Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

   *******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч ******* 
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Володя, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 22220000000******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овгийн ******* *******, ******* өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 3-р баг,******* гэх газар нутаглах, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД://.
******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн ******* сумын 3-р багийн******* гэх газар оршин суух иргэн ын гэрт амь хохирогч ыг хутгалан алсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14553425 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “сэтгэл санааны хохирол 20000000 төгрөг гаргуулах, амь хохирогчийн бага насны хүүхдийг 18 нас хүртэл нь cap бүр 500000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх тухай” нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, эсгий дотортой хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч *******т, эвхдэг болон эвхдэггүй хутга тус тус 1 ширхэг, саарал өнгийн эмжээртэй хар өнгийн дээл, цахилгаантай хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, антентай хар ногоон өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн нарийн бүс 1 ширхгийг гэрч т, цагаан өнгийн гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болорчулуунд тус тус буцаан олгож, саарал өнгийн ханцуйтай цамц, хөх өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн эмжээртэй хөх өнгийн дотоож, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан саарал өнгийн жийрэг 1 хос, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, алтан түрүү нэртэй архины шил 1 ширхэг, Qualy нэртэй архины шил 1 ширхэг, коко кола ундааны сав 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг марлонд бэхжүүлсэн арчдас, ногоон өнгийн дээл, эвхдэг хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй боловч түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
2022 оны 03 сарын 02-ны өдөр амь хохирогч нь цээжний хөндий руу нэвтэрсэн шарх, гэмтлийн улмаас цус алдаж нас барсан үйлдэлд шүүгдэгч ******* гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч *******ын зүгээс анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний үйлдлийн улмаас талийгаач нас барсан гэдэгт харамсаж, гэмшиж, болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч ирсэн.
...*******ын зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” байж болох юм гэсэн дүгнэлтийг гаргасныг анхан шатны шүүх “нөхцөл байдлыг буруугаар ойлгож, андуурсан нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм” / шийтгэх тогтоолын 7-р тал/ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
...Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгаж чадахгүй ч гэсэн оршуулгатай холбоотой бүх хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсонд харамсаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нөхцөл байдлыг андуурсан гэдэгт хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрч Цэвэлсүрэн, Шинэбаяр нарын мэдүүлэгт “өдөөд байхаар нь би шаачихсан юм аа” гэж ******* хэлсэн байдаг.  Модоор андуураад хатгасан гэсэн үйлдэл нь нотлогдохгүй байх учир амь хохирогчийг санаатайгаар алсан дүгнэлтийг гаргаж байна. Хохирол барагдуулсан ч хор уршиг арилахгүй учраас анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах боломжгүй. 
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг хянав. 
           Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн нутаг******* гэх газар иргэн ын гэрт байх үедээ хохирогч ыг зүрхэн тус газар нь хутгалан алсан гэх хэрэгт холбогдсоныг аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ. 
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтжээ. 
           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******ын үйлдсэн бусдыг алсан хэргийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, хэргийн нөхцөл байдал нотлогдсон, хууль зүйн бодит үндэслэл бүхий баримтад үндэслэн дүгнэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ. 
           Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн болон хүний бие болон цогцост үзлэг хийсэн тухай мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, задлан шинжилгээний талаарх тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтын талаарх үзлэг, тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ. 
           Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 
           Шүүгдэгч ******* нь хохирогчийн зүрхэн тус газар нь хутгалж амь насыг хохироон “бусдыг алсан” гэх хэрэгт холбогдсон тул шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оноосныг шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв. 
           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж тухайн зүйл ангид заасан доод хэмжээгээр хорих ялыг оноохыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн болно. 
           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/94 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 06 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.             
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА 

                                                     Ш.ТӨМӨРБААТАР