг хянаж байхад саарал өнгийн тоёота приус-30  маркийн машинтай үл таних 30 орчим насны залуу 206 дугаар байрны доод гражаас 1 унадаг дугуй авч гарч ирээд шууд машиныхаа хойд талын багажинд хийж хөдөлж байхад хараад тэр даруй харуулд хэлсэн...” гэх мэдүүлэг \хх-ийн 9 дүгээр хуудас\

     -Гэрч И.И-ын: “... “Грийн вилла” хотхонд харуулаар ажиллаж... миний 4 дэх гараа байсан... 18:00 цагийн үед үүдний 1 дүгээр постонд харуулын байранд албан үүргээ гүйцэтгэж байхад оперотор Заяа ажлын утас руу залгаж дугуй ачсан приус 30 машин гарлаа шүү гэхээр нь харсан чинь нөгөө машин хашаанаас гарч явж байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 10 дугаар хуудас\

      -Гэрч О.Н-ы: “...камерын бичлэгийг үзэхэд саарал приус 30 маркийн машин 206 дугаар байрны зүүн талын зогсоол дээр ирж зогсоод хэсэг хугацааны дараа машинаа өөр газарт байрлуулж 206 дугаар байрны 1 дүгээр орцоор буцаж 2 дугаар орцоор гарч ирэхдээ унадаг дугуй унаад гарч ирэнгүүтээ машиныхаа хойд талын багажны хаалгыг онгойлгож шууд дугуйгаа хийж байсан бичлэг байсан... 202 дугаар байр нь төв замын хажууд байрладаг учир шууд зам руугаа нийлдэг. 206 дугаар байрны хажуугаар явах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг \хх-ийн 13-14 дүгээр хуудас\

      “Ашид билгүүн” ХХК-ны “2017 оны АНУ-д үйлдвэрлэгдсэн “Трек” маркийн унадаг дугуй нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 900,000 төгрөг болохыг тогтоов “гэсэн хохирлын үнэлгээ \хх-ийн 23 дугаар хуудас\

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.С яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүрэг Зайсангийн “Грийн вилла” хотхоны хажуух байранд амьдардаг найз Ц.Ө-ын гэрт очиж хүнтэй уулзсан. Тэднийхээс гарч яваад хажуу байрны граж руу ороход гражийн шатны хажууд хөх өнгийн раамтай “Трек” брэндийн унадаг дугуй байхаар нь унаад гражаас гарсан. Тэгээд гадаа байрлуулсан өөрийн **-** УБС улсын дугаартай приус 30 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныхаа багажинд хийгээд хотхоноос гарсан. ... авч явсан унадаг дугуйгаа гэрээсээ аваад “грийн вилла” хотхоны хамгаалалтын албаны хүнд хүлээлгэн өгсөн... Хан-Уул дүүргийн цагдаа нар ирж хэлтэс дээр намайг авчирсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 40 дүгээр хуудас\

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл \хх-ийн 44 дүгээр хуудас\

-Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол \хх-ийн 45 дугаар хуудас\

-“Грийн Вилла” хотхоны байршлын схем зураг \хх-ийн 47 дугаар хуудас\

-Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 50-51 дугаар хуудас/

-Д.С-аас унадаг дугуйг хураан авсан тэмдэглэл, түүнийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

-Д.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хх-ийн 55-56 дугаар хуудас\ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн Вилла” /Green villa/ хотхоны 206 дугаар байрны граж буюу тусгайлан хамгаалсан байрнаас  иргэн Ж.Д-гийн “трек” маркийн унадаг дугуйг Ц.Ө-ын эзэмшлийн тоёота приус-30 маркийн **-** УБС улсын дугаартай автомашинд ачин хулгайлан авч явж, иргэн Ж.Д-д 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ж.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Ш.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч И.И-ын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч О.Н-ы мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирлын үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/, Д.С-аас унадаг дугуйг хураан авсан тэмдэглэл, түүнийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас шүүгдэгч Д.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцож өгнө үү...” хэмээн санал гаргаж мэтгэлцсэнийн шүүх хүлээн авах боломжгүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан СД-ний бичлэг зэрэг нотлох баримтаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол унадаг дугуйг  /хх-ийн 61-62 дугаар хуудас/ хохирогч Ж.Д-д буцааж өгсөн болно.

Шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 56 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалтын 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

         Шүүгдэгч Д.С-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

            1.Ч овогт Д-ийн С-ыг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

          

5.Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ