| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04936/И |
| Дугаар | 182/ШШ2024/04030 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/04030
2024 10 03 182/ШШ2024/04030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч байр. ******* банк ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж-н К-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнцэцэг,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Х-н гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* банк ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь 2012.08.23-ны өдөр ******* банктай ЗГ1905012161 дүгээр тоот Зээл гэрээ байгуулж 4,500,000.00 (Дөрвөн сая таван зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 3452 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 9,842,842.89 (Есөн сая найман зуун дөчин хоёр мянга найман зуун дөчин хоёр төгрөг наян есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөртэй байна. *******ыг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Б тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2024.07.31-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/15100 дугаар тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь 2012.08.23-ны өдөр ЗГ1905012161 дүгээр тоот зээлийн гэрээ, зээлдэгчийн монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээл эргэн төлөлтийн хуваарь, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15100 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2012.08.23-ны өдөр ЗГ1905012161 дүгээр тоот зээлийн гэрээ, зээлдэгчийн монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Б тоот хаягт амьдардаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15100 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* банк ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* банк ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, *******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ж-н К-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Ч.Х-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА