Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 354

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Бд холбогдох эрүүгийн 1710000770156 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 05-нд Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр 23 цагийн орчим Д.М-тай маргалдах үед Б.О-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр 23 цагийн орчим өөрийн найз гэрч Д.М-тай маргалдаж байхад салгах гэж дундуур нь орсон хохирогч Б.О-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.М нь саарал өнгийн Соната-5 маркийн машинтай явж байсан тэгээд бид нар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн Туул голын эрэг орсон, замаасаа 0,75 литрийн 2 шил архи, 2 том пиво авсан орой 20 цагийн орчим голын эрэг ороод бид нар авсан архиа хувааж уусан тэгээд байж байтал Д.М Н.Б-тай маргалдаад байсан...Энэ хэрэг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр...болсон юм...Н.Б-...Д.М-ыг барьж зодох гээд цохиод байсан. Пагма салгах гэж байсан. Пагмаагийн үгэнд орохгүй салахгүй, Пагмааг дундуур нь орохоор түлхээд байсан. Тэгэхээр нь би салгах гээд очсон. Н.Б Д.М-ыг цохих гэж байсан. Би салгах гэж дундуур нь орж нүүрлүүгээ хүчтэй цохиулчихсан. Тэгээд хамраас цус гарч би доош суусан. Босч ирээд харуулахад хамар хавдсан байсан. Надаас өөр тэр үед гэмтсэн бэртсэн хүн байгаагүй. Тэгээд би цагдаа дуудсан юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд нийт 501.000 төгрөг нэхэмжилж, түүнээсээ 410.000 төгрөгийг бэлнээр Н.Б-аас авсан...Нийт 501.000 төгрөг болсон юм...баримтыг өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. Үлдэгдэл мөнгийг Н.Б-тай ярилцаж тохиролцож байгаад авна. Иймд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Би шүүх хуралд оролцохгүй. Ажилтай учраас ирэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 71-72/

            3. Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 27-нд орой 17 цагт 21-р хорооллын 23-р хорооны урд Доржсүрэн, Ууганбат, Н.Б нарын хамт уузлаад Өргөө кинотеатрын арын замаас Энхболд,...Б.О болон түүний найз Онон, Дариа, Пагма нарын хамтаар Нисэх рүү гол орохоор явсан тухайн үед би өөрийн 49-32 УНҮ улсын дугаартай Соната-5 маркийн машинтай явж байсан тэгээд бид нар орой 22 цагийн орчим гол дээр очсон бид нар замдаа явж байхдаа 3 шил архи авсан байсан тэгээд гол дээр очоод бид нар архиа ууцгаасан тэгээд архи уугаад сууж байтал манай найз Н.Б надтай тоглож байгаад сүүлдээ уурлаад надтай барилцаад авсан гэтэл манай найз Б.О бид 2-ыг салгасан тухайн үед би их согтуу байсан яг сайн санахгүй байна нэг мэдэхэд л эрүүлжүүлэгдсэн...Н.Б надтай муудалцаад намайг цохих гэж байгаад Б.О-ийн нүүр лүү гараараа цохьсон гэж хэлж байсан би бол юу болсон яаснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

            4. Гэрч Б.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай найз нар болох Д.М, Н.Б, Доржсүрэн бид нар уулзсан. Д.М-ын машинтай явцгаасан. Тэгээд Өргөөгийн араас Д.М-ын найз Б.О-ийг авсан. Б.О нь 2 найз охинтойгоо явж байсан. Бид нар тэндээсээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр очиж архи ууцгаасан. Н.Б, Д.М хоёр согтчихоод тоглоомон дээрээсээ болж муудалцсан. Тэгээд хоорондоо маргалдаж барилцаж авсан...тэгтэл Б.О салгах гэж ороод цохиулчихсан...Тухайн үед Б.О-ийн хамар гэмтсэн, хамраас нь цус гарч байсан. Тэр гэмтлийг бо Н.Б Б.О-ийн биед учруулсан. Өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

                        5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8469/-ний дүгнэлт:

                        -Б.О-ийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 20/

            6. Яллагдагч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр найз нар болох Д.М, Ууганбат, Доржсүрэн нартай уулзсан. Тэгээд бид нар Д.М-ын найз охин гэх Б.О-ийг авч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр очсон. Б.О тухайн үед өөрийн найз нар болон Онон, Пагма, Дариа нартай хамт явсан. Тэгээд голын эрэг дээр архи ууцгаасан. Архи уучихаад Д.М бид хоёр хоорондоо ямар нэгэн зүйл дээрээс болж маргалдсан. Одоо яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд бид хоёр цохилцсон чинь дундуур найз охин Б.О нь орж ирээд салгах гэж байгаад цохиулчихсан...Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би санамсаргүйгээр түүнийг цохиж учруулсан. Гараараа цохьсон...Уг хэрэг 2017 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Туул голын эрэг дээр болсон...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 37/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8469/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр 23 цагийн орчим өөрийн найз гэрч Д.М-тай маргалдаж байхад салгах гэж дундуур нь орсон хохирогч Б.О-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эмчилгээний зардалд нийт 501.000 төгрөг нэхэмжилж, түүнээсээ 410.000 төгрөгийг бэлнээр Н.Б-аас авсан...Үлдэгдэл мөнгийг Н.Б-тай ярилцаж тохиролцож байгаад авна. Иймд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Н-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Н.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР