Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0260/3 |
Дугаар | 128/шш2024/0328 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128/шш2024/0328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.А*******
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга
Маргааны төрөл: Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосныг нөхөж олгохгүй байгаа хариуцагч нарыг эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Э******* /цахим/, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Р.А*******ээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосныг нөхөж олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү 54.845.******* төгрөг олгохыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс “Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосныг нөхөж олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү 62,908,******* төгрөгийг нөхөж олгохыг хариуцагч нарт даалгах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
3.Нэхэмжлэгч нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 1******* дугаар зарлигаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
4.Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.А*******т 100,*******,000 /нэг зуун сая найман зуун мянга/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ.
5.Нэхэмжлэгч нь нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгуулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад хандан хүсэлт гаргасан байх ба Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/79 дүгээр албан бичгээр, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 57 дугаар албан бичгээр, тус тус хариуг өгчээ.
6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон тодруулсан шаардлагын үндэслэлдээ:
1/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 1******* дугаар Зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ийнхүү шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмж 100,*******,000 төгрөгийг надад олгосон.
Дээрх тэтгэмжийн дүнг бодохдоо миний “үндсэн цалин”-ийн хэмжээнээс тооцож олгосон нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг зөрчсөн юм.
Надад олгох тэтгэмж нь дээрх хуулийн дагуу сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож 155,645,******* төгрөг байх ёстой байхад үндсэн цалингийн хэмжээгээр бодсоноос 54,845,******* төгрөг дутуу олгогдсон.
Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь шүүхийн захиргааны төв байгууллага бөгөөд 70.2.4-д заасан шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүргийнхээ хүрээнд 74 дүгээр зүйлийн 74.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 74.1.1. “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх; (46.8-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн төсвийг боловсруулах, батлуулах эрхтэй)” 74.1.2.”шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах”, харин тус хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.3-д зааснаар Шүүхийн Тамгын газрын дарга нь шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах эрхтэй.
2/Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөл бол шүүхийн төсвийг тодорхойлон тооцож батлуулах буюу тухайн жилд тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг бодож тооцоолон төсөвт суулгуулах, төсвийг хуваарилан гүйцэтгэлийг нь хянах бүрэн эрхтэй, түүний харьяа шүүхийн Тамгын газрын дарга нь батлагдсан төсвийг хуваарилалтын дагуу захиран зарцуулж энэ тухайгаа Шүүхийн ерөнхий зөвлөлд тайлагнах үүрэгтэй шүүгчийн тэтгэмжийг хуулийн дагуу олгох эрх, үүрэгтэй шүүхийн захиргааны байгууллагууд юм. Тиймээс өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийг буруу бодож 54,845,******* төгрөгийг дутуу олгосон байгаа учир зөрүүг нөхөж олгож өгөхийг хүсч 2024 оны 01 сарын 05-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсан.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/79 дүгээр албан тоотоор Архангай аймгийн шүүхийн Тамгын газарт хандан шийдвэрлүүл гэсэн хариуг ирүүлснийг 2024 оны 01 сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Дээрх хариуны дагуу Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газарт хүсэлтээ гаргахад 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 57 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, "Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 2.2-д заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр 2023 оны төсөвт төлөвлөн тусгуулж олгосон тул Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу хэмж олгох боломжгүй байна" гэсэн хариуг ирүүлсэн.
3/Ийнхүү Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга нь дээр дурдсанаар Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийг зөв тооцох, хуваарилах, олгох эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан байж хуулийн дагуу гаргасан миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзан дутуу олгосон тэтгэмжийг нөхөж олгохгүй эс үйлдэхүйг гаргаж миний эрх ашгийн шууд зөрчиж байна.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндсэн цалингаас тооцохоор байгаа ч, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-д Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд Шүүхийн тухай хуулийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан бөгөөд тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Шүүгчийн тэтгэвэртэй олгоно" гэж, 47.9-д Шүүгчийг өндөр насны холбогдсон харилцааг холбогдох хуулиар тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасны дагуу шүүгчийн тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль, журамд зааснаас өөрөөр тусгайлан зохицуулсан байхад Шүүхийн хуулийн заалтыг хэрэглээгүй, олгохдоо хэрэглэх ёстой хуулийн Ерөнхий Зөвлөл тэтгэмж үндэслэлгүйгээр үндсэн цалингаас тооцон тэтгэмж олгосон нь хууль бус юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-д зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал нь цалин хөлсийг бүрдүүлнэ, мөн журмын 2.1-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно.
Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу би шүүгчээр ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингаас гадна онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасны нэмэгдлийг хуульд заасны дагуу авч байсан учир миний сарын цалин хөлсний дундаж нэмжээ 4,323,494 төгрөг болж байгаа юм. Үүнээс тооцвол надад олговол зохих нэг удаагийн тэтгэмж 155,645,******* төгрөг байх ёстойгоос 100,*******,000 төгрөгийг олгосон.
4/Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 73.1.1-д “энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах", 73.1.2-д “Шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх", мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 74.1.1-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;” мөн хуулийн 86 дугаар зүйлд шүүхийн Тамгын газрын чиг үүргийг 86.1.1-д “энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байхад Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, тэтгэмжийн дутуу олгогдсон зөрүүг олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна.
5/Р.А******* нь өндөр насны тэтгэвэрт гаргахад нь өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмж олгохдоо Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасыг зөрчиж 163,708,******* олгохоос 62,908,******* төгрөг дутуу олгосон.
Иймд дутуу тэтгэмжий нөхөж олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 62,908,******* төгрөгийг нөхөж олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1******* дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн буюу өндөр насны тэтгэвэрт гарсан. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа өндөр насны тэтгэвэрт нэгт удаагийн тэтгэмж 100,*******,000 төгрөгийг олгосон. Манай зүгээс дээрх тэтгэмжийн дүнг тооцож олгохдоо үндсэн цалингийн дүнгээс тооцож олгосон нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасан өндөр насны тэтгэвэрт гарахад сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сараар тооцож нэг удаа олгох гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Шүүхийн тухай хуульд заасан сарын дундаж цалин гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд тодорхой заасан. Цалин хөлс гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин урамшууллаас бүрдэх бөгөөд эдгээрийн дундаж цалинг хэрхэн тогтоох вэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар журмаар журамласан. Тус журмын 1.4-т зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал нь цалин хөлсийг бүрдүүлнэ. Мөн журмын 2.1-т заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтан тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд, ажилласан сард нь хувааснаар гаргана гэж тодорхой заасан байгаа. Тэгтэл шүүгчээр ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингаас гадна манай ээж болох Р.А******* нь онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасны нэмэгдлийг хуульд заасны дагуу авч байсан. Үүний дагуу бодоод үзвэл 163,708,******* төгрөгийг олгохоос 100,*******,00 төгрөг олгосон нь 62,908,******* төгрөгийг дутуу олгосон байна гэж үзсэн. Тэгээд Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйл, 87 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхээс бусад шүүхийн төсвийг боловсруулах, батлуулах, шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилах, гүйцэтгэлийн үр дүнг зохион байгуулах эрх бүхий байгууллага. Шүүхийн тамгын газар нь тухайн хуваарилагдсан төсвийг захиран зарцуулах эрх үүрэгтэй 2 байгууллага байгаа. Тийм учраас энэхүү байгууллагад хандаж дутуу олгосныг нөхөж олгож өгөх гомдол, хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан боловч тухайн шатынхаа Шүүхийн тамгын газарт хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсний дагуу Архангай аймгийн Шүүхийн тамгын газарт хандсан. Шүүхийн тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн 60.1 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн цалингаас бодож олгосон. Үүн дээр нэмж олгох боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Ийнхүү төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий албан тушаалтан нь энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхгүй. Тухайн дутуу олгогдсон тэтгэмжийг олгохоос татгалзсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Дараагийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 60.1-д төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндсэн цалинг тооцохоор заасан. Гэхдээ Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-д нь Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэр гаргахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч эдгээр тэтгэмжийн аль илүүг нь сонгох эрхтэй. Давхардуулан авах боломжгүй гэсний дагуу илүү нарийвчилсан хууль болох Шүүхийн тухай хуулийн 47.9-д заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжээ бодуулах ийм үндэслэл байна. Тийм болохоор Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан үндсэн цалингаар гэдгийг хэрэглэхгүй юм. Мөн Шүүхийн тухай хуулийн 47.7-д шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг хуулиар тогтооно гээд энэхүү хуулиараа тусгайлан зохицуулсан байгаа учраас 47.9-д заасны дагуу үндсэн цалинг нь үндсэн цалингаас сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож олгохоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдал, эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ нөхцөл байдлыг хангаж өгөхгүй, шийдвэрлэж өгөхөөс татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа учраас хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү болох 6,.908,******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
7.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Т.Ч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин.. гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна.
Албан ажлын онцгой нөхцелийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шуугчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин.. нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.
36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
2/Нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, МУШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмж болох 100.*******.000 төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгсөн.
3/Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалинг цалин, цалин хөлс гэсэн 2 өөр ойлголтоор тусгасан байгаа ба тухайн хуулийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т цалин хөлсний бүрэлдэхүүнийг тус тус заасан байдаг. Харин Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх ба үүнд нэмж хамаарна гэж үзэх үндэслэлгүй гэдэг тайлбартайгаа санал нэг байгаа. Иймд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын тушаал нь Шүүхийн тухай хуулийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна” гэжээ.
8.Хариуцагч Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Шүүгчийн тэтгэвэрт гарсны тэтгэмжтэй холбоотой тооцооллыг нягтлан бодогчтойгоо тооцооллыг нь хийгээд, Шүүхийн ерөнхий зөвлөл рүү дараа оны төсөвт суулгуулахаар санал явуулдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хянагдаад төсөв мөнгө суугдаж орж ирсэн санхүүжилтийн дагуу олгодог юм. Тэгээд хариуцагч зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэр тэтгэмжийн зөрүүг манай тооцоолол гаргаж өгсөн 54,845,000 төгрөгийг шийдвэрлээд өгвөл олгоход татгалзах зүйл байхгүй. Шүүхийн Тамгын газрын дарга бие даагаад шийдвэрлэх боломжгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хандаж, зөвшөөрөгдөж төсөвт мөнгө нь суугдаж байж олгодог. Одоогийн байдлаар төсөвт тэтгэмжийн гэсэн мөнгө суугдаж орж ирээгүй байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1 дэх хэсэгт “нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... , 4.4 дэх хэсэгт “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тус тус заасан.
1.Нэхэмжлэгчээс хариуцагч нар нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр 62,908,******* төгрөгийг дутуу олгосон гэж маргажээ.
2.Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
3.Учир нь хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар 47.9 дэх хэсэгт “...сарын дундаж цалингийн хэмжээгээр...” гэсэн томьёоллоор хуульд тусгагдсан байх тул түүний авч байсан сарын дундаж цалинг дунджилж 36 сараар тооцохоор байна.
4.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь тухайн шүүгчийг ажиллаж байх хугацаандаа авч байсан бүхий л нэмэгдэл болон хоол, унааны зардал, ажиллаж байсан хугацааны үр дүнгийн урамшаалал зэргийг оруулан тооцохоор байх тул нэхэмжлэгчид хуульд тухайн заасан нийгмийн баталгааг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 74.1.1-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх”, 74.1.2-т “шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах”, 74.1.5-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 87.1.3-т “шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах” гэж тус тус заажээ.
5.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар нь нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу тооцож олгосон, уг тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл, алба хаасан хугацааны нэмэгдэл, хоол, унааны зардал, ажиллаж байсан хугацааны үр дүнгийн урамшаалал зэрэг нийт 62,908,******* /жаран хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг тус тус баримтлан Р.А*******ийн нэхэмжлэлийг хангаж, Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосныг нөхөж олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү 62,908,******* /жаран хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөг олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга нарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар тус бүрээс 35100 төгрөгөөс /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 363,380 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун наян/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ