Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0389

 

 

 

 

 

 

 

 

       2024          05             07

                                   128/ШШ2024/0389

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Ж.Б нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ж.Бт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар[1] Сонгинохайрхан дүүргийн ...ны нутаг дэвсгэрт нэгж талбарын ... дугаартай 20.000.000 м.кв газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлж, мөн өдөр ... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ[2].

2.2. Хожим нэхэмжлэгч Ж.Б 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн газрын албатай №... дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан[3], тус гэрээнд заасан газар эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр болсон байна.

2.3. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  ... дугаар албан бичгээр “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6...үндэслэл бүрдсэн, ...захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан тайлбар, саналыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг...” мэдэгдлийг[4] Ж.Бт хүргүүлсэн.

2.4. Мөн энэ тухай дахин Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баасан гарагийн №214/7087/ дугаараар дамжуулан ...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дотор 13.00-17.00 цагийн хооронд сонсох ажиллагаа явагдах талаар мэдэгдэл нийтэлсэн байна.[5]

2.5. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаараа ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.12, 4.1.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт...үндэслэн Сонгинохайрхан дүүргийн ...ны нутаг дэвсгэрт жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 20,000 м.кв газрыг эзэмшигч Ж.Быг эзэмшил газраа 2 жил болон түүнээс хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн түүний газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.[6]

2.6. Энэхүү захиргааны акт гарсантай холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3116 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн болохыг Ж.Бт мэдэгдэн, захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлсэн байна.

2.7. Иргэн Ж.Баас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ...ны нутаг дэвсгэрт нэгж талбарын ... дугаартай 20.000.000 м.кв газрыг жимс, жимсгэнийн тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулан, тус албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

            Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны Ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол актыг цуцалж болно гэж заасныг үндэслэн иргэн надад олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

Иргэн миний бие тухайн газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар гэдгийг мэдэгдэж, ашиглахын тулд өөрийн зүгээс 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж гадуур нь хашаа барьж тухайн газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлж байсан. Харин би тухайн маргаан бүхий захирамжид дурдсан шиг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчил огт гаргаж байгаагүй болно.

            Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06-р сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг журмын дагуу хийгээгүй. Нийслэлийн Засаг дарга нь захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл болзлыг зөрчсөн гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тус хуулийн заалтыг зөрчөөгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийн хэсэгт 39.1.4-д заасныг үндэслэн хүчингүй болгосон талаар заасан.  Гэвч тухайн үед нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсан. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа ашиглаж 10 гаран сая төгрөгөөр хашаалсан боловч малтай айлууд хашааг нь эвдэж авсан. Одоогийн байдлаар газар дээр хашаа нь байхгүй байгаа. Гэхдээ хашаа байсан нь агаарын зургаас харагддаг.

Цуцлах нөхцөлийг заасан бол цуцалж болно гэж тусгасан нь хууль зөрчсөн. Мөн өөрийн газрыг хашаагаар хашаалсан нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байгаа. Тухайн газартаа зориулалтын дагуу жимс яагаад тариагүй гэвэл тухайн үед цар тахлын нөхцөл байдал бий болсон. Тэгээд цар тахлын нөхцөл байдал арилж тухайн газраа зориулалтын дагуу ашиглах гэж байхад 2023 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг цуцалсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ... дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ...нд 20000 м.кв газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эрх шилжүүлэн авсан. Ж.Б нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ... дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/3116 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дугаарт сонсох ажиллагаа явуулах тухай нийтэлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай ... дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах эрх 2018 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын ашиглаагүй байна.

            Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оноос хойш цар тахал гарсан гэж байна. Цар тахлын нөхцөл байдал нь 2021 оноос хойш арилж, хөл хорио тавигдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 2018 оноос хойш эзэмшсэн бөгөөд тухайн 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үүнээс харагдаж байна. Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээг тухайн жилийн төлөвлөгөөндөө тусгаад, үүнийхээ дагуу үе шаттайгаар хэрэгжүүлдэг ажил тул Ж.Быг онцгойлон үзсэн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            4.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

            4.3. Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны ... дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ...ны нутаг дэвсгэрт олгосон 20000 м.кв газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшиж байсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нэхэмжлэгч өөрөө шүүхээс шаардсаны дагуу[7] газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаар баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй болно.

            4.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... орц, гарц байхгүйн улмаас газраа ашиглах боломжгүй байсан..., Ковид 19 цар тахлын улмаас ашиглаж чадаагүй...” хэмээн тайлбарлан маргах боловч энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр төрийн захиргааны байгууллага болон түүний эрх бүхий албан тушаалтанд хандаж, харилцаж байсан талаар баримт байхгүй, шүүхээс маргааны газар дээр хийсэн үзлэгээр ийм нөхцөл байдал ч тогтоогдоогүй[8].

            4.5. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг газар эзэмшиж эхэлснээсээ хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            4.6.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно “ гэжээ.

            4.7. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас дээрх хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 01-08/3116 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагаа мэдэгдэл зэргийг гарсан болох баримтаар нотлогдож байна.

4.8. Гэвч нэхэмжлэгчээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 01-08/3116 дугаар албан бичгээр  “...газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэл бүрдсэн...”  мэдэгдэл  хүргүүлснийг хүлээж аваагүй гэж маргах боловч уг үндэслэл нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай хууль зүйн үндэслэл биш юм.

4.9. Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан “газар эзэмших гэрээнд[9] заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т заасан “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, …төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Баас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтас хэргийн 19-23 хуудас

[2] Хавтас хэргийн 83 хуудас

[3] Хавтас хэргийн 24-27 хуудас

[4] Хавтас хэргийн 16 хуудас

[5] Хавтас хэргийн 17 хуудас

[6] Хавтас хэргийн 18 хуудас

[7] Хавтас хэргийн 118 хуудас

[8] Хавтас хэргийн 111-115 хуудас

[9] Хавтас хэргийн 24-27 хуудас