Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2023/0722/З |
Дугаар | 128/ШШ2024/0295 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0295
2024 04 02 128/ШШ2024/0295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ТББ/ РД:/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А, Г.Х
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.М,
Гуравдагч этгээд: “К” ХХК /РД:*******/
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ц.О*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г******* нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Х******* ТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Х******* ТББ-ийн үүсгэн байгуулагчдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар баталсан дүрмийн 2 дугаар зүйлээр байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг “...уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах” гэж тодорхойлсон байна.
2.2. Нэхэмжлэгчээс үйл ажиллагааныхаа хүрээнд Дорноговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “К” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь холбогдол хууль тогтоомжийг зөрчсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.
2.3. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр “К” ХХК-д NM-******* дугаартай өргөдлийн дагуу Дорноговь аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй газар 2826.39 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байсныг “К” ХХК ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Тусгай зөвшөөрөл олгосон газар нь Монгол орны нэн ховор аргал, янгир, хулан сүргийн бэлчээр нутаг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу булаг шанд байдаг. Булаг шанд ан амьтны бэлчээрийн нутаг байгаа. Мөн энд лиценз олгохдоо Ан амьтны тухай хууль барьдаг. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөл олгохдоо Сав газрын захиргаанаас дүгнэлт санал авах ёстой. Энэ ажлыг хийгдээгүй байдаг. Энд соёлын өвийн тухай хуульд зааснаар маш олон төрлийн Археологи, Палеонтологийн газрууд байгааг тогтоосон газрууд байгаа. Энэ газар дээр лиценз олгосон байна. Энэ утгаар тус талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байсан гэдэг асуудлаар нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн ******* сумын ******* багийн иргэд сумын төвийн байгууллагад удаа дараа хандаж Байгаль орчны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнд зөвлөн туслах хамтын нөлөөлөл хийх асуудлаар удаа дараа хандаж байсан. Иймд бидний зүгээс аймаг сумын удирдлага болон улсын их хурлын гишүүдээр нь дамжуулж олон хүний гарын үсэгтэй өргөх бичгийг холбогдох талуудад тавьж байсан. Үүний ул мөрөөр аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газарт удаа дараа хүсэлтийг тавьж байсан. Сүүлийн 3 жил үргэлжилж буй үйл явцад үндэслэж 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа” гэжээ.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Гуравдагч этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хайгуулын талбайг Засгийн газраас баталж өгдөг. Засгийн газраас батлагдсан талбайг сонгон шалгаруулалт зарлаж байж аж ахуй нэгж байгууллагуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэлт өргөдөл гаргах бүрэн эрхтэй гэж хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Энэ эрхээ эдэлж байгаа нь “К” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж өгсөн байгаа. Мөн 22, 23 дээр ямар ямар материал бүрдүүлэх талаар тодорхой зааж өгсөн байгаа. Энэ утгаараа холбогдох материалыг бүрдүүлсний үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосын газрын кадастрын хэлтсийн дарга 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгсөн. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд хортой, амьтан ургамалд нөлөөлөх зэрэг асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаараа тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэгчийн эрх ашиг нь өнөөдрийн байдлаар ямар эрх, ашиг хөндөгдсөн талаар ямар ч нотлох баримт, тайлбар байхгүй байна. Үнэхээр хүн ам, амьтан, ургамалд хортой нөлөөлж байна гэдгийг Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу үнэлгээ хийлгэж байж түүгээрээ амьтан, ургамалд хохирол учирч байна гэдэг үнэлгээг тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээрээ 2, 3 өгүүлбэр бичээд амьтан, ургамал, гол ус бохирдож байна гэдэг асуудал ярих үндэслэл байхгүй гэж үзэж байна. Кадастрын хэлтсийн даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхны нэхэмжлэл нийтийн эрх ашгийг төлөөлж гаргаж байсан. Нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн буюу Х******* ТББ хувь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай асуудал яригдахгүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төсөв төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын газраас лицензийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа вэ гэдэг талаар нэхэмжлэгч тодорхойлох ёстой. Энд нийтийн эрх ашиг сонирхол гэсэн агуулга тус хуулийн 106.3.3-т байдаггүй. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөнтэй холбоотой маргаан шүүхээр хэрхэн шийдэгдсэнээс хамаарч дахин нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийн асуудал байгаа. Шийдэгдээгүй хэргийн үр дагаврын асуудлыг өнөөдөр дүгнэх боломжгүй. Компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдож хайгуул хийгдэж, нөөц батлагдаж, эрдэс баялгийн эрдсийн зөвлөл хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хувиар, ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах онцгой бүрэн эрхийн дагуу А зөвшөөрөл гаргах өргөдөл гаргасан. Өргөдлийг захиргааны байгууллага хянаж үзэж Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна гэж үзэж А зөвшөөрөл олгогдсон байгаа. Одоо Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээ хийгдээд явж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа усны сав бүхий газартай давхцалтай, ан амьтан байдаг гэж нөхцөл байдал нь ерөнхий нөхцөл. Хариуцагч талаас тайлбарлаж хэлсэн шиг нөлөөллийн үнэлгээ хийж мэргэжлийн байгууллага ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлаар дүгнэлтээ тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох ёстой. Гэтэл ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж гарсан. Нарийвчилсан үнэлгээ хийлгэх замаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, ан амьтан хамгаалах үйл ажиллагаа явагдах болно. Өнөөдрийн хувьд ерөнхийд нь ан амьтан, гол ус байгаа гэдэг зүйл нь нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэл дээр Археологи, Палеонтологийн дурсгал гэж хэлээд байна. Үүнийг шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтдийн багт “К” ХХК өөрөө хүсэлт гаргаж судалгаа хийлгэсэн. Эртний Археологи, Палеонтологийн дурсгал зүйл байна гэж бүгдийг нь илрүүлж судалгааны дүгнэлт дээр бичсэн байдаг. Соёлын өв хамгаалах хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нийцэж байна. Судалгааны байгууллагад мэдэгдэж Археологи, Палеонтологийн судалгааг хийлгэсэн нь зөв байна. Цаашид үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж ашиглалтын үйл ажиллагаанд булш, бунхан хэрэгслүүр, Археологи, Палеонтологийн дурсгалын эвдэж гэмтээхгүй сүйтгэхгүй байх арга хэмжээг авч ажил гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан. Харин ч Археологи, Палеонтологийн дурсгалын олж илрүүлж судалгаа хийж соёлын өв Соёлын яам дээр албан ёсоор бүртгэлд орсон нөхцөл байгаа. Хайгуулын үйл ажиллагаа ашиглалтын үйл ажиллагаа явуулж эдгээрт хүрэхгүй байх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтарч авч ажиллана гэж ажил хийгдээд явж байгаа. Нарийвчилсан үнэлгээг техник эдийн засгийн үндэслэлтэйгээр “К” ХХК-ийн захиалгаар хийгдсэн Археологи, Палеонтологийн дурсгалт зүйлийг яаж уялдуулж болох вэ гэдэг нь нарийвчлагдаж гарах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Х******* ТББ-ын үүсгэн байгуулагчдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар баталсан дүрмийн 2 дугаар зүйлээр байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг “...уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах...” гэж тодорхойлжээ.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заажээ.
1.3. Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгчийн 2019 оноос хойшхи санхүүгийн тайлан, дүрэм зэргээс үзэхэд тус байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
1.4. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг тайлбарласан бөгөөд тус тайлбарт дурдсан нөхцлийг нэхэмжлэгч Х******* ТББ хангасан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй.
2. Гуравдагч этгээд “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар:
2.1. “К” ХХК нь 2008 оноос хойш Дорноговь аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй газарт 2008 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад НМ-******* дугаар бүхий өргөдөл гарган ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны 257 дугаар шийдвэрээр тус компанид 2826,39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж хуульд заасан хугацаанд гуравдагч этгээд “К” ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
2.3. Нэхэмжлэгч Х******* ТББ нь тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн болно.
2.4. Гуравдагч этгээд “К” ХХК-ийн зүгээс тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар захирамжаар “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
2.5. Хэрэгт авагдсан баримтууд болох
- Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/3112 тоот албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн хариу, тус шүүхэд хариуцагчаас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/4355 тоот албан бичгийн хавсралт зургаас үзэхэд гуравдагч этгээдийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцалгүй,
- Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн нотлох баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/5822 тоот албан бичгүүдээс үзэхэд улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй,
- Галба-Өөш-Долоодын говийн сав газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 289 дүгээр албан бичгээс үзвэл Задгайтын булаг, Ханги булаг, булгийн эхээс зайтай болох нь тус тус нотлогдож байна.
2.6. Мөн Соёлын яам болон Соёлын өвийг хамгаалах үндэсний төвд тус тус гуравдагч этгээдийн захиалгаар 2020 онд хийгдсэн Археологийн хээрийн судалгааны тайлан хадгалагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн археологийн олдвор бүхий талбайг мэдээлээгүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
2.7. Хавтаст хэрэгт орон нутгийн иргэдээс 2020 онд маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахтай холбоотой Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргад хандан гаргасан өргөдөл, хүсэлт авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар Дорноговь аймгийн Засаг даргад хандаж байгаагүй болох нь тус Засаг даргын тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03/1153 тоот албан бичгээр тогтоогдоно.
2.8. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тоочин заасан байх бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахад нутгийн захиргааны байгууллагын санал болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт тус тус гарсан байх шаардлагатай байна.
2.9. Маргаан бүхий талбай нь нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар болон улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй, түүнчлэн уг талбайн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар холбогдох төрийн захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2.10. Иймд дээр дурдсан нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ТТБ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.