Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/03677

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 10 182/ШШ2024/03677

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  тоотод оршин суух, Д  овогт Ж-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч байрлах Н-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн төлөөлөгч С.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Ж.Б-н эзгүйд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-н гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн Э-н даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023.01.19-ний өдөр томилогдсон. Томилогдсоноос хойш ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, сайн ажилласан байгаа. ******* нь 2023.04.17-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж, бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд 2023.05.12-ны өдрийг дуустал акттай байсан. Харин Ж.Б-г акттай байх хугацаанд түүнийг 2023.05.01-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Н нь нэхэмжлэгч Ж.Б-г ажлаас чөлөөлж байгаа талаар өөрт нь мэдэгдээгүй, ямар нэгэн сонсгох ажиллагааг явуулаагүй, тушаалд ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тодорхой заагаагүй, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 43.6-д заасныг яаж тогтоосон нь тодорхойгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөн ямар нэгэн баримт байхгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй. Харин гуравдагч этгээд Э.Н-г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээс өмнө Ж.Б-г ажлаас чөлөөлсөн, уг тушаалд шүүхийн шийдвэрийг үндэслээгүй учир энэ маргаанд Э.Н-н эрх ашиг хөндөгдөхгүй гэж харж байна.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлсөн тушаалын талаар 2023.05.03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга гомдол гаргасан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн хариуг аваад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч иргэний шүүхийн шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд 2023.06.15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс нэхэмжлэгч ******* нь 2023.06.24-ний өдөр маргаанаа шийдвэрлүүлэхээр байгууллагадаа хандсан боловч 2023.07.04-ний өдрийн албан бичгээр байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тухай хариу өгсөн. Улмаар 2023.07.07-ны өдөр Дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн, шийдвэрийг зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах хугацааг сэргээж, нэхэмжлэгч Ж.Б-г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* болон гуравдагч этгээд Э.Н нар нь нэг ажлын байр буюу Ч-н даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед түр орлон гүйцэтгэгч гэдэг нэршилтэй байсан. Энэ үед Ковидын тухай хууль үйлчилж байсан. Мөн Засгийн газраас 5 ш ажиллагааг явуулж, ажилтнууд нь тухайн албан тушаалд ажиллах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг олж тогтоох байсан. Харин *******, Э.Н нар хоёулаа Ч-н даргын ажлыг хийж гүйцэтгэх шаардлага хангаагүй, удирдах албан тушаалны шалгалт өгөөгүй байсан. Э.Н-н хувьд шүүхийн шийдвэр гарч, байгууллага шийдвэрийг биелүүлж, түүнийг 2023.06.26-ны өдрийн Б/80 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байдаг бөгөөд тушаалд сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар томилсон гэдгийг тодруулж өгсөн байгаа. Харин Ж.Б-н хувьд ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, түүний өвчтэй чөлөөтэй байсан асуудлыг мэдэгдээгүй, процесс ажиллагааг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, шүүхээс 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан байдаг. Энэ шүүгчийн захирамжийг үндэслэн Э.Н-г ажлаас чөлөөлж Ж.Б-г ажилд нь авсан байдаг юм. Гэтэл Э.Н-н гомдлоор тус шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосныг ойлгохгүй байгаа гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү маргаанд Э.Н-н эрх ашиг хөндөгдөж байгаа. Н-с 2022.07.05-ны өдөр анх Э.Н-г Ч-н даргын ажилд томилж байсан. Харин 2023.01.19-ний өдрийн тушаалаар Э.Н-г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, оронд нь 2023.01.19-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б-г тухайн албан тушаалд томилсон байдаг. Э.Н нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөөгүй бөгөөд тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 10478 дугаар шийдвэрээр Э.Н-г ажилд нь эгүүлэн томилсон, энэ шийдвэрт ямар нэгэн гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон. Тиймээс хариуцагч Н нь 2023.06.26-ны өдрийн Д/80 тоот тушаалаар Э.Н-г ажилд нь эгүүлэн томилсон байдаг.

Харин ******* ажлаас чөлөөлсөн тушаалаа зөвшөөрөхгүй, тус дүүргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч гэрээ байгуулсан бөгөөд шүүх 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байдаг. Гэтэл энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд Э.Н-г хариуцагч нь дахиад ажлаас чөлөөлсөн, үүнийг зөвшөөрөхгүй тус шүүхэд дахиад маргаан явж байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Э.Н нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон байхад хариуцагч нь Ж.Б-г давхар томилсон нь буруу, Э.Н-н эрх, ашгийг хохироосон байгаа. Тийм учраас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр *******г ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний оронд ажиллаж байсан Ж.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаар дуусгавар болно гэж үзэж байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн Ж.Б-н өвчний түүхээс үзвэл, тэрээр 2023.04.17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн байх боловч 21-ноос хойш ямар нэгэн баримт ирээгүй. Актаа сунгасан талаар өөрийнх нь гарын үсэгтэй баримт байна, үүнийг нь хэрхэн шийдвэрлэсэн, удирдах албан тушаалтанд мэдэгдсэн тухай баримтгүй байна. Тийм учраас өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэхээр байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь 2023.05.01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2023.05.03-ны өдөр хүлээн аваад маргаан таслах комисст юм уу, эсхүл Гурван талт хороонд хандана, тэгээд шүүхэд хандана. Түүнээс биш Нийслэлийн Засаг даргад хандах хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 157.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байхгүй. Хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээх асуудлыг шүүх шийднэ, харин ажлаас үндэслэлгүй халагдсан асуудалтай хамтатган шийдвэрлэх талаар хуульчлаагүй. Тусдаа маргаан үүсгээд явах байсан, энэ талаар шийдвэрлүүлсэн зүйл байхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2023.07.14-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.01.19-ний өдрийн Б/08 тоот даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023.05.18-ны өдрийн 03/3098 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эрүүл мэндийн газрын 2023.07.04-ний өдрийн 1374 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.12-ны өдрийн 4966 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.07.07-ны өдрийн 57 тоот шийдвэр, Иргэний эрүүл мэндийн дэвтэр, 2023.04.24, 2023.05.01-ний өдрийн *******гийн хүсэлт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 8312 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Эмнэлгийн магадлагаа гэсэн баримтуудыг,

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримтаар,

2023.06.26-ны өдрийн Б/80 тоот шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр, 2023.11.08-ны өдрийн Б/157 тоот Э.Н-г ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот Э.Н-г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2022.07.05-ны өдрийн Б/92 тоот даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр, Н-н 2022.03.10-ны өдрийн Б/46 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот Ж.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал гэсэн баримтуудыг,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2024.08.23-ны өдрийн 2/1300 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт болох Ж.Б-н хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н-т холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, тэрээр 2023.04.17-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж, бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орж 2023.05.12-ны өдрийг дуустал акттай байсан. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө өөрт нь мэдэгдээгүй, ямар нэгэн сонсгох ажиллагааг явуулаагүй, тушаалд ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тодорхойгүй, Төрийн албаны тухай хуулийн 43.6-д заасныг яаж тогтоосон нь тодорхойгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөн ямар нэгэн баримтгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилдаа эргэн орох, цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн шүүх нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх боломжтой ... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...тухайн үед Ковидын тухай хууль үйлчилж байсан, Засгийн газраас 5 ш ажиллагааг явуулж, ажилтнууд нь тухайн албан тушаалд ажиллах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг олж тогтоо гэсэн, *******, ******* нар хоёулаа Ч-н даргын ажлыг хийж гүйцэтгэх шаардлага хангаагүй, удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй байсан. Ж.Б-н хувьд ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, процесс ажиллагааг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй... гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нь гаргасан тайлбарынхаа үндэслэлийг ...******* нь Ч-ийн даргын ажлыг хийж байгаад 2023.01.19-ний өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан, улмаар тус шүүхэд хандсан ба, 2023.05.12-ны өдрийн 10478 дугаар шийдвэрээр Э.Н-г ажилд нь эгүүлэн тогтоосон, энэ шийдвэрт ямар нэгэн гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон учраас хариуцагч нь шийдвэрийг үндэслэн Э.Н-г ажилд нь эгүүлэн авсан, тийм болохоор Э.Н-н оронд ажиллаж байсан Ж.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох ёстой, мөн нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир сэргээх үндэслэлгүй байна... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н-ын даргын 2023.01.19-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж, тус тушаалын дагуу зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх боловч хэн алинд нь тус хөдөлмөрийн гэрээний хувь байхгүй, алга болсон шалтгаанаар шүүхэд гаргаж өгөөгүй, мөн ажлын байрны тодорхойлолт байхгүй тул уг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу зохигчид ямар эрх хэрэгжүүлж, үүрэг хүлээсэн болох, ажлын байрны чиг үүрэг юу болохыг тодруулах боломжгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч ******* нь Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч *******д 2023.05.03-ны өдөр танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн тухайд зохигчид маргаангүй.

 

4.Хариуцагч Н нь нэхэмжлэгч Ж.Б-г ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаалдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны ХЭГ/595 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 633 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 15/70 дугаар зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг тус тус удирдлага болгосон байх боловч огт үндэслэл заагаагүй, *******г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлсөн тушаалын удирдлага болгосон заалтуудыг үндэслэн тухайн тушаалыг зөвшөөрөхгүй Нийслэлийн Засаг даргад хандсан байх ба, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023.05.18-ны өдрийн 03/3098 тоот албан бичгээр ...Монгол улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлж байх ба, шүүр ажиллагааны хүрээнд төрийн бүх шатны байгууллагад хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд томилгоог Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх, төрийн холбогдох байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байна... ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй... гэсэн агуулга бүхий хариуг түүнд өгчээ.

 

5.Нэхэмжлэгч ******* нь дээрх хариуг үндэслэн 2023.06.05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023.06.12-ны өдрийн 4966 дугаар шүүгчийн захирамжаар ...хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна... гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Тэрээр 2023.06.16-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч тус шүүхийн 2023.06.23-ны өдрийн 8312 дугаар шүүгчийн захирамжаар ...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандсан, тус байгууллагын 2023.07.04-ний өдрийн 1374 тоот албан бичгээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тухай хариуг түүнд өгсөн, тэрээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус байгууллагын 2023.07.07-ны өдрийн шийдвэрийг хүлээн авснаар 2023.07.17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийг дахин гаргасан байна.

 

Дээрхээс үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан нэхэмжлэгч Ж.Б-н шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан байх ба, нэхэмжлэгч ******* нь маргаантай асуудлаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154.7-д заасан 10 хоногийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан байна. Иймд нэхэмжлэгч талын тайлбарласнаар Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа сэргээх шаардлагагүй, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир сэргээх үндэслэлгүй... гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

 

6.Нэхэмжлэгч Ж.Б-г Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, эрүүл мэндийн байгууллагын дарга буюу үйлчилгээний албан тушаалтан гэж үзэхээр байх ба, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах учиртай. Харин хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт баримтлаагүй.

 

Хэрэгт авагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2024.08.23-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт болох өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэр, нэхэмжлэгч Ж.Б-н хүсэлт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 2023.04.24-ний өдрийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтуудаас үзвэл,

нэхэмжлэгч ******* нь 2023.04.17-ны өдрөөс 2023.04.21-ний өдрийг хүртэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хошногоны амсар орчмын мэс засал хийлгэсэн байх ба, улмаар 2023.04.24, 2023.05.01-ний өдрүүдэд хариуцагч Н-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц-т хүсэлт гарган хагалгааны дараах биеийн байдлын улмаас актыг тухай бүр 7 хоногоор сунгаж байгаа тухайгаа мэдэгдсэн, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмнэлгийн магадлагаа нь 2023.04.24-ний өдрөөс 2023.04.30-ныг өдрийг хүртэл, 2023.05.01-ний өдрөөс 2023.05.08-ныг өдрийг хүртэл, 2023.05.08-ны өдрөөс 2023.05.15-ны өдрийг хүртэл тус тус сунгагдсан байх ба, тус эмнэлгээс нэхэмжлэгч Ж.Б-д 21 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдсан тухай эмнэлгийн хуудсыг олгосон байна.

 

7.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2023.05.01-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байсан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар хариуцагч Н  нь түүний ажлын байрыг хэвээр хадгалах учиртай байсан.

 

Гэтэл хариуцагч Н  нь нэхэмжлэгч Ж.Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх ба, ийнхүү чөлөөлсөн үндэслэлийг хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тухайн үед ковидын хууль үйлчилж байсан, Монгол улсын Засгийн газрын 5 ш ажиллагааны хүрээнд төрийн албанд ажиллах шалгуур хангаагүй хүмүүсийг олж тогтоох байсан, нэхэмжлэгч ******* нь удирдах албан тушаалтны шалгалтыг өгөөгүй, тухайн албан тушаалын шаардлага хангахгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн... гэж нөхөн тайлбарлах боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг үгүйсгээгүй, зөвшөөрсөн болно.

 

8.Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н нь хариуцагч Н-ын даргын 2022.07.05-ны өдрийн Б/92 тоот тушаалаар 2022.07.07-ны өдрөөс Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ба, түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч Н-ын даргын 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот тушаалыг зөвшөөрөхгүй Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.02.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Тус шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэрээр ажил олгогчийн 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот Э.Н-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон ажлын байрны торхойлолтод заасан тусгай шаардлага буюу мэргэшлийн түвшинг ханаагүй гэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна, ажил олгогч нь ажилтан Э.Н-г ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж,

Э.Н-г Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,850,527 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.Н-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалган шийдвэрлэжээ.

 

9.Зохигчид тухайн үедээ энэхүү 1478 дугаар шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-г ажлаас чөлөөлсөн хариуцагч Н-ын даргын 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байсан талаар болон түүнийг ажилд нь эгүүлэн томилсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй юм.

 

Тиймээс хариуцагч Н-ын дарга нь 2023.06.26-ны өдрийн Б/80 тоот тушаалаар 1478 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон Э-ын Н-г Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд 2023.06.26-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар эгүүлэн томилсон байна.

 

Гэвч хариуцагч Н-ын дарга нь 2023.11.08-ны өдрийн Б/157 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шүүгчийн захирамж болон ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-г төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нь дахин чөлөөлжээ.

 

10.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н-т холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.07.17-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, 2023.07.24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023.10.26-ны өдрийн 2990 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Н нь нэхэмжлэгч Ж.Б-г урьд эрхэлж байсан Ч-н даргын албан тушаалд 2023.11.03-ны өдөр эгүүлэн томилж, түүний 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5 сар, 19 өдрийн олговорт 9,587,326 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д олгож, энэ хугацааны түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н нь тус шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дүгээр шүүгчийн захирамжийг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг 2023.12.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн 2024.01.26-ны өдрийн 37 тоот тогтоолоор ...Э.Н-г ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд Ж.Б нь түүний оронд ажиллаж байсан бөгөөд Э.Н шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон, ажил олгогчийн тушаалаар ажилд томилогдсон үед Ж.Б-н ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч, эвлэрснийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдлоо. Хариуцагч Н нь дээрх албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу хүн томилогдсоныг шүүхэд мэдэгдээгүй байна. Шүүгчийн захирамж нь гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр болжээ... гэсэн дүгнэлтийг хийж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр, Н-ын даргын 2023.06.28-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг шинэ илэрсэн нөхцөл байдалд тооцож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Тиймээс Ж.Б-н нэхэмжлэлтэй Н-т холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар үргэлжилж, Э.Н-н гаргасан хүсэлтийн дагуу 2024.0.4.03-ны өдрийн 5997 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

 

11.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-г ажлаас чөлөөлөгдсөн 2023.01.09-ний өдөр түүний оронд Ч-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж буюу шүүхийн шийдвэр нь тус шүүхийн 2024.01.26-ны өдрийн 37 тоот Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай шүүхийн тогтоолоор нэгэнт хүчингүй болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар үргэлжилсэн ба, нэхэмжлэгч Ж.Б-г албан тушаалаас чөлөөлсөн хариуцагч Н-ын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

 

Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-г Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Н-н даргын 2023.06.28-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Э.Н-г ажилд нь нэгэнт авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Б-г урьд эрхэлж байсан Ч-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.‑д зааснаар Ни-т холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ж.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.‑д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА