Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

Б.Батчулуунд холбогдох хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор  Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч Б.Батчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл          

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаагийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батчулууны гаргасан давж заалдах гомдлоор Б.Батчулуунд холбогдох 2223000320068 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг ажилчдын хэсэг 5-4 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан. Хоринхоёрынхон овогт Батбаярын Батчулуун, /РД:ИЭ94110719/

Шүүгдэгч Б.Батчулуун нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газрын хашаанд иргэн Д.Бямбасүрэнтэй маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Хоринхоёрынхон овогт Батбаярын Батчулууныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчулуунд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчулуунаас 3929470 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

7. Шүүгдэгч Б.Батчулуунд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шанаганы иш, шанаганы толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шүүгдэгч Б.Батчулуун нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Батчулууны давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 045 сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хохирогч Д.Бямбасүрэнгийн эмчилгээний зардал 1 сая төгрөг нөхөн төлсөн ба хохирогч ямар нэгэн санал гомдол гаргаагүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн.

Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тухай ангид төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэсэн боловч надад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 2022/ ЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Батчулуун давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэлийг торгох ялаар сольж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Д.Батчулууны өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирол мөнгөө төлсөн байгаа учраас энэ хэрэг дээр сонгох санкцтай байгаа. Эрүүгийн хуульд заасан нийгмийн аюулын шинж чанар багатай Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ нь нэгэнт сонгох санкцтай байгаа тул гэр бүлээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж учир торгуулийн ял болгож өөрчлүүлэх шүүгдэгчийн гаргасан саналыг бүрэн дэмжиж байна гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Батчулуунд холбогдох хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байгаа бөгөөд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байгаа. Мөн Б.Батчулууны хувьд гэм буруугийн тал дээр маргаан гаргаагүй. Яагаад нийтэд тустай ажил хийлгэхийг сонгох болсон юм бэ? гэхээр. Шүүгдэгчийн тухайд урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 890 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 11.6 дугаар зүйл буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж энэ хэрэгтээ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Мөн түүний хувийн байдалтай холбоотой баримт цуглуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан байгаа. Шүүгдэгч Б.Батчулууны тухайд урьд нь мөн адил хүн зодож байсан тул түүнийг засарч хүмүүжих үүднээс нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Батчулуун нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газрын хашаанд иргэн Д.Бямбасүрэнтэй маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь  хэрэгт авагдсан хохирогч Д.Бямбасүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Дашбалбарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Батчулууны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан дүгнэлт, хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн өвчний түүх, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Батчулууныг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.  Ял хүнддээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан ялыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн албадан ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 2022/ ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИДШ.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ