Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 358

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч-ийн Э-т холбогдох эрүүгийн 1710006390197 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-нд засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ****** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ч-ийн Э

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.Э нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Г-ийг зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ харихаар явж байтал найз Э.Л “Гэмтлийн эмнэлгийн ойролцоо байна, хүрээд ир” гэж дуудахаар нь очсон. Намайг очих үед А, Э.Л хоёр машинд сууж байсан ба бид гурав СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн ойролцоох бааранд орж үйлчлүүлэхдээ ажлын залуу Г.Г-тэй тааралдсан. Бид нар хамт 0,75 л “Соёрхол” архи хувааж уугаад шөнийн 01 цагийн үед гэртээ харихаар гарцгаасан. А бид нарыг машинаараа хүргэж өгөхөөр болж машины арын суудалд Э.Л бид хоёр суусан, харин урд талын суудал дээр Г.Г суусан. Эхлээд Яармаг орж Э.Л, бид хоёрыг хүргэж өгөхөөр болж Яармагийн 2 дугаар буудал Арцатын 5 дугаар гудамжинд ирэхэд Г.Г машины урд талын суудал дээрээс эргэж хараад намайг “хоёулаа үзэх үү” гээд ямар ч шалтгаангүй өдөөд байхаар нь миний уур хүрээд “чи яасан том гөлөг вэ” гэхэд Г.Г “чи намайг том болгодог хэн бэ, пизда минь” гэж хэлэхээр нь би баруун гараараа түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, үснээс нь зулгааж доош нь дарж байгаад өвдгөөрөө нүүрэн тус газар нь 2-3 удаа өвдөглөсөн. Тэр үед Э.Л сэрээд бид хоёрыг салгаад “больцгоо” гэж хэлсэн. Э.Л бид хоёр машинаас буугаад гэр гэртээ харихаар явсан. Харин А, Г.Г хоёр машиндаа үлдсэн. Хохирогч Г.Г-т учирсан гэмтлүүдийг би гараараа болон өвдгөөрөө цохих үед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

2017.11.08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би бага зэрэг согтсон байсан. Эхнэр Н-тэй маргалдсан байсан тул сэтгэл санаа тогтворгүй, ууртай байсан тул Г.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг цохиж гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

                  2. Хохирогч Г.Г 2017.09.29-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “нэрийг мэдэхгүй байна” бааранд ганцаараа үйлчлүүлж байтал зүс таних Э.Л-тай тааралдсан. Э.Л бааранд хоёр найзтайгаа гурвуулаа хамт явж байсан. Бид дөрөв хамт суугаад архи уусан. Би Э.Л-тай хамт явж байсан хоёр залууг зүс танидаг боловч нэрийг нь мэддэггүй юм. Манай станцад ажилладаг залуучууд байх шиг байсан. Бид нар хамт шөнийн 01 цагийн үед баарнаас гараад А надад хандан “хоёулаа ханиндаа эд нарыг гэрт нь хүргэж өгье, гэр нь Яармагт байдаг юм” гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Бүгдээрээ А-ын машинд суугаад явсан. Би тухайн үед унтчихсан байсан ба А  Э.Л-г дуудахаар нь сэрсэн. Яармагт Э.Л буусан ба хамт байсан нөгөө залуу нь гэнэт л намайг “чи муу гөлөг яагаад давраад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “чи яасан гэж намайг давруулдаг юм, нохойн гөлөг минь” гэж хэлтэл шууд л миний араас үснээс зулгаасан. Эргээд хартал гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Намайг үснээс зулгаасан чигтээ доош дараад өвдгөөрөө нүүр рүү дахин нэг удаа өвдөглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан ба хажууд жолоо барьж байсан А намайг түүнээс салгаад “чи яагаад хүн зодоод байгаа юм бэ? Хамарнаас нь цус гарчихлаа” гэж хэлсэн чинь намайг зодсон залуу “би наад гөлөгийг чинь одоо ална, чи муу Яармагт ирснээ мэдэж байна уу” гээд байсан. Э.Л намайг зодсон найзыгаа цааш аваад явсан ба би А-аар цагдаагийн газарт хүргүүлсэн. Намайг ямар учраас зодож цохисныг нь мэдэхгүй байна. Миний хамар хавдсан, цус гоожиж хөндүүрлэж өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

2017.10.18-ны өдөр мэдүүлэхдээ: Миний биеийн байдал одоо сайн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ч.Э миний хохирлыг бүрэн барагдуулсан. Эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

            3. Гэрч Э.Л 2017.10.18-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамт ажилладаг А-тай орой 20 цагийн үед уулзаад, 21 цагийн үед Ч.Э-той уулзсан. Бид гурав СХД-ийн нутаг дэвсгэрт байх Цамбагарав үйлчилгээний төвийн ойролцоо нэрийг нь санахгүй байна бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд манай ажлын залуу Г.Г-тэй тааралдсан. Бид нар хамт 0,75л “Соёрхол” архи хувааж уугаад шөнийн 01 цагийн үед гэртээ харихаар гарцгаасан. А бид нарыг машинаараа хүргэж өгөхөөр болсон. Би А-ын машины арын суудалд Ч.Э-ын хамт суусан, урд нь Г.Г суусан. Эхлээд намайг хүргэж өгнө гээд Яармаг руу явсан. Би бага зэрэг согтсон тул замдаа унтсан байсан ба хүмүүс орилолдоод эхлэхээр нь сэрээд хартал Г.Г, Ч.Э хоёр хоорондоо маргалдаж байсан. Би тэр хоёрыг салгаад Ч.Э гэртээ харихаар түрүүлж яваад, би араас нь гэртээ харихаар явсан. Г.Г, А хоёр машиндаа үлдсэн. Г.Г-ийн нүүр нь цус болсон байсан ба тэрээр нүүрээ элгэн алчуураар дарсан байсан. Харин Ч.Э-ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12158 дугаартай  дүгнэлтэнд:

1. Г.Г-ийн биед дух, хамар, хацар, хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх

боломжтой байна. /хх-ийн 18-р хуудас/,

 

            5. Шүүгдэгч Ч.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31-р хуудас/,

6. Шүүгдэгч Ч.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ийг зодож түүний биед “...дух, хамар, хацар, хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Г-ийн “...Бид нар хамт шөнийн 01 цагийн үед баарнаас гараад А надад хандан “хоёулаа ханиндаа эд нарыг гэрт нь хүргэж өгье, гэр нь Яармагт байдаг юм” гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Бүгдээрээ А-ын машинд суугаад явсан. Би тухайн үед унтчихсан байсан. А Э.Л-г дуудахаар нь сэрсэн. Яармагт Э.Л буусан ба хамт байсан залуу /Ч.Э-/ нь гэнэт л намайг “чи муу гөлөг яагаад давраад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “чи яасан гэж намайг давруулдаг юм, нохойн гөлөг минь” гэж хэлтэл шууд л миний араас үснээс зулгаасан. Эргээд хартал гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Намайг үснээс зулгаасан чигтээ доош дараад өвдгөөрөө нүүр рүү дахин нэг удаа өвдөглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан ба хажууд жолоо барьж байсан А намайг түүнээс салгаад “чи яагаад хүн зодоод байгаа юм бэ? Хамарнаас нь цус гарчихлаа” гэж хэлсэн чинь Ч.Э “би наад гөлөгийг чинь одоо ална, чи муу Яармагт ирснээ мэдэж байна уу” гээд байсан. Намайг ямар учраас зодож цохисныг нь мэдэхгүй байна. Миний хамар хавдсан, цус гоожиж хөндүүрлэж өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

2017.10.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Надад ямар нэгэн гомдол санал бэйхгүй. Ч.Э миний хохирлыг бүрэн барагдуулсан. Эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

            Гэрч Э.Л-гийн “...Бид нар хамт 0,75 л “Соёрхол” архи хувааж уугаад шөнийн 01 цагийн үед гэртээ харихаар гарцгаасан. А бид нарыг машинаараа хүргэж өгөхөөр болсон. Би А-ын машины арын суудалд Ч.Э-ын хамт суусан, урд нь Г.Г суусан. Намайг хүргэж өгнө гээд Яармаг руу явсан. Би бага зэрэг согтсон байсан тул замдаа унтсан байсан. Хүмүүс орилолдоод эхлэхээр нь сэрээд хартал Г.Г, Ч.Э хоёр хоорондоо маргалдаж байхаар нь салгасан. Г.Г-ийн нүүр нь цус болсон байсан ба тэрээр нүүрээ элгэн алчуураар дарсан байсан. Харин Ч.Э-ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12158 дугаартай  дүгнэлтэнд:

1. Г.Г-ийн биед дух, хамар, хацар, хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх

боломжтой байна. /хх-ийн 18-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Э-ын “...миний сэтгэл санаа тогтворгүй, ууртай байсан тул Г.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг цохиж гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Г.Г нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 38-р хуудас/ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 230 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Э-т холбогдох эрүүгийн 1710006390197 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Ч.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Г нь шүүгдэгч Ч.Э-оос учирсан хохирол болох 50.000 төгрөгийг авсан ба хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй /хх-ийн 11-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Б овогт Ч-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Э-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Г.Г-т 50.000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                  

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР