Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

   *******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор П.Итгэл
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч *******, *******, шүүгдэгч ******* нарын гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2122000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт ******* *******, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум ******* баг баруун элгэн гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 6 cap 8 хоногийн хугацаагаар хорих ял, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, /РД: *******/.
******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг “Баруун элгэн” гэх газар иргэн *******гийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******т Эрүүгийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Дундговь аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 59 дугаартай захирамжаар оногдуулсан 03 жил 07 cap 08 хоногийн хорих ялаас эдлээгүй үдсэн 02 жил 11 cap 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 05 жил 11 cap 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 05 жил 11 cap 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө хорих ял эдэлж байсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 
Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний зээ хүү ******* нь хар нялхаасаа эхлэн хөгшин бид хоёрын асран хамгаалалтад манай ам бүлд мал маллаж өссөн хүүхэд. Манайх сүүлд мал тооллогоор тоолуулсан адуун дотор хүү *******т зүсэлж өгсөн адуу хэд хэд бий. Тухайн үед ******* бидэнд хэлж яриад авсан бол *******т адуунаасаа захиран зарцуулах эрх нь байсан. Энэ талаар мөрдөн байцаалтын үеэр олон удаа хэлсэн. Өөрт нь зүсэлж өгсөн адуу нь манайд байдаг болохоор түүнийгээ биш юм аа гэхэд хэлж ярилцаад манай адуунаас аваад өр төлбөрөө барагдуулж болно. Хэлж ярьж аваагүй болохоор хүү маань ийм асуудалд орчлоо. Тухайн үед зээ хүүгээ адуу аваад явсныг бид мэдээгүй байсан бөгөөд анх мал нядалгааны газраас цагдаад мэдэгдсэн юм билээ. Бид хүүгээ гэж мэдсэн бол юу гэж ял аваг гэж бодох билээ. Ер нь хөгшин бид хоёрт дэм болж хүү *******, ******* нар л адуу малыг маань маллах хүүхдүүд байгаа юм. Зээ хүү ******* нь гэр бүлийнхээ хөрөнгөнөөс авч явсан учраас бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ. 
Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Манай аав *******гийн малын тооллогод бүртгүүлсэн адуунаас миний нэрийн 8 адуу байдаг. Бусад нь аавынх бөгөөд дүү *******т хэдэн адуу зүсэлж өгсөн байдаг. ******* дүү маань хар багаасаа л манай ээж, аав дээр өссөн манай гэр бүлийн гишүүн. Надтай хамт адуу, малаа малладаг байсан. ...Тухайн үед манай адуунаас хэдэн адуу алга байсан... манай адууны талаар мал нядалгааны газрын хүн цагдаад мэдэгдсэн юм билээ. Гэтэл намайг гомдол мэдээлэл өгснөөр бүртгэсэн материал хэрэгт байсан. Намайг дуудаж тайлбар авч адууг хүлээлгэж өгчхөөд явуулсан. Дүү *******ыг авсан гэдгийг мэдсэн бол гомдол, тайлбар өгөхгүй байсан. ******* тухайн үед бид нарыг хайж яваад олоогүй гэдэг нь үнэн. ******* нь манай гэр бүлийн л хүн учир зүсэлж өгсөн адуу эсвэл тухайн адуугаараа өөр адууг сольж холиод ч болсон захиран зарцуулах эрхтэй, болно гэж бодож байна.
Иймд дүү *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа тул *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Намайг өвөө *******гийнхээ хонгор зүсмийн 1 тооны морийг хулгайлсан хэмээн буруутгасан ба би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвөө маань хүү ******* захиран зарцуулах эрхтэй гэж мэдүүлсээр байхад заавал намайг шийтгэж, хувийн байдлыг хуучин Эрүүгийн хуулийн ялтай байдлаар авч үзэн хүндрүүлэн 3 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Тухайн үед ар гэрийнхэнтэйгээ үнэхээр холбоо барих гэж хичээгээд чадаагүй нь үнэн ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Би одоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Мөн би ямар нэгэн хохирол учруулаагүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, цагаатгаж өгнө үү гэв. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******ын хувьд өмнө нь Дундговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял оногдуулж хорих ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдсон байдаг. Хязгаарлалттай байх хугацаандаа бугуйвч тайлсан асуудал дээр 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 59 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон. *******ын хувьд өөрийнхөө гэрээс өөрийн адуунаас өр барагдуулах журмаар адууг авсан. Ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй ч адуугаа олсон байдаг. Хэдийгээр А данс нь *******гийн нэр дээр бүртгэлтэй байгаа ч ******* захиран зарцуулах эрхтэй гэж хэлээд байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нар оролцохдоо тодорхой хэлж мэдүүлж байсан. Хохирогч нараас адуугаа хулгайд алдчихлаа гэж цагдаагийн байгууллагад мэдүүлсэн зүйл байдаггүй. Энэ хэргийн хорих ялын доод талын хугацаа 2 жилийн хугацаатай. Анхан шатны шүүхээс  3 жилийн хугацаагаар ял оноож, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар тогтоосон. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан *******гийн мэдүүлэгт ******* захиран зарцуулах эрхгүй гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч ******* мэдүүлэхдээ хүрэн зүсмийн адуу *******ынх, хонгор морь минийх гэсэн байдаг. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үндэслээд шийдвэрээ гаргасан. Өнөөдрийн шүүх хуралд ******* нь тухайн адууг захиран зарцуулах эрхтэй гэж байгаа боловч А дансаар захиран зарцуулах эрх байхгүй нь нотлогддог. Нууцаар тухайн малыг авсан нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******т холбогдох 2122000000148 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгч *******ыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг “Баруун элгэн” гэх газар иргэн *******гийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хохирогч *******, ******* нарын мэдүүлэгт үндэслэн 1 тооны адуу хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 1 адуу хулгайлсан үйлдэлд ял шийтгэл оногдуулсан байна. 
Хохирогч ******* “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө адуугаа үзэхэд манай улаан хээр азаргатай 28 тооны адуунаас хүрэн, хонгор, хээр зүсмийн гуяны хонхорхойд монгол Б тамгатай 3 тооны адуу алга болсон байсан. Тэгээд цагдаад шууд мэдэгдсэн. *******т малын “А” дансаар нэр дээр нь мал байхгүй. Манай адуунд *******ын өөрийн нэрийн 1 тооны 10 настай хүрэн морь байгаа. ******* нь манай адуу, малаас зарах, захиран зарцуулах эрх байхгүй. Манай адуу манай аав Хүүхэнхүү гэж хүний нэр дээр малын А дансны бүртгэлтэй байдаг. Адуугаа би өөрөө хариуцдаг. Тухайн хүрэн зүсмийн адуу нь *******ын эзэмшлийн адуу биш. ******* манай адууг зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй ...” /хх-ийн 31-32, 33-34/ гэж, мэдүүлсэн байх бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ  “Миний мэдэж байгаагаар *******т 5 тооны адуу бий. Тухайн адуунд нь 2 хүрэн морь, нэг хонгор морь, хээр гүү хүрэн даагатай байдаг. Надад хээр морь, хонгор гүү, хар гүү, хүрэн морь, хонгор морь, хүрэн гүү, халтар хээр гүү, улаан хээр гүү, нийт 8 адуу бий. Үлдсэн нь аавын адуу байгаа юм” гэж /хх-ийн 220/,
Хохирогч ******* “ ... Тэр 3 адуу миний эзэмшлийн адуунууд байгаа юм. Тухайн 3 адуу саран дэвсгэртэй монгол бичгээр Б үсгэн тамгатай. ******* нь хар багаасаа манайд өссөн хүүхэд. *******ын нэр дээр буюу малын А дансаар ямар нэг мал тоологддоггүй ч им тамгаар болон зүсэлж өгсөн хэд хэдэн мал байгаа. Тухайн хулгайлсан адуунуудыг ******* захиран зарцуулах эрхтэй. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж,  /хх-ийн 41/, мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ  “*******т зүсэлж өгсөн 4 адуу бий. Надад хэлсэн бол шаардлагатай үед нь би адуу өгнө. Харин хулгайлаад хэлж ярилгүй авах эрх байхгүй. Тэр адуунаас хүрэн зүсмийн морь нь *******ынх, хонгор зүсмийн морь нь миний морь, хээр морь нь Ганцэрэнгийн морь. Гэхдээ 3 морь бүгд миний нэр дээр А дансаар тоологддог. Алдагдсан 3 морины нэг нь *******ын эзэмшлийнх байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  /хх-ийн 200/ тус тус мэдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль ёсны дагуу үнэлсэн байна. 
Шүүгдэгч *******ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг “Баруун элгэн” гэх газар иргэн *******гийн 1 тооны адууг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад үндэслэн *******т өвөө *******гийнхээ зүсэлж өгсөн хүрэн морийг захиран зарцуулах эрхтэй, харин  хонгор зүсмийн 1 тооны адууг захиран зарцуулах эрхгүй учир машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутай гэж дүгнэн, шүүгдэгчийн энэ үйлдэлд нь ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч ******* “... Намайг өвөө *******гийнхээ хонгор зүсмийн 1 тооны морийг хулгайлсан хэмээн буруутгасан. Өвөө маань хүү ******* захиран зарцуулах эрхтэй гэж мэдүүлсээр байхад заавал намайг шийтгэж, хувийн байдлыг хуучин Эрүүгийн хуулийн ялтай байдлаар авч үзэн хүндрүүлэн 3 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж, 
Хохирогч нар “...******* нь гэр бүлийнхээ хөрөнгөнөөс авч явсан учраас бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа “... дээрх хэргийн хорих ялын доод талын хугацаа 2 жилийн хугацаагаар хорих ялтай. Анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар ял оноож, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар тогтоосон. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан байна.
******* нь хонгор зүсмийн морийг захиран зарцуулах эрхгүй байсан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, харин хүрэн морь түүнийх биш өвөө *******гийнх нь адуу болох нь нотлогдсон байх тул бусдын хуваарьт хөрөнгөнд халдсан түүний хууль бус үйлдлийг зөвтгөх нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 
Хохирогч *******, ******* нар нь шүүгдэгчийн төрөл садны хүмүүс байх бөгөөд тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон, шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа хонгор зүсмийн морийг би захиран зарцуулах эрхтэй гэж, хохирогч ******* Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцаж, хонгор адууг ******* захиран зарцуулах эрхтэй өмчлөгч нь мөн гэж тайлбарлан ийнхүү худал мэдүүлснийхээ хариуцлагыг хүлээнэ гэв. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан тул хохирогч *******гийн дээрх тайлбар нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нөхцөл байдал тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, хэргийн нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн хуульд заасан зарчимд үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж Давж заалдах шатны шүүх үзсэн тул шүүгдэгч *******, хохирогч *******, ******* нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Харин Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудад гарсан алдааг уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан залруулж өөрчлөх шаардлагатай гэж үзэв. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хэд хэдэн заалтад үг, үсгийн алдаа гарсан. Уг хуулийн 36.1******* зүйлд зааснаар энэхүү алдааг анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар залруулж болно, ингэхдээ алдааг даруй хянан хэлэлцэж, залруулахыг хуульчилсан. Гэтэл энэ ажиллагаа хуулийн дээрх заалтын дагуу хийгдэлгүй Давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогчийн гомдлын дагуу  хянагдаж байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх, гарцаагүй биелэгдэх  зарчмуудыг хангах үүднээс ийнхүү өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...*******т холбогдуулан...” гэсний дараа “...Эрүүгийн хуулийн...” гэж, 3 дугаар заалтын “...Эрүүгийн ангийн...” гэснийг “...Эрүүгийн хуулийн...” гэж, ******* заалтын “... эдлээгүй үдсэн...” гэснийг “... эдлээгүй үлдсэн...” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 06 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 112 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР                                  
                                                
                                                                             Х.ГЭРЭЛМАА