| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04578/И |
| Дугаар | 182/ШШ2024/03642 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03642
2024 09 06 182/ШШ2024/03642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч байр. ******* банк ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ын Е-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.С-ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* банк ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Е нь ******* банктай 2023.10.11-ний өдрийн ЗГ1705224983 дугаар тоот зээлийн гэрээ байгуулж, 13,940,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчийн оршин суудаг хаяг болох С тоот хаягтаа амьдардаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 184/ШЗ2024/15787 дугаар тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Е-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь Б.Е-н 2023.10.11-ний өдрийн ЗГ1705224983 дугаар тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.08-ны өдрийн 15787 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Е-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.Е нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, Б.Е-н 2023.10.11-ний өдрийн ЗГ1705224983 дугаар тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Б.Е нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Е нь С тоотод оршин суудаг болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Тодруулбал, Б.Е нь С тоотод оршин суудаггүй. Стоотод хаягт оршин суудаг болох нь уг хаягаар хүргүүлсэн шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авсан зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
3.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Е-г эрэн сурвалжлуулах тухай ******* банк ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2., 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-н Е-г эрэн сурвалжлахыг хүссэн ******* банк ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА