Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/шш2024/0329

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д ” ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д*******,

Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000******* дугаартай акт хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*******, Б.Б*******, хариуцагч П.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“Д ” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2122000******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нар нь “Д ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийжээ.

          3.Улмаар улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 3,137,,861.31 төгрөгийн нөхөн татвар, 1,057,,546.2 төгрөгийн торгууль, 556,,969.64 төгрөгийн алданги, нийт 4,750,,377.15 төгрөгийг төлүүлэхээр  “Д” ХХК-д шийтгэл ногдуулсан байна.

          4.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно.

Мөн журмын 2.9.1-д “хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ”, 3.5- д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно.” гэж тус тус заажээ.

Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт

малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан.

Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа.

Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Эрх зүйн онолын суурь зарчим болох "хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй "гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна.

Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан "Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй" гэсэн мэдээнд “...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд "эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй" байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсэн байна.

2/Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл. Монгол Улсын татвар

7.1.Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.

7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

7.3. Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн “48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохгэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.

Татварын ерөнхий хуулийн:

6.1.6."бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг;

6.1.7. "үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.11. "жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;

Манай тохиолдолд харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал яригдахгүй тул Татварын алба "жишиг үнийн арга"-ыг ашиглах ёстой байна.

Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна.

Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй.

Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно.

2.2.”Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана”, 2.2.6.”уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэсэн журмыг баримтална. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.”Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1.“экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.2.2. “дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн”, 47.2.3. “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн”, 47.14. “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх сурвалжид заагдсан www.indmin.com цахим сайт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан "бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалж" гэсэн шаардлагыг ХАЙЛУУР ЖОНШ-ны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PWC байгууллагын дүгнэлт бидэнд байна.

Монгол Улсын Засгийн газар нь жоншны олон улсын зах зээлийн үнэ, тэр дундаа жишиг болгох ямар ч үндэслэлгүй БНХАУ-ын Т боомт дахь FOB нөхцөлийн үнийн мэдээллийг нийтэлдэг www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд жоншны үнийг тогтоодог олон улсын, бүс нутгийн, түүнчлэн орон нутгийн бирж ч байдаггүй. Жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй болно. Жоншны зах зээлийн бодит үнэ нь олон улсын худалдааны эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр буюу гэрээний үнээр тогтоогддог. Гэрээний үнэ нь Монгол Улсын хувьд ОХУ, БНХАУ гэсэн улс руу экспортод гаргаж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, төлбөрийг банк хоорондын гадаад төлбөр тооцоогоор бэлэн бус шилжүүлгээр хийгддэг тул гэрээлэгч талууд үнийг зохиомлоор өөрчлөх боломж байдаггүй. Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт заасны дагуу DAF-Hаушки, DAF- Эрээн нөхцөлөөр үнэ тогтсон байдаг бөгөөд энэ нь харьцангуй тогтвортой үнэ юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газар нь хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнийг олон улсын зах зээлийн үнийн эх сурвалж гэж илтэд дураар авирласан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Татварын улсын байцаагч нарын үйлдсэн “нөхөн ногдуулалтын акт” нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5.“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.”тодорхой байх”, 5.1.3.”шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3.“дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэсний дагуу нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 2.2.6-д "уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.

3/Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах, гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба гагцхүү бидний санхүүгийн тайланг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсан болно.

4/Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр жонш олборлож АМНАТ-аа төлсөн аж ахуйн нэгж болон хувь хүнээс жоншийг худалдан авч ОХУ руу нийлүүлдэг худалдааны бизнес эрхэлдэг. Гэтэл нэгэнт АМНАТ төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин АМНАТ төлбөр ногдуулж нэг төрлийн татварыг давхардуулан ногдуулж байгаа нь татварын хууль тогтоомжид нийцэхгүй юм.

5/Бидний хувьд жоншийг ОХУ-д худалдаж байгаа үнэ нь Монгол Улс дахь жишиг үнүүдээс хамгийн өндөр үнэ бөгөөд ингэснээр татварын орлогыг бууруулах болон далд эдийн засаг үүсгэх сөрөг үр дагавар үүсгэдэггүй. Тухайн өндөр дүнтэй борлуулалтын орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үнэн зөв төлж тайлагнасаар ирсэн.

6/Жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хэсэгчилсэн, түүвэрчилсэн шалгалт хийх бүрдээ татвар төлөлтийн зөрчил гаргадаггүй манай компанийг байнга тогтмол шалгаж, улмаар үндэслэлгүй нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байна.

Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн № НА-2122000******* дугаартай Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актаар 4,750,,377.15 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлээр 2012 оноос хойш маргаж байгаа. Хэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татвар төлөх вэ гэж эхэлсэн. Манай улс экспорт хийж байгаа компаниа барьж аваад татвараа авчихвал тэдний ажил амар. Бодит байдалд ухаад олборлоод надад авчирч өгөөд, би тэрийг нь ангилаад ялгаад цэвэрлээд экспорт хийж байгаа хүмүүсээ барьж аваад нухаад байсан нь эд нарт хялбар байгаа. Татварын байгууллага ажлаа хийдэггүй, мэдлэгийн хувьд бүх салбараа мэддэг байх ёстой. Манайх улс 11-12 бүтээгдэхүүн эрдэс баялгийн төрөлдөө экспорт хийдэг юм. Уул нь их хүндрээд судлаад, мэдэж ядаад байх юм байдаггүй. Тэгэхлээр бодит үнээсээ ав гээд байгаа юм. Үйлдвэртэй хийсэн гэрээ байж байгаа тэр гэрээгээр жонш гараад явсан, татварын улсын байцаагч нарт хэлсэн байгаа. Нэг үйлдвэрт нийлүүлсэн гэрээний дагуу  мөнгөн дүнгээр жонш нь гараад явсан, мөнгө нь ороод ирсэн байгаа. Тэгээд 168 доллароос зараад экспорт хийсэн байхад 320 доллароос бодож татвар авах байгаа вэ? гэж асуумаар байна. Манай жоншны компани нийт 150 хэдэн компани байдаг юм. Тэгээд 10 хэдэн компани барьж аваад татварын дарамт шахалт үзүүлээд байдаг. Би ингээд ярихаар эд нар дахиад 2 жилийн дараа татварын шалгалт хийх байлгүй. Тэгээд жишиг үнэ Сангийн яамны 4 залуу гаргадаг. Уул нь Чойр, Бор-Өндөр дээр очоод үзэхэд гааль дээр нар гэрээгээ өгсөн байж байгаа. Жилийн эхэнд нэг сард бүх гадаад гэрээгээ гаалийн байгууллагад гэрээ өгдөг юм. Монгол Улс дотоодын эрдсийг нэг үнэлээд үнэлгээ тавьж болно. Тэгэхгүй Мексик, Ты үнэ аваад тавиад байдаг. Мексик гэдэг хаана байгаа билээ бодох хэрэгтэй. Т мянган км-ийн зам туулж очих газар байгаа. Энэ дээр маргаад байгаа юм. Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу ярилцаад төлөхгүй гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Татвараа төлөхгүй татвараас зугтаагаад орлогоо нуух ямар ч нөхцөл байхгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкаар дамжиж мөнгө ороод ирнэ. Банкны тухайн өдрийн ханшаар валютаа бодоод л авч байгаа. Тэрнээс татвараа төлөөд явдаг. Гадаадаас валют оруулж ирснээрээ 1 хувийн татвар төлж байна.Манай байгууллага орж ирсэн орлогоо үнэн шударгаар тайлагнаж байна. Татварын байгууллага нь энийг мэдэхгүй хяналт шалгалт нэрээр 4 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа юм.

Энэ ковидын үе таараад, 2020-2021 оны зах зээлийн ханш нь өөрчлөгдөхгүй байна. 2018 онд манайх 189 доллароор гэрээ хийсэн, 2019 онд 192 доллароор гэрээ хийж байсан. 2020-2021 онд хүнд үе байсан. Гэхдээ манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Ковидын үед 202 доллароор жонш нийлүүлэх гэрээг хийсэн. Жил ирэх тусам жоншны ханш өсөж байсан. Энийг манай улсын татварын байгууллага, Сангийн яам судлаад үзвэл, нэг үйлдвэрт 75 хувийн агууламжтай жонш нийлүүлдэг. Манай нийлүүлж байгаа энэ ханш бол өндөр ханш байгаа. Орос улс тендерээ өмнөх жилийн 6 сард дараа жилийнхээ авах жоншны хэмжээгээр зарладаг. Өнөөдрийн байдлаар Мексикийн үнээр авч байгаа. Манай байгууллага өнөөдрийн байдлаар 198 доллароор гэрээ хийсэн байгаа. Мексикийн ханш 298 доллар байгаа. 100 долларын зөрүүтэй үнээс татвар төлөхийг шаардаж байгаа юм. энэ ханшийн хувьд Оросын холбооны улс руу экспорт хийж байгаа 3 компанийн хувьд хамгийн өндөр ханшаар нийлүүлж байгаа. Миний энэ үнэ Бор-Өндөр, Чойр өртөөнд вагонд ачиж өгч байгаа ханш байгаа юм. Үүнээс цааш тээвэрлэх үнэ нь Оросын холбооны улсын компани төлнө. Тэгэхээр нэмэгдсэн өртгийг бодохоор миний жонш нийлүүлж байгаа ханш өндөр байгаа юм. Татварын байгууллага, сангийн яамныхан энэ ханшийг бариад татвараа нэхэмжилдэг бол татгалзаад байх зүйлгүй. 2010 оноос хойш татварын байгууллагад шалгуулж байна. Ашигт малтмал ашигласны төлбөрийг байнга төлж байсан. Манай компанид 20-иод жоншны компани жонш нийлүүлдэг юм.  Ашигт малтмалын тухай хуульд шинээр бичил уурхай гэж юм гарч ирсэн. Манай төр засгийнхан алтны уурхайнуудыг цэгцлэхийн тулд бичил уурхайн олборлолт гэж хууль гаргаад, манай жоншны 150 хэдэн компани бүгд бичил уурхай руу орсон. Энэ нь Ашигт матмалын нөөц ашигласны төлбөр гэж гарахгүй арай амар болсон. Манай компанид жонш нийлүүлдэг 20 компани надаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн баримтыг гаргаж өгөөч гэж ирж байсан.  Ийм байхад татвараа төлөхгүй байна, эрсдэлтэй гэж үзэж манай компанийг шалгаж  байгаа юм. Татварын байгууллага орон нутагт очиж жонш олборлож байгаа компаниас нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлдэг баймаар юм. Дээд шүүхийн тогтоолд  газрын хэвлий хөндөж байгаа этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэж тайлбарласан байгаа. Бичил уурхайн хуулийн заалтаас болоод манайхан жонш олборлодог болсон. Төр засаг ажлаа хялбарчлаад экспорт хийж байгаа компаниудад татвар ногдуулаад байвал энэ татварын орлого ороод ирнэ гэж үзээд шалгаад байгаа юм. Манай байгууллага 200 гаруй ажилтантай. Монгол улсын 200 иргэн төрөөс хамааралгүй цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөөд явахаар болдоггүй юм байлгүй. Заавал шалгаад татварын дарамтад оруулах юм. Татварын дор төр оршиж байгаа. Би татвар төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ зөв шударга, тэгш байдлаар татвараа төлье гэж яриад байгаа юм. татварын байгууллага тэгш бодит байдлыг хангаж өгөхгүй байна. Татварын байгууллага гаалийн байгууллагаас мэдээлэл аваад, харьяаллын байгууллагуудаас мэдээ аваад бодит үнэ ханш гаргаад ажиллах хэрэгтэй байгаа юм. Гаалийн ерөнхий газар манай экспорт хийх жоншны хэмжээтэй гэрээ, гаалиар гаргах жоншны хэмжээг сар сард нь авдаг байгаа. Тэр мэдээг татварын байгууллагад өгч байгаа. Тэр гэрээний дагуу миний дансаар мөнгө дүнгээрээ орж ирдэг. Тэр орж ирж байгаа мөнгөнөөсөө нэг ч төгрөг нуухгүй орлогын албан татвар төлдөг. Ийм тодорхой асуудал байгаа. Ийм татвар төлөх ёстой гэж олон жил маргаж байна. ганцхан манай компани байдаг юм шиг шалгах юм. Татвараас татварын хооронд аж төрж байна. 3 жил тутамд шалгаж байна. 2019 онд шалгуулаад, 2022 онд дахин шалгаж байна. Байгууллагыг та бүхэн бодох хэрэгтэй. Хамтран ажиллаж байгаа компаниудын гэрээнүүдийг бүгдийг нь би өгсөн байгаа. Монросцветмент нэгдэл хөх дэл гэдэг ордоо түрээслүүлдэг. Тэр хөх дэл ордоос олборлосон жоншийг би худалдаж авдаг. Миний мөнгийг Монросцветмент нэгдэлд өгдөг. Тэр мөнгө төрийн компанид очиж байгаа. Энэ хөх дэл ордоос олборлосон бүх жоншийг би авч байгаа. Уул нь Монросцветмент нэгдэл биднийг толгойлж явж байх ёстой. Монросцветмент нэгдлийн гэрээний үнээр татвараа төлдөг байх ёстой. Манай татварынхан бирж руу орно гэж байгаа. Оросын холбооны улсад байгаа металлургийн компаниуд Монгол улсад ирж жонш худалдаж авах уу? эргэлзээтэй асуудал байгаа. Оросын металлургийн компаниуд цахимаар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаа явуулдаг. Би шөнө сууж цахимаар дуудлага худалдаанд нь оролцдог. 7 хоногийн дараа цахимаар ийм хэмжээний жоншийг ийм үнээр худалдаж авна гэсэн үнийг саналаа явуулдаг. Би хариугаа буцаагаад өгнө тэгэхдээ ийм үнээр ийм нөхцөлөөр жонш нийлүүлнэ гэх мэт. Цахимаар харилцаад болохгүй бол өөрөө очиж уулздаг. Би сая мөнгөө авч чадахгүй очиж уулзаад ирж байгаа юм. Та нар мөнгө орж ирэхээр татвараа авахыг боддог. Цаана нь асуудал их байдаг. Уул нь ерөнхий сайд 2021, 2022 онуудад хувийн компаниуд хүнд үеийг даван туулсан. Ямар ч төрийн хяналт шалгалт явуулахгүй гэж хэлсэн. Гэтэл та нар шалгаад, өнөөдөр шүүх дээр маргаад явж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасан татварын алба нь эрсдэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгч байгууллагад хяналт шалгалт хийнэ гэсэн ерөнхий журам, зохицуулалттай байдаг.  2020 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж байгаа хууль эрсдэлд суурилсан, эрсдэлийн үнэлгээг тооцох журмаар хяналт шалгалт хийдэг. Гэтэл манай тохиолдолд ямар асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргаад явж байгаа гэхээр татварын хяналт шалгалтын ажиллагаа эхлэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын дарга нарын удирдамжаар хяналт шалгалт хийж байна гэсэн ерөнхий зүйл байдаг. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл бүхэлдээ татвар төлөгчийн эрсдэл тооцоод, эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр өндөр байх тохиолдолд хяналт шалгалт хийнэ гэсэн ерөнхий хуулийн зохицуулалттай байдаг. Энэ агуулгыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргадаг. Татвар төлөгчийг эрсдэл өндөр гэж хяналт шалгалт хийсэн боловч шүүхийн шатанд шүүхээс нотлох баримт шалгах, хариу тайлбарын үндэслэлийг хариуцагч нар үгүйсгэх байдлаар нэхэмжлэгчийн эрсдэлийг тооцсон үйл баримтыг бол шүүхэд бол гаргаж өгөөгүй. Хариуцагчаас тодорхой хариу тайлбар ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хяналт шалгалт буюу хэсэгчлэн хяналт шалгалт хийсэн байдаг. Энэ хүрээнд ямар хууль тогтоомжийг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж байгаа талаар гомдлоо маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхдээ дурдсан байгаа. Маргаан таслах зөвлөлөөс энэ асуудлыг тодорхой дүгнэлт хийж маргааны тогтоолд үгүйсгэсэн байдлаар оруулж өгөөгүй. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд Монгол Улсын татварын төрөл тодорхойлж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр хураамжаас бүрдэнэ гэж заасан байгаа. Мөн хуулийн 7.3-т тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэж хуульчилж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гол маргаж байгаа асуудал татвар төлөгч Татварын ерөнхий хуульд заасан татвараа өөрөө тодорхойлж тайлагнах эрхтэй. Энэ хүрээнд татвар төлөгч буюу нэхэмжлэгч компани татвараа өөрөө тодорхойлоод тайлагнаад ашигт малтмалын нөөц ашигласныхаа төлбөрийг төлсөн байдаг. Төрийн захиргааны байгууллага буюу татварын албатай маргаан гаргадаг. Тайлагнасан татварын төлбөрийн хэмжээ бага байна гэдэг асуудал яригддаг. Ямар үндэслэлээр бага байна гэхээр олон улсын тогтоогдсон тэр жишиг үнээс бага байна. Бага үнээр тайлагнаж татвар төлсөн байна гэдэг зүйлийг хариуцагчийн зүгээс гаргаж тавьсан. Жишиг үнэ гэдгийг хэрхэн яаж тодорхойлж тооцох вэ гэдэг асуудлыг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3-д тодорхойлж өгсөн байдаг. Татварын алба хэнд үүрэг болгосон гэхээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д бол татвар төлөгч анхан шатын баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй эсхүл татвар ногдуулах орлого, татварт ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж холбогдох татварыг ногдуулна гээд хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-ыг татварын алба практик дээр өрөөсгөл байдлаар хэрэгжүүлж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаан таслах зөвлөл болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол, нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Жишээ нь нэг хуулийн этгээд ажилчдадаа томилолтын зардал өгөөд явуулдаг, тухайн ажилчид нь болохоор и баримтаар баримт материал цуглуулж ирээгүй тохиолдолд хасагдах зардлыг тодорхойлж чадсангүй гэдгээр шууд тухайн томилолтын зардлыг хасахгүйгээр нөхөн ногдуулалтын акт үйлдээд байгаа юм. Энэ и-баримт авчраагүй учраас тухайн зардлыг хасаж тооцохгүй гэж автоматаар үйлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т тухайн татвар төлөгч и-баримт байна уу, цахим хэлбэрт холбогдоогүй бол татварын алба ногдлыг тодорхойлох үүрэгтэй болоод байгаа. Өөрөөр хэлбэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдтэй жишиг байдлаар хандаж, харьцуулан үзнэ. Тухайн хуулийн этгээд баримтгүй 10 мянган төгрөгийн зардал гэж бичсэн байлаа гэхэд үнэхээр бодит зах зээлийн үнэ 10 мянган төгрөгийн зардал юм уу гэдгийг татварын алба өөрөө судалж тогтоох, мөрдөх, мөшгөх, бодит байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан бодит байдлыг тогтоох ажиллагаагаа хийх ёстой. Ийм ажиллагаа хийлгүйгээр шууд тухайн зардлуудыг хасаж тооцохгүй нөхөн ногдуулалтын акт үйлдээд байгаа нь буруу гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс маргаж байгаа Тухайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тэр жишиг үнийг авч байгаа аргачлалаа бодож үзээрэй. Шууд гадаадад ийм байдлаар тогтоож байгаа нь буруу юм. Ашигт малтмалын тухай хуульд илүү нарийвчилж Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл буюу тодорхой төрлийн харилцааг энэ хууль болон Татварын ерөнхий хууль, бусад нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна. Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулалт байна. Манай өнөөдрийн маргааны сэдэв болоод байгаа гол зүйл болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн яаж тодорхойлж татвар ногдуулах ёстой юм бэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 буюу экспортын бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүн эсхүл түүний адил төстэй бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнийг баримтлан гэсэн байгаа. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно гэж заасан. Нэхэмжлэгч хуулийн этгээд борлуулалтын орлого олсон тайлан тооцоон дээрээ мэдүүлчхээд байгаа юм. Гэтэл хэрхэн яаж ногдуулах вэ гэдэг дээр татварын алба бодох ёстой. Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасан олон улсын сайт байгаа. Тэр сайтын мэдээг зарладаг тэр эрх бүхий этгээдийн зарласан тамга, тэмдэгтэй байна уу, сайт дээр зарласан үнээр нь хэрхэн яаж тухайн бүтээгдэхүүнийг жишиг болгож харьцуулж үзсэн юм бэ гэдгийг хүсэж байгаа. Гэтэл хэргийн материалын хүрээнд нөхөн ногдуулалтын актад дурдсан хүснэгт байгаа. Тэр дурдсан хүснэгтэд заасан үнэ нь хаанаас эх сурвалжлалтай, хаанаас баталгаажсан үнэ юм бэ гэдэг дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаад байгаа юм. Энэ үнээ баталгаажуулаад шүүхэд гаргаж өгнө үү, эх сурвалж тэр сайтынх нь линкийг эсхүл тэр сайтын зарлаад байгаа албан ёсны тэр хурал зөвлөгөөнөөр хийсэн үнийг гаргаад өгөөч гэж байгаа юм. Ашигт малтмал газрын тосны газрын сайт дээр зарласан эсхүл Сангийн яамны тушаалаар батлагдсан нэг зөвлөл байдаг. Тэндээс зарласан үнэ байгаа. Татварын ерөнхий газар хариуцлагатай ажилладаг. Эрдэс баялгийн мэдээлэл гэдэг сэтгүүл улирал болгон гаргадаг. Тэр үед гаргасан сэтгүүлээд гаргаж өгөөч гэж хүсээд байгаа юм. Нөхөн ногдуулалтын актад нэг хүснэгт тоо  байдаг. Энэ хүснэгтэд заасан тоо хаанаас эх сурвалжтай юм шүүх тэрэнд яаж итгэх юм бэ? Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч итгэхгүй байхад шүүх яаж итгэж энэ зөв тоо гэж харах юм бэ гэдэг баримтаа өгөөч гэж нэхэмжлэлдээ дурдъя. Дараагийн үндэслэл нь дүгнээд үзэхэд татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэх дээр эргэлзээ үүсгэж байгаа. Нөхөн ногдуулалтын акт гэж баримт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан шүүх хангаж шийдсэн. Энэ нөхөн ногдуулалтын хувийн хэргийг бүхэлд нь татаж авъя. Хувийн хэргийг татаж авах  шалтгаан нөхцөлийг нэхэмжлэгч тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг хэрхэн яаж тогтоосон юм? Захиргааны акт гаргахдаа зах зээлийн үнийг заасан биржийн үнүүд нь тэр нөхөн ногдуулалтын актын хувийн хэрэгт нь байгаа юм уу гэдгийг нэхэмжлэгч тодорхойлж татаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд заасан шударга байх иргэн, хуулийн этгээд үндсэн хуулийн эрхтэй үүрэгтэй, шударгаар хуулиар ноогдуулсан татвар төлөх, хэн нэгэн татвараас зайлсхийх нөхцөл бололцоог төр хангах ёсгүй. Хуулийн шаардлага нь хуулиар ноогдуулсан татварыг төлнө. Энэ ноогдуулж байгаа биржийн үнэ хувь хэмжээ хамаа алга, хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор эх сурвалжийг заадаг. Харин тэр тогтоогоод байгаа нь хэр шударга ёсонд актаа үйлдэж гаргахтай нийцээд байгаа бол бодит байдлыг хэр үндэслэлтэй тогтоогоод байгаа бол гэдэг дээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс үндэслэл бүхий маргаад байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хуульд заасан байгаа татвар бодит нөхцөлд байдалд тулгуурласан байх ёстой. Нэхэмжлэгчийн олоогүй орлог дээр татвар ногдуулаад байна. Татварын суурь болгоод байгаа үнэ нь Мексик, Т боомтын үнэ байгаа. Тий үнийг барьж татвар ногдууллаа гэж ойлгоход хилээс цаана 1000 км тээвэрлээд хөлөг онгоцны тавцан дээр ачигдсан жоншны үнэ байгаа юм. Монгол улсын хилээр гаргаад хятад улсын нутгаар 1000 км тээвэрлээд, тээврийн хөлс бусад зардлууд нээгдээд тэр жонш үнэтэй болж байгаа. Монгол улсаас гараад нэмүү өртөг шингээд байна. Тэнд очсон үнээр Монгол зарсан хүнийг татвар төл гэж байгаа юм. Мексикийн үнэ гэдэг нь Мексикийн буланд тээвэрлэгдэж очоод бэлэн байгаа жоншны үнэ байгаа. Энэ үнэнээс татвар төл гэхээр шударга бус байна. Татварыг шударгаар төлөх ёстой. “Д ” ХХК бусад компаниудтай харьцуулахад жоншоо өндөр үнээр борлуулсан байдаг. Энэ байгууллагыг жишиг болгох боломжтой. Хамгийн өндөр үнээр борлуулдаг, банкаар орлого нь бодитоор орж ирдэг, далд эдийн засаг байхгүй ил тод байдаг. Тэгэхээр олоогүй орлогод нь татвар ногдуулаад явахаар энэ компани татварыг төлж чадахгүй унах гээд байна. Гадаадад ганц экспортолдог жонш нь байхгүй болохоор Монгол улсад орж ирдэг валют  байхгүй болох нөхцөл бий болно. Татварын байгууллагын улсын байцаагчид энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа. Татварын байгууллага Засгийн газрын тогтоолоор гэж тайлбарлаж байна. Манайд захиргааны хэргийн шүүхээс өөр хандах газар байхгүй болж байгаа юм. хэрвээ энэ нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг төл гэвэл чадахгүй ийм орлого олоогүй байгаа. Тэгээд дотоодын аж ахуйн нэгж татан буугдаж дампуурах эрсдэлд хүрээд байна” гэв.

6.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Татвар төлөгч “Д ” ХХК нь 2018-2019 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаагүй, 2020-2021 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг үйл ажиллагаа эрхлээгүй “Х”-ээр гаргаж, татварын албанд ирүүлсэн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлбөр төлж байгаагүй.

Харин тус компани нь 2018 онд 15,856.81 тонн, 2019 онд 10,649.7 тонн, 2020 онд 7,980.75 тонн, 2021 онд 8,171.80 тонн, нийт 42,659.06 тонн хайлуур жоншийг экспортод гаргаж борлуулсан боловч, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнаж, төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд", 47.5."Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч Доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” 47.8.“Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална." Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 47 дугаар зүйлийн 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги тооцсон болно.

2/Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно”, 36.2.1.”татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй”, 36.2.2.“татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн”, 36.2.3.“татвар төлөгчийн тайлан бүртгэл алдагдсан буюу устсан” 36.2.4.“татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа”, 36.2.5 “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй" гэсэн үндэслэлээр жишиг үнийн арга хэрэглэхийг хуульчлан, тухайлсан журмаар зохицуулсан.

“Д ” ХХК-ийн тухайд бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын байдалд шалгалт хийхэд Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг ашиглах шаардлагагүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой нарийвчлан заасан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хяналт шалгалтын хийж, нөхөн  ногдуулалтын акт үйлдсэн.

3/Татварын албаны бүртгэл мэдээллийн сангаас авсан мэдээллээр тус компани нь хяналт шалгалтад хамрагдсан 2018-2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй байна. Мөн тус компани нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн Аж ахуйн нэгж болон хувь хүнээс жонш худалдан авсан гэх тайлбар нь татварын албаны мэдээллийн сан болон бусад холбогдох баримтаар нотлогдоогүй бөгөөд татварын алба дах хөндлөнгийн мэдээллээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн жоншийг бусдаас худалдан аваагүй байсан.

4/Татвар төлөгч ААНОАТ-ын тайлан гаргаж, тайлангаар ногдуулалт хийснээ дурдсан байна. Бид татвар төлөгч “Д ” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд татварын нэг төрлөөр хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  тайланг 2018-2019 онд огт гаргаж татварын албанд ирүүлээгүй, мөн 2020-2021 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг үйл ажиллагаа явуулаагүй гэж "Х"-ээр тайлагнасан байсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын алба болон татварын газрын улсын байцаагч нар хуульд захирагддаг хууль хэрэгжүүлдэг субъект нь байдаг. Татвар төлөгч маань хуулиар төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлж хугацаанд нь тайлагнаад татвар төлөх үүрэгтэй байдаг. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгж дээр 2018-2021 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийгээд маргаан бүхий актыг гаргасан байдаг. Энэ хугацаанд татвар төлөгч 42,6 тонн хайлуур жонш экспортолсон байдаг. Тайлан гаргахдаа тухайн аж ахуйн нэгж 2018-2021 оны хооронд Ашигт  малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаагүй. 2020-2021 онуудад Экс тайлангаар тайлагнасан байдаг. Тэгэхлээр жонш олборлож экспортод гаргаад татварын албанд тайлагнаагүй, энэ үүргээ биелүүлээгүй болохоор Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хууль болон Татварын тухай хуульд заасан жишиг үнийг ашиглахгүй. Энэ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулж явдаг. Хэрвээ жоншийг экспортолсон бол зах зээлийн ханшийг барина, зах зээлийн ханшийг яаж тогтоодог гэхээр Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Үүний дагуу хууль болон журам тогтоолыг хэрэгжүүлээд манай улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар татвар ногдуулсан нь үндэслэлтэй юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын алба бол татвар төлөгчийн нэхэмжлэлийн шаардлага дурдаад байгаа эрсдэлийн үнэлгээ буюу татвар төлөгчийн хүсэлтээр шалгалт хийх хуулийн зохицуулалтай байгаа. Энэ хүрээнд 2 байгууллагын удирдамжтай ч гэсэн хэрэв эрсдэлийн үнэлгээг нь тооцож үзээд эрсдэлгүй байх юм бол шалгалтад оруулахгүй. Тэгэхээр эрсдэл байсан болоод татварын хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож байгаа. Зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайд хэсэгчилсэн шалгалт учраас энэ ногдуулалт, төлбөртэй холбоотой асуудлыг нь шалгаж байгаа. Тэгэхээр 4 жилийн хугацаанд энэ компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөөгүй байгаа юм. Хамгийн том эрсдэл гарч байна гэж ойлгож байна. Тэр эрсдэлийн үнэлгээ тодорхой хийсэн гэсэн үг. Жоншны тухайд хуулиар зохицуулагдаад гарсан юмыг татварын улсын байцаагч нар өөрчлөх боломжгүй. Ашигт малтмал эрхлэгч этгээдүүд тухайлбал нүүрс, төмөр дээр гэрээний үнээр тооцдог зохицуулалтууд өнөөдөр явж байсан. Өөрөөр хэлбэл хөнгөлөгдөх нөхцөл байдал тэр төрлийн ашигт малтмалд байсан. Жонш дээр хөдөлдөггүй хатуу жишиг үнийг барьдаг зохицуулалт хэрэгжиж байсан учраас энэ жонш экспортлогч нарын тухайд өндөр үнэлгээтэй, магадгүй борлуулалтын үнэлгээнээсээ өндөр тооцогдож байгаа. Засгийн газрын тогтоолоор биржийн нэрийг зарласан эх сурвалжийг нь тогтоосон зохицуулалт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд бид нар бууруулах нөхцөл боломж байхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайд орлоготой уялддаггүй, төрийн өмчийг ашиглуулсныхаа төлөө үндсэндээ авах төлбөрөө тогтоож байгаа асуудал юм. Ганцхан татварын тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байдаг. Энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа хасагдах зардал гэдэг зохицуулалт байдаггүй. Жишиг үнээ хатуу тогтоочихсон. Тэр зарчмаараа шууд тооцооллыг нь хийгээд явдаг. Уг нь жонш борлуулахын тулд зардал гаргаад байгаа. Тэр нь хасагдах зохицуулалт байдаггүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 3,137,,861.31 төгрөгийн нөхөн татвар, 1,057,,546.2 төгрөгийн торгууль, 556,,969.64 төгрөгийн алданги, нийт 4,750,,377.15 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

          2.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” гээд 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, Засгийн газрын 2016 оны 02  дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын  2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэжээ.

          Мөн Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт үүрэг болгожээ.

          3.Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын хугацаанд хамаарах 2018-2021 онуудад жонш экспортод гаргасан, АМНАТ-ын төлбөр төлөөгүй гэдэгтэй маргаагүй бөгөөд харин биржийн болон зах зээлийн үнэ зөрүүтэй, биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

          4.Хяналт шалгалтын хугацаанд хамаарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг тодорхойлсон бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгчээс 2018 онд 15,856.81, 2019 онд 10,649.7, 2020 онд 7,980.75, 2021 онд 8,171.8, нийт 42,659.06 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортолсон хэдий ч 2018,2019 онуудад тайлан ирүүлээгүй, 2020,2021 онуудад Х тайлан ирүүлсэн байх тул түүнийг Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

          5.Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэдий ч дахин 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө” гээд 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэж заасан байх тул хариуцагч нарын гаргасан маргаан бүхий акт хуульд нийцжээ.

          6.Мөн Засгийн газрын 2016 оны 02  дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын  2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэж нэрлэсэн, Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт үүрэг болгосны дагуу экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг сар бүр гаргасан бол нь Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2434 тоот албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

          7.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн, хуулийн этгээд нь хуулиар тогтоосон татварыг төлөх, тайлагдах үүрэгтэй бөгөөд хариуцагч нараас уг хуулийн хэрэгжилтийг хангахаар нөхөн ногдуулалтын акт тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          8.Харин нэхэмжлэгчээс Засгийн газрын 2016 оны 02  дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоол хуульд нийцсэн эсэх талаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд тухайн тогтоол хүчингүй болсон тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

 

ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарт холбогдох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б*******, П.Д******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000******* дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ