Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 353

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

хохирогч Б.М,

шүүгдэгч С.И, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С-ийн И-д холбогдох эрүүгийн 1710002880116 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Говь” ХК-нд тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ******* тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогт С-ийн И,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.И нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” караокены гадаа хохирогч Б.М-ийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хагалгаанд 1800 ам.доллар төлсөн. С.И-гоос 7.000.000 төгрөг нэхэмжилснээс 4.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 500.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан ба 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг өгсөн. С.И-гоос өнөөдрийн байдлаар нийт 5.000.000 төгрөг авсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч С.И мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын Баярсайхан “Алтан гадас” одонгоор, би “Хөнгөн Аж Үйлдвэрийн Яамны хүндэт жуух” бичгээр шагнуулсаныг тэмдэглэхээр 18:00 цагийн үед ажлаа тарчихаад 10 гаруй хүн ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Соронз” пабд орж 3 шил 0.75 граммын “Хар Чингис” архи авч уусан. Тэнд сууж байхдаа Б.М-тэй караокены дуунаас болж маргалдаад удаагүй эвлэрсэн. Бид 22:00 цаг өнгөрч байхад пабаас гарахад Б.М надтай хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь би орхиод явах гэсэн чинь хувцаснаас зуураад пиджакны ханцуй урчихаар нь “яаж байгаа юм бэ” гэж хэлээд заамдалцсан. Хажуунаас манай ажлын Ж.Г салгах үед Б.М Ж.Г-гийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Би Б.М-ийг Ж.Г-гээс салгахдаа Б.М-ийн толгой руу гараараа нэг удаа цохисон. Таксинд суугаад явах гэхэд Б.М араас гүйж ирээд машины онгорхой цонхоор миний шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би машинаас буугаад Б.М-тэй заамдалцаад зогссон. Тэр үед Б.М миний толгойг гараараа уургалж дараад бид хоёр хамт газар унасан. Би босоод Б.М-ийг хэсэг тайвшруулж дарж сууж байгаад хамт таксинд сууж гэрт нь хүргэж өгчихөөд цаашаа гэртээ харьсан. Б.М нь зодоон болсноос хойш ажилдаа зүгээр явж байгаад 10 гаруй хоногийн дараагаас нуруу өвдөөд байна гэж хэлж байсан. 2017.08.01-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандсан ба 2017.08.03-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Б.М-ийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

2017.10.18-ны өдөр мэдүүлэхдээ: Тухайн өдөр Б.М нь Ж.Г-тэй муудалцаж газар унагаачихсан цохиж байхаар нь очиж салгахдаа газраас чулуу аваад Б.М-ийн духны хэсэг цохиж гэмтэл учруулсан. Мөн Б.М над руу дайраад газраас чулуу авах гэхэд нь цааш нь түлхэж бөгсөөр нь газар унагаасан. Тэр үед нурууны гэмтэл нь учирсан байж магадгүй. Тиймээс би өөрийн буруутай үйлдэлд чин сэтгэлээсээ гэмшиж байна. Б.М-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/,

2017.10.31-ний өдөр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч Б.М-д учирсан хохирлын 7.0 сая төгрөгнөөс 4.500.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар болгоны 20-ны өдөр 500.000 төгрөг төлж 5 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцож баталгаа болгон зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/,

 

   2. Хохирогч Б.М 2017.08.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын хүмүүс шагнал авсан ба ажил тараад “Говь” ХК-ийн хажуу талын “Соронз” караокед орж дуулсан. Төрмөнх, бид хоёр дараагийн дууг дуулах гээд дөнгөж эхэлж байсан дууг С.И зогсоогоод “чи муу миний дууг зогсоодог хэн бэ, мэдсээр байж чи зогсоолоо” гэхээр нь “би ёстой мэдсэнгүй, уучлаарай дахиад тавиад өгье” гэж хэлсэн чинь С.И онгирч сагсууран, бараг л зодох шахсан. Хамт олон С.И-г бариад “одоо боль” гэсэн. Тэр үед би Хорлоо ахаас зөндөө уучлалт гуйхад тэрээр тайвширч гайгүй болсон. Бид хоёр үргэлжлүүлэн дуулж байгаад шөнийн 00.00 цаг болж байхад “Соронз” караокеноос гарсан ба манай ажлынхан гадаа зогсож байсан. Гэтэл Хорлоо ах дахин над руу агсарч намайг барьж аваад зүүн нүд, дээд уруул руу нэг, нэг цохиход манай ажлынхан салгасан. Хорлоо ах газраас чулуу аваад над руу цохих гэж дайрахад нь би чулуутай гарыг нь бариад чулууг нь аваад газар хаясан. Хорлоо ах дахин газраас чулуу аваад намайг цохих гэж дайрахад нь би зүүн гараараа Хорлоо ахын чулуу барьсан гарыг нь барьж болиулах гэж оролдсон. Хорлоо ах түлхсээр байгаад миний дээрээс дараад унасан. Тэр үед ч Хорлоо ах чулуутай гараа мулталж намайг цохих гээд байсан ба газар нилээн ноцолдсон. Би бүр дийлэхээ байгаад чулуу барьсан гарыг нь алдчихсан. Би толгойгоо хамгаалж дараад газар хэвтсэн ба босож ирээд “Хорлоо ахаа та яагаад намайг зодож байгаа юм” гэж асуухад дуугараагүй. Тухайн үед миний толгой, духны баруун хэсэгт язраад цус гоожсон байсан. Би толгойныхоо цусыг гараараа авч Хорлоо ахын цамцанд арчаад “цагдаад өгнө” гэж хэлсэн. Удалгүй бид хоёр эвлэрээд таксинд хамт явж байгаад би Хорлоо ахаас “та яагаад намайг зодож байгаа юм бэ” гэхэд “дахиад нөгөө яриагаа эхлүүлчих юм, пизда чинь” гэснээ таксины жолоочид “энд зогсоод энийг буулга” гэж хэлсэн. “Намайг хүргээд өгчих, дахиж ярихгүй” гэж хэлснээр намайг хүргэж өгсөн. Би унтаад босоод ирэхэд нуруу өвчтэй болчихсон, босож чадахгүй байсан. Би инженер Мятав руу залгаж зодуулсан талаараа ярьж ажлаасаа чөлөө авсан. 2017.07.20-ны өдөр ажил дээр очоод нуруугаар өвдөөд явж чадахгүй болохоор нь “Говь” ХК-ийн эмч Туулд үзүүлэхэд “яаралтай харъяа дүүргийнхээ гэмтлийн эмчид үзүүл” гэсэн бичиг хийж өгсөн. Би эмнэлэгт очихоосоо өмнө Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах хувийн эмнэлэгт нурууны рентген зураг авахуулаад дүүргийн эмнэлгийн эмчид үзүүлэхэд “яс хугараагүй, булчин чангарсан байна” гэсэн онош тавиад эм бичиж өгсөн ба эм ээ уугаад нуруундаа 3 удаа шарлага хийлгэсэн. 2017.08.01-ний өдрийн 10 цаг 15 минутанд гэмтлийн эмчид цаг авч, зургаа үзүүлэхэд эмч “имрайн” зураг хараад “нугас чинь бяцарсан юм шиг харагдаад байна” гэсэн. Дараа нь “Гранд мед” эмнэлгийн Тэмүүжин гэдэг эмчид үзүүлэхэд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэхээр нь тэр өдрөө хэвтээд 2017.08.02-ны өдөр 1800 ам.доллараар хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-14-р хуудас/,

2017.10.17-ны өдөр мэдүүлэхдээ: Би С.И-гоос зардлаа гаргуулан авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93-р хуудас/,

2017.11.06-ны өдөр мэдүүлэхдээ: Би өөрт учирсан нийт 7.000.00 төгрөгийн хохирлоос 4.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг С.И-той харилцан тохиролцож 1 сард 500.000 төгрөг өгч, нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулсан тул одоо надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/,

 

3. Гэрч Ж.Г 2017.08.18-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С.И бид хоёр ХХААХҮЯ-ны жуух бичгээр шагнуулаад 18 цагийн үед манай ажлынхан “нэг газар орж сууя” гээд “Соронз” караоке руу ороод дуулж, архи уусан. Тэндээ бүжиглэж, дуулж байгаад бүгдээрээ явахаар болоод “Соронз” караокеноос гарсан. Гэр нэг зүгт байдаг хүмүүс нь хамт такси барина гээд гадаа зогсож байсан. Намайг эргээд хартал Б.М, С.И хоёр нэгнийгээ бариад заамдчихсан байхаар нь би тэр хоёрыг салгаж Б.М-ийг “Соронз” караокены урд тал руу холдуулаад явсан чинь Б.М гэнэт миний уруул руу цохисон. Би бага зэрэг хазайсан чинь барьж аваад мушгиад унагаасан. Унасан хойно нүүр рүү өшиглөөд, цохиход С.И ирээд салгасан. Удаагүй С.И, Б.М хоёр дахиж барилцаж авах гээд байсан. Би дахин дундуур нь орж салгахад болихгүй болохоор нь  орхиод такси бариад С.И-г аваад явчихдаг юм уу гэж бодоод суулгасан чинь Б.М дахиж гүйж ирээд машины цонхоор С.И-г цохисон. С.И буугаад ирсэн. Би дахиж нэг салгах гэтэл салахгүй байхаар нь Ганбаа ах, У.Б, бид гурав такси бариад Б.М, С.И хоёрыг үлдээгээд явсан. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Б.М миний утас руу залгаад “нуруу өвдөөд босож чадахгүй байна” гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө Б.М ажил дээрээ ирээд бүтэн ажилласан ба “нуруу өвдөөд байна” гэхээр нь би нуруунд нь иодоор сеткэ тавьж өгсөн. Маргааш өглөө нь Б.М ажлаа хийж байгаад 10 цагийн үед “нуруу өвдөөд ажлаа хийж чадахгүй байна” гэхээр нь “Говь” ХК-ийн их эмч Туулд үзүүлсэн чинь “СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид очиж үзүүл” гэхээр нь Б.М эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэрнээс хойш Б.М хааяа даа над руу утсаар ярьж “эмнэлэгт шинжилгээ өгөөд явж байна, бөгсөн бие мэдээ алдаад байна” гэж ярьсан. Сүүлд “хагалгаанд орох гэж байна” гэдгийг нь ажил дээр ирээд мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

2017.10.11-ний өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна. Манай ажлынхан ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” караокед орсон. Тэндээсээ гарах үед манай ажлын С.И, Б.М хоёр маргалдаад зодолдох гээд заамдалцаад байхаар нь дундуур нь ороод салгах гэхэд Б.М миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохих үед би газар унасан ба миний дээрээс нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед миний дээд уруулын дотор талд язраад, үүдэн шүд хөдөлчихсөн байсан. Одоо уруулын язарсан шарх эдгэрсэн ч үүдэн шүд хөдөлгөөн орчихсон байгаа. Манай ажлын хүмүүс болохоор асуудал болоод яахав гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/,

 

4. Гэрч Ц.А 2017.08.01-ний өдөр мэдүүлэхдээ: Манай дүү Б.М ажлын газрын хүмүүсээ хамгаалаад ар гэрийнхэндээ хэлэлгүй, өөрөө бэртсэн гэж худлаа хэлсэн ба тэр өдрөөс хойш ажилдаа явалгүй чөлөө авч 14 хоног гэртээ хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт рентген зураг авахуулж, шарлага хийлгэсэн боловч нурууны өвчин нь зүгээр болохгүй улам хүндэрч, 2017.07.25-ны өдрөөс хойш бөгсөн бие нь мэдээгүй болсон. 2017.07.31-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж нуруу, нугасны зураг авахуулж, 2017.08.01-ний “Гранд мед” эмнэлэгт зургийг нь авч очоод оношоо тодруулахад нуруу нугасны мэс заслын эмч Тэмүүжин эмч “нурууны 3 үе бяцралттай байна. Энэ асуудлаас болж нуруунд нь цус хурж идээлэн мэдрэлийн судсаа дарсан байна” гэсний дагуу тус эмнэлэгт яаралтайгаар хэвтүүлсэн. “2017.08.02-ны өдрийн 08 цаг 30 минутанд яаралтай хагалгаанд орохгүй бол амь нас нь зуун хувийн эрсдэлтэй байдал үүссэн” гэж эмч нар хэлсэн. Би дүүгээ бусдад зодуулж бэртсэнийг тухайн үед нь мэдээгүй байж байгаад 2017.08.01-ний өдөр манай дүүгийн бие муудсанаар мэдсэн. Б.М надад “2017.07.18-ны орой ажлын газрын Төрмөнх, С.И, Ж.Г, Л.Г нарын хамт нэг газар дуулсан. Гэтэл С.И гэх хүн караокед дуу дуулахаар сануулсан байсныг Б.М, Төрмөнх 2 мэдэлгүй сонгосон дууг нь алгасаад өөр дуу тавьсанд С.И дургүйцэн Б.М рүү уурлаж, улмаар барилцаж авахад нь С.И-гоос Б.М уучлалт гуйгаад ойлголцсон гэсэн. Тэр газраасаа гараад С.И Б.М рүү агсам тавьж, чулуу барьж дайрахад нь Б.М өөрийгөө хамгаалж, чулуутай гарыг нь өөрөөсөө холдуулж барихад нь С.И замын хажуу талын брожур дээр Б.М-ийг нуруугаар нь дарж унагаасан” гэж утсаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,

 

5. Гэрч Л.Г 2017.08.23-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр команиас ажилчиддаа шагнал өгсөн. 19 цагийн үед ажлаас гараад “Соронз” караокены вип өрөөнд манай ажлын С.И, Ж.Г, У.Б, Б.М нартай хамт ороод дуулаад ууж, идээд байж байхад С.И, Б.М хоёр маргалдчихсан зогсож байсан. Би тэр хоёрыг загнаад болиулсан. Удалгүй Б.М, С.И хоёр өөдөөсөө хараад суучихсан тэврэлдчихсэн сууж байсан. Караокеноос 00.00 цаг өнгөрч байхад бид нар гараад такси барих гээд зогсож байтал Б.М, Ж.Г-г барьчихсан цохиж байсан. Би замын эсрэг талаас такси барьчихаад эргээд очсон чинь С.И, Б.М хоёр газар хэвтчихсэн ноцолдсон байдалтай С.И-гийн пиджак нь урагдчихсан байсан. У.Б, Ж.Г, бид гурав тэр хоёрыг салгаад С.И-г аваад таксинд суулгах гэсэн чинь Б.М гүйж ирээд таксины цонхыг тогшоод С.И-г дуудсан. С.И буугаад тэр хоёр юм яриад зогсоод байхаар нь учир зүйгээ олчихсон байх гэж бодоод Ж.Г, У.Б, бид гурав такситайгаа явсан. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс Б.М ирээгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө ажилдаа ирэхдээ “нуруу өвдөөд байна” гэж байгаад орой ажил тараад явсан. Маргааш өглөө нь Б.М ажилдаа ирсэн ба амралтын өрөөнд Ж.Г, Б.М-ийн нуруунд иодоор сеткэ тавьж өгч байсан. Ямар асуудлаас болж маргалдсаныг нь анзаараагүй, маргалдаж байхаар нь л загнаж болиулсан. Б.М, С.И хоёрын хэвтэж байсан газар брожуртай, аспалтан зам байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

6. Гэрч У.Б 2017.08.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай “Говь” ХК-ийн ажилчид шагнал авсан. Орой 18 цаг өнгөрөөд манай ажлынхан ажлаас гараад “Соронз” караокед орсон. Ж.Г, Б.М, Л.Г, С.И бид нар дуу дуулж, ууж идсэн. С.И Б.М-д хандаж “миний сонгоод тавьчихсан дууг устгачихлаа” гэж уурлаад маргаан үүссэн ба маргааныг Л.Г ах бид хоёр болиулсны дараа Б.М, С.И-гоос уучлалт гуйж тэр хоёр учраа олсон. Тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй. Орой 23 цаг өнгөрч байхад тарсан ба манай ажлынхан түрүүлээд гарсан. Би бие засах өрөөнд байж байгаад сүүлд гарсан. С.И, Б.М хоёр хоорондоо муудалцаж байхаар нь би эхлээд С.И дээр очиход тэрээр “миний пиджакийг урчихлаа” гээд Б.М рүү уурлаж байсан. Муудалцаад бие бие рүүгээ дайраад байхаар нь би С.И-г “цаашаа бай” гээд гар руу нь 2-3 удаа цохисон. Б.М дээр очоод “маргалдахаа боль, цаашаа бол” гээд түлхсэн. Б.М С.И руу дайраад байхаар нь би Б.М-ийг ар талаас нь тэвэрч болиулах гэж оролдсон. Л.Г ах такси барьсан чинь нөгөө такси нь бид нарыг муудалцахыг хараад яваад өгсөн. Л.Г ах дахиад нэг такси зогсоосон ба тэр таксинд нь С.И-г суулгасан. Намайг явах гэтэл Б.М, С.И руу дайраад байхаар нь би болиулах гээд зууралдаад зогсож байхад Л.Г ах, С.И, Ж.Г нар такситайгаа яваад өгсөн. Б.М уурлачихсан ийш тийшээ явах гээд байхад нь би болиулсан. Удаагүй С.И, Ж.Г хоёр намайг авах гээд алхаад ирсэн. Би явах гэсэн чинь Б.М, С.И руу дайраад муудалцаад, нэг болохоор эвлэрээд, тэврэлдээд зогсоод байсан. Би “Соронз” караокены үүд рүү явж С.И-гийн пиджакийг аваад байж байсан чинь Л.Г ах дахиж такситай ирээд Ж.Г бид хоёрыг аваад явсан. Тэр үед Б.М, С.И хоёр “Соронз” караокены үүдэнд үлдсэн. “Соронз” караокены урд талын барилгын материалын дэлгүүрийн зогсоол дээр зодолдсон. 2017 оны 07 сарын 23-ны үед би Б.М рүү утсаар залгаж нурууг нь асуухад “СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт нурууны рентген зураг авахуулсан чинь нурууны яс зүгээр байна, хэд хоног шарлага хийлгээд эм уу” гээд акт бичиж өгсөн гэж хэлсэн. 7 хоногийн акт дуусахаар нь би Б.М рүү утсаар залгахад “нуруу нэг л болж өгөхгүй байна, өөр эмнэлэгт шинжилгээ өгдөг юм уу” гэж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Б.М-ийг эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа талаар нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9986 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.М-ийн биед бүсэлхийн 2-4-р нугалмын хатуу хальсан дээрх буглаа, бүсэлхийн зүүн талын булчингийн буглаа, адуун сүүлний шахагдал, духны баруун хэсгийн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 6-р хуудас/,

 

8. Шинжээч эмч О.Болороо 2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Нурууны төгсгөл хэсгийг адуун сүүл гэдэг. Бүсэлхийн хоёр, дөрөвдүгээр нугалам дээрхи нугасны хатуу хальсан дээрх буглаа /ирээ/-ны улмаас адуун сүүл шахагдаж болно.  Буглаа нь анх гэмтлийн гаралтай цус хуралтын улмаас үүссэн байх боломжтой ба 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болно. Буглаа үүсэх үед халуурч, тухайн хэсэг газраар өвдөлт нэмэгдэнэ. Буглаа үүсэх хугацаанд нь хэд хоногоос хэдэн 7 хоног байж болно. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаа буюу унах үед үүсэх боломжтой. Б.М-ийн биед духны хэсэгт үүссэн шарх, бүсэлхийн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р хуудас/,

 

9. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 33-34-р хуудас/,

10. Хөдөлмөрийн гэрээ /Б.М-/ /хх-ийн 52-53-р хуудас/

11. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-р хуудас/,

12. Хохирол төлсөн баримт /хх-ийн 107-р хуудас/,

13. Шүүгдэгч С.И-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.И-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

   Шүүгдэгч С.И нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” караокены гадаа хохирогч Б.М-ийг зодож, түүний биед “...бүсэлхийн 2-4-р нугалмын хатуу хальсан дээрх буглаа, бүсэлхийн зүүн талын булчингийн буглаа, адуун сүүлний шахагдал, духны баруун хэсгийн шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

   1. Хохирогч Б.М-ийн “...Бид шөнийн 00.00 цаг болж байхад “Соронз” караокеноос гарсан ба манай ажлынхан гадаа зогсож байсан. Гэтэл С.И ах дахин над руу агсарч намайг барьж аваад зүүн нүд, дээд уруул руу нэг, нэг цохиход манай ажлынхан салгасан. С.И ах газраас чулуу аваад над руу цохих гэж дайрахад нь би чулуутай гарыг нь бариад чулууг нь аваад газар хаясан. С.И ах дахин газраас чулуу аваад намайг цохих гэж дайрахад нь би зүүн гараараа С.И ахын чулуу барьсан гарыг нь барьж болиулах гэж оролдсон. Тэр үед ч С.И ах чулуутай гараа мулталж намайг цохих гээд байсан ба газар нилээн ноцолдсон. Би бүр дийлэхээ байгаад чулуу барьсан гарыг нь алдчихсан. Би толгойгоо хамгаалж дараад газар хэвтсэн ба босож ирээд “С.И ахаа та яагаад намайг зодож байгаа юм” гэж асуухад дуугараагүй. Тухайн үед миний толгой, духны баруун хэсэгт язраад цус гоожсон байсан. Би унтаад босоод ирэхэд нуруу өвчтэй болчихсон, босож чадахгүй байсан. 2017.07.20-ны өдөр ажил дээр очоод нуруугаар өвдөөд явж чадахгүй болохоор нь “Говь” ХК-ийн эмч Туулд үзүүлэхэд “яаралтай харъяа дүүргийнхээ гэмтлийн эмчид үзүүл” гэж бичиг хийж өгсөн. Би эмнэлэгт очихоосоо өмнө Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах хувийн эмнэлэгт нурууны рентген зураг авахуулаад дүүргийн эмнэлгийн эмчид үзүүлэхэд “яс хугараагүй, булчин чангарсан байна” гэсэн онош тавиад эм бичиж өгсөн ба эм ээ уугаад нуруундаа 3 удаа шарлага хийлгэсэн. 2017.08.01-ний өдрийн 10 цаг 15 минутанд гэмтлийн эмчид цаг авч, зургаа үзүүлэхэд эмч “имрайн” зураг хараад “нугас чинь бяцарсан юм шиг харагдаад байна” гэсэн. Дараа нь “Гранд мед” эмнэлгийн Тэмүүжин гэдэг эмчид үзүүлэхэд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэхээр нь тэр өдрөө хэвтээд 2017.08.02-ны өдөр 1800 ам.доллараар хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-14-р хуудас/,

2017.11.06-ны өдөр: Би өөрт учирсан нийт 7.000.000 төгрөгийн хохирлоос 4.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг С.И-той харилцан тохиролцож 1 сард 500.000 төгрөг өгч, нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/,

 

2. Гэрч Ж.Г-гийн ...“Соронз” караокед орж дуулж, ууж байгаад гарсан ба намайг эргээд хартал Б.М, С.И хоёр нэгнийгээ бариад заамдчихсан байхаар нь би тэр хоёрыг салгаж Б.М-ийг “Соронз” караокены урд тал руу холдуулаад явсан чинь Б.М гэнэт миний уруул руу цохисон. Би бага зэрэг хазайсан чинь барьж аваад мушгиад унагаасан. Унасан хойно нүүр рүү өшиглөөд, цохиход С.И ирээд салгасан. Удаагүй С.И, Б.М хоёр дахиж барилцаж авах гээд байхаар нь би дахин дундуур нь орж салгахад болихгүй болохоор орхиод такси бариад С.И-г аваад явчихдаг юм уу гэж бодоод суулгасан чинь Б.М дахиж гүйж ирээд машины цонхоор нь С.И-г цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

 

3. Гэрч Л.Г-ын ...Би ажлынхаа С.И, Ж.Г, У.Б, Б.М нартай хамт караокед ороод дуулаад ууж, идээд байж байтал С.И, Б.М хоёр маргалдчихсан зогсож байсан. Би тэр хоёрыг загнаад болиулсан. Удалгүй Б.М, С.И хоёр өөдөөсөө хараад суучихсан тэврэлдчихсэн сууж байсан. Караокеноос 00.00 цаг өнгөрч байхад бид нар гараад такси барих гээд зогсож байтал Б.М, Ж.Г-г барьчихсан цохиж байсан. Би замын эсрэг талаас такси барьчихаад эргээд очсон чинь С.И, Б.М хоёр газар хэвтчихсэн ноцолдсон байдалтай С.И-гийн пиджак нь урагдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

4. Гэрч У.Б-гийн “...Орой 18 цаг өнгөрөөд манай ажлынхан ажлаас гараад “Соронз” караокед орсон. Ж.Г, Б.М, Л.Г, С.И бид нар дуу дуулж, ууж идсэн. С.И Б.М-д хандаж “миний сонгоод тавьчихсан дууг устгачихлаа” гэж уурлаад маргаан үүссэн ба маргааныг Л.Г ах бид хоёр болиулсны дараа Б.М, С.И-гоос уучлалт гуйж тэр хоёр учраа олсон. Орой 23 цаг өнгөрч байхад тарсан ба намайг караокенаас сүүлд гарахад С.И, Б.М хоёр хоорондоо муудалцаж байхаар нь би эхлээд С.И дээр очиход тэрээр “миний пиджакийг урчихлаа” гээд Б.М рүү уурлаж байсан. Муудалцаад бие бие рүүгээ дайраад байхаар нь би С.И-г “цаашаа бай” гээд гар руу нь 2-3 удаа цохисон. Б.М дээр очоод “маргалдахаа боль, цаашаа бол” гээд түлхсэн. Тухайн үед Б.М С.И руу дайраад байхаар нь би Б.М-ийг ар талаас нь тэвэрч болиулах гэж оролдсон. Таксинд С.И-г суулгаад явах гэтэл Б.М, С.И руу дайраад байхаар нь би болиулах гээд зууралдаад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9986 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.М-ийн биед бүсэлхийн 2-4-р нугалмын хатуу хальсан дээрх буглаа, бүсэлхийн зүүн талын булчингийн буглаа, адуун сүүлний шахагдал, духны баруун хэсгийн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 6-р хуудас/,

 

6. Шинжээч эмч О.Болороо 2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Нурууны төгсгөл хэсгийг адуун сүүл гэдэг. Бүсэлхийн хоёр, дөрөвдүгээр нугалам дээрхи нугасны хатуу хальсан дээрх буглаа /ирээ/-ны улмаас адуун сүүл шахагдаж болно.  Буглаа нь анх гэмтлийн гаралтай цус хуралтын улмаас үүссэн байх боломжтой ба 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болно. Буглаа үүсэх үед халуурч, тухайн хэсэг газраар өвдөлт нэмэгдэнэ. Буглаа үүсэх хугацаанд нь хэд хоногоос хэдэн 7 хоног байж болно. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаа буюу унах үед үүсэх боломжтой. Б.М-ийн биед духны хэсэгт үүссэн шарх, бүсэлхийн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р хуудас/,

Шүүгдэгч С.И-гийн “...Тухайн өдөр Б.М нь Ж.Г-тэй муудалцаж газар унагаачихсан цохиж байхаар нь очиж салгахдаа газраас чулуу аваад Б.М-ийн духны хэсэг цохиж гэмтэл учруулсан. Б.М над руу дайраад газраас чулуу авах гэхэд нь цааш нь түлхэж бөгсөөр нь газар унагаасан. Би өөрийн буруутай үйлдэлд чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч С.И нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Б.М нь “...би өөрт учирсан нийт 7.000.00 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг С.И-той харилцан тохиролцож сард 500.000 төгрөг өгч, нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2017 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг өгсөн ба гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа тул надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хх-ийн 121-122-р хуудас/ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 225 дугаартай прокурорын тогтоолоор С.И-д холбогдох эрүүгийн 1710002880116 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.И хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

   Шүүхээс шүүгдэгч С.И-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч, хохирогч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрт учирсан нийт 7.000.000 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг С.И-той харилцан тохиролцож, сар бүрийн 20-ны өдөр 500.000 төгрөг өгч, нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Үлдэгдэл 2.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.И нь  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-д 2018 оны 03 дугаар сарын 20-ны дотор 2.000.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Б овогт С-ийн И-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учрууулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  С.И-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.И-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.И нь хохирогч Б.М-д 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Б.М-д 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг төлөхийг шүүгдэгч С.И-д үүрэг болгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч С.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР