| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2017/0368/Э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 357
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Э-ийн Ц-т холбогдох эрүүгийн 1710000000187 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Эрдэнэт хивсний үйлдвэрт маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *********** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ээжийн хамт Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, ********* тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн Ц,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” худалдааны төвийн 5 дугаар давхарт иргэн Л.Б-ийн нүүрэн тус газарт цохиж, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ц нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Э.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Манай найз Тэнгис кино театрын орчим “Room 500” гэдэг нэртэй лоунжийг энэ оны 09 дүгээр сард нээж, намайг ажиллаад өгөөч гэж гуйсан учир би тус лоунжид маркетингийн менежер хийж, гал тогоог нь хариуцдаг болсон. М, Б.Ж гэх хүүхдүүдийг өмнө нь таньдаг байсан, мөн сургуулийнх нь төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулж өгч байсан учир би тогоочоор ажилд авсан юм.
М, Б.Ж нар нь “хоол хийх ур чадвар муутай” хэдий ч анхнаасаа сургаад авъя гэсэн бодолтой, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус лоунжид ажиллуулсан юм. Манайх 15 хоногт цалингаа тавьдаг. 15 хоног ажиллаад цалингийн 50 хувиа авч дахиад 15 хоног ажиллаад цалин авахаар тохиролцсон байсан. Ингээд ажиллаж эхэлснээс хойш 13 хоногийн дараа эхний цалинг нь өгөхөөр тохиролцсон. Б.Ж-ы цалинд 100.000 төгрөгийг дутуу өгсөн, тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул нэг дэх өдөр нь өгөхөөр өөртэй нь тохиролцсон байсан. Тэгээд маргааш өдөр нь уг лоунжид 60 хүний хүлээн авалттай, захиалга урьдчилан авсныг мэдсээр байж Б.Ж тодорхой шалтгаангүйгээр тэр өдөр ажилдаа ирээгүй, ажил тасалсан. Утсаар залгаж ажилдаа ирэхгүй яасан талаар нь асуухад “манай аав намайг ажилдаа битгий яв” гэж хэлсэн гэсэн.
Мөн манай гал тогооны хоолын зарим хэрэгсэл алга болж дутсан. Камерын бичлэг шүүж үзэхэд М, Б.Ж нар нь авч гарч байгаа харагддаг. Тэгээд нэг дэх өдөр нь Б.Ж над руу ярихад нь би “гал тогооны хэрэгсэл алга болсон, мөн ачаалал ихтэй захиалгатай байхад нэг бүтэн өдрийн ажил тасалсан, чамд цалингийн үлдэгдэл 100.000 төгрөгийг өгөхгүй, суутган тооцно.” гэж хэлсэн. Тэгээд Б.Ж бид хоёр утсаар муудалцаад, Б.Ж намайг “чи яагаад цалин өгдөггүй юм бэ, чамайг очиж ална” гэхэд нь би “чаддаг юм бол хүрээд ир, надтай ингэж ярих болоогүй шүү” гээд утсаа салгасан. Тухайн үед би Б.Ж-ыг ална тална гэж утсаар хэлээгүй.
Тэгээд удалгүй Б.Ж нь өөрийн аав гэх хохирогч Л.Б-ийг дагуулж ажлын оффист орилоод ороод ирсэн. Ирэхэд нь “гал тогооны хэрэгсэл, хүнсний зүйлийг Б.Ж авсан, камерийн бичлэгт М, Б.Ж нар аваад гарч байгаа бичлэг хадгалагдсан” байгаа талаар хэлэхэд үг сонсохгүй, орилоод дайраад байсан. Тэгэхээр нь би “энд орилж болохгүй, хүмүүс ажлаа хийж байна, хүнгүй газар очъё” гээд дээшээ 5 давхарт дагуулж орсон. Тэгээд би Б.Ж-ы аавд “хүүхэд чинь ажлын хариуцлага байхгүй, ажлаа хэд хэдэн удаа тасалсан, ур чадвар сайн эзэмшээгүй, хийсэн хоол нь буцдаг, манай байгууллагаас тоног төхөөрөмж алга болсон учраас цалин өгөөгүй” гэхэд аав нь намайг цохисон. Тэгээд аав нь над руу дайраад ирэхээр нь би аавыг нь цохих биш зүүн гараараа алгадсан. Бичлэг нь манай дэлгүүр дээр байгаа. Тэгэхэд Б.Ж-ы аав нь над руу түлхүүрээ барьчихаад “чамайг зооно” гээд байхаар нь хамгаалагчаа дуудаж гаргасан. Тэгээд тухайн орой намайг Цагдаад дуудсан байсан.
Би Эрдэнэт хивс ХХК, Room 500 гэдэг нэртэй лоунж, дуучин Маралжингоогийн менежерийн ажлыг зэрэг хийдэг, өөрөө арга хэмжээ зохион байгуулдаг компанитай. Цагдаа сэргийлэх гээд явах зав байхгүй, гал тогтооны хэрэгсэл алга болсон асуудлаар баримт нотолгоо нь байгаа ч гэсэн /камерын бичлэг байгаа/ учраа мэдэхгүй залуу хүүхдийг цагдаад өгч хохироогоод яах вэ, тэгээд ч алдагдсан бараа материалын үнэ 150.000 орчим төгрөг байсан болохоор тоолгүй орхиж, Б.Ж-ыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулаагүй юм. Л.Б, Б.Ж нарын үйлдлийн улмаас миний мөр эвгүй болсон байсан, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Энэ талаараа мөн цагдаад гомдол гаргаагүй. Би хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Миний алгадсанаас хохирогч гэх Л.Б-д хөнгөн гэмтэл учирсан. Надаас хохирогч нь хохирол гээд 1.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Миний хувьд Б.Ж-ы цалингаас өгөөгүй байсан үлдэгдэл 100.000 төгрөг, утасны засварын мөнгө 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийг Л.Б-д төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710000000187 дугаартай хэргээс:
1. Хохирогч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Манай хүүхэд Ялалтын хажууд байрлах “Монбэт” гэх ресторанд тогоочоор ажилд ороод 17-18 хоног болж байна. Анх цалингаа 500.000 төгрөгөөр тохирсон ч 400.000 төгрөг болсон гэсэн. Тэгээд 15 хоночихоод цалингаа авах гэхэд 100.000 төгрөг өгсөн гэсэн. Яагаад 100.000 төгрөг өгсөн юм гэхэд “чи юу хийсэн юм” гээд дайраад “ална шүү” гэж манай хүү рүү залгаж яриад байсан. Тэгээд “цалингаа авъя” гэхэд “чи чадалтай юм бол хүрээд ир, ална шүү” гэж ярилаа гээд манай хүү хэлэхээр нь “би цуг явъя, яагаад байгаа юм, цалингийг чинь асууя” гээд цуг ХУД-ийн 2 дугаар хороонд байрлах Номин худалдааны төвийн байранд ирсэн. Тэгээд өөрийнх нь 94097889 гэх дугаар луу залгахад утсаа авахгүй байснаа өөдөөс гарч ирсэн. Тэгэхээр нь “чи яагаад хүүхдийн цалин өгөхгүй, ална гээд байдаг юм бэ” гэж уурлангуй асуухад “чи цаашаа бай” гээд гэдэс рүү хатгаад байснаа “алив дээшээ гаръя” гээд 4, 5 давхар луугаа дагуулж гараад заалны мухарт нь очоод “танай хүүхэд нарийндаа ажил хийгээгүй” гээд ярьж байхад нь манай хүү “та яахаараа намайг ажил хийгээгүй гэдэг юм” гэхэд “энэ муу гөлөг, надтай ингэж харьцаад байгаа байхгүй юу” гээд цохиод авахаар нь би “чи яагаад цохиж байгаа юм боль” гээд салгаад хоёулангийнх нь гараас барьж байтал Э.Ц гэх залуу намайг нүүр лүү нэг удаа цохихоор нь би “чамайг яасан юм” гээд бариад авах гэсэн чинь цээж рүү баахан цохиод газар унагаагаад цээж толгой руу цохисноо, миний утасны дэлгэцийг хагалаад миний савхины тохойг нь урсан. Тэгээд тэндхийн ажилчид ирж салгасан. Өчигдөр манай хүү рүү залгаад “цагдаагаар явж яах гэсэн юм бэ” гэсэн зүйл ярьсан байсан. Энийг нь би ойлгохдоо заналхийлж байгаа үйлдэл гэж ойлгож байна.
Би учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй. Өөрөө эдгэрсэн. Гэхдээ улсын эмнэлгээр явж үзүүлсэн баримтууд нь байгаа. Тэр үеэс хойш өдөр бүр миний даралт ихсээд байдаг болсон. Э.Ц бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Э.Ц-ийг огт харж байгаагүй. Бие махбодь, сэтгэл санаагаараа хохирлоо би гомдолтой байна. Надаас уучлалт гуйх юм бол гомдол санал байхгүй. Би тэр залууг ял шийтгүүлээд мууг нь үзүүлэх хүсэл алга. Залуу хүн алдаж онох зүйл байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-11х/,
2. Гэрч Б.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 09 сарын 18-ны өдөр Роом 500 нэртэй хоолны газар тогоочоор ажилд орсон. Тэгээд цалингаа 10 дугаар сарын 03-ны өдөр авах ёстой байсан боловч өгөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16:00 цагийн орчим Э.Ц-ийн ажил болох ХУД-н 2-р хорооны Номин Юнайтед төв дээр манай аав Л.Б нь “надтай хамт очиж тэр хүнтэй чинь уулзая” гээд дагуулаад очсон. Тэгээд очоод ярилцаад байж байсан чинь хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр барилцаж аваад байж байхад аав Л.Б салгахад аавыг нүүр лүү нь 2 удаа цохиод авсан. Тэгээд би уурлаад салгаад Э.Ц-ийг хоёр, гурван удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд салцгаасан. Манай аавыг цохихоор нь би Э.Ц-ийн нүүр лүү нь хоёр, гурван удаа цохиж, гэдэс рүү нь нэг удаа баруун хөлөөрөө жийсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12851 тоот дүгнэлтэд:
1. Л.Б-н биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 17х/,
4. Шүүгдэгч Э.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...Би Тэнгис кино театрын орчим Room 500 гэдэг нэртэй лоунжийг 09 сард нээсэн. 9 сарын 23-ны өдөр М, Б.Ж гэх хоёр хүүхдийг тогоочоор ажилд авсан. Бид гэрээ байгуулалгүй эхний нэг сар 400.000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцсон. 10 сарын 07-ны өдөр буюу 14 хоногийн дараа цалингийн талыг нь өгөхөөр тохирсон. Тэр өдрөө М-д 200.000 төгрөгийг нь өгөөд Б.Ж-ы цалингийнх нь 100.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 100.000 төгрөгийг 10 сарын 09-ний өдөр нь өгөхөөр тохирсон. Учир нь надад тухайн үед өгөх бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд 2017 оны 10 сарын 08-ны өдөр манайх хүлээн авалттай байхад тэр хоёр санаатайгаар ажлаа тасалсан. Тэр өдрөө утсаар холбогдоход танайд ажиллахгүй цалин мөнгө багатай гэсэн. Яагаад ажлаа тасалсан юм гэхэд би өнөөдөр амармаар байна гэсэн. Тухайн үйл явдлаас болж бид хоорондоо маргалдах шалтгаан эхэлсэн.
Б.Ж, М хоёр ажлын байран дээрээ хариуцлага муутай ажилладаг байсан. Мөн манайхаас гал тогооны хэрэгсэл, эд зүйл хулгайгаар авч байсныг нь мэдсэн. Уг нөхцөл байдлаас болоод би “цалинг нь өгөхгүй” гэсэн шийдвэр гаргасан. 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын байран дээр буюу ХУД-н 2 дугаар хороонд байрлах Номин Юнайтед их дэлгүүр дээр Б.Ж нь аавтайгаа хамт ирээд “намайг ресепшнээс хаана байна” гэж асуугаад орилоод ороод ирэхээр нь ярилцаад учраа олъё гээд 3 давхарт авч гараад аавтай нь ярилцаад байж байхад Б.Ж намайг хажуунаас барьж аваад, миний шанаа руу нэг удаа цохиод, гэдэс рүү өшиглөсөн.
Тэгсэн чинь аав нь намайг бариад авахаар нь би түлхээд хоёулаа дайрахаар нь аавыг нь нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэгээд хамгаалалтын алба дуудаж тэр хоёр хүнийг салгасан. Л.Б, Б.Ж хоёр намайг хамгаалалтынхаа хүмүүсийг авчих зодолдъё, үзье гээд байсан, мөн оффисийн гадаа түлхүүрээр зооно гээд, манай ажлын гадаа хүлээгээд байсан. Би явсных нь дараа ажлаасаа гарч явсан. Надад гэмтэл шарх учраагүй. Л.Б-д учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Л.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” худалдааны төвийн 5 дугаар давхарт “Л.Б-ийн хүү Б.Ж-ы ажилласан хугацааны цалинг өгсөнгүй, өгөөгүй шалтгаан нь ажил тасалдаг, ажлын чадвар муу, ажил хийдэггүй, гал тогооны хэрэгсэл алга болсон” гэх зэрэг шалтгааны улмаас Б.Ж-тай маргаж, барьцалдан муудалцах үед дэргэд нь байж, тэдний маргааны болиулах гэсэн Б.Ж-ы аав, хохирогч Л.Б-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “...зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, сарвуунд зулгаралт бүхий” эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12851 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Б, гэрч Б.Ж нарын мэдүүлэг болон Э.Ц-ийн яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Л.Б-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Ц хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч Э.Ц-ийн “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан ба Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Ц-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл” энэ гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан буюу гарах зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршиг болно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Л.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд /хэргийн 10х, 43х/ илэрхийлсэн, эмчилгээ сувилгаатай холбоотой баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй, энэ талаар хэрэгт тодорхой баримтгүй тул шүүгдэгч Э.Ц-ээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах төлөх төлбөргүй гэж үзэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Э.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 29х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Э.Ц нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч өөр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ийн Ц-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Э.Ц нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД