| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04985/И |
| Дугаар | 182/ШШ2024/04111 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04111
2024 10 08 182/ШШ2024/04111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я тоотод оршин суух, Уовогт Ө-н Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод бүртгэлтэй, Б тоотод түр оршин суух, О овогт П-н У/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь 2014 онд анх танилцсан, 2015 онд хамтран амьдарсан ба *******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгчдийн хамтын амьдралын явцад *******-ны өдөр хүү ******* мэндэлсэн. Гэрлэгчид 8 жилийн хугацаанд ар гэр болох ах, эгч дүү, ээж аавын зүгээс тэдний амьдралд оролцож байгаа асуудлаас шалтгаалж үл ойлголцох, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас муудаж, сайндаж бусад гэр бүлийн нэг адил амьдарч ирсэн боловч 2022 оноос салж, нийлэх болсон байна. Улмаар 2023 оны хавар нэхэмжлэгч ******* Япон улс руу суралцахаар явсан цагаас хойш тусдаа амьдарсан, эргэн нийлж амьдрах бодит боломжгүй болжээ. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ эхийн асрамжид үлдээнэ, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Гэрлэгчдийн хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр *******той 2015 онд танилцаж, үерхсэн. Бид 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хүү *******ыг төрүүлсэн. Анх гэр бүл болохдоо бид хоёр хийх ажлаа хуваарилж авсан боловч гэр бүлийг авч явах 70%-ийн ачаалал миний нуруун дээр ирдэг болсон. Би аль болох эвийг нь олж, хичээж амьдарч ирсэн, сүүлдээ би уурлаж, бухимдаж эхэлсэн. Нөхөр маань айлын бага хүүхэд, эрх өссөн, хариуцлагаас дандаа зугтаадаг. Миний зүгээс нөхөртөө шаардлага тавихаар хэрүүл болдог, бидний дунд болсон зүйлийг эгч нартаа очиж хэлдэг, эгч нар нь бидний амьдралд байнга оролцдог, хадам талаас дарамт их ирдэг байсан. Эгч нар нь намайг дүүг нь алган дээрээ бөмбөрүүлж байх ёстой юм шиг ярьдаг, намайг удам судраар маань дормжилдог. Мөн ******* гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсныг би сүүлд мэдсэн. Бид хоёр *******ыг Япон явахаас 3 сарын өмнө буюу 2023 оны 03 сард тусдаа амьдарсан бөгөөд нөхөр маань хүү бид хоёрыг орхиод гэрээсээ явнаас хойш гэртээ эргэж ирээгүй. ******* надад Япон явах гэж байгаагаа хэлээгүй, хүүхэдтэйгээ ч уулзаагүй. Би түүнийг Япон явсныг 2023.06.07-ны өдөр мэдсэн юм. Би олон жил сэтгэл зүйн хувьд хохирч явсан. Иймд *******той эвлэрч амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Бидний тусдаа амьдарснаас хойш хүү маань миний асрамжид байгаа, одоо 7 настай, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
2024.07.20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2024.08.23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, 2024.08.23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч нотлох баримтаар,
Нийслэлийн ерөнхий боловсролын БББББ дугаар сургуулийн 2024.09.17-ны өдрийн тодорхойлолт, ******* өрхийн эрүүл мэндийн төвийн 2024.09.19-ний өдрийн тодорхойлолт гэсэн баримтууудыг тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4., 127 дугаар зүйлийн 127.1., 132 дугаар зүйлийн 132.5.-д зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хамт хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаан байгаа эсэх, энэ талаар тохиролцсон эсэхийг зохигчдоос тодруулан, эдгээр асуудлыг хамтатган, нэг мөр шийдвэрлэдэг учиртай.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдал болон ар гэрийн оролцооны улмаас муудаж, сайндаж амьдарч ирсэн, 2023 оны 03 сараас тусдаа амьдарсан, ******* 2023 оны 06 сард Япон улсад суралцахаар явснаас хойш Монголд ирээгүй, иймд гэрлэгчид эргэн нийлж амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ эхийнх нь асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй... гэж тайлбарлав.
Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ... бид хоёр хамт амьдарч байх хугацаанд миний бие ачаалал үүрч ирсэн, нөхөр айлын бага хүүхэд бөгөөд хариуцлага үүрэх чадваргүй, гэртээ болсон зүйлсийг эгч нартаа хэлдэг, үүний улмаас хадам эгч нар бидний амьдралд ихээр оролцдог, намайг удам, судраар доромжилдог байснаас шалтгаалж би сэтгэл зүйн хувьд хохирч явсан, улмаар 2023 оны 03 сараас тусдаа амьдарсан, эргэн нийлж амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, харин хүүдээ эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулна, дундын эд хөрөнгийн маргаангүй... гэж тайлбарлан мэтгэлцэнэ.
4.*******, ******* нар гэр бүл болсноо *******-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас 2017.09.07-ны өдөр хүү Ө.******* төрсөн, хүү Ө.******* нь эх *******ын асрамжид эрүүл саруул өсөж байгаа, тэрээр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 2а ангид суралцаж байгаа болох нь тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар тогтоогдсон.
Зохигчид гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн байх бөгөөд уг үүргээ нэхэмжлэгч ******* хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь айлын бага хүүхэд, эрх өссөн байдал нь түүний амьдралд нөлөөлсөн, тэрээр хариуцлага даах чадваргүй, гэртээ болсон зүйлсийг эгч нартаа дамжуулдаг, үүний улмаас эгч нар нь тэдний амьдралд оролцдог, тэд хариуцагч *******ыг хэл амаар доромжилдог зэргээс шалтгаалж зохигчид бие бинээ хайрлаж, хүндэтгэж, халамжилж чадаагүй, 2023 оны 03 сард нэхэмжлэгч ******* гэрээ орхин явсан байх ба, 2023 оны 06 сард Япон улсад суралцахаар явснаас хойш Монгол улсад ирээгүй, үүний улмаас зохигчид эргэн нийлж амьдрах бодит боломжгүй, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
5.Зохигчдыг тусдаа амьдарсан 2023 оны 03 сараас эхлэн хүү Ө.******* эх *******ын асрамжид үлдсэн, зохигчид хүү Ө.*******ыг эхийн асрамжид үлдээх тухайд маргаангүй байх тул хүү Ө.*******ыг эх *******ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй,
38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч ******* нь хуулийн дурдсан заалтуудын дагуу хүү Ө.*******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй, тэрээр хүүгээ хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэхийг зөвшөөрсөн болно.
Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр хүү Ө.*******т тэтгэлэг тогтоож, түүнийг эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
6.Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024.03.01-ний өдрийн А/29 дугаар тушаалаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
7.Нэхэмжлэгч *******ын 2024.08.23-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******оос хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд ногдох тэмдэгтийн хураамжид 58,553 /454,200 төг * 12 сар = 5,450,400 : 2 = 2,725,200 төг/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.‑д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2017.09.07-ны өдөр төрсөн хүү Ө.*******ыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүү Ө.*******т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, түүнийг эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг, мөн зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******оос 58,553 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА