| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0252/3 |
| Дугаар | 128/шш2024/0382 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/шш2024/0382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Гомдол гаргагч: Н.Ө*******,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******,
Маргааны төрөл: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Н.Ө*******, түүний өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н.Ө*******ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******т холбогдуулан Эм,эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
2.Гомдол гаргагчийг Монгол Улсад худалдах биологийн идэвхт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлээгүй худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж,
3.Улмаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 50 нэгжтэй /5******* төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28,*******,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн байна.
4.Гомдол гаргагчаас “Зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй, витамин /биологийн идэвхт бүтээгдэхүүн/ мөн эсэхийг тогтоогоогүй” гэж, хариуцагчаас “бүртгэл хийлгээгүй нь хууль зөрчсөн, шийтгэл хуульд нийцсэн” гэж тус тус маргасан.
5.Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл:
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02-р сарын 02-ны өдрийн №010******* зөрчилд шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дах хэсгийн 7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.
1/2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 6-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход зөвшөөрөл авна” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуульд биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу Витаминыг хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл улсын шаардахгүйгээр нэвтрүүлж болохоор зохицуулсан байна.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл аваагүй бол импортлохыг хориглоно” гэсэн заалт хэрэгжиж байна. Үүнээс үзвэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хоёр хууль хооронд зөрүүтэй асуудал үүсгэж байна. Энэ талаар тухайн хуулиудыг хуулийг хэрэгжүүлж байгаа Гаалийн ерөнхий газар хуулийн Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед зөвшөөрөлгүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох гэдэг Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн заалтаа мөрдөх юм уу, эсвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх юм уу гэдэг асуудал үүсэж байна үүнийг эрх бүхий албан тушаалтан шийтгэл хуудас оногдуулахгүй харгалзан үзээгүй байна.
2/ Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмийн түүхий эдийг импортоор оруулж ирэхэд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай" гэж заасан ба бүртгэлийг нь Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл шийдвэрлэхээр журмаар зохицуулсан байдаг.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн А/225 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.4-т "Бүртгэлд бүтээгдэхүүн бүртгүүлэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын эм, эмийн түүхийн эд, оношлуур, БИБ ханган нийлүүлэх байгууллага, чанарын удирдлагын тогтолцоотой олон улсын хангамжийн байгууллага, тухайн үйлдвэрлэгчийг Монгол Улсад төлөөлөх хууль ёсны эрхтэй төлөөлөгчийн газар болон үндэсний үйлдвэр (цаашид "бүртгүүлэгч” гэх) байна." гэж журамлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл иргэн Н.Ө******* нь тухайн бүртгүүлэгч гэх субъектэд хамаарахгүй ба хууль зөрчөөгүй байна.
Мөн зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 01/2071 дугаар албан бичгийн хавсралтад 15 витаминуудыг манай улсад бүртгэлтэй эсэхийг тодруулсан байна. Тухайн витаминуудын 2 төрөл нь бүртгэлтэй гэсэн байна. Гэвч тухайн витаминуудын бүртгэлгүй 13-аас хэдэн витамин зарсан, бүртгэлтэй 2-оос хэдэн витамин зарсан талаар эрх бүхий албан тушаалтан огт дурдаагүй буюу шалгалтын ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй 2 төрөл дээр нь хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.
3/Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дах хэсгийн 7.2. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Мөн зөрчилд үйлдэж олсон орлого болох 28,*******,000 төгрөгийг хураан авахаар заасан байна. Гэвч дээрд дурдсанаар бүртгэлтэй 2 төрлийн витамины хувьд зөрчилд тооцохгүй ба олсон орлогыг нь хураалгах үндэслэл байхгүй болно.
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хэдэн ширхэг, тоо хэмжээнээс дээж авахыг хуульд хуульчлаагүй байна.
Иймд Н.Ө******* нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 22 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн А/225 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын 1.4-т заасан бүртгүүлэгчид хамаарах этгээд биш бөгөөд хууль, журмаар иргэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгүүлэхээр зохицуулалт байхгүй байна” гэжээ.
Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэхэд эдгээр бүтээгдэхүүний оруулж ирээд зарсан зүйл байхгүй. Намайг Л*******д 2 сар байх хугацаанд хүмүүс надад өөрсдийн хэрэгцээнийхээ витаминыг захидаг байсан. Түүнийг нь би онгоцоор явуулсан. 28 сая төгрөг гэж нийтэд нь дүгнэсэн байх бөгөөд хувь хүний хэрэгцээний витаминууд, гарын тос, эмэгтэйчүүдийн гель үүнд орж байгаа юм. Үүнийг төрөл зүйлээр нь салгаж нягтлахгүйгээр 28 сая төгрөгийн торгууль ноогдуулсанд гомдолтой байна. Албаныхан учир дутагдалтай ажилласан гэж бодож байгаа тул уг гомдлыг гаргасан” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* тоот зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлага гаргасан. Гомдол гаргагч болон гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байгааг илэрхийлье. 2023 оны 1 дүгээр сараас мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуульд тухайн бүтээгдэхүүнд ямар нэгэн зөвшөөрөл авахгүй байхаар зохицуулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд биологийн идэвхт бүтээгдэхүүн, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл аваагүй бол импортлохыг хориглоно гэсэн агуулгатай заалт бий. Үүний дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. 2 хуулийн зөрөөтэй байдал, тухайн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг арилжааны зориулалтаар оруулж ирсэн эсэх, ахуйн хэрэгцээнд хэрэглэгчийн хувиар оруулж ирсэн эсэх, эсхүл тухайн биологийн бүтээгдэхүүн мөн эсэхэд зөрчлийн хэрэг бүртгэлд явуулахдаа тодорхой ажиллагааг явуулж зөрчлийг тогтоогоогүй гэж үзэж байгаа.
Хариуцагч биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж маргаж байгаа бөгөөд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд заасны дагуу энэ бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн байх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг хүний эмийн зөвлөлийн биологийн идэвхт, бүтээгдэхүүний салбар зөвлөлөөр шийдвэрлэх журмаар зохицуулсан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/220 тоот тушаалын 1 дүгээр хавсралт хавтаст хэрэгт авагдсан. Мөн энэ тушаалд орсон өөрчлөлт хавтаст хэрэгт бий. Энэ журмуудад тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирэх, бүртгүүлэх субъектүүдийг зааж өгсөн. Энэ субъектүүдийг хуулийн этгээд, үйлдвэрлэгч, импортлогч компани байгуулахыг шаардсан байдаг. Тодруулбал иргэнийг бүртгүүлэх шаардлагатай гэж журамд зохицуулаагүй. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. Хариуцагч талаас шийдвэр гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 2 зүйл заалтыг баримталсан.
Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэхдээ 5 мянган нэгжээр торгоод мөн Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслээд албадын арга хэмжээ авч 28*******000 төгрөгийг хураах шийдвэр гаргахдаа зөвхөн дансны хуулгыг л ашигласан. 15 бүтээгдэхүүний аль нь бүртгэлтэй, аль нь бүртгэлгүй байсан талаар хариуцагч нягталж шалгаагүй. Эдгээр 15 бүтээгдэхүүнийг бүгдийг нь оруулж ирээгүй гэж маргаж байгаа. Бусад бүтээгдэхүүнийг шууд хураасан шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Монгол Улсад худалдах биологийн идэвхт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэлгүй худалдан борлуулсан зөрчлийг гаргасны дагуу торгох шийтгэл ногдуулсан бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 зүйлийн 15.9.3-д заасан зөрүүтэй асуудал нь дээрх зөрчилтэй огт хамааралгүй юм.
2/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна" гэж заасан.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эм, эмийн түүхий эд биологийн идэвхт Эрүүл бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 1.4-т заасан “..БИБ..”-гэснийг мэндийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 18-ын өдрийн А/176 дугаар тушаалаар хасаж өөрчлөлт оруулсан ба журмын 1.17-т "БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна" гэж тус тус дээрх заалтуудад өөрчлөлт оруулсан ба нэхэмжлэгч Н.Ө******* нь дээрх журмын дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх боломжтой юм.
3/Нэхэмжлэгч Н.Ө*******т холбогдох 2402*******19 дугаартай зөрчлийн хэрэгт хууль бус хөрөнгө орлогыг тооцохдоо иргэний Хаан банкны 50 дугаартай дансны хуулганд хийсэн үзлэгийг үндэслэн бүртгэлтэй 2 нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогыг хасаж тооцсон болно. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн албаны, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Б-Оын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэж, 148 удаагийн 30,,000 төгрөгийн орлогоос Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн "Баримт бичигт бичигт үзлэг хийсэн тухай" тэмдэглэлээр бүртгэлтэй 2 биологийн идэвхт бүтээгдэхүүний орлог болох 2,,000 төгрөгийн орлогыг хасаж 28,*******,000 төгрөгийн хууль бус орлогыг тогтоосон байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, био бэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдан борлуулсан зөрчилд торгох шийтгэл ноогдуулсан бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3 дах заалт нь Зөвшөөрлийн тухай хуулийн энэ холбогдох заалттай огт хамааралгүй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар 22.1-т Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж заасан байдаг. Эрүүл мэндийн сайдын хэм хэмжээний актад бүртгэгдсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журамд Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлтүүд орсон. https://legalinfo.mn/ цахим хуудсанд бүртгэлтэй байгаа. Тус журмын 1.4-д биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж, 1.17-д биологийн идэвхт буюу бүтээгдэхүүн бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч, эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна гэж тус тус өөрчлөлт оруулсан.
Гомдол гаргагч Н.Ө*******т холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанд үүсгэсэн 2402*******19 дугаартай зөрчлийн хэрэгт хууль бус хөрөнгө орлогыг тооцохдоо иргэний Хаан банкны дансны хуулганд хийсэн үзлэгийг үндэслээд 2 нэр төрлийн геополитик бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогыг хасаж тооцсон. Үүний дагуу бүртгэлийн хяналтын улсын байцаагч 2 бүтээгдэхүүнийг хасаж тооцоод нийт дүнгээр 28*******000 төгрөгийн хууль бус орлогыг тогтоож шийдвэр гаргасан. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 50 нэгжтэй /5******* төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил үйлдэж олсон орлого болох 28,*******,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэжээ.
2.Гомдол гаргагчаас “Зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй, витамин /биологийн идэвхт бүтээгдэхүүн/ мөн эсэхийг тогтоогоогүй” гэж, хариуцагчаас “бүртгэл хийлгээгүй нь хууль зөрчсөн, шийтгэл хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд хүснэгтийн 13.16-д “биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх” гэснийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болгожээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гээд мөн хуулийн 22.7-д бүртгүүлэхгүй байх үндэслэлүүдийг дурджээ.
3.Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан Эм, эмийн түүний эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 1.17-д “БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна” гэжээ.
4.Гомдол гаргагчийг өөрийн цахим хуудсанд 15 нэр төрлийн бүтээгдэхүүн байршуулж худалдан борлуулсан, тэдгээрээс 2 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй болохыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2041 тоот албан бичигт дурджээ.
5.Хэдийгээр үлдэх 13 нэр төрлийн бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлгүй хэдий ч тэдгээрийг эм эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүн аль нь болохыг Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаагүй бол нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/642 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 6.6 дугаар зүйлийн 7.7.2-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж тус тус заасан бөгөөд зөрчлийг хөдөлбөргүй нотолж, түүнд тохирох шийтгэлийг ногдуулах учиртай.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг тухайн бүтээгдэхүүнүүдийг цахим хаягтаа байршуулсан, бүгдийг нь зарж борлуулсан, улмаар зөвхөн бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулах нь өрөөсгөл бөгөөд бүртгэлгүй гэх 13 бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тогтоох учиртай.
6.Зүй нь маргаан бүхий 15 нэр төрлийн бүтээгдэхүүн эм эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүн аль нь бол болох, тэдгээрээс хэд нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэхийг хөндлөнгийн мэдээлэл болох Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд тулгуурлаж тогтоосноор гомдол гаргагчийн импортолсон, худалдсан гэх үйлдэл нь зөрчил мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
7.Хэдийгээр гомдол гаргагчийн харилцах дансанд иргэдээс тодорхой тооны мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн хэдий ч энэ нь тухайн бүтээгдэхүүнүүд бүгд улсын хилээр орж ирснийг дангаар нотлохгүй.
8.Нөгөөтэйгүүр зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага ногдуулах нь зайлшгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 7.7.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Н.Ө*******ийн гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******т холбогдох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн улсын байцаагч Б.Г*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 010******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болсонд тооцсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ