Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03916

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

182/ШШ2024/03916

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  тоотод оршин суух, Б овогт У-н Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, Б  овогт Б-н О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 2,228,560 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 500,000 төгрөгийн үнэ бүхий гурван хос буйданг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Б,

Гэрч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч тоотод байрлах 220 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Тус үл хөдлөх эд хөрөнгө дотор байрлах 71,5 м.кв талбайг Мужаан, гэр ахуйн барааны дэлгүүр зориулалтаар 2022.08.18-ны өдөр түрээсийн гэрээгээр ******* овогтой *******д 1 жилийн хугацаатай, сарын 700,000 төгрөгөөр түрээслүүлсэн бөгөөд ашигласан хугацааны цахилгаан, дулааны төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Бид гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, яагаад гэвэл би бүтэн объект бус талбайг хариуцагчид түрээслүүлсэн. Ингээд би түрээсийн талбайг хариуцагч Б.*******д хэвийн байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр буйдан засварын үйл ажиллагаа явуулж байсан. Харин Б.******* нь түрээсийн төлбөрийг төлөхгүй, байнга хугацаа хэтрэлттэй явж байсан тул миний бие дунд нь төлбөрөө төлөхөө сануулж, төлөхгүй бол гэрээний хугацааг цуцлах тухай мэдэгдлийг өгч байна. Улмаар 2023.08.18-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн гэрээг дуусгавар болгож, 2023.08.23-ны өдөр "тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, хариуцагч нь талбайг 2023.09.01-ний өдөр дотор надад суллаж өгөхөөр, түрээсийн төлбөр, алдангийн хамт 1,700,000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс хариуцагч 500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1,200,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн хариуцагч нь тохирсон хугацаанд талбайг чөлөөлж өгөөгүй, үйл ажиллагаа явуулж, хоёр ажилтнаа ажиллуулж байсан бөгөөд 2023.09.20-ны өдөр талбайг надад бүрэн чөлөөлж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон даруйд надад талбайг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, хугацааг хойшлуулсан буруутай тул 2023.09.01-ний өдрөөс 2023.09.20-ны өдрийг хүртэл 1 сарын 700,000 төгрөгийг 30 хоногт хувааж, өдрийн 23,333 төгрөгийг 20 хоногоор тооцож 466,660 төгрөгөөр намайг хохироосон гэж үзэж байна. Би энэ шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа тодруулж, түрээсийн гэрээний хугацаа хожимдуулсан хохирол гэж нэхэмжилж байна.

Хариуцагч нь түрээсийн талбайд буйдан сэлгэн засварлах, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд үйл ажиллагаандаа ашигладаг цавуу болон будгаар түрээсийн талбайн шалыг бохирдуулсан байсан. Үүнийг хариуцагч өөрөө мэдэж байгаа бөгөөд талбайг хүлээлгэн өгөх үед цэвэрлэж өгнө гэсэн боловч цэвэрлээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь анх надаас ямар талбай хүлээн авсан яг тэр байдлаар надад талбайг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болно. Би талбайгаа бусдад түрээслэхээр болсон байсан учир өөрөөсөө 150,000 төгрөгийн зардал гаргаж, түрээсийн талбайн шалыг бусдаар цэвэрлүүлж авсан. Хариуцагч нь түрээсийн гэрээнд зааснаар халаалт, цахилгаан, ус, тог гэх мэт зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Тэрээр цахилгааны төлбөрийг түрээслэж байсан талбайд тавьсан тоолуурын заалтыг үндэслэн төлдөг байсан бөгөөд 2023.08.18-ны өдрөөс 2023.09.20-ны өдрийг хүртэл хэрэглэсэн цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг төлөөгүй орхиж явсан. Үүнийг нь гэрчээр оролцсон ******* эгч төлсөн байдаг. Мөн хариуцагч нь талбайг түрээслэж байхдаа манай хүнсний дэлгүүрээс буюу гэрчээр оролцсон ******* эгчийн түрээсээр ажиллуулж байсан хүнсний дэлгүүрээс ахуйн барааг бичүүлж, зээлээр авсан байдаг. Гэвч түрээсийн талбайг орхиж явахдаа хүнсний дэлгүүрт тавьсан өрөө төлөөгүй явсан бөгөөд энэ нь гэрч *******ийн хар дэвтэрт бичигдсэнээр 361,900 төгрөг болсон байна. Харин ******* эгч манай объектыг түрээслэхээ больж гарах үедээ надтай тооцоо хийсэн бөгөөд хариуцагч Б.*******гийн төлөх ёстой нийт 411,900 төгрөгийг надад төлөх төлбөрөөсөө суутган тооцсон юм.

Ингээд би хариуцагч Б.*******той ярилцаж байгаад төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нь 600,000 төгрөгийг хасаж тооцьё, оронд нь миний муудсан байгаа 3 хос буйданг засварлаад өгөхийг хүссэн. Хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч 3 хос буйданг надаас авсан боловч өнөөдрийг хүртэл засварлаагүй, авья гэхлээр өгөхгүй байна. Буйдангийн хувьд 500,000 төгрөгийн үнэ бүхий, хуучин модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, 1 ор буюу 3 хос буйдан байгаа. Хариуцагч Б.******* нь 2023.10.07-ны өдрөөс хойш миний утсыг авахгүй, надтай огт холбоогүй болсон байгаа. Би буйдангаа 500,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилсэн үнийн дүнд багтаасан байсан. Харин шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаа мөн тодруулж хариуцагчийн эзэмшилд бодитоор байгаа 500,000 төгрөгийн үнэ бүхий 3 хос буйдангаа гаргуулья гэж хүсэж байна.

Иймд би хариуцагч Б.*******гоос түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, хугацаа хожимдуулсан хохиролд 466,660 төгрөг, өөрөөс гаргасан зардал 150,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөг, ахуйн барааны үлдэгдэл төлбөр 361,900 төгрөг, нийт 2,228,560 төгрөгийг гаргуулах, мөн 500,000 төгрөгийн үнэ бүхий хуучны модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, 1 ор буюу 3 хос буйданг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******гийн гаргасан гомдлын зарим нэг хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, 466,660 төгрөг үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хоёрдугаарт, Хүнсний дэлгүүрийн зээлсэн барааны үнэ 36,190 төгрөг, Гуравдугаарт, засвар хийнэ гэсэн буйдан байгаа өөрсдөө өнгө материалаа ирж сонгоогүй, одоо болтол хадгалж байгаа гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

2022.08.18-ны өдрийн түрээсийн гэрээ, хавсралт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч *******ийн дансны хар дэвтрийн гэх 1 хуудас бичвэр хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондоо харилцсан захидлууд, түрээсийн талбайн гэрэл зураг, тоолуурын гэрэл зураг, нэхэмжлэгчийн 2023.04.13, 2023.08.16-ны өдрийн хариуцагчид хүргүүлсэн мэдэгдүүд, шуудангийн баримтууд, 2023.08.23-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Хур системээс авсан нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, 2024.09.24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ХААН банк ХК-ийн дансны хуулгууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр зохигчийн өөр хоорондоо харилцсан гар утасны захидлуудад үзлэг хийж баримтжуулсан 2024.09.23-ны өдрийн тэмдэглэл, хавсралт болох түрээсийн талбай, тоолуурын байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж гэрээний үүрэгт 2,728,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 2,228,560 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 500,000 төгрөгийн үнэ бүхий гурван хос буйданг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...би түрээсийн талбайг хүлээлгэн өгч, хариуцагчийг ажиллах боломжоор хангасан байхад хариуцагч Б.******* нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, байнга хугацаа хожимдуулж байсан, түрээсийн гэрээний хугацаа дуусч, төлбөр тооцоогоо нийлсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, 2023.09.01-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөх байтал 2023.09.20-ны өдрийг хүртэл чөлөөлөхгүй хугацаа хойшлуулж намайг хохироосон, түрээсийн талбайн шал цавуутай, бохир байсныг хариуцагч өөрөө цэвэрлэж өгнө гэсэн боловч цэвэрлээгүй, би өөрөөсөө зардал гарган бусдаар цэвэрлүүлсэн, түүний өмнөөс цахилгааны 50,000 төгрөг, хүнсний дэлгүүрээс зээлж авсан барааны үнэ 361,900 төгрөгийг төлсөн, түрээсийн төлбөрөөс 600,000 төгрөгийг хасаж тооцох, оронд нь миний гурван хос буйданг засварлаж өгөхөөр тохирсон боловч огт засварлаагүй, буцааж өгөөгүй намайг хохироож байгаа тул би түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, өөрт учирсан хохирол, буйдангаа бодитоор гаргуулан авахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, үүнд үндэслэлгүй хөрөнгөжсөн 466,660 төгрөг, хүнсний дэлгүүрийн зээлсэн барааны үнэ 36,190 төгрөг, засвар хийнэ гэсэн буйдан байгаа өөрсдөө өнгө материалаа ирж сонгоогүй, одоо болтол хадгалж байгаа гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан 2024.09.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нэхэмжлэгч ******* нь Ч  тоотод байрлах, 220 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байх ба, нэхэмжлэгч ******* нь 2022.08.18-ны өдрийн түрээсийн гэрээгээр тус объектын 71,5 м.кв талбайг хариуцагч Б.*******д мужаан, гэр ахуйн барааны дэлгүүрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай, сарын 700,000 төгрөгөөр түрээслэх, түрээсийн талбайг хүлээлгэн өгөх, хариуцагч Б.******* нь түрээсийн талбайг хүлээн авч ашиглах, төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд алданги болон ашиглалтын бусад нэмэлт зардлыг хариуцан төлөх, гэрээний хугацаа дуусгавар болох үед түрээсийн талбайг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байх бөгөөд хуулийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг онцлогтой.

 

Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалтаас үзвэл, тухайн түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлтэй нэг бүхэл үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу 71,5 м.кв талбай байгаа тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй гэж үзнэ.

 

4.Нэхэмжлэгч ******* нь түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар өөрийн өмчлөлийн Ч тоотод байрлах, 220 м.кв үйлчилгээний талбайны 71,5 м.кв талбайг 2022.08.18-ны өдөр хариуцагч Б.*******д хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад, хариуцагч Б.******* нь түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.2.8.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар түрээсийн талбайг ашигласаны хөлсийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, байнга хугацаа хэтрүүлж байсан, гэрээний 1 жилийн хугацаа 2023.08.18-ны өдөр дууссан байхад түрээсийн талбайг нэхэмжлэгч *******д бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар 2023.04.13, 2023.08.18-ны өдрүүдэд төлбөрийн үлдэгдэл, алданги, тооцооллын талаар болон төлбөр төлөх тухай мэдэгдлийг хариуцагч Б.*******д түүний гэрийн хаягаар хүргүүлж, төлбөр төлөх, түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг мэдэгдэж, түүнтэй мессэж /захидал/-ээр харилцаж байжээ. Улмаар зохигчид 2023.08.23-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч Б.******* нь түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, алдангид 200,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д тодорхой хуваарийн дагуу төлөх, түрээсийн талбайг 2023.09.01-ний өдөр хэвийн байдлаар буцаан өгөхөөр тохирчээ.

 

Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч Б.******* нь 2023.08.26-ны өдөр түрээсийн төлбөрт 500,000 төгрөг төлсөн, үлдэх 1,200,000 төгрөгийг төлөөгүй, түрээсийн талбайг 2023.09.01-ний өдөр бус 2023.09.20-нд нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгч хугацааг 20 хоногоор хойшлуулсан буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөг болон өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр буюу 466,660 /700,000 төг : 30 хон = 23,333 төг * 20 хон/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Б.******* нь төлөх үүрэгтэй тул ...466,660 төгрөгийг зөвшөөрөхгүй... гэх агуулга бүхий түүний тайлбар үгүсгэгдэнэ.

 

5.Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар түрээсийн талбайг муутгаснаас өөрт учирсан хохирол болох хариуцагчийн цахилгааны төлбөр, шал цэвэрлэсэн төлбөр, зээлийн төлбөрийг төлсөн шалтгаанаар хохирлыг хариуцагч Б.*******гоос шаардаж байна.

 

5.1.Хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар түрээслэн авсан талбайг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй байтал тэрээр түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үед шалыг цавуу болгож бохирдуулжээ. Энэхүү бохирдлыг тусгай бодисоор арилгах шаардлага үүссэн байх ба, нэхэмжлэгч нь уг талбайгаа цэвэрлэж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан, тэрээр цэвэрлэнэ гэж хариу өгсөн байх боловч цэвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгч *******гийн ХААН банк ХК-ийн дансны хуулгаар түүнээс 2024.03.02-ны өдөр 90,000 төгрөг, 62,100 төгрөг, нийт 152,100 төгрөгийн зарлага гарсан нь харагдах боловч энэхүү 152,100 төгрөгөөр түрээсийн талбайн бохирдсон шалыг бусдаар цэвэрлүүлж, өөрөөсөө зардал гаргасан гэж үзэх боломжгүй, түрээсийн талбайг хэнтэй тохиролцож, хэзээ, хэрхэн цэвэрлүүлсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.

 

5.2.Түрээсийн гэрээний 3 дугаар зүлийн 3.2.8-д зааснаар хариуцагч Б.******* нь халаалт, ус, цахилгаан, хог зэрэг түрээсийн талбайн ашиглалтын зардлыг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн үндэслэл болгосон гэрч *******ийн мэдүүлэг, түрээсийн талбайн тоолуурын зургаар хариуцагч Б.******* нь 50,000 төгрөгийн цахилгаан ашигласан болох нь тогтоогдохгүй, тэрээр хэдэн киловатт цахилгаан ашигласан, хэрхэн яаж тооцон 50,000 төгрөг болсон, уг 50,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******гийн өмнөөс эрх бүхий этгээдэд болон гэрч *******тэй тооцоо нийлж түүнд төлсөн тухай бичгийн баримтгүй.

 

5.3.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн Ч  тоотод байрлах, 220 м.кв талбайн тодорхой хэсгийг хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээсэлдэг гэх ба, нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******гийн гэрч *******ийн хүнсний дэлгүүрээс зээлж авсан ахуйн барааны үнэ болох 361,900 төгрөгийг түүнд төлсөн, түрээсийн төлбөрийн тооцооноос суутгасан гэж тайлбарлан, энэхүү 361,900 төгрөгийг хариуцагч Б.*******гоос нэхэмжилнэ.

 

Гэрч *******ийн мэдүүлэг, түүний хөтөлдөг хар данс гэх дэвтрийн хуулгаас үзвэл, гэрч ******* нь Буйдан гэсэн нэрний ард 500,000-100,0-100,0=300,000+13,700/0,33/+10,600төгрөг/8.5-ндтамхи, пиво/+29,600+8000=361,900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн гэж тэмдэглэсэн байх ба, уг Буйдан гэдэг бичвэрийг хариуцагч Б.******* надаас 361,900 төгрөгийн ахуйн бараа зээлснийг би *******тэй тооцоо нийлж, өөрийн төлөх түрээсийн төлбөрөөс суутгасан гэж мэдүүлж байна. Гэвч Буйдан гэсэн бичвэр нь хариуцагч Б.******* мөн эсэхийг тодорхойлохгүй бөгөөд хариуцагч Б.*******гийн гэрч *******т төлөх ёстой 361,900 төгрөгийг түүний өмнөөс нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй гэж үзэхгүй, Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд зааснаар *******, ******* нарын хооронд Б.*******гийн өрийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан тухай бичгийн баримтгүй.

 

6.Зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий хуучны, модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, нэг ор буюу гурван хос буйданг түрээсийн талбайгаас гарах хүртэл хугацаанд засварлаж өгөх, нэхэмжлэгч ******* нь ажлын хөлсөнд түүний төлөх ёстой түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1,200,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хасаж тооцох үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх тохиролцооны дагуу хариуцагч Б.******* нь Б  эцсийн буудал, нэхэмжлэгч *******гийн ээжийн хашаанаас дурдсан гурван хос буйданг засварлахаар авсан байх боловч тохирсон хугацаандаа засварлаагүй, нэхэмжлэгч ******* түүнд нэмэлт хугацаа олгосон байх боловч үр дүнд хүрээгүй, хариуцагч Б.******* буйданг засварлаагүй учир нэхэмжлэгч ******* нь түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 600,000 төгрөгийг хасаж тооцоогүй, тэдний тохиролцоо бодит байдлаар хэрэгжээгүй, хариуцагч Б.******* нь үүргээ биелүүлээгүй буруутай байх ба, маргааны зүйл болсон гурван хос буйдан хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь гурван хос буйдангаа буцаан авахаар хариуцагч У.*******гоос удаа дараа шаардсан байх боловч буцаан өгөөгүй, энэ талаар зохигчид хоорондоо мессэжээр харилцаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ.

 

7.Иймд хариуцагч Б.*******гоос түүний төлөх ёстой, баримтаар тогтоогдсон 1,666,660 /1,200,000 төг + 466,660 төг/ төгрөгийг, 500,000 төгрөгийн үнэ бүхий хуучны, модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, нэг ор буюу гурван хос буйдангийн хамт гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх баримтаар тогтоогдоогүй, шаардах эрх, өр шилжээгүй нийт 561,900 /50,000 төг + 150,000 төг + 361,900 төг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч *******гийн 2024.02.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 58,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 49,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 295 дугаар зүйлийн 295.4., 298 дугаар зүйлийн 298.1.-д зааснаар хариуцагч Б.*******гоос 1,666,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 561,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч Б.*******гоос 500,000 төгрөгийн үнэ бүхий хуучны, модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, нэг ор буюу гурван хос буйданг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 58,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 49,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА