Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0251/З |
Дугаар | 128/ШШ2024/0363 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.О******* /РД:*********/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн Н.О******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч Н.О*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Н.О***** Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Н.О***** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Н.О********* нь*************** дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/349 дугаартай захирамжаар ***************** дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд байрлах ************** нэгж талбарын дугаартай 700.0 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон.[1]
2.2. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *************** дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан.[2]
2.3. Нийслэлийн ****************** дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ы өдрийн 5/1787 дугаартай албан тоотод нэхэмжлэгч Н.О****** нь иргэн Д.Д*******с тус газрын эзэмших эрхийг шилжүүлж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төрийн сангийн ********************** тоот дансанд 2,675,400 төгрөг тушаасан байна.[3]
2.4. **************** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №169,170 нүүрт Иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлжээ.[4]
2.5. ***************** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №01116-2020/09151 Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2020 онд 14,332 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэсэн байна.[5]
2.6. Нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлээр ***************** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/749 дугаар захирамжаар иргэн Н.О****** газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.[6]
2.7. Дээрх захиргааны актыг Өглөөний сонины 6 дугаарт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон иргэдийн жагсаалт гэх гарчигтайгаар нийтэлжээ.[7]
2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... манайх 2020 оны 08 дугаар сард иргэн Д.Д***** гэдэг хүнээс ****************** дүүргийн 21-р хороо ар гүнтэд байрлах 700 м.кв газрыг зохих журмын дагуу шилжүүлж авсан. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас хөл хорионд 2 жил гаруй байсан бүгд мэдэж байгаа, байшин барьж газраа ашиглах нь байтугай бүгд ажилгүй, орлогогүй байсан. Хөл хорио тавигдсаны дараа Хаан банкнаас зээл авч газартаа зуслангийн байшин барих гээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж зохих хэмжээгээр төлбөрийг шилжүүлсэн. Байшин барихад тог цахилгаан шаардлагатай байсан тул газартаа тог татуулахаар холбогдох газруудад хандаж явахдаа манай газрыг цуцалсан гэдгийг анх мэдсэн. Газрын төлбөрийн тухайд цаг бүрд нь и-баримтаар төлөөд явж байсан, газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ өнөөдөр л мэдэж байна. Газрын төлбөрийн үлдэгдэл нь 2020 оных болохоор өмнөх газар эзэмшигчийн газрын төлбөрийн үлдэгдэл байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийг сонинд нийтлүүлснээр мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс ********************* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/749 дугаар захирамжаар иргэн Н.О*******н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс “...************* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/749 дугаар захирамж хуульд нийцсэн, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, хариу тайлбар ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Н.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яг процессын хувьд иймэрхүү юм болсон. Хөл хорио тогтоогоод карантинд орчихсон. 05 дугаар сард вакцин орж ирээд дөнгөж хийж эхэлсэн, тэгэхэд бид ажилдаа ч орж чадаагүй байсан. 05 дугаар сард 3 тунтай вакцин хийлгээд, шинжилгээ өгөөд, албан ёсоор ажил нээгдээд, бараг хулдаасан уутан дотор ажиллаж бараг 7, 8 сар болсон. Тэгээд байшин барих чадалтай битгий хэл бараг хоолныхоо мөнгөгүй болчихсон байсан. Яг үнэнийг хэлэхэд гэртээ хөл хорионд ажил байхгүй, нөхөр бид 2 ажилгүй, бүгд ажилгүй байсан. Тэгээд тэр процесс өнгөрөөд арай жоохон дээрдээд бид ажлын байр дэмжих зээл 6%-ийн хүүтэй 50,000,000 төгрөгийн зээл Хаан банкнаас хөөцөлдөж авсан. Тэгээд ажлын байраа авч үлдсэн. Он гараад ерөнхийдөө өвөл болчихоор угаасаа газрын ажил хийгддэггүй. Бид 8, 9 сарын үед ажилдаа дөнгөж орж байсан учраас өвөл болчихсон байшин бариулах ямар ч боломж байхгүй. Тэр газар хөлдүү байгаа учраас хөрсний шинжилгээ, ухалт, малталт хийх ямар ч боломж байхгүй. Тэгээд хавар нь болонгуут хөл хорио тавигдчихлаа, бүх юм гайгүй болчихлоо, тогоо хурдан зохицуулъя гээд тогны асуудлаа шийдэж эхэлсэн. Тогны асуудал шийдэгдээд манайх руу тог өгөхөөр болсон. Тогтой болсон учраас байшин бариулах хүнээ олъё гээд тэр хугацаанд яг ашиглаагүй гэвэл бас тэгж хэлж болохгүй. Ковидын үеэр гэхэд манайх нялх хүүхэдтэй учраас гэрчилгээгээ барьж очоод хэд хэдэн удаа агаарт гарч энэ газар руугаа явж байсан. 2022 онд хөл хорио тавигдсаны дараа манайх зун гэр бариад хүүхдүүдтэйгээ гарсан. Байшин барьж арай амжихгүй байсан учраас яагаад гэхээр байшин барьдаг газруудаар зөндөө явсан, судалсан. Даанч хөрсний шинжилгээ заавал хийлгэ гээд байсан. Цаг хугацаа нь ингэж таарсан, тасралтгүй хөөцөлдөөд байсан боловч амжихгүй байсан” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.О**** нь ******************** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тухай захирамжийн Н.О***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх Н.О*******д *****************дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Ар гүнтэд байрлах ***************** дугаартай нэгж талбарын дугаартай 700 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. А/2201013873 Эрхийн Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ гаргаад тус газрыг Н.О******** эзэмшчихсэн байдаг. Тухайн газар дээр амины орон сууц бүхий төслийг барьж хэрэгжүүлэх зорилгоор зуслангийн байшин барих гээд холбогдох гэрээ, төсөл, зураг төсөл, дүгнэлт зэргийг гаргуулахаар хөөцөлдөж бүрдүүлэн ажиллаж байсан. Тодруулах юм бол Н.О****** нь өөрийн эзэмшлийн газар дээр 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 380 вольтын цахилгааны шугамыг иргэн Н***** гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Анх тухайн газар дээр нь тог байхгүй, зүгээр хашаалчихсан газар байсан. Анх барилгын ажил эхлэхийн тулд тог хэрэгтэй учраас тогийг татсан. Үүний дараа тухайн газар дээр хөрсний шинжилгээ хийлгэхийн тулд Х******* ХХК-тай гэрээ байгуулаад, тухайн гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн зусланд байрлах газар дээр амины орон сууцын зориулалттай барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулсан. Энэ дүгнэлтийг гаргуулахын тулд дүгнэлтийн ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг төлсөн. Үүний дараа зуслангийн газарт 90 мкв иж бүрэн байшин, 51 мкв терас бүхий иж бүрэн гүйцэтгэлтэй байшин бариулахаар Хаус ментор гэдэг компанитай 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын ажлын зургийн төлбөрт 400,000 төгрөг төлсөн. Зуслангийн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд цахилгааны шугам татахын тулд газрын үзлэгээр харахад нэг шонгоос 5 айл татна гээд тогны асуудлыг хөөцөлдөөд барилгын ажил гүйцэтгэж байгаа газар руу тог татсан байна. Тог татаад ажлаа эхлүүлэхийн тулд цахилгаан шугам авахаар Улаанбаатар цахилгаан сүлжээ компанид хандахад дүүргийн Газрын албанаас тодорхойлолт авч ир гэсний дагуу дүүргийн Газрын албанд хандсан байна. Гэтэл Газрын албаны мэргэжилтэн таны газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаар захирамжаар хүчингүй болгочихсон гэдгийг анх 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тог татуулах гээд хөөцөлдөж явж байгаад мэдсэн байдаг. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд тухайн хүчингүй болгосон захирамжийг гаргахдаа Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу ардчилсан ёс, шударга ёсны эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу үндэслэлтэй гарсан байх учиртай. Гэтэл төрөөс үндэслэлгүйгээр Н.О********н эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж ийм шийдвэр гаргасан гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой гэж заасан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Гэтэл тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/749 дугаар захирамжийг гаргахдаа Н.О*******д ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбар гаргах, мэдээлэх боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулж тогтоох ёстой. Гэтэл тухайн газар дээр Н.О**** нь өөрөө ямар нэгэн барилга барих гэж байгаа уу, зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг тодруулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээд, сонсох ажиллагааг огт явуулалгүйгээр тухайн шийдвэрийг гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг гаргасны дараагаар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа иргэн Н.О***** тухайн захиргааны актыг заавал мэдэгдэх ёстой гэдэг Захиргааны ерөнхий хуулийн зарчим байгаа. Мөн иргэнтэй холбоотой гаргасан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар захиргааны актыг нэхэмжлэгч Х.О****д өөрт нь гардуулсан, эсвэл түүний улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны буюу байнга оршин суугаа гэрийн хаягаар шуудангаар, эсвэл утсаар мэдэгдсэн бол хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тэр даруй мэдэх боломжтой байсан. Гэтэл хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.О*****д өөрт нь огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий захиргааны актыг өөрт нь мэдэгдээгүй гаргачихсан байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй гэдэгт газрын төлбөр тооцоо нийлсэн акт сая хэргийн материалд ирсэн байна. 2020 оны 08 дугаар сард анх эзэмших эрхийг авсан. Тэгэхээр 2021 он, 2022 он, 2023 он дээр газрын төлбөрөө төлсөн гэж харагдаж байна. Тэр нийт дүн гээд үлдэгдэл дээр 14,332 төгрөг нь 2020 оны үлдэгдэл төлбөр байна. 2020 он дээр бол Н.О******с өмнө эзэмшиж байсан этгээд дээр энэ төлбөр байсан гэсэн үг. Тэгээд 2021 оны 08 дугаар сараас хойш гэхээр 2021 оны 08 дугаар сар, 2022 оны 08 дугаар сар, 2023 оны 08 дугаар сар гэхээр Н.Отгонхүү бол газрын төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлөөд явж байсан нь харагдаж байна. Тэр үлдэгдэл 14,332 төгрөг бол өмнөх эзэмшигчтэй холбоотой төлбөр. Нэхэмжлэгч Н.О**** тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлж авахаас өмнөх газрын төлбөр гэсэн үг. Газрын төлбөрийг бол цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг дээр өмнө дурдаад хэлсэн. Тухайн газар дээр анх үйл ажиллагаа явуулахын тулд барилгын ажил эхлэхийн тулд тог татах хэрэгтэй болоод тогийг татсан байсан. Түүнээс өмнө газар эзэмших эрхийг 2020 оны 08 дугаар сард авсан байдаг. Тухайн газар эзэмших эрхийг авсны дараагаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлээд нийтэд илэрхий баримт буюу ковид-19 цар тахал халдварт өвчин гарч, хөл хорио тогтоосон. Газар эзэмших эрхээ шилжүүлж аваад хоёрхон сарын дараагаас ковид-19 цар тахал халдварт өвчин гарсан байна. Ковид-19 цар тахал халдварт өвчин гарсантай холбоотойгоор бүгд санаж байгаа байх хөл хорио тогтоож, газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглах нь байтугай гэрээсээ ч гарах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Энэ бол он цагийн дарааллаар бол нийтэд илэрхий буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдрүүдэд хөл хорио тогтоож, 14 хоногоор сунгаад дахиад 12 дугаар сарын 11-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хөл хориог Улсын онцгой комиссоос сунгасан шийдвэрүүд байдаг. Ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас хөл хорио тогтоож 2021 оны 04 дүгээр сард 25-ны өдөр буюу бараг 05 дугаар сард цуцалсан байдаг. Хөл хорио дуусмагц Н.О**** нь тухайн газар дээр барилгын үйл ажиллагаагаа явуулахын тулд тог татуулж, тогийг хэрэглэхийн тулд бүтэн 1 жил хөөцөлдөж шугамыг нь холбуулсан байдаг. Үүний дараа Хайлааст инженеринг гэдэг компанитай хөрсний шинжилгээний дүгнэлт хийлгээд тухайн газрын энэ хэсэг дээр нь байшин барьж болох юм байна гэдэг дүгнэлт гаргуулаад зуслангийн газар дээр 90 мкв иж бүрэн байшин, 51 мкв терас бүхий байшинг бариулахаар ****** компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад төлбөрөө төлөөд явж байсан. Ингээд тухайн газар дээр байшин барихад бүх юм бэлэн болчихсоны дараа тогоо татуулахын тулд Улаанбаатар цахилгаан сүлжээ төвд хандахад та Газрын албандаа хандаарай гэхэд Газрын алба дээр хандаад явж байх хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Газрын албаны байцаагч мэргэжилтнээс танай газрыг чинь цуцалчихсан гэдгийг мэдсэн. Үүний дараа тэр цуцалсан захирамжтай холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ***************** дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг даргаас татгалзсан хариу өгсөн. Үүнтэй нь холбогдуулаад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээд шатны буюу Нийслэлийн Засаг даргад 2022 оны 12 дугаар сарын 13-ны А/749 дугаар захирамжийн Н.О*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас **************** дүүргийн Засаг даргын А/749 дугаар захирамжийн танд холбогдох хэсгийг болбол хүчингүй болгох боломжгүй байна гэдэг татгалзсан хариу өгсөн. Тэгээд бид шүүхэд хандсан. Энэ газрыг худалдаж авснаас хойш газрын байцаагч гэрээ дүгнэдэг гэдгийг шүүх хуралдааны явцад л мэдлээ. Тэр газрын байцаагчийг би анх газар авахдаа харсан өөрөөр тэр хүнтэй дахиж уулзаж байгаагүй, сая өргөдөл гомдол гаргаад явж байхдаа харсан. Ямар нэгэн байдлаар миний газрыг хэн ч очиж дүгнэж байгаагүй, та газар дээрээ юу хийх гэж байна, яах гэж байна бид цуцлах гээд байна шүү гэсэн бол өнөөдрийн нөхцөл байдалд үүсэхгүй, сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод явахгүй байсан. Нэг сонин дээр зар гаргачхаад мэдэгдсэн гэж үзвэл ганцхан би ч биш өөр олон хүмүүс мөн адил хохирч байна. Би одоо өчнөөн төгрөг гаргачхаад өнөөдрийг хүртэл байшингаа барих гээд зүтгэчихсэн болохоор эцсийг үзье гээд гүйж байгаа болохоос биш шантраад хаяж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. Тэгэхээр энэ Газрын албаны гаргаж байгаа энэ шийдвэр маш олон хүнийг хохироож байна. 0,7 га газраа эзэмшчихье гээд над шиг чадахаараа зүтгэж байгаа хүмүүсийг бол үнэхээр хөлдөө чирч хохироож байна. Үүнээс болж цаг хугацаа, сэтгэл санаа гээд олон асуудлууд үүсэж байна. Тийм болохоор энэ асуудал дээр шийдвэр гаргахдаа энэ хүмүүс бас жоохон хүнлэг баймаар юм. Одоогийн нийгэмд сонин дээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байна уу гээд өдөр болгон сонин уншаад явдаг хүн бараг байхгүй. Тэгэхээр утас, мэйл хаяг, гэрийн хаяг гээд аль нэг рүү нь мэдэгдчихдэг бол энэ олон хүн хохирохгүй бас үлдэх болов уу гэж миний хувьд бодож байна.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.О**** дээр нэхэмжлэх хэлбэрээр ирээгүй. Төлбөрийн үлдэгдлийг ковид-19 цар тахалтай холбоотой гэж ойлгоод байна. 2022 оны 08 дугаар сард газар эзэмших эрхтэй болсон. Тэгээд 11 дүгээр сард нь бүх нийтийн хөл хорио тогтоосон. 2021 оны газрын төлбөр болох 57,000 төгрөгийг төлсөн байдаг. 2022 оны газрын төлбөрийг 2023 оны газрын төлбөртэй нийлүүлээд үүсгээд байгаа И-монголиагаар ирээд байгаа төлбөрийн нэхэмжлэх нь яг тухайн ондоо ирэхгүй, дараагийн онд нь ирээд, өмнөх онтойгоо нийлүүлж төлөөд байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна. Хэргийн үйл баримтыг судлаад, талуудын тайлбар мэтгэлцээнийг судалж байхад хэд хэдэн асуудлууд байна. Захиргааны ерөнхий хууль яг хэрэгжих ёстой ном журмын дагуу хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг асуудал байна. Захиргааны үйл ажиллагааны зарчим буюу Захиргааны ерөнхий хуулийн 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан байхад эрх, ашиг нь хөндөгдөж буй иргэн Н.О*****д газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа мэдээгдээгүй байна. Хариуцагчийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-ыг үндэслэсэн гээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 бол өмнө тайлбарлахдаа 20 буюу түүнээс дээш байсан учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хүргүүлсэн гээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн зарчимтай бол нийцэхгүй байна гэж үзэж байна. Дараагийн асуудал нь иргэн Н.О****н газар эзэмших эрхийн гэрээний одоо 2 жилийн хугацааны нэг жилийн хугацаанд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаар буюу гэрээний 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал болчихсон байна. Нэгэнт давагдашгүй хүчин зүйл гэдэг нь нийтэд илэрхий баримт учраас энийг дахин шүүх нотлох, судлах, тусгайлан нотлох баримтаар шинжлэн судлах шаардлагагүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 болон гэрээний 5.4 дээр талууд гэрээг жил бүр дүгнэнэ гээд заачихсан байна. Эхний жил ковид-19 цар тахал өвчнөөс шалтгаалан гэрээг дүгнээгүй байж болно энэ дээр асуудал байхгүй. 2 дахь жил дээр газраа зориулалтын дагуу ашигласан уу үгүй юу асуудлыг ярих ёстой. Гэтэл Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ газар эзэмшүүлэгч тал огт биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөр төлөх ёстой үүргээ биелүүлээгүй гэж үзээд байх шиг байна. Гэтэл одоо практик дээр сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа сүүлийн 2, 3 жил бол төр иргэддээ ойртоод цахим болсон, иргэд бол Газрын алба болон банкин дээр очих шаардлагагүй болчихсон гэж хэллээ. И-монголиа дээр нэхэмжлэх нь ирээд төлж байгаа, гэхдээ зарим тохиолдолд Татварын ерөнхий газраас ирж байгаа нэхэмжлэх алдаа гаргаж байгааг бол үгүйсгэхгүй гэж сая хэллээ. Энэ нь газар эзэмшигчийн буруутай үйлдэл бол биш, төр өөрөө хүний шударга ёсны итгэлийг хамгаалах ийм зарчимтай. Энэ зарчим хэрэгжээгүй тохиолдлууд байж болох гээд байна. 2020 оны газрын төлбөрийн үлдэгдэл болох 14,332 төгрөг дээр татварын систем болон и-баримтын холболтын улмаас И-монголиа дээр ирээгүйгээс болж газрын төлбөрөө төлөөгүй байж болох ийм нөхцөл байдал байж болохоор байна. Гэрч Г.М*** мэдүүлгээр Н.О*****н эзэмшээд байгаа газар нь томоор нь хашаалчихсан газрын дотор талд байгаа гэдгийг мөн Н.О***** өөрөө шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна. Ковид-19 цар тахал халдварт өвчний хөл хорио дууссаны дараа амьдрал ахуй дөнгөж сэргээд хашаа байшин бариулахаар болсон. Зуны улирал нь зуслангийн газар дээрээ гэр бариад хүүхдүүдтэйгээ байсан гэдгийг Н.О**** өөрөө тайлбарлалаа. Шүүхээс маргаан бүхий зуслангийн газар дээр үзлэг хийгээд тог татчихсан байсан нь тодорхой боллоо. Мөн хажуу талын залгаа газар дээр бие засах газар байдаг. Тиймээс тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан, газрын төлбөрийг төлж байсан нь тооцоо нийлсэн актаар харагдаж байна. 2020 оны газрын төлбөрийн хувьд хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шүүхээс хариуцагчийн мэдүүлэг, тайлбарыг анхаарч үзээсэй гэж үзэж байна. Дээрх нөхцөлөөс дүгнээд үзэхэд маргаан бүхий захиргааны акт хуульд үндэслэж гараагүй, сонсох ажиллагаа огт хийгээгүй юм байна. Үүнийг төлөөлөгч хангалттай тайлбарлачихлаа. Гол нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 мөн хуулийн 43.5-д өөрт нь болон хаягаар заавал мэдэгдэх ёстой эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүргэж болно гээд тодорхой заачихсан байна. Үүнээс харахад хүн өөрийнхөө газар эзэмших эрхийг хэзээ хүчингүй болгож байгааг ч мэдэхгүй сууж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрөө газар эзэмших эрхтэй, гэхдээ сонин уншдаггүй гэж яриад байгаа боловч өөрсдөө сониноор дамжуулаад хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, цуцлаад байх юм. Шударга ёсны зарчим, итгэлийг хамгаалах зарчим одоо хаана нь ажиллах юм бэ, хуулийн зохицуулалт ажиллах юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд байгаа 6 хүний газар эзэмших эрх цуцлагдаж байхыг яг энэ процессоор бол мэдэх боломжгүй байна. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийгээд дүгнэчихсэн байна. Нэгэнт сонсох ажиллагаа хийгдээгүй нь маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох хууль зүйн үндэслэл болно. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлттэй байна.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.О******** нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ************** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл, хяналтын картын 2065 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/349 дугаар газар эзэмших эрх, гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай захирамж гарч зуслангийн зориулалтаар 21 дүгээр хороо, Ар гүнтэд 700 мкв газрыг шилжүүлэн авсан байдаг. Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш этгээдээс сонсох ажиллагаа явуулах журмын дагуу Өглөөний сонинд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 169170 дугаар нүүрт хэвлүүлж мэдэгдэл хэвлүүлсэн. Үүнээс мэдэгдэл, тайлбар, санал нь ирээгүй. Ийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөр хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр маргаан бүхий захирамж гарсан. Газрын төлбөрийн өнөөдөр өгсөн баримтад гэрээний 2.3-д газрын төлбөр төлөгч нь болохоор жилийн төлбөрөө тэнцүү хувааж, улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж заасан байдаг. Үүнээс 2020 он болон 2022 онд төлөөгүй байна. 2020 онд улирлаараа 08 дугаар сард газар шилжүүлэн авсан гэдэг чинь 2020 оны сүүлд бол улирлынхаа мөнгийг хийх ёстой байсан. 2022 онд төлөөгүй гэдэг дээр гэрч асуулгахаар газрын байцаагч буюу яг хариуцаж байсан байцаагч хээрийн үзлэг хийж, дром нисгэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар дээр бол ямар ч ашиглалтгүй байсан. Одоо яриад байгаа энэ компаниудаар байшин бариулахаар зураг хийлгэсэн, хөрсний шинжилгээ хийлгэсэн гээд байгаа нь 2023 онд буюу газар эзэмших эрхтэй болсноосоо хойш 2 жил 4 сарын дараа хийлгэсэн ийм нөхцөл байдалтай байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Газар эзэмших гэрээ байгуулснаар захиргааны байгууллага дангаараа үүрэг хүлээгээгүй, иргэн хүн бас давхар үүрэг хүлээж байна. Гэрээг жил болгон дүгнэх асуудал дээр захиргааны байгууллагаас газрын байцаагч хүн болгонтой гэрээ дүгнэх гээд очоод байх биш, практик дээр бол иргэд өөрсдөө ирээд гэрээгээ дүгнүүлээд явдаг. Газрын төлбөрийн асуудлын тухайд газрын төлбөрийн нэхэмжлэх нь ирэхгүй байгаа бол иргэн өөрөө Газрын алба дээр очиж нэг ч удаа төлбөрөө төлөх гэж өөрийн санаачилгаар яваагүй болох нь харагдаж байна. Төрөөс ирсэн газрын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлөөд явж байсан гэж хэллээ. Төрийн байгууллагын системийн алдаанаас болж газрын төлбөрөө төлж чадаагүй гэж ярих нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг шүүгч анхаарч үзээсэй гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн газар нь ойн сан бүхий газар газар, газар эзэмших эрх олгохыг хориглочихсон зохицуулалт байна. Хэрвээ хууль бус энэ үйлдэл байх юм бол шүүх тэр даруйд нь таслан зогсоох үүрэг нөгөө талаараа байна. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт өөрсдөө ковид-19 цар тахал халдварт өвчний учраас ашиглаж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон *************** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Н.О********д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Маргаж буй ************** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/749 дугаар захирамжаар иргэн Н.О******н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр буруутгаж байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тухайн зөрчлүүдийг нотлон тогтоох ажиллагааг өөрөө хариуцаж, холбогдох баримтуудаар хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй юм.
4. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс судлан үзэхэд, хариуцагч хуульд заасан дээрх үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, түүний улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчлүүдийг гаргасан гэх үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээ дараах байдлаар үүсэж байна.Тухайлбал:
5. Газрын тухай 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан бөгөөд газар эзэмших эрх авсан этгээдийн газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглах тухай гурван талт гэрээ байгуулагдаж, албан ёсоор баталгаажсанаас хойш үүснэ.
6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, ****************** дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/1787 дугаар албан бичгээр Д.Д******* нь Н.О******* газар эзэмших эрхээ шилжүүлж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2 675 400 төгрөгийг тушаасан гэх агуулга бүхий албан бичиг байх боловч *************** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №01116-2020/09151 Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2020 онд 14 332 төгрөгийн, 2022 онд 17 006 төгрөгийн, нийт 14 332 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй байна.[8]
7. Нэхэмжлэгч Н.О***** нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ************** дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан[9] байх тул нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөр төлөх үүрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үүснэ гэж үзнэ.
8. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгахдаа дээр дурдсан төлбөрийг өмнөх эзэмшигч Д.Д********, эсхүл Н.О****** төлөх байсан эсэхийг тогтоогоогүйгээс гадна Н.О******н газар эзэмшиж байсан хугацаа болох 2020, 2021, 2022 онуудын аль оны хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүргийг зөрчсөнийг бүрэн дүүрэн нягтлаагүйгээр шийдвэр гаргасан нь буруу.
9. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр төлөөгүй гэх үйл баримтад хамаарах нотлох баримтууд ийнхүү зөрүүтэй байхад хариуцагч нь үүнийг тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэл муутай болжээ.
10. Иймд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг шүүх нөхөн гүйцээх боломжгүй, хариуцагч нь нотлох баримтуудыг нягталж, уг үйл баримтыг эцэслэн тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу дахин хийж гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх үзлээ.
11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зөрчлийн тухайд, энэхүү зөрчлийг тогтоохдоо газар эзэмшүүлэх гэрээг хэзээ байгуулж, баталгаажуулсан талаар болон гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байсан эсэх хууль зүйн факт голлох ач холбогдолтой.[10]
12. Тодруулбал, мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэж тоолох бөгөөд энэ тохиолдолд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш тоолно.
13. Нэхэмжлэгчийн зүгээс “...цар тахлын үед газар дээрээ барилга байгууламж барих боломжгүй байсан, мөн тухайн газар нь цэвдэгтэй тул байшин барихад хүндрэлтэй...” гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс “дрон нисгэж агаараас хээрийн судалгаа хийсэн...” гэж тайлбарласан боловч зөрчлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд аль хугацааг зөрчилд оруулан тооцсон эсэх, газраа ашиглаагүй хугацаа нь нэхэмжлэгчээс хамаарсан эсэх зэргийг сонсох ажиллагааны хүрээнд хэлэлцэж шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй.
14. Иймд хариуцагчаас дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
15. Шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.
16. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, оролцоог хангаагүй гэж маргасан үндэслэлийг хүлээн авсан тул дахин шинэ акт гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу нэхэмжлэгчийг оролцуулбал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О*******н гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай захирамжийн Н.О*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай захирамжийн Н.О*****д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70 200 буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 83-87 дахь тал
[2] Хх 88-91 дэх тал
[3] Хх 96 дах тал
[4] Хх 110 дахь тал
[5] Хх 139 дэх тал
[6] Хх 81-87 дахь тал
[7] Хх 140 дэх тал
[8] Хх 139 дэх тал
[9] Хх 88-91 дэх тал
[10] Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-ыг үз.