Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0374

 

 

     2024         04           29                                     128/ШШ2024/0374

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л******* овгийн Д*******гийн Б*******, 15 тоот, РД:Ч*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, О.А,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б,

Гуравдагч этгээд:    “Ц ” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Э нарын хоорондын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц” ХХК-ийн 10300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаар захирамжаар “Ц” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бын аманд байрлах 10255 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай Д.Б*******өд эзэмшүүлсэн газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлжээ.

1.2. Д.Б*******өөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргад “... “Ц” ХХК-ийн нэр дээр газрын гэрээ, гэрчилгээг гаргасныг хожим мэдэв ... “Ц” ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож иргэн Д.Б*******, Б.М нарын зөрчигдсөн эрхийг сэргээн өгнө үү” гэж гомдол гаргасан.

1.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03/4687 тоот албан бичгээр “.. хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 9 зүйлийн 94.1”д заасны дагуу гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул таны гомдлыг шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу хүргүүлжээ.

1.4. Д.Б*******өөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц” ХХК-ийн 10,300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан.

           

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газраас Газрын тухай хуулийн 29, 31, 32, 33.1.2, 33.2 дугаар зүйлд заасны дагуу газрын дуудлага худалдааг зохион байгуулж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт зуслангийн зориулалтаар Бын аманд байрлах нэгж талбарын 55/5625-18628*******7 дугаар бүхий 10,300 м.кв газрын эзэмшигчээр иргэн Д.Б*******, Б.М нарыг дуудлага худалдааны ялагчаар тодруулж газар эзэмшүүлэх гэрээ хийн, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн боловч тухайн үед дээрх иргэдийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олголгүй дуудлага худалдааны төлбөрийг төлсөн “Ц” ХХК-ийн нэр дээр газрын гэрээ, гэрчилгээг гаргасныг хожим мэдэв. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц” ХХК-ны 10,300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хандсан боловч бидний гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзсан хариу өгчээ. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэсэн заалттай нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 14.1.1, 14.5 заалтаар энэхүү гомдлыг гаргав.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 заалтаар “Ц” ХХК-ийн нэр дээр гаргасан нэгж талбарын 55\5625-18628*******7 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Бын аманд байрлах 10,300 мкв зуслангийн газрыг “Ц” ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус Захиргааны акт болохыг тогтоолгохоор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж Монгол шуудангаар илгээсэн боловч бидний гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шийдвэрлэж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасан Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно заалттай зөрчилдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар ашиглах эрх надад байсан. Энэ газрыг эцэслэн авах гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Газар нь 3 янзын хэмжээтэй байгаад байгаа, нэг хэмжээтэй болгох хэрэгтэй. Хавтаст хэргийн 205 дахь талд 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11/8 тоот Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд “Ц” ХХК нь Д.Б*******тэй зөвшилцсөн, 2011 оны 07 дугаар сарын 23-ний өдөр дуудлага худалдаагаар газар авсан. Газрын баримт, төлбөрт 7,392,000 төгрөг төлсөн. Дуудлага худалдааны баримт бичиг олдохгүй байгаа. Д.Б*******ийн эзэмшилд байгаа 800 мкв талбай шинээр дуудлага худалдаагаар авсан газар нэмэгдэх нь зүйтэй байна. Дуудлага худалдаагаар авсан газрын нотариатаар орсон баримтад эхлээд миний нэр дээр гарах байсан. Тухайн үед би энэ асуудлыг ойлгоогүй. Гэтэл “Ц” ХХК хашаа нийлүүлээд барьсан. Иймд илт хууль бус гэж үзэж байна.

Сүүлд хүрээд ир, хоол хийгээд байж байя, асуудлаа шийдье гэж дуудсан. Шүүхээр явж шийдэж байхаар уулзаж байгаад хурдан шийдье, бид хохирох гээд байна гэдэг асуудлыг их ярьсан. Хариуцагч тал ойлгохгүй, буруу ойлгоод байгаа юм уу, энэ асуудалд анхааралгүй хандаад байгаа юм уу мэдэхгүй байна. Би хүүтэй минь адил хүү гэж бодоод явсан. Асуудлыг нааштай хандаж өгнө үү гэж хандсан.

“Ц” ХХК нь миний ах, дүүгийн компани байсан. Дундаас нь Б.П ороод хүүхдүүдийн хооронд эв найрамдалгүй болгосон гэдэг дам яриа байдаг. Би үүнийг мэдэхгүй. Сүүлд ах, дүү нартай уулзахад Б.П компанийн захирал болоод газрын асуудлыг өөрийн гэж бодоод байгаа юм уу, эсвэл мэдэж байгаа ч албаар ингээд байгаа юм уу, ийм асуудал гараад байгаа. Бид их хөрөнгө оруулалт хийсэн, тойруулаад хашаа хийгээд, байшин бариад, барилга барьж эхэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод газраа авсан. Гэтэл асуудал гарсан. Энэ асуудлыг үндэслээд газар шилжүүлэх асуудал зогссон. Газраа сэргээгээд шилжүүлж болох байсан, гэтэл газраа өгөхгүй байна.

Миний газар гэдгийг Б.П мэднэ. Э.Бт гэдэг хүн газрын харилцааны газрын дарга байсан. Дуудлага худалдаагаар газар авсан баримт алга болсон. Нэг өрөөнд цуг сууж байгаад дуудлага худалдаа болоод, газрын үнэлгээ гараад, эцсийн дүнгээр миний нэр тодроод, авах боломжтой болж алх цохиод газраа авч байсан. Гэтэл баримтууд яагаад алга болсныг ойлгохгүй байна.

Хүний газар мөн гэдгийг гэрч хэлсэн. Б.Пын газрыг мэдэхгүй, хамааралгүй газар байдаг гэдгийг хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар захиралтай холбоотой, байцаагчид хандсан. Бидний зээлсэн мөнгийг шүүхийн шийдвэрээр буцаагаад олгох тухай асуудал үүссэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын байцаагч бид эхний хүмүүсийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг зохицуулаад барагдуулна гэж ярьсан. Мөнгө зээлье гэж ирээд хүүхэд нь гадаадад сурч чадахаа байлаа, мөнгө зээлмээр байна, бид газраа өгье, асуудалгүй ав гээд, хэлцэл, гэрээ хийгээд өгсөн. Зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа. Үүнийг уулзаж байгаад ярья гэсэн санаатай байсан. Энэ газарт бидний зүгээс 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Худаг ухсан, хашаа татсан, барилга баригдаж байсан асуудал нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Бид олон жил яваад баймааргүй байна, хохироод явж байна. Өмгөөлөгч, болон төлөөлөгчдөд мөнгө төгрөг төлөөд яваад байдаг, заримдаа зөвшөөрөөд газраа өгдөг, гэтэл өөрөө ирж өгөхгүй хүн томилоод байдаг. Бид өрөвдөөд мөнгө зээлсэн, хүүхэд нь сурсан. “Н” санхүүгийн байгууллагад боловсруулаад үзэхэд 50 сая төгрөг зээлсэн, буцааж төлөхгүй байсаар 120 сая болсон байдаг. Зээлсэн мөнгөө төлөхгүй, төлөхийг ч хүсдэггүй, уулзаад газраа өгөхийг хүсдэггүй” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримтууд байгаа гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн. Б.Пын зүгээс уулзаад асуудлаа шийдвэрлэчихвэл зохино гэсэн ийм санал байна. Бусад материалыг ярьсан” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Д.Б******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэрээр хуучнаар 22 дугаар хороо Бын аманд зуслангийн зориулалтаар 800 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар 0134583 дугаар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 01 сарын 21-ний өдөр авсан байдаг. Улмаар иргэн Д.Б******* нь 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 82 дугаар нотариатчаар хийлгэж, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Д.Б******* нь “Ц ” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж, мөн өдөр “Ц ” ХХК нь Д.Б*******ийн газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 захирамж гаргаж, хуучнаар 1 дүгээр хороо Бын аманд нэгж талбарын 18628315 дугаар 10255 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2011 оны 03 дугаар сарын 02-ний өдөр “Ц” ХХК нь 0228743 дугаар гэрчилгээг авч, мөн өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. “Ц ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 1/29 албан тоотоор талбайн хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар, эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар нэгж талбарын 18628*******7 дугаартай 9857 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших захирамж гарсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Ц” ХХК-ийн нэр дээр газрын гэрээ гэрчилгээг гаргасныг хожим мэдэв гэжээ. Хариуцагч нь иргэн Д.Б*******ийн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.03.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Б*******ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Ц" ХХК-ийн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай манай "Ц Констракшн” ХХК-д 10,300 м2 газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн шүүхээс хүсэж байна. Учир нь:

1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай:

Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газар гуравдагч этгээдийн нэр дээр гарсан болохыг хожим мэдсэн гэж байгаа боловч энэ нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй юм. Учир нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газрын дуудлага худалдааны ялагч болсон гэх бөгөөд заасан хугацаанд газрын төлбөрийг төлж гэрээ байгуулж, гэрчилгээ авах ёстой. Гэтэл энэ бүх хуулийн шаардлагыг мэдсээр байж бүхэл бүтэн 13 жил явсныхаа дараа гэнэт газар авах ёстойгоо санаад олж мэдсэн гэхээр бодит байдалд нийцэхгүй байна.

2. Илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрх олгох бүрэн эрхтэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулиар тодорхойлогдоно. Иймд акт гаргах эрх зүйн үндэслэл бол байгаа. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт, гэрээгээ өөрийн хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр нотариатаар гэрчлүүлэн өгсөн нь өөрөө маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ 2 байдлаар тайлбарлаж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа зөвшөөрөлгүйгээр миний газрыг “Ц ” ХХК-ийн нэр дээр гаргасан нь илт хууль бус байна, давхцалтай буюу хуучин эзэмшиж байсан газартай нь холбогдуулж нийлүүлээд олгосон нь илт хууль бус гэсэн агуулгаар маргасан. Эдгээр үндэслэлүүд бүхэлдээ эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны актыг гаргаж байгаа Засаг даргад газар олгох эрх хэмжээ олгогдоогүй, үгүй бол газар олгох асуудлаар шийдвэр гаргах эрх Засаг даргад байхгүй тохиолдолд хэрэглэгдэж болно. Д.Б******* газрыг, “Ц ” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаагүй бол маргаж болох байсан. Тэгсэн хэдий ч дээр дурдсаны дагуу Д.Б******* 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ц ” ХХК-ийн нэр дээр өмнө нь эзэмшиж байсан 800 мкв дуудлага худалдаагаар авсан 10000 мкв газрыг бүхэлд нь “Ц ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан. Мөн “Ц ” ХХК-тай гэрээ байгуулаад, нотариатаар гэрчлүүлсэн учраас нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтээ гаргасан, Засаг дарга шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Газрын тухай хуульд Засаг дарга газар олгох шийдвэр гаргах эрх бүхий субъект учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй. Илт хууль бус захиргааны акт гэдэг илэрхий, тодорхой, алдаатай, хэн ч харсан алдаа нь ойлгомжтой тохиолдолд ордог учраас маргаж болох захиргааны акт гэдэг ангилалдаа орно. Иймд нэхэмжлэгчийн маргаж байгаа акт хууль бус захиргааны акт биш.

Миний хуучин газрыг “Ц ” ХХК-д хамт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Д.Б******* хүсэлтээ өгчихсөн, маргаж болох зүйл байсан бол 2011 онд хүсэлтээ гаргасны дараа маргаж болох байсан. Иймд 2011 оны асуудалд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хугацаа дууссан учраас илт хууль бус болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа сонгосон байх. Гэвч илт хууль бус захиргааны акт биш.

Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн авга дүү Э.Б******* гэдэг хуучин “Ц ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг гэрчээр асуусан, нотолж байгаа асуудал нь Д.Б*******тэй тохиролцоод газрыг компанийн нэр дээр шилжүүлж авсан гэдэг үйл баримтыг гэрчилдэг. “Ц ” ХХК-ийн одоогийн захиралтай компанийн удирдлагын асуудлаас болоод хоёр тийшээ салсан. Хөрөнгөө хуваахдаа газрыг мартсан гэж өөрөө ярьж байсан. Иймд маргаан бүхий газартай холбоотой асуудал Засаг дарга болоод нэхэмжлэгч нарын хоорондын илт хууль бус гэдэг асуудал биш хувьцаа эзэмшигчийн хоорондоо хөрөнгөө хуваахдаа үүссэн асуудал байж болох, Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.Б*******өөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц” ХХК-ийн 10300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... дуудлага худалдаагаар авсан газрыг “Ц” ХХК-д эзэмшүүлсэн нь илт хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Маргаан бүхий газарт

3.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 235 дугаар захирамжаар иргэн Ч.С*******, Ж.О******* нарт тус бүр 400 мкв газар эзэмших эрх олгогдсон.

3.2. Эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх газруудыг Д.Б*******өд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар захирамжаар баталгаажуулж, Д.Б*******өд тус дүүргийн 22 дугаар хороо, Бын аманд 800 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

3.3. Д.Б******* “Ц” ХХК-ийн захирал Э.Б******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бын аманд байрлах 800 мкв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж,

- Д.Б*******өөс 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд “... 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр газрын дуудлага худалдаагаар 10103 мкв газрыг 7,392,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг “Ц ” ХХК Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тушаасан. Иймд нийт 10903 мкв газрыг “Ц ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлттэй байгааг хүлээн авна уу” гэсэн.

-  “Ц” ХХК-иас тус өдрийн 11/08 тоот албан бичгээр “... “Ц ” ХХК нь иргэн Д******* овогтой Б*******тэй зөвшилцөн түүний 2010 оны 07 дугаар сарын 23-нд дуудлага худалдаагаар авсан 10103 мкв газрын төлбөрт 7,392,000 төгрөг тушаасан. Иргэн Д.Б*******ийн эзэмшиж байгаа 800 мкв газар болон тус газрыг нийлүүлэн нийт 10903 мкв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ц ” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

3.4. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаар захирамжаар “Ц” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бын аманд байрлах 10255 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлжээ.

3.5. “Ц ” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/29 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан “... 10300 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Манай эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт давхцал үүссэн учир 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн кадастрын зургаар 9857 мкв болж өөрчлөгдсөн. Иймд манай компанийн эзэмшил газрын хэмжээг 9857 мкв-аар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/679 дугаар захирамжаар “Ц ” ХХК-ийн эзэмшлийн 3 хороо, Бын аманд байрлах газрын хэмжээг 9857 мкв болгож өөрчилжээ.  

4. Нэхэмжлэгч талаас анх “Ц” ХХК-д эзэмшүүлсэн газрын 10103 мкв талбай хэсгийг миний бие дуудлага худалдаагаар худалдаж авсан, “Ц” ХХК-ийн захирал нь миний дүү байсан тул дуудлага худалдааны төлбөрийг төлүүлсэн” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч дуудлага худалдаа явагдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй, Тодруулбал, 

4.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/2752 тоот албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын архивын хэлтэс нь 2011-2014 оны байнга хадгалах баримтыг Нийслэлийн Архивын газарт нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгсөн тул Нийслэлийн Архивын газарт хандана уу” гэсэн.

4.2. Нийслэлийн Архивын газраас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1235 тоот албан бичгээр “Тус архивт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэгж талбарын 18628*******7 дугаар бүхий газар, 1 дүгээр хороо, Бын аманд байрлалтай гэх 10300 мкв газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан тухай баримт байхгүй болно” гэсэн.

4.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-01/1306 тоот албан бичигт “... иргэн Д.Б*******тэй холбоотой баримт бичиг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжтай холбоотой байх тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт хандана уу” гэсэн хариуг тус тус ирүүлсний зэрэгцээ нэхэмжлэгчээс дуудлага худалдаанд оролцсон талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

5. Хэдийгээр газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулсан баримт захиргааны байгууллагуудын архивт хадгалагдан үлдээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, түүнчлэн гэрч Э.Б*******ээс “...Миний бие Ц компанийн гүйцэтгэх захирал байсан. Д.Б******* гэдэг хүн манай авга ах газартай байсан. Мөн дуудлага худалдаагаар залгаа газар авах талаар хэлсэн. Тухайн үед Д.Б******* ахад мөнгө байхгүй, надад мөн мөнгө байхгүй байсан. Компаниасаа мөнгө хийж байсан. 7 сая төгрөг болж байсан. 2011 онд болсон үйл явдал. Газрын гэрчилгээг компанийн нэр дээр гаргуулсан. Миний бие Ц компаниас гарч Б.П гэж хүн гүйцэтгэх захирал болсон. Тухайн компани дээр би хувь эзэмшихээ болсон. Гэвч тухайн газрыг Д.Б******* буюу манай авга ахын газар гэдэг талаар сүүлд хэлсэн. Би компаниасаа гарахдаа мартсан байсан. Сүүлд Б.Птай уулзаж авга ахын газар тул буцааж өгөөрэй гэхэд за гэж хэлж байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгч уг газрыг дуудлага худалдаагаар авч, эзэмших эрхийг “Ц/тухайн үеийн нэршил/” ХХК-ийн нэрээр гаргуулсныг үгүйсгэхээргүй байх боловч энэ нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, харин захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хүрээнд дүгнэгдэх боломжтой.

6. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцохоор, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах” нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах”-аар, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулах”-аар тус тус хуульд заасан байх тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2011 оны 14 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бын аманд байрлах 10255 мкв газрыг Ц/Ц болгож оноосон нэрээ өөрчилсөн/ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан хууль ёсны акт гэж үзнэ.

7. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь захиргааны актыг гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхад акт гаргасан бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх ба харин маргааны тохиолдолд газар эзэмших эрх олгох болон, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх хэмжээ нь дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2011 оны 14 тоот захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэхгүй.

8. Нэхэмжлэгч Д.Б*******ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 382 дугаар захирамжаар эзэмшиж байсан 800мкв газар нь түүнээс илт хууль бусад тооцуулахаар шаардаж буй 2011 оны 1 захирамжаар “Ц” ХХК-д эзэмшүүлсэн 10255 мкв газарт багтаж байх боловч нэхэмжлэгч дээрх 3.3-т дурьдсан гэрээг байгуулж гарын үсэг зурсан, хүсэлт гаргасан тухайдаа маргаагүй, “Э.Б******* нь миний дүү юм” гэж тайлбарласан.

9. Мөн “Ц ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.П болон О.А/нэхэмжлэгчийн эхнэр/ нарын хооронд нэгж талбарын 18628*******7 дугаартай 0228743 тоот гэрчилгээ бүхий 10300 мкв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ 128/2020/0795/3 индекстэй захиргааны хэрэгт авагдсан байх ба тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 648 тоот шийдвэрээр “... нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4/29824 тоот албан бичиг ирснээс шалтгаалан газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг хариуцагч шийдвэрлэх боломжгүй боломжгүй болсон” гэж дүгнэн “О.Ад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд О.А нь дээрх гэрээний дагуу газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

10. Энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 14 тоот шийдвэрийг “Ц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

11. Иймд Д.Б*******өөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц” ХХК-ийн 10300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******өөс Сонгинохайрхан дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоот шийдвэрээр “Ц ” ХХК-ийн 10300 мкв газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ