Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/01129

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/01129

*******-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00888/и/

*******-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын ** дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овгийн Дагвын *******

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын ** дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, * дүгээр хороолол, * дугаар байр, 54 тоотод оршин суух, ******* овгийн *******ын Батсайхан,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, * дүгээр хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух, овгийн ы нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 9,860,000 төгрөг, аданги 4,930,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Содболд,

Хариуцагч бөгөөд хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.аа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг болон алданги гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч нар нь гэрээний дагуу 2019 оны 02 сараас 2022 оны 11 сар хүртэл нийт 12,900,000 төгрөг эргүүлэн төлсөн. Хариуцагч нар нь үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 12,240,000 төгрөг, нийт 30,240,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 12,900,000 төгрөг эргүүлэн төлсөн бөгөөд 17,340,000 төгрөгийг дутуу төлсөн байна. 1690 дугаартай зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутамд 0,5 хувиар тооцогдох алданги 8,670,000 төгрөг байх бөгөөд хариуцагч нар өнөөдрийг хүртэл нийт 26,010,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. .... Иймд хариуцагч Б., Э. нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,010,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нь хариуцагч нартай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1972 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр 18,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч тал тухайн гэрээнийхээ үүргийг хугацаанд нь биелүүлэхгүй дахин хугацаа олгооч гэж гуйсны үндсэн дээр хоёр дахь гэрээ буюу хугацаа сунгасан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1690 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн хүүг 10 хувь болгож өөрчилсөн. Хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцох нөхцөлөөр 7 сарын хугацаатай байгуулсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусах байсан. Тус өдрөөс хойш нэхэмжлэгч нар нь гэрээний үүргээ бүхэлд нь хүлээн авч чадахгүй байсан учраас нэхэмжлэл гаргасан. Тооцооллын тухайд эхний гэрээгээр 18,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн бол нийт 3 сарын зээлийн хүү нь 3,240,000 төгрөг болж байгаа. Хоёр дахь гэрээний хүүг эхний 5 сар 6 хувиар 5,400,000 төгрөг, үлдэх 2 сарыг 10 хувиар тооцоход 3,600,000 төгрөг, 2 дахь гэрээний нийт хүү 9,000,000 төгрөг болж байгаа. Иймд үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, эхний гэрээний хүү 3,240,000 төгрөг, сунгасан хугацааны хүү 9,000,000 төгрөг, нийт 30,240,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч тал дансаар нийт 20,380,000 төгрөг төлсөн байна. Үүнийг хасаж тооцоход гэрээний үлдэгдэл үүрэг 9,860,000 төгрөг, алданги түүний 50 хувиар тооцож 4,930,000 төгргөг, нийт 14,790,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлага дээр өөр үнийн дүн шаардсан. Дансны хуулга дээр бага зэрэг алдаа гарсан байсан учраас хасаж тооцож байна гэв.

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судаллаа. Нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан дүн болох 14,660,000 төгрөг хангагдах бүрэн боломжтой гэж үзэж байна. Нэг зүйлийг их гайхаж байна. Уг нь хариуцагч тал бизнес хийдэг, бизнес сэтгэлгээтэй мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн байх шиг байна. Тэгсэн хэр нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр өөрөө хохирогч болоод байгаа мэт зүйлийг яриад байгаа нь шударга үнэнд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийхээр байна. Яагаад гэвэл энэ 18,000,000 төгрөгийг өчигдөр өгчхөөд өнөөдөр 20,000,000 төгрөг болгоод авч байгаа эсхүл сарын өмнө 2-3 сарын өмнө, жилийн өмнө өгчхөөд өөрийн нь хэлээд байгаа 26,000,000 төгрөг болгож аваад байгаа зүйл бол биш. 18,000,000 төгрөгийг 2018 онд зээлүүлсэн. Тэрнээс хойш өнөөдөр 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Миний үйлчлүүлэгч надад хэлэхдээ ажлын газрын дүү, нэлээдгүй эгч дүүгийн харилцаатай, тус болооч гэж гуйсны үндсэн дээр өөрийнхөө нөөц бололцоо болон зээл аваад 18,000,000 төгрөгийг бүрдүүлээд өгсөн юм. Гэтэл 6 жил сунжраад 18,000,000 төгрөг нь юу ч болоогүй өнгөрчихлөө. Одоо хууль ёсны дагуу хийгдсэн гэрээтэй учраас үүний дагуу үлдэгдэл төлбөрөө авмаар байна гэсэн байдлаар хандсан. 18,000,000 төгрөгийг хэрвээ 6 жилийн хугацаанд банканд хадгалуулсан бол хэдэн төгрөгийн ашиг орлого олох боломжтой вэ гэдэг асуудлыг эрүүл сэтгэлгээгээр бодоод үзвэл хэн нь шударга ёс яримаар байгаа, хэн нь шударга бус зүйл гаргаад байгаа гэдэг дээр бодитой дүгнэлт хийх боломжтой гэж харагдаж байна. Өөрөө бизнес хийдэг тодорхой хэмжээний компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хүн өнөөдрийн шүүх хуралдаан дээр би хохирч үлдэх гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсонд нийцэхээргүй тайлбарыг хэлж байна гэж үзэж байна. Мөнгөн дүнгийн тухайд дансаар хэдэн төгрөг шилжүүлсэн, гэрээ хэзээ хийгдсэн хэдэн хувийн хүүтэй тохирсон бэ гэдэг асуудал гэрээний дагуу л шийдэх ёстой асуудал. Хоёр удаа гэрээ хийсэн байгаа асуудлын тухайд талууд харилцан тохиролцсон асуудал байгаа. Хүчээр шахуу дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэдэг агуулгаар тайлбар хэлж байна. Хэрвээ тэгж үзэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргаад хүч хэрэглэж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэх бүрэн боломжтой. Шүүх нотлох баримт дээр тулгуурлаж талуудын мэтгэлцээнийг харгалзаж үзээд хууль хэрэглэж маргааныг шийдвэрлэдэг байгууллага. Хүч хэрэглэсэн гэж яриад байгаа боловч яаж хүч хэрэглэсэн гэдэг зүйл нотлогдохгүй байна. Хоёрдугаарт хоёр дахь гэрээний хувьд би тэр өдөр мөнгө аваагүй гэдэг зүйл яриад байх шиг байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйл дээр гэрээ байгуулсанд тооцох гэдэг зохицуулалт байдаг. 196.1.2-т талууд хүлээн зөвшөөрч бичгээр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно гэсэн байдаг. 2019 оны гэрээг байгуулж байхад 2018 онд өгсөн 18,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан. Энэ мөнгөн дүн нь хэвээр байсан учраас энэ асуудлыг харилцан талууд мэдэж байгаа учраас тухайн үедээ хариуцагч талын хүсэлтээр дахиж гэрээ байгуулсан ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ хоёр гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудал дээр тайлбарлаад байгаа хүч хэрэглэсэн энэ тэр гэдэг асуудал ямар ч баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс гэрээ хүчинтэй учраас гэрээний хугацаанд хүү бодогдоно. Өгсөн мөнгөнөөс нь хүү хамгийн түрүүнд хасагдаад үлдсэн мөнгө үндсэн зээлээсээ хасагдаад ингээд хоёр дахь гэрээний дагуу хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор маш өндөр дүн гарч байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалт байдаг учраас мөн л хуулийн дагуу багасгаж байгаа. Тооцооллын тухайд анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа ч тэр шүүх хуралдааны явцад ч гэсэн зарим нэг зүйл дээр алдаатай байсныг залруулаад нэг ч илүү авъя, хохирооё гэдэг байдлаар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хэдийгээр бид өмгөөлж байгаа, итгэмжлэлээр төлөөлж байгаа ч гэсэн хууль журмынх нь дагуу асуудал шийдэгдэх ёстой, нотлох баримтын хүрээнд шийдэгдэх ёстой гэсэн байр суурины хүрээнд 26,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад тооцоолсон тооллоор 14,660,000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байгаа гэдгийг хариуцагч тал маань ойлгож хүлээж авах нь зүйтэй байх гэж үзэж байна. 3,180,000 төгрөг бэлнээр өгсөн гэх асуудал яригдаж байна. Бэлнээр өгсөн гэж яриад байгаа боловч би ийм ийм байдлаар бэлнээр өсгөн гэдэг зүйлээ нотлох ёстой. Хоёрдугаарт бэлнээр өгсөн талаар ярьж байгаа тайлбар ямар ч үнэмшилгүй байна. Машинаа авахын тулд бэлнээр өгсөн гэж байна. Энэ 3,180,000 төгрөгийг заавал банкаар гүйлгээ хийх хэмжээний их мөнгө биш. Үүнийг интернэт банк, мобайл банкаар тухайн үед нь шилжүүлээд л машинаа аваад явж болно. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар машиныг нь өгөхгүй байх магадлалтай учраас бэлнээр аваад очсон гэж байна. Бэлэн мөнгийг нь авчхаад үнэхээр тийм асуудал болсон бол машиныг нь өгөхгүй байж ч болно. Тэгэхээр тайлбарлаад байгаа зүйл нь гарцаагүй энэ хүн бэлэн мөнгөөр өгсөн байна гэж итгэмж үнэмших тийм хэмжээний тайлбар бол биш байна. Эцсийн байдлаар хэлэхэд миний хоёр үйлчлүүлэгчийн тухайд 18,000,000 төгрөгийг 6 жилийн туршид ямар ч үр ашиггүй хүнд өгөөд дээрээс нь бөөнд өгсөн мөнгөө цувуулж аваад хохирсон хүмүүс болохоос биш хэн нэгнийг дарамталдаг, шантаалчилдаг эсхүл ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлдэг машин тэрэг булааж авсан зүйл бол яриагүй. Хариуцагч тал яриад байгаа боловч нотлогдохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

4. Хариуцагч бөгөөд хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүн дээр алданги тооцохгүй байхаар 6 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Зээл авсан нь бол үнэн. Оросын холбооны улсаас бараа материал удааширсантай холбоотой хугацаа алдсан зүйл байгаа. Энэ хугацаанд төлбөрөөс нь тодорхой хэмжээнд өгөөд явж байсан. Үндсэн төлбөр төлөгдөх боломж бүрдэхгүй байсан учраас заавал нэмж гэрээ хийнэ гэдэг шахалт үзүүлээд зээлийн хүүгээ 10 хувь болгож дээрээс нь алданги тооцож гэрээ байгуулна гэж гэрээ хийсэн. Ер нь бол шахалтаар гэрээ хийсэн. Яагаад заавал гэрээний хүүгээ өсгөж хийх шалтгаан байсан юм, надад бол мөнгө хүүлж байгаа юм шиг санагдсан. 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай гэрээг хийхэд бэлэн болон дансаар ямар нэгэн мөнгө аваагүй тул энэ гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2020 оны 01 сараас Ковид цар тахал тархсантай холбоотой улс орон хилээ хааж, гадаадаас орж ирэх бараа материал хүндрэлтэй байна гэдэг тайлбарыг үргэлж уулзаж хэлж байсан. Цар тахлаас үүдэн 2020 оноос биеийн байдал хүндэрч олон сараар эмнэлгээр явж эмчлүүлсэн. Хүндрэлтэй байсан ч төлөлтөө хийсээр байсан. Нөхцөл байдал, тайлбарыг нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй, улмаар шөнө 12 цаг өнгөрөөгөөд ажлаас гараад явж байхад нөхөртэйгөө гадаа хүлээж зогсож байгаад машинд орж ирээд хоолой ам боох цохих үйлдлийг гаргасан. Миний зүгээс ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Эвлэрэх юм бол уу гэдэг байдлаар хандаж байсан. Өмнө нь ч гэсэн машин тэрэг рүү олон удаа юм цацсан. Мөнгөө төлж чадахгүй байна гээд банк бусын барьцаанд байгаа машин хүртэл ирж аваад явж байсан.Машинаа буцааж авахын тулд мөнгө бэлнээр авч ир гэсний дагуу иний бэлнээр өгсөн 3,180,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас өгөөгүй гэж тооцож байгааг ойлгохгүй байна. Дансаар нийт 20,380,000 төгрөг буцаан төлсөн байна. Дансаар болон бэлнээр нийтдээ 23,560,000 төгрөг төлсөн байна. Миний хувьд зээлийн төлбөрөө бүхэлд нь төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2018 оны 12 сарын 04, 2019 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагч талаас нотлох баримтаар Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 28-37 дугаар хуудас/, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 38-43 дугаар хуудас/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 44/, зүрхний бичлэг, эмнэлгийн шинжилгээний баримтууд /хх-ийн 45-105 дугаар хуудас/ зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б., Э. нараас 860,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******, Я.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үндсэн үүрэгт 17,340,000 төгрөг, алданги 8,670,000 төгрөг, нийт 26,010,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэлд 9,860,000 төгрөг, алданги 4,930,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон болно.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1690 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

4. Хэрэгт 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр 18,000,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, гэрээнд зээлдүүлэгч талаас Я.*******, Д.*******, зээлдэгч талаас Б., Э. нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар хариуцагч болон хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн.

Мөн хэрэгт 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр 18,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл сар бүрийн 6 хувийн хүүтэй, 2019 оны 10 сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 10 хувийн хүүтэй байхаар, зээлийг бэлнээр 2019 оны 05 сарын 07-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тохирч, зээлдүүлэгч талаас Д.*******, Я.*******, зээлдэгч талаас Б. нар гарын үсэг зуржээ.

Хариуцагч нь энэхүү гэрээний дагуу ямар нэгэн мөнгө хүлээн авсан зүйл байхгүй, шахалт дарамтаар энэхүү гэрээг хийсэн гэж, нэхэмжлэгч тал тус гэрээ нь 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгаж хийсэн гэрээ, мөн хугацаандаа төлбөрөө төлөхгүй удсан учраас алданги тооцохоор өөрчлөлт оруулсан гэрээ гэж тус тус маргаж байна.

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлснээр тус гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу дээрх гэрээний дагуу хариуцагч Б., Э. нар нь зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

6. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай зээлийн гэрээний тухайд дүгнэхэд тус гэрээг нэхэмжлэгч тал нь 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай гэрээний хугацаа сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай гэрээний 6.4-т: Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ.

Гэтэл 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай гэрээг нэхэмжлэгч Д.*******, Я.******* нар нь хариуцагч Б.тай байгуулсан бөгөөд гэрээний тал болох Э. тус гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, Б. нь Э.г төлөөлж тус гэрээг байгуулах эрх олгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь дээр дурдсан гэрээний 6.4-т заасныг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлт, салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан.

Иймд 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай гэрээг үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул энэхүү гэрээний дагуу шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

7. Хэрэгт авагдсан хариуцагч Б.ы Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансны хуулга болон талуудын тайлбараар хариуцагч тал 2018 оны 12 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 04-ний дансаар нийт 20,380,000 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаангүй болно.

Талуудын байгуулсан 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1972 дугаартай гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 18,000,000 төгрөг, 3 сарын хүүгийн төлбөр 3,240,000 төгрөг, нийт 21,240,000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч Б., Э. нар гэрээгээр хүлээсэн байх бөгөөд нийт 20,380,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул гэрээний үлдэгдэл үүргийг 860,000 төгрөг байна гэж үзэхээр байна.

Хариуцагч тал бэлнээр 3,180,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн төлбөрт 3,180,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б., Э. нараас зээлийн гэрээний үүрэгт 860,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******, Я.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 13,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б., Э. нараас нийт 860,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******, Я.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 13,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Э. нараас улсын тэмдэгтийн хураамжид 25,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******, Я.******* нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ