Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2024/0087/З |
Дугаар | 128/ШШ2024/0376 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0376
2023 04 29 128/ШШ2024/0376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "Э*******" ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Ц*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А******* тоот тушаалаар "Э*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Б*******анд 20035мкв газрын ашиглах эрх олгосон.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар "Э*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр 20035 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
1.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1109 тоот албан бичгээр "Э*******" ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.
1.4. "Э*******" ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, "Э*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч "Э*******" ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Б*******ны тусгай хамгаалалттай газарт "Аялал жуулчлалын төв" байгуулах зөвшөөрлөөр 1/88 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээ олгогдсон.
Бидний зүгээс газар эзэмших гэрчилгээ олгогдсон цагаас хойш газрыг зориулалтын дагуу тасралтгүй ашиглаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баримтлан татвараа тогтмол төлж, түүнчлэн Байгаль орчны яамны төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран үнэлгээ хийлгэн төсөл боловсруулж, түүний дагуу амралтын барилга байшин, зам талбай барьж тохижуулах зэргээр ашигласаар ирсэн билээ. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М ХК-иар дамжуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Б*******анд 20035 мкв газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Э ХХК-ийн төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө үү. Хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалын хуулбарыг хүргүүлэв" гэх албан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Дээрх албан мэдэгдэлд хавсарган ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалд "Э" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 20035 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болгосугай гэсэн байх бөгөөд газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай бидэнд огт мэдэгдээгүй, дуусгавар болсон болохыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгийг хүлээж авахдаа мэдлээ. Манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тодруулбал: Сонсох ажиллагаа хийгээгүй талаар
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанид ашиглахаар олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах гэж буйгаа бидэнд мэдэгдэж, тайлбар, санал авах сонсох ажиллагааг явуулалгүйгээр шийдвэр гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ" гэж тус тус заасан. "Э*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А******* дугаар тушаалын дагуу "Аялал жуулчлалын төв” байгуулах зөвшөөрлөөр 1/88 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээний эзэмшигчийн хувьд эл хуулийн заалтад тусгагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд билээ.
Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг бүхэлд нь зөрчсөн шийдвэр гаргасан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохын хувьд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгохдоо "... Э ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэж үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл Э******* компанийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасаар байгаа. Иймд "Э" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
. 2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2004 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын чиглэлээр амралт, сувилал ямар байх ёстой, зориулалт ямар байх ёстой тал дээрх дэг журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах хүсэлт тавьж газар авсан. Анх газарт очиход Богдхан уулын Б*******ны модыг хүмүүс зөөгөөд, хяргаад хаясан байдалтай байсан. Манайх томоохон хэмжээний хашаа бариад, хамгаалах хэрэгтэй, зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй гэсэн хэлцэлтэйгээр Газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гуравласан гэрээг "Э*******" ХХК-тай хийж, үйл ажиллагааг эхэлж байсан. Өгөгдсөн 2 га газраас гадна хамгаалалтын зурвас татаж, нийт 4,5 га орчим газрыг хашаалж ажлаа эхэлж байсан. Эрчим хүчний эх үүсвэр болох тогийг өөрсдийн хувийн компанийн зардлаас гаргаж эрчим хүчийг татаж авч байсан. Худаг гаргаж, зориулалтын дагуу шинжилгээнд өгч, цэвэр ус, сувгийг гаргасан. Цэвэрлэх байгууламжийг албан ёсны журмын дагуу хийсэн. Амрагч нарын амрах дуртай бүх нөхцөлийг хангасан талбай, зориулалтын амралт, амрах, зугаалах бүх бүсийг хамгийн түрүүнд хийсэн. Үүний дараа бид хөрөнгө, мөнгө гаргаж 60 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай рестораныг барихад 1,600,000 төгрөг орсон. 10 гэрийн суурь хийсэн, 7 амрагчдын байртай, 1,2 тэрбум орчим төгрөгийг "Э*******" ХХК-иас гаргасан.
Хүрээ гэдэг газар байсан, түүхэнд домог болсон бумба тахидаг газар. Хүмүүс мэдэхгүй байх. Би гарал үүсэл, эх орноо гэсэн түүхчилсэн хүний үр сад учир Б*******анд хүрээний баячууд очиж бумбаа тахидаг байсан газрыг түүх дурсгалын газар болгочих юмсан, барилгууд бариулахгүй юмсан гэдэг сэтгэлээр Б*******ыг сонгож авч байсан. Дээр үед Зайсангийн хажуу талын ам чөлөөтэй байсан, гэтэл одоо их барилгууд баригдсан. Өнөөдөр миний хөрөнгө юм шиг харагдаж байгаа ч Монгол улсын өв хөрөнгө. 17 дугаар зууны үед Богдхан ууланд дархлагдсан мундаг том газрыг энгийн иргэн хайрлаж, хамгаалаад, сэтгэлээрээ авч явж байсан. Би архитектор хүн учраас газрыг нь ухахгүй, өндөрлөсөн бетонон суурьтай гэр бариад, явган хүний зам хийж, мод, ургамал тариад амрагчид ирэхэд идэж, уух, зориулалтын хог хаях цэг, жимс, ногооны талбай, зоорь гээд бүх зүйлийг Богдхан уулыг хөндөхгүй гэсэн сэтгэлээр хийсэн. Манай ажилчид хөлс хүчээ гаргаад ажиллаж байсан. Хашаан дотор гэхэд тарваганы дошнууд байж байдаг, хүмүүс ирээд буудах гээд байдаг учраас бид шөнөөр манаач хийдэг байсан, ийм хүндэтгэлтэй газар байгаа. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүх бодит байдлыг мэднэ, гал түймэр гарахад барилгынхаа ажилчдыг оруулаад, унтрааж байсан. Энэ бүхнийг урьд өмнөх дарга нар бүгд мэддэг байсан. Одоо хүмүүс нь байнга солигдоод байдаг учир ямар сэтгэлээр энэ газрыг байлгаад байдаг талаар сүүлийн үеийн хүмүүс мэдэхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын дарга нар солигдож газрыг маань хураана гэдэг. Үргэлж энэ байдлаар тайлбар өгч, тухайн үедээ сунгуулж, 5 жил зөрчилгүй явж байсан.
Сүүлд коронавирус гараад газар дээрх ажлын асуудал их хүндрэн, санхүүжилтийн байдал хүндэрч, жижиг компаниудад хүнд байгаа. Би дундаж амьдралтай жижиг компанийн барилгын зураг төсөл хийдэг, барилга барьдаг компанийн захирал. Энэ газар Улаанбаатар хотын бохирыг авчихдаг, Богдхан уул нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шингээж авдаг уул. Гэтэл хэн ч энэ талаар мэдэхгүй. Өндөр барилгууд бариад мөнгө олж байвал болоо гэдэг зарчмаар хүмүүс их дайрч байна. Би энэ газрыг яагаад хайрлаад байдаг вэ? Манай энэ хавийн ам бүрд барилгууд барьчихсан. Гэтэл би барилгын хүн өндөр барилга бариагүй, хятад залуучууд нийлье гэж уулзахад нийлдэггүй, чадаж ядан 2 тэрбум төгрөг гаргаж амралтыг байгуулахын төлөө зүтгэсэн, цаашлаад 3 тэрбум төгрөгийн хэрэг гараад мөнгө хайгаад явна. Зураг төслөө хийчихсэн, төслөө танилцуулаад мөнгө гуйлгаад явж байгаа. Гэтэл газрыг маань сунгаж өгөхгүй учраас төслийн мөнгө олдохгүй байдалд байна.
Хуулийн байгууллага хүний хийж байгаа хөдөлмөрийг зөвөөр үнэлэх байх гэж бодож байна. Би газар дээрээ хэзээ ч барилга бариулахгүй, амралтын газар, сувилал байлгая гэдэг байр суурьтай. Хүмүүс Тэрэлж явж байна, мөнгө төгрөгөө үрээд, жигтэйхэн үнэтэй байдаг. Манай монголчууд бие биеэ дэмжихээсээ илүү буулгах, унагаах талдаа их байдаг. Байгаа мөнгөө бүгдийг нь барилга байшин, тохижилт, ус, тог, дулааны эх үүсвэр, дэд бүтцүүдэд зориулаад гүйж байхад үнэлэхгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хүмүүстэй их уулзаж, харьцдаг байсан. Сүүлийн үед бие өвдөөд, ажиллах хүн байхгүй байсан учир манай ажил зогссон. Үүнд уучлалт гуйя.
Монгол улсын газар учраас нэгэн иргэнд хугацааг нь сунгаж өгнө үү гэдэг хүсэлт тавьдаг. Газрын төлбөрөө төлөөгүй зөрчил надад байгаа. Надад худлаа ярих сонирхол байхгүй. Газрын төлбөрийн хувьд барилга барьж байгаад "Э*******" ХХК-д байдал хүндрээд, газрын төлбөр хийгээгүй асуудал үүсээд байгаа. Одоо манай ажил жигдэрсэн, төлбөрөө төлөх гээд хавраас хойш очихоор танай газар цуцлагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авсны дараа татвар нээж өгнө, одоо хаалттай учраас төлөх эрхгүй гээд төлбөрөө төлж чадахгүй байна. Газрын төлбөрийг хийчихвэл бусад зүйлд зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа, үүнийг зөвөөр шийднэ гэж бодож байна. 2004 оноос хойш аваад явсан, цаашдаа ч аваад явна, сайхан сувиллын газар хийнэ гээд төслөө танилцуулаад явж байгаа. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хуулийн хэлтсийн хүмүүс үзсэн гэж найдаж байна. Шүүгч газар дээр очиж үзлэг хийж байсан, зөрчил гаргасан зүйл байхгүй. Амралт сувиллаар нь л ажиллуулчихъя, надаас өөр хүн аваад сэтгэл гаргаж ажиллах талаар бодолцож үзэх байх. Хүмүүс газар аваад, тэгшлээд, ухдаг, Монголын дархан цаазат газар хэчнээн эмийн ургамалтай билээ, бүгдийг нь үгүй хийж байна. Манай хашаанд амьтад ороод ирэхэд бид хөөдөггүй, туулай гүйж, тарвага хашхираад байж байна. Байцаагчид хүртэл буудах гэж байгаад надад баригдаад, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хэлж, бууг нь хураалгасан. Байгаль хамгаалж, ажлыг минь дэмжиж, татварын асуудлыг шийдвэл татвараа төлж чадна" гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд дурдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А******* дугаартай тушаалаар олгогдсон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал үндэслэлтэй байх тул "Э*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлүүлэх тухай гэсэн шаардлагууд гаргасан. Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд А/******* дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар газрын эрхийн гэрчилгээ дагуу эзэмшигч газрын төлбөрийн хураамж, гэрээний нөхцөл байдлыг ноцтой зөрчсөн үндэслэлээр цуцалсан.
Мөн тухайн газар эзэмшигч нь газар ашиглах хүсэлтээ өгөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлүүдийг дурдаад газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийнхээ хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шаардсан баримтуудад ямар нэгэн байдлаар хугацаа сунгуулах хүсэлтээ өгөөгүй. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бид хүсэлтээ гаргаж байсан. 2018 он, 2019 он, 2020 онуудад хүсэлтээ гаргаж байсан ч газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр газар ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гэдэг агуулгаар тайлбарласан. Учир нь нэхэмжлэгч газар ашиглах гуравласан гэрээний дагуу газар ашиглагч хугацаанд нь газрын төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Үүргээ нэхэмжлэгч талаас хэрэгжүүлээгүй, мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар газар ашиглагч хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргасан байх ёстой. Гэвч нэхэмжлэгч талаас тухайн хүсэлтээ гаргаагүй, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэхгүй гээд байна. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу дээд шатны захиргааны байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүсэлтийг шийдвэрлэхгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг агуулгаар хүсэлт, гомдол гаргаж байсан зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч явуулаагүй гэж тайлбарладаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 736 дугаар албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч талаас хариу тайлбар ирүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдэд сонсох ажиллагаа явуулахаар бол шууд хүргүүлэх, эсвэл тухайн орон нутагт хүрэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга зүйн хэрэгслийг ашиглан явуулах гэж заасан. Захиргааны байгууллагаас сонсох боломж буюу 21 буюу түүнээс дээш тооны этгээдээс сонсох ажиллагааг явуулсан учраас хуулийн дагуу явуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. "Э*******" ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, "Э*******" ХХК- д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ,
-Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй,
-Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу адаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан" гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16- ны өдрийн А******* тоот тушаалаар "Э*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Б*******анд 20035 мкв газрын ашиглах эрх олгожээ.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн А/******* дугаар тушаалаар "Э*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр 20035 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:", мөн хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр", Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж заажээ.
6. Хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд газар ашиглагчийн газар ашиглах хугацаа тодорхой байх, улмаар эрхийг сунгуулах тухай хүсэлтээ хэзээ гаргасан байх шаардлагатай эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргах шаардлагатай байсан байна.
7. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч талын газар ашиглах эрхийн гэрчилгээ болох гэрээний хугацаа хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр дуусгавар болж байгаа нь тодорхойгүй, газар ашиглагч ямар хугацаанаас өмнө газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах ёстой байсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн "газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, шийдвэрлэж хариу өгөөгүй, би хүсэлтийнхээ араас яваагүй нь миний буруу” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй” гэсэн тайлбаруудад шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна. Тодруулбал,
7.1. "Э*******" ХХК-д анх 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А******* тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Б*******анд 2 га газар ашиглах эрх олгосон гэх боловч газар ашиглах эрхийн хугацааг сунгасан талаарх шийдвэрүүд, холбогдох баримтуудыг хариуцагчаас ирүүлээгүй,
7.2. Мөн тус компанийн 1/88 дугаартай тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтад 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 жилээр сунгав гэсэн бичилт хийсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/2018 тоот албан бичгээр шаардсан баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “архивын баримтад биечлэн хайгаад баримт олдоогүй” гэж тайлбарласан.
7.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1100 тоот албан бичгээр 48 хуудас нотлох баримт ирүүлсэн боловч уг баримтад мөн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэрүүд авагдаагүй, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар хандсан баримтууд байхгүй байна.
7.4. Мөн хариуцагчаас 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ" ирүүлсэн боловч уг гэрээний хугацаа хэзээ дуусгавар болох талаар гэрээнд тусгагдаагүй
7.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "сунгасан тушаал олдоогүй, эрх сунгагдаагүй учраас төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй” гэж тайлбарлах боловч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад төлбөрийн үлдэгдэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "14,010,000” төгрөг гэж бичигдсэнээс зөрүүтэй байна.
8. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа хэдийгээр дуусгавар болж байгаа нь тодорхойгүй, энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасны дагуу маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ