Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

 

 

 

...........т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сонинмөнх, 

Шүүгдэгч ...........,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн /цахимаар/          

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Энхбатын эсэргүүцлээр шүүгдэгч ...........т холбогдох 2134000000052 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Яллагдагч ........... нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг "Өлийн булаг" гэх газар 2021 оны 2 дугаар сарын 05-наас 2021 оны 2 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр ...........ийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ...........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Батцэрэнгийн Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ...........т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг хутга, 1 ширхэг хөрөө хураагдаж ирснийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Энхбат эсэргүүцэлдээ: Төв аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Энхбат би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянавал: Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ...........т холбогдох хэрэгт дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн тогтоолд:

1. Хэрэг 2021 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гарсан бөгөөд хавтас хэргийн 7 дугаар талд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ........... нь гэрээс зүүн урд зүгт 45 м зайд хэрэг учрал болох үед талийгаачийн өмсөж байсан гэх цагаан өнгийн фудболк болон өөрийн өмсөж байсан куртикийг шатаасан гэх газрыг ...........ээр өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав гэх тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт 23, 24, 25, 26 дугаарт шүүгдэгч ........... нь талийгаачийн өмсөж явсан гэх фудболк шатаасан гэх газар болон гэрээ цэвэрлэж асгасан улаан мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон угаадсыг харуулав." гэжээ.

Хэрэгт авагдсан дээрхи хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэгдсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..........., амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ..........., ..........., ..........., ........... нар нь ...........ийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий амь хохирогчийн өмсөж байсан өдөн куртикийг шатаасан, хэрэг учралын газрыг /гэрийн дотор байдал/ угааж цэвэрлэсэн талаар тус тус мэдүүлж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд гэрэл зургаар бэхжүүлсэн, гэрчийн тэмдэглэлийг тусгасан байх тул шүүгдэгч ...........ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..........., амь хохирогч нар нь хамтын амьдралтай болоод 16 жил болсон, дундаасаа хүүхэдгүй бөгөөд хэрэг учрал гарах үед шүүгдэгч болон амь хохирогч нар дундын өмчтэй байсан. шүүгдэгчийг уг хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш тэдний өмчлөлд байсан гэр, мал нь хаана хэний эзэмшилд байгаа эсэх нь хэрэгт авагдаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгө хамгаалах арга хэмжээ авагдаагүй нь хэргийн оролцогчдын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байх тул шүүгдэгч ...........ийн эд хөрөнгийг хамгаалах, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн. Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний №997 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч ...........т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол эсэргүүцэл гаргаагүй, шүүгчийн 997 дугаартай захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг"... албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ гэж хуульчлагдсан байна.

Гэтэл дээрх 997 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт: "2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 43/02-2281 дугаартай Төв аймгийн Цагдаагийн газрын албан бичгийн дагуу шүүгдэгч ..........., амь хохирогч ...........нарын нэр дээр бүртгэлтэй малын "А" дансны баримтыг хуулбарлан ирүүлэхээр хүсэлт гаргаж 2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар тал дээр шүүгдэгч ...........ийн "А" дансыг хуулбарласан байна. Үүнтэй холбоотойгоор яллагдагч ...........ийн "А" дансанд бүртгэлтэй 6 үхэр, 6 хонь, 32 ямаа нийт 44 тооны мал нь хэний эзэмшилд байгаа эсэхийг тодруулж, эзэмшигчийг тогтоохоор хянан шийдвэрлэхээр тогтоосон захирамжид заасан ажиллагааг хуульд зааснаар хийж гүйцэтгэвэл зохино. Иймд шүүгдэгч ...........т холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул ...........т холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэжээ.

1. Яллагдагч ........... нь гэмт хэрэг гарах үед талийгаачийн болон өөрийн өмсөж байсан хувцсыг шатаасан, гэрийн цустай шалыг угаасан гэх үйлдэл нь дээрх хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шууд нотлох баримтыг устгасан гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч ........... нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг "Өлийн булаг" гэх газар 2021 оны 2 дугаар сарын 05-наас 2021 оны 2 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр ...........ийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул яллагдагч ...........т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй юм.

Эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг шалгаж, тогтоох холбогдох ажиллагаанууд хийгдсэн бөгөөд "А" дансанд бүртгэлтэй гэх дээрх малыг тухайн цаг хугацаанд хуулийн дагуу битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд чухал нотолгооны ач холбогдолтой гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №997 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу яллагдагч ...........ийн эзэмшлийн гэх 4 ханатай гэрийг битүүмжилсэн бөгөөд шүүгчийн захирамжийн заалтыг хангаагүй гэж өмнөх захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааг үгүйсгэн дүгнэж, хэрэгт дахин ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ........... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч, хохирогч нар хоорондоо холбоотой, мөнгө төгрөг авсан асуудал байгаа гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...........т холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Шүүгдэгч ........... нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг "Өлийн булаг" гэх газар 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр ...........ийн цээжин тус газар нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдснаар/

 

Прокуророос яллагдагч ...........т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч ...........т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн тогтоолд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа болох хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий амь хохирогчийн өмсөж явсан фудволк, шүүгдэгч ...........ийн хэрэг учрал гарах үед өмсөж байсан өдөн куртикийг шатаасан гэх шүүгдэгч ...........ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд 1-т “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан.

 

Үүнээс үзэхэд нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтат мэдээлэл байна. Мөн уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусган бэхжүүлэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулсан байх хуулийн шаардлага тавигддаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт томьёологдсон нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарах бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан баримт сэлт, мэдээллийг устгасан тохиолдолд гэм буруутай этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нотлох баримтыг устгах” гэмт хэргийг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.    

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 997 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд яллагдагч ...........ийн “А” дансанд бүртгэлтэй 6 үхэр, 6 хонь, 32 ямаа нийт 44 тооны малыг хэний эзэмшилд байгааг тогтоохоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрч ...........аас дахин авсан мэдүүлэгт: “Би нэг шүдлэн үхэр, нэг бяруу буюу 2 тооны үхрийг 1,300,000 төгрөгөөр зарж борлуулсан. Хохирогчийн ар гэрт 1,200,000 төгрөг өгсөн. 2 тооны үхэр усанд живсэн. Үлдсэн 2 тооны үнээ голын усанд живж үхсэн байх магадлалтай. Бог малаа айлд үлдээсэн, ихэнхийг нь алга болгосон. Үлдсэн 2 хонь, 13 ямааг зарж борлуулаад өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын ажлын хөлсөнд өгсөн.” гэжээ.  /2хх-н 181/    

 

Үүнээс үзэхэд гэрч ........... нь шүүгдэгч ...........ийн “А” дансанд бүртгэлтэй байсан 44 тооны малыг хэрхэн зарцуулж, үрэгдүүлсэн талаар тодорхой мэдүүлсэн, одоо 44 тооны мал хэний эзэмшилд байгаа талаар тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч ...........т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2-т заасан мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагагүй байх тул прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэвч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өдөр ...........т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 25 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1432 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан болохыг анхааруулах нь зүйтэй байна. 

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ...........т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ...........т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ