| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/05466/И |
| Дугаар | 182/ШШ2024/03751 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/03751
| 2024 оны 09 сарын 12 өдөр | 182/ШШ2024/03751 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, Б овогт Д-ын О‑ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* констракшн ХХК ‑нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн талбайн зөрүү мөнгө, алданги, хохиролд 69,909,950 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 43,864,212 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Э.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Д.О нь 2022.05.23-ны өдөр ******* констракшн ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх №БУАГ-22/009 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээгээр С-д баригдах 167 м.кв талбайтай, амины орон сууцыг 3 сарын хугацаатай, 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцож нийт 400,800,000 төгрөгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээний 4.2-т Гэрээт ажпыг гүйцэтгэх ерөнхий хугацааг хуанлийн хоногоор тоолно. Гэрээт ажпыг хийж гүйцэтгэж эхлэх хугацаа нь 2022.04.25-ны өдрөөс 2022.08.29-ний өдөр хүртэл байна." гэж заасан боловч ******* констракшн ХХК нь барилгын ажлыг тогтоосон хугацаандаа дуусгаагүй, барилга барьж буй чанар муу, хоног хугацаа их алдаж 9 сарын сүүлээр барилгын ажпын явц 50-55 хувьтай байхад арга буюу зогсоож, дараа жил үргэлжпүүлэх буюу 2023.05.01-ний өдрөөс 2023.06.25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож нэмэлт хугацааг тогтоож протокол үйлдсэн.
Тухайн үед бид барилгын зураг төсөл дээрээ гадна террасны м.кв-ыг 23.40 гэж илүү бичсэн байсныг мэдээд хариуцагч компанийн захирал Э.Т , нягтлан бодогч н.О нарт хэлэхэд ...Та нар санаа зоволтгүй, барилгыг барьж дуусаад хүлээлгэж өгөхдөө дахин м.кв-ыг хэмжээд үнийг тооцно... гэхээр нь энэ талаар протокол үйлдэж авч үлдсэн. Ингээд 2023 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн боловч дээрх нэмэлтээр тохирсон хугацаандаа дуусгаагүй тул миний зүгээс хэрүүл тэмцэл хийж, гүйцэтгэгч компаниас шахаж шаардаж байж 2023.08.29-ний өдөр хагас дутуу барилгыг хүлээн авч түлхүүрээ авсан. Амины орон сууцны бидэнд байгаа зураг хариуцагчийн шүүхэд өгсөн зурагтай тохирохгүй, зарим хэмжээ нь өөр байгаа. Ийм зураг байгааг бид сүүлд мэдэж, өнөөдрийн хуралд гарган өгсөн. Мөн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч талаас гарган өгсөн 2023.09.05‑ны өдрийн ажил хүлээлцсэн актанд байшингийн хэмжээг 167 м.кв гэж бичсэнийг зөвшөөрөхгүй, бид анх байшин баригдаж эхэлж байхад м.кв нь биш байна гэдгийг мэдэж, хэлж байсан, хариуцагч хамгийн сүүлд хүлээлцэхдээ хоёр талаасаа хэмжилт хийнэ гэж хэлсэн. Ингээд бид хувийн сууцаа хүлээлцэх үед хоёр талаасаа хэмжилт хийх байсан боловч хийгээгүй. Харин ******* констракшн ХХК танай байшин зураг төслийн дагуу 167 м.кв-аар баригдсан тул одоо үлдэгдэл 31,971,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, барилгын м.кв-ыг гаргадаг олон компани байгаа, манай дээд байгууллага болох Барилгын хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яам гэж бий түүнд санал хүсэлт, гомдлоо гаргаж болно гэж хэлсэн. Үүний дагуу миний бие Барилгын хөгжлийн төвд нь хүсэлт гаргаж, манай хувийн сууцны хүрээнд мөрдөгдөж буй стандарт, хууль дүрэм, журмыг гаргаж өгөхийг хүсэхэд ямар ч барилгын м.кв-ыг тооцоолон гаргахдаа MNS 6058:2009 гэсэн стандарт байдаг талаар хариу өгсөн. Харин хариуцагчийн тайлбарлаад байгаагаар сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцдог дүрэм, журам, хуулийн зохицуулалт байхгүй, үүнийгээ хариуцагч тал нотолж чадахгүй байгаа юм. Ингээд бид хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий Д Б ХХК-д хандаж байшингаа хэмжүүлсэн. Тус байгууллагын 2023.11.30-ны өдрийн Сууцны талбай тооцсон тэмдэглэлд манай хувийн сууцны талбайг 142,3 м.кв талбайтай байна гэж тогтоосон бөгөөд ажлын хөлсөнд 640,350 төгрөгийг төлсөн.
Бидний хооронд байгуулагдсан гэрээний 5.1-ээс 5.3-т заасны дагуу гэрээний төлбөрт 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож хариуцагчид 400,800,000 төгрөг төлөх байснаас бид 365,900,000 төгрөг төлсөн. Харин хариуцагч нь бидний хувийн сууцыг зураг төсөлд зааснаар 167 м.кв талбайтай барих байтал 142,3 м.кв талбайтай буюу 24,7 м.кв талбайгаар дутуу барьсан. Тиймээс хариуцагч нь бидэнд 167 м.кв талбайтай хувийн сууцыг бус харин 142,3 м.кв талбайтай хувийн сууцыг хүлээлгэн өгсөн байх тул 142,3 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож 341,520,000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой байсан байна. Үүнээс бид хариуцагчид төлсөн 365,900,000 төгрөгийг хасаж тооцбол 24,380,000 төгрөгийг илүү төлсөн байна. Түүнчлэн хариуцагч талаас биднийг өөрөөсөө зардал гаргаж 2,929,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалуудыг худалдан авахуулсан бөгөөд уг төлбөрийг буцаан төлөөгүй, харин 2023.09.07‑ны өдөр үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо хийхдээ бидний төлөх ёстой төлбөрөөс 2,929,000 төгрөгийг хасаж тооцсон байна. Мөн бид харилцан тохиролцож хувийн сууцыг барьж дуусгах хугацааг 2023.05.01‑ний өдрөөс 2023.06.15‑ны өдөр дуусган хүлээлгэж өгөхөөр болсон. Гэвч хариуцагч нь 2023.09.07‑ны өдөр хувийн сууцыг бидэнд хүлээлгэн өгсөн гэж сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байгаа тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.3‑т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 400,800,000 төгрөгийн 0,1%‑иар алданги тооцон, хоногт 400,800 төгрөг, 2023.06.15‑ны өдрөөс 2023.09.07‑ны өдрийг хүртэл 112 хоногийн алданги 44,889,600 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч ******* констракшн ХХК‑иас хувийн сууцны талбайн үнэд илүү төлсөн 24,380,000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 650,000 төгрөг, өөрөөсөө зардал гаргасан 2,929,000 төгрөг, алданги 44,889,600 төгрөг, нийт 72,838,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд бидний төлбөрийн тооцоонд орсон 2,929,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 69,909,950 төгрөг болгон багасгаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас нийтдээ 69,909,950 төгрөгийг гаргуулж бидэнд олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* констракшн ХХК нь 2022.05.23-ны өдөр нэхэмжлэгч Д.О-тэй Барилга угсргалтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээний дагуу С байрлах амины орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхдээ уг гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Иргэн Д.О-н амины орон сууцны ажлын зургийг зурахдаа барилгын талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон байсан бөгөөд захиалагч зурагтай танилцаж, зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн өнөөдөр өгсөн зургийг харлаа. Энэ зураг бол өмнө нь үйлдэж байсан ноорог зураг байна, бидний хэн алин нь үүнийг баталгаажуулж гарын үсэг зураагүй байгаа. Харин манайхаас шүүхэд өгсөн зурагт бидний хэн алин нь гарын үсэг зурж баталгаажуулсан, тус зургийн дагуу хувийн сууц баригдсан. Тиймээс зөрүүтэй зураг байхгүй, өмнө гаргаж байсан зургаа эцэслээд баталсан нь бидний шүүхэд өгсөн зураг байгаа юм. Энэхүү зураг, гэрээнд тохиролцсоноор хувийн сууцыг тэнхлэгээр хэмжсэн байгаа. Манай байгууллагаас хоёр ч удаа очиж холбогдох хүмүүс хэмжилт хийсэн бөгөөд хэмжээ зургийн дагуу байсан. Мөн барилгын ажил дуусаад 2023.09.05‑ны өдөр 167 м.кв хувийн сууцыг нэхэмжлэгч ******* гуайд хүлээлгэн өгсөн, өөрөө зөвшөөрөөд актанд гарын үсгээ зурсан. Иймд хувийн сууцны талбайн хэмжээ 24.7 м.кв дутуу гэж, бидэнд илүү 24.380.000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэл үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, зураг төсөл болон гэрээнд тусгагдсаны дагуу хувийн сууцыг тэнхлэгээр хэмжиж, төлбөрийг тооцсон байдаг.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон талаар мэдэж байсан боловч барилгыг хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.О-н өөрөө гаргасан барилгын материалын үнэ болох 2,929,000 төгрөгийг Барилга угсргалтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр болох 34,900,000 төгрөгнөөс хасч тооцон одоо төлөх ёстой төлбөрийн хэмжээг 31,971,000 төгрөгөөр тооцон талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан тул уг мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Үүнийгээ нэхэмжлэгч тал мэдээд шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж байна. Мөн талбайн хэмжилт хийлгэхэд төлсөн 640,350 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхнаасаа барилга угсралтын ажил эхлэхээс өмнө талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон талаар нэхэмжпэгч ******* мэдэж байсан, барилгыг хүлээн авахдаа ч мэдэж байсан, мэдэх боломжтой байсан ба уг хэмжилтийг хийсэн нь манай компаниас шалтгаалаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч *******т барилгыг хүлээлгэн өгсний дараа барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөгөөр тооцон талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Ийнхүү тооцоо нийлэх үед нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцож, тооцоо нийлсэн актад тусгаагүй. Хугацаа хожимдуулсан асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалсан. Учир нь захиалагч нь өөрөө материал сонгож ажлаа явуулдаг бөгөөд захиалагч нь дотор хаалга хийлгэхдээ будагтай хаалга буюу үйлдвэрт удаж гардаг хаалга сонгосноос шалтгаалж хугацаа хожимдох тохиолдол гарч байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* констракшн ХХК нь 2022.05.23-ны өдөр нэхэмжлэгч *******тэй Барилга угсргалтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээний дагуу С-д байрлах амины орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, барилгыг захиалагч *******т хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.3‑т заасны дагуу нэхэмжлэгч нь 400,800,000 төгрөг бидэнд төлөхөөр тохиролцсон ба төлбөрийн нөхцлийн хувьд ажил эхлэхэд үнийн дүнгийн 50 хувьд 46.800.000 төгрөг, мөн бартерийн нөхцлөөр 160.000.000 төгрөгийн үнэ бүхий 2015 оны Lexus RX460 маркийн автомашин, барилгын ажлын явцад 40 хувьд 153.920.000 төгрөг бэлнээр, түлхүүр гардан авахдаа 40,800,000 төгрөгийг тус тус төлөх байсан. Гэвч захиалагч ******* барилгыг хүлээн авч, түлхүүр гардан авсан боловч 2023.09.07-ны өдрийн байдлаар 34,900,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд захиалагчаас гарсан барилгын материалын зардал 2,929,000 төгрөгийг хасч тооцон улмаар 31.971.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул энэхүү тооцоог баталгаажуулж тооцоо нийлж захиалагч ******* уг тооцоог хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Дээрх төлбөрийн үлдэгдлийг төлөхийг нэхэмжлэгч талаас удаа дараа шаардахад Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй барилгын талбайн хэмжээг зураг төсөлд заагдсанаар тэнхлэгээр тооцсоныг анхнаасаа ойлгож, мэдэж, зөвшөөрсөн атлаа барилгын м.кв дутуу гэх шалтаг тоочин төлөхөөс татгалзаж байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,971,000 төгрөгөөс гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам 0,3%‑иар алданги тооцон 2023.09.07-ны өдрөөс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан 2024.01.09‑ний өдрийг хүртэл 124 хоногийн алданги 37.2 хувь буюу 11,893,212 төгрөг болсон. Иймд *******ээс үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг нийт 43,864,212 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа: ******* констракшн ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ******* констракшн ХХК анх барилга барих эрх зөвшөөрөл авахдаа Монгол Улсын хууль дүрэм стандарт норм журмыг дагаж мөрдөнө гэж зөвшөөрч эрх авсан гэж бодож байна. Тэгвэл ямарч барилгын талбай хэмжээ, м.кв-ыг гаргахдаа нэг л стандартаар хэмжиж гаргах ёстой, мөн барилгын материалын чанар, орох орц норм гэж байх ёстой байх. Манай байшингийн дээврийн хавтан голоороо цуурсан, бүс бетон хийхдээ цементийг норм журмаар хийгээгүй, барилгын чанар муу болсон гэж үздэг. ******* Констракшн ХХК нь анх 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр бодож 3 сарын хугацаатай хийж гүйцэтгэж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ хийсэн. Гэвч 1 жил 8 сарын дараа хагас дутуу барилгыг бид хүлээж авсан, одоо ч дутуу зүйлс байгаа. Манай байшингийн м.кв-ыг анх гаргахдаа илүү гаргаж террас гэж 24 м.кв-ыг барилгын зургандаа тусгаж 167 м.кв гэж гаргасан. Үүнийг сүүлд нь 3 сарын дараа мэдээд захирал болон нягтлан бодогч нарт хэлэхэд та санаа зоволтгүй бид дахин хэмжилт хийнэ гэж байснаа одоо болохоор бид зураг төслийн дагуу хийсэн гэж гүрийж байгааг зөвшөөрөхгүй. Бидний хувьд барилгыг хүлээн авахдаа м.кв-ын зөрүүг эрх бүхий байгууллагаар гаргуулах талаар ярьж захирал Э.Түвшинжаргалтай 2 талаасаа хэмжилт хийлгэж м.кв үнэн зөв гаргаж өгөхийг хүссэн. Барилгын хөгжлийн төвд хүсэлт гаргасан, эцэст нь м.кв-ыг тооцуулсан. Харин ******* констракшн ХХК нь хэмжилт хийчихлээ гээд өгсөн баримт нь нэг талынх, нөхөөд хийсэн байх боломжтой, захирал нь өөрөө гарын үсэг зурсан байдаг. Өмнөх шүүх хуралдаанд хоёр удаа хэмжилт хийсэн боловч баримт үйлдээгүй гээд ярьж байсан, үүнийг гэрчээр асуугдсан ажилтан хүртэл хэлдэг.
Түүнчлэн тэнхлэгээр хэмжилт хийдэг норм, дүрэм стандартаа бидэнд огт үзүүлээгүй, тийм норм, дүрэм, хуулийн зохицуулалт байдаггүй юм байна лээ. Харин ч эсрэгээрээ бидэнд дутуу талбайтай хувийн сууц хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талбайн хэмжээндээ мөнгөө төлсөн, ингэж төлөхдөө бид илүү мөнгийг хариуцагчид төлсөн байгаа учраас үлдэгдэл төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй. Бидний хувьд 167 м.кв хувийн сууцыг хүлээн авснаар гомдол гаргах эрхээ алдаагүй. Анхнаасаа бид террас хийлгэнэ гэж яриагүй байхад террасны хэмжээ оруулсан байсныг мэдэж, энэ талаар хариуцагчид хэлсэн, хувийн сууцыг хүлээлцэхдээ хоёр талаасаа хэмжилт хийнэ гэсэн боловч хариуцагч тал хийгээгүй, тиймээс бид хувийн сууцаа өөрийн эзэмшилд авсны дараа гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаанд эрх бүхий этгээдээр талбайн хэмжээгээ хэмжүүлж, дутуу болохыг тогтоосон байгаа. Мөн ******* констракшн ХХК нь Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ-ний 2.1-т заасан хугацаандаа өөрсдөө барилгаа барьж гүйцэтгээгүй, 1 жил 5 сар буюу нийт 17 сарын дараа бид байшингаа хүлээж авсан. Иймд бид хариуцагчид гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
2022.05.23‑ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, гэрээний хавсралтууд, 2022.05.23‑ны өдрийн тооцоо нийлсэн акт, Барилгын хөгжлийн төвийн 2023.10.09‑ний өдрийн албан бичиг, MNS 6058:2009 Монгол улсын стандарт хуулбар, ******* ******* ХХК‑ийн 2023.11.30‑ны өдрийн талбай тооцсон тэмдэглэл, хавсралт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд, шилжүүлгийн баримтууд, Чингэлтэй******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26‑ны өдрийн 13560 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгч *******ийн 2023.09.26‑ны өдрийн хүсэлт, хувийн сууцны гэрэл зургууд, 2022 оны амины орон сууцны зураг гэсэн баримтуудыг,
6.Хариуцагч талаас нотлох баримтаар,
Комапнийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцоо нийлсэн акт, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, гэрээний хавсралт, амины орон сууцны ажлын зураг, ******* констракшн ХХК‑ийн 2023.09.15‑ны өдрийн хэмжилт хийсэн тухай албан бичиг, хавсралт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
7.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Тус шүүхийн 2024.08.29‑ний өдрийн 14462 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талаас 2023.09.05‑ны өдрийн ажил хүлээлцсэн акт,
нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.11‑ний өдрийн албан бичиг, хавсралт болох ******* ******* ХХК‑ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын салбарын нэгдсэн, бүртгэлийн мэдээллийн сангаас авсан ******* ******* ХХК‑ийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* констракшн ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн талбайн зөрүү мөнгө, алданги, хохиролд 72,838,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ... биднээс өөрөөс гарсан зардал болох 2,929,000 төгрөгийг хариуцагч тал үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцсон байна... гэсэн шалтгаанаар багасгаж 69,909,950 төгрөг болгон тодорхойлсон.
Хариуцагч ******* констракшн ХХК нь нэхэмжлэгч *******т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 43,864,212 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь бидний амины орон сууцыг зургийн дагуу бариагүй, бид террасе бариулахаар огт тохиролцоогүй байхад зурагт гадна террасе 23,40 м.кв гээд оруулсан байсныг анхнаасаа мэдэж, энэ талаар хариуцагчид хэлэхэд та нар санаа зоволтгүй, хувийн сууцыг хүлээлцэх үед хоёр талаасаа хэмжилт хийнэ гэж хэлсэн, ингээд барилгын ажил удааширалтай үргэлжилсэн, 2023.05.01-ний өдөр бид харилцан тохиролцож 2023.06.15-ны өдөр хариуцагч хувийн сууцыг ашиглалтад оруулж бидэнд хүлээлгэн өгөх байсан боловч 2023.09.05-ны өдөр хүлээлгэн өгч хугацаа хэтрүүлсэн, ингээд хувийн сууцыг хүлээлцэх үед хариуцагч талаас танай хувийн сууц зургийн дагуу хэмжээндээ байна гэж хэлээд хэмжилт хийгээгүй, улмаар бид эрх бүхий байгууллагаар талбайн хэмжилт хийлгэж, ажлын хөлс төлж өөрөөсөө зардал гаргасан, тус хэмжилтээр хувийн сууц 167 м.кв биш харин 142,3 м.кв буюу 24,7 м.кв дутуу болох нь тогтоогдсон, тиймээс бид 142,3 м.кв хувийн сууцыг хариуцагчаас хүлээж авсан байх тул илүү төлсөн мөнгөө, хэмжилт хийлгэж өөрөөс гаргасан зардал болон алдангийг хамтад нь шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...бид нэхэмжлэгч *******тэй ярилцаж, тохиролцож хувийн сууцны зургийг өөрийнх нь санал, хүсэлтийг үндэслэн боловсруулсан, зураг болон гэрээнд зааснаар талбайн хэмжээг тэнхлэгээр тооцож, үнийн тооцоолол гаргасан, хувийн сууцыг барих үед ковидын нөхцөл байдал үүссэн, өвлийн улирал таарсан, нэхэмжлэгч талын бараа материалын сонголт зэргээс хамаарч хугацаа алдаж байсан, энэ бүгдийг бид тухайн үедээ ярилцаад шийдээд явж байсан, бид 2023.09.05-ны өдөр 167 м.кв хувийн сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгч, акт үйлдсэн, хувийн сууцны хэмжээг тэнхлэгээс тооцсон гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан, манай байгууллагын холбогдох хүмүүс хэмжилт хийсэн, зургийн дагуу байна гэж хэлсэн, тийм учраас нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдсан, нэхэмжлэл үндэслэлгүй, харин нэхэмжлэгч ******* нь үлдэгдэл 31,971,000 төгрөгөө бидэнд өнөөдрийг хүртэл төлөөгүй, хугацаа хэтрүүлж байгаа тул үлдэгдэл төлбөрөө алдангийн хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.
3.Зохигчдын хооронд 2022.05.23-ны өдөр БУАГ-22/009 тоот барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээгээр хариуцагч ******* констракшн ХХК нь батлагдсан зургийн дагуу нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн С-д байрлах газарт 167 м.кв хувийн сууцыг 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож, нийт 400,800,000 төгрөгөөр, 2022.04.25-ны өдрөөс 2022.08.29-ний өдрийг хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулан нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөх,
нэхэмжлэгч ******* нь урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 50% буюу 46,800,000 төгрөг, мөн бартерийн нөхцөлөөр 160,000,000 төгрөгийн үнэ бүхий 2015 оны Lexus GX460 маркийн авто машин, барилгын явцад 40% буюу 153,920,000 төгрөг бэлнээр, түлхүүр гардан авах үед 40,080,000 төгрөгөөр тус тус хариуцагч ******* констракшн ХХК-нд төлөхөөр, хэн алин нь үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар материалын жагсаалт, үнийн саналыг баталсан байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үүсгэжээ.
Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн хүссэн загвар, материал, зохигчдын үйлдсэн зургийн дагуу хийгдсэн, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, хувийн сууц байх тул уг харилцаанд нэхэмжлэгч талын тайлбарласнаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт хамаарахгүй болно.
4.Зохигчдын хэн аль нь дээрх гэрээний дагуу баригдсан хувийн сууцны батлагдсан ажлын зургийг шүүхэд гарган өгсөн ба, нэхэмжлэгч талын гарган өгсөн зурагт нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй, хариуцагч талын гарган өгсөн зурагт зохигчдын хэн алин нь гарын үсэг зурж, хариуцагч байгууллагын тэмдэгээр баталгаажуулсан, уг ажлын зургууд хоорондоо зөрүүтэй байх боловч хариуцагч тал нэхэмжлэгч талын гарган өгсөн зургийг өмнө нь үйлдэж байсан ноорог зураг, хариуцагч талын гарган өгсөн зураг нь эцсийн зураг гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул шүүх хариуцагч талын тайлбартайгаа хамт шүүхэд гарган өгсөн ажлын зургийг эцсийнх байна гэж дүгнэлээ.
Хариуцагч ******* констракшн ХХК нь дээрх ажлын зураг болон гэрээнийн 1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 1 дүгээр давхарт үүдний өрөө 3,20 м.кв, техникийн өрөө 3 м.кв, ариун цэврийн өрөө 3,40 м.кв, коридор 4,50 м.кв, унтлагын өрөө 9,0 м.кв, гал тогоо, зочны өрөө 30,0 м.кв, шат 3,85 м.кв, авто гарааш 24 м.кв, нийт ашигтай талбай 87 м.кв, нийт талбай тэнхлэгээр 98 м.кв байхаар,
2 дугаар давхарт гурван унтлагын өрөө /16,30 м.кв, 9 м.кв, 9,0 м.кв/, ариун цэврийн өрөө 4,40 м.кв, коридор 6,00 м.кв, ажлын өрөө 7,00 м.кв, гадна террасе 23,40 м.кв, шат 4 м.кв, нийт ашигтай талбай 63 м.кв, нийт талбай тэнхлэгээр 70 м.кв байхаар тус тус тооцож, бүгд 150 м.кв ашигтай талбай, 167 м.кв талбай тэнхлэгээр байхаар 2 давхар хувийн сууцыг барьж эхэлсэн байх ба,
Нэхэмжлэгч ******* нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хувийн сууцны үнэ болох 400,800,000 төгрөгөөс бартерын нөхцөлөөр 155,000,000 төгрөгийн үнэ бүхий, 2015 оны GX460 маркийн авто машиныг хариуцагч ******* констракшн ХХК-нд шилжүүлэн өгч, бэлнээр 176,900,000 төгрөг, нийт 331,900,000 төгрөгийг хариуцагч ******* констракшн ХХК-нд төлсөн байна.
Дээрх ажлын зурагт дурдагдсан талбайн хэмжээнүүдийг хооронд нь нэмж үзэхэд 1 дүгээр давхарт нийт талбай тэнхлэгээр 80,95 м.кв, 2 дугаар давхарт нийт талбай тэнхлэгээр 79,1 м.кв, бүгд 160,05 м.кв талбай тэнхлэгээр байх ба, энэ нь зохигчдын тохиролцсон 167 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй, зөрүүтэй харагдана.
5.Хэдий тийм боловч хариуцагч ******* констракшн ХХК нь батлагдсан ажлын зургийн дагуу хувийн сууцны барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд барьж эхэлсэн ч тохиролцсон хугацаа болох 2022.08.29-ний өдрийн дотор дуусаагүй, Хил, гааль хаалттай, барилгын материалын олдоц муу, бороо хур ихтэй, цемент олдохгүй, ажлын зохион байгуулалт хангалтгүй зэрэг олон хүчин зүйлийн улмаас хугацаа хэтэрч зогсонги байдалтай болсны улмаас зохигчид 2022.09.15-ны өдөр харилцан тохиролцож гэрээний хавсралт №2 гэсэн баримтыг үйлджээ. Энэхүү баримтаар хариуцагч ******* констракшн ХХК-ийн барилга угсралтын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй болохыг дурдаж, хариуцагч ******* констракшн ХХК нь барилга угсралтын ажлыг 2023.05.01-ний өдрөөс эхлүүлж 2023.06.15-ны өдрийг хүртэл 2022 онд хийгдэх худгаас цэвэр усны хоолой татах, шат, үүдний довжоо хийх, хаяавч хийх, үүдний наалт наах, граж хаалга засах, усны хаялага хийх зэрэг ажлуудыг хийж дуусгах, нэхэмжлэгч нь ажлыг нягтлан шалгаж хүлээн авах, гэрээний дагуу авто машин болон бэлнээр өгсөн нийт 331,900,000 төгрөг төлснийг баталгаажуулж, үлдэгдэл 68,900,000 төгрөгийг 2023.06.15-ны өдөр түлхүүр гардан авах үедээ төлөхөөр тохиролцсон байна.
Зохигчдын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хувийн сууцны барилгыг барих, төлбөр төлөх үүргийг харилцан зохих ёсоор, шударгаар биелүүлж явсан байх ба, барилгын ажлын явцад нэхэмжлэгч ******* нь барилгын зурагт тусгасан, 2 дугаар давхрын гадна террасе 23,40 м.кв гэсэн хэмжээтэй холбоотойгоор террасе хийлгэх талаар тохиролцоогүй байхад террасны хэмжээ оруулсан байгааг зөвшөөрөхгүй, тухайн үедээ хариуцагч ******* констракшн ХХК-нд гомдол гаргасан байх ба, зохигчид хувийн сууцыг хүлээлцэх үедээ хоёр талаасаа хэмжилт хийхээр тохиролцсон байна. Түүнчлэн хариуцагч талаас хоёр удаа хувийн сууцны талбайн хэмжилт хийсэн талаар зохигчид маргаагүй, хариуцагч тал ажлын зурагт заасан тэнхлэг хэмжээ болох 167 м.кв талбайн хэмжээтэй тохирч байна гэсэн хариуг нэхэмжлэгч талд амаар өгсөн байх боловч энэ хэмжилтээ тухайн үедээ бичгээр баримтжуулаагүй болохыг 2024.08.29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбарлажээ.
Дээрх байдал нь тухайн өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ө.Бат-Оргилын гаргасан ...тухайн үеийн ажлын зургийг нэхэмжлэгч ******* гэдэг хүнтэй харилцан ярилцаж байгаад гаргасан, талбайн хэмжилтийг тэнхлэгээр тооцсон, тухайн хувийн сууц нь орон сууц биш бие даасан объект байсан учир м.кв-ыг тэнхлэгийн голоос буюу хананы голоос тооцсон, ...би тухайн үед 2 инженерийн хамт очиж нэхэмжлэгчийн хувийн сууцанд хэмжилт хийсэн, план зургаас зөрсөн зүйл байгаагүй, эхний удаа очиход нэхэмжлэгч ******* ах өөрөө байсан, байшингийн дотор талаас хэмжсэн, ... хоёр дахь удаагаа очиж байшингийн гадна талаас хэмжилт хийсэн, зурагт авагдсан ашигтай талбай болон тэнхлэг хэмжээтэй тохирч байсан..., тухайн үед захиалагч талаас хөндлөнгийн хүмүүсээр хэмжилт хийлгэнэ, манайхыг зөвшөөрөхгүй гэж байсан учраас хэмжилтийн үр дүнг бичгээр баримтжуулаагүй... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.
Харин хариуцагч тал тухайн үеийн хэмжилт хийсэн байдлыг баримтжуулсан баримт сүүлд гарч ирсэн, энэ хэмжилтээр хувийн сууцны хэмжээ 167 м.кв талбайтай буюу ажлын зурагтай тохирч байсан гэж тайлбарлаж, 2023.09.15-ны өдрийн 23/029-1 албан бичиг, хавсралт болох 1, 2 дугаар давхрын зургийг үндэслэл болгож байх боловч энэ баримтууд нь дээр дурдсан хариуцагч талын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын явцад зохигчдын хооронд хувийн сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал буюу 2 дугаар давхарт террасе 23,40 м.кв талбайтай байхаар ажлын зурагт тусгагдсантай холбоотойгоор маргаан үүсч, маргаан бүхий цаг хугацаанд хариуцагч талаас холбогдох хүмүүс 2 удаа очиж байшингийн гадна болон дотор талаас хэмжилт хийсэн байх боловч хэмжилтийн үр дүнгээ баримтжуулаагүй, хувийн сууцны талбай тэнхлэгээр хэмжихэд ажлын зурагт заасан 167 м.кв талбайтай тохирч байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.
6.Хариуцагч ******* констракшн ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар 2023.09.05-ны өдөр хувийн сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгсөн байх ба, ажлыг хүлээлцсэн актанд 40 см төмөр бетонон суурь хийгдсэн, МАК-ны 37,5-н евро блок өрлөгө хийгдсэн, төмөр бетонон бүс цутгагдсан, ...дотор заслын ажил хийгдсэн, ..167 м.кв хаус, АОС-ыг зураг төсөл, гэрээний дагуу хийгдсэн гэж нийт 16 нэр төрлийн жагсаалтыг үйлдэж, зохигчид тийм гэж тэмдэглэсэн... байх боловч террасе барьж хүлээлгэн өгсөн тухай тусгагдаагүй, хувийн сууцны гэрэл зургаас террасе баригдсан байдал харагдахгүй байгаа нь нэхэмжлэгч талын гарган өгсөн гэрэл зургуудтай тохирч байна.
Зохигчид 2022.05.23-ны өдрийн төлбөрийн тооцооны баримт дээр 2023.09.07-ны өдрийн огноотой ...нэхэмжлэгч ******* 365,900,000 төгрөг + 2,929,000 төгрөг гэж гараар хар өнгийн балаар нэмж бичсэн, үлдэгдэл 34,900,000 төгрөг, 2023.09.07, захиалагчаас гарсан зардал герман хөөс, цахилгаан, пилтаны зөрүү, гадуур хөөс зэрэг 2,929,000 төгрөг, 31,971,000 төгрөг, 2023.09.08-ны өдөр гэж бичиж, төлбөрийн тооцоо хийжээ. Энэхүү баримтаас нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* констракшн ХХК-нд нийтдээ 368,829,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 31,971,000 төгрөг болох нь харагдана.
7.Зохигчид хувийн сууцыг хүлээлцэх үед хоёр талаасаа байлцаж талбайн хэмжилтийг хийгээгүй байх ба, нэхэмжлэгч ******* нь 2023.09.26-ны өдөр Барилгын хөгжлийн төвд хандаж, хувийн сууцны талбайг хэмждэг стандарт, дүрэм журмын талаар тодруулсан, Барилгын хөгжлийн төвийн 2023.10.09-ний өдрийн 1/2898 тоот албан бичгээр MNS 6058:2009 орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал гэсэн стандартын дагуу орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээ болон дундын өмчлөлийн талбайн хэмжээг тооцож байгаа талаар хариуг түүнд өгчээ.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий ******* ******* ХХК-нд хандаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй боловч маргааны зүйл болсон С-д байрлах, 2 давхар хувийн сууцны талбайг хэмжүүлсэн байх ба, тус компанийн 2023.11.30-ны өдрийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр тухайн хувийн сууцны талбайн хэмжээ 142,3 м.кв болохыг тогтоосон байна.
Тодруулбал, ******* ******* ХХК-ийн хэмжилтээр маргааны зүйл болсон, нэхэмжлэгч *******ийн хувийн сууц нь 167 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй, харин 142,3 м.кв буюу 24,7 м.кв талбайгаар дутуу болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* констракшн ХХК энэхүү хэмжилтийг үгүйсгээгүй, тэрээр 167 м.кв талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон, ажлын зураг, гэрээгээр нэгэнт тохиролцсон, үүнийгээ нэхэмжлэгч ******* анхнаасаа мэдэж байсан боловч хувийн сууцыг нэгэнт хүлээгээд авсан учир шаардлага гаргах эрхээ алдсан гэж марган тайлбарлана. Гэвч хариуцагч тал хувийн сууцыг тэнхлэгээр тооцох ямар норм, дүрэм, стандарт байдгийг, тэнхлэгээр тооцсон хэмжээ нь 167 м.кв болохыг тогтоосон бичгийн баримтгүй, энэхүү тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Энэ нь мөн зохигчдын тохиролцсон хувийн сууцны ажлын зурагт заасан 1 дүгээр давхрын нийт ашигтай талбай 87 м.кв, 2 дугаар давхрын нийт ашигтай талбай 63, нийт 150 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй, анхнаасаа зохигчдын тохиролцоогүй 2 дугаар давхрын 23,40 м.кв террасыг талбайн хэмжээнд оруулан тооцсон, хариуцагч ******* констракшн ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
8.Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд ******* ******* ХХК-ийн хэмжилтийн тэмдэглэлээр нэхэмжлэгч *******ийн хувийн сууц нь 24,7 м.кв талбайгаар дутуу буюу зохигчдын тохиролцсон 167 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч ******* констракшн ХХК-нд төлбөл зохих хөлсийг бууруулахаар түүнээс шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* нь 2023.09.05-ны өдөр хувийн сууцыг хүлээн авах үедээ, барилгын ажлын явцад талбайн зөрүүтэй байдал буюу 23,40 м.кв террасны талаар хариуцагч ******* констракшн ХХК-нд шаардлага тавьж байсан, улмаар маргааны зүйл болсон хувийн сууцыг 142,3 м.кв талбайтай хүлээн авч, ийнхүү хүлээн авсан талбайн хэмжээнд үнэ бууруулах, хоёр талаасаа байлцаж хэмжилт хийх талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар 6 сарын дотор хариуцагч ******* констракшн ХХК-нд гомдлын шаарлага гарган эрхээ хэрэгжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болсон хувийн сууцны талбайн хэмжээ дутуу байгаа явдал нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, тусгай мэдлэг шаардсан асуудал гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч *******ийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй юм. Тиймээс энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
9.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон 142,3 м.кв талбай бүхий хувийн сууцны 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцож 341,520,000 төгрөгийг хариуцагч ******* констракшн ХХК-нд төлөх ёстой байтал 2022.05.23-ны өдрийн тооцоогоор 365,900,000 төгрөг төлсөн, уг төлбөрөөс 341,520,000 төгрөгийг хасаж, хариуцагчид 24,380,000 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарлан, энэхүү 24,380,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Зохигчид 2022.05.23-ны өдрийн төлбөрийн тооцооны баримт дээр 2023.09.07-ны өдөр тооцоо нийлж, нэмэлт бичилт үйлдсэн баримтаар, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* констракшн ХХК-нд нийтдээ 368,829,000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 31,971,000 төгрөг болохыг шүүх дээр нэгэнт дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч *******ийн төлсөн 368,829,000 төгрөгөөс төлөх ёстой байсан 341,520,000 төгрөг /2,400,000 төг * 142,3 м.кв/-ийг хасаж тооцвол 27,309,000 төгрөг болж байна. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ******* нь 24,380,000 төгрөгийг хариуцагч хариуцагч ******* констракшн ХХК-нд илүү төлсөн байна гэж үзлээ.
10.Нэхэмжлэгч ******* нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар хариуцагч ******* констракшн ХХК-ийг 2023.06.15-ны өдөр хувийн сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй 2023.09.05-ны өдөр хүлээлгэн өгч, 112 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлан гэрээний үнийн дүн болох 400,800,000 төгрөгөөс 0,1%-иар алданги тооцон 1 хоногт 400,800 төгрөг, нийт 44,889,600 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардаж байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлд гүйцэтгэгч буюу хариуцагч ******* констракшн ХХК-ийн хүлээх хариуцлагын талаар зохицуулсан байх ба, 8.1.3-т зааснаар гэрээт ажлын хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-иар алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцжээ. Харин энэхүү тохиролцоонд гүйцэтгэгчийн буюу хариуцагч ******* констракшн ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч тал уг заалтыг үндэслэн гэрээний үнийн дүн болох 400,800,000 төгрөгөөс алданги тооцон 44,889,600 төгрөгийг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.
11.Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-иар хувийн сууцны талбайн хэмжилтийг хийлгэж, ажлын хөлс төлсөн гэж тайлбарлан 640,350 төгрөгийг хариуцагч ******* констракшн ХХК-иас нэхэмжилсэн бөгөөд тэрээр ******* ******* ХХК-нд 2023.12.07-ны өдөр 640,350 төгрөгийн ажлын хөлс төлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өөрөөсөө зардал гаргасан болох нь тогтоогдсон тул уг мөнгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ хүрээнд хувийн сууцны талбайн хэмжээг хэмжүүлж, өөрөөсөө зардал гаргасан явдал нь хариуцагч ******* констракшн ХХК-ийн хувийн сууцны талбайн хэмжээг дутуу буюу доголдолтой хүлээлгэн өгсөн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй юм.
Иймд хариуцагч ******* констракшн ХХК-иас 24,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,529,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* констракшн ХХК-нд 31,971,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа талаар зохигчид 2023.09.07-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан байх боловч хариуцагч ******* констракшн ХХК нь нэхэмжлэгч *******т 167 м.кв талбайтай хувийн сууц бус харин 142,3 м.кв талбайтай хувийн сууцыг буюу 24,7 м.кв талбайг дутуу хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* констракшн ХХК-нд 167 м.кв талбайгаар тооцон илүү 24,380,000 төгрөгийг төлсөн болох нь тус тус тогтоогдсон.
Энэ тохиолдолд хариуцагч ******* констракшн ХХК нь нэхэмжлэгч *******ээс гэрээний дагуу үлдэгдэл 31,971,000 төгрөгийг, нэхэмжлэгч *******ийг уг мөнгөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэн 2023.09.07-ны өдрөөс 2024.01.19-ний өдрийг хүртэл, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 124 хоногийн алданги 37,2% буюу 11,893,212 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй, харин тэрээр нэхэмжлэгч *******ээс илүү авсан 24,380,000 төгрөгийг түүнд буцаан төлөх нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцнэ.
Иймд үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгч *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31,971,000 төгрөг, алданги 11,893,212 төгрөг, нийт 43,864,212 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
13.Нэхэмжлэгч ******* нь 2023.12.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 296,986 төгрөг, 2024.06.11-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,398 төгрөг, нийт 679,384 төгрөг, хариуцагч ******* констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 2024.01.09-ний өдөр төлсөн 377,271 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* констракшн ХХК-иас 279,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч ******* констракшн ХХК-иас 24,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,529,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэгч *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 43,864,212 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 679,384 төгрөг, хариуцагч ******* констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 377,271 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* констракшн ХХК-иас 279,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА