Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0812

 

 

 

 
2017 оны 11 сарын 16 өдөр     Дугаар 221/МА2017/0812             Улаанбаатар хот


“Г б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 120/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Г б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 120/ШШ2017/0016 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасныг баримтлан “Г б” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн нэхэмжлэгч “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/175 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...“Г б” ХХК-иас 2011 онд хүсэлт гаргасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/633 дугаар захирамжаар тус компанид шинэ Даланзадгад хотхонд 5.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж гаргасан шийдвэр юм. Өөрөөр хэлбэл “Г б” ХХК-д эзэмшүүлсэн 5.5 га хэмжээний газрыг Засаг дарга дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулахгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн олгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. “Г б” ХХК-иас дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй шууд газар эзэмших эрх олж авсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог юм.
Аймгийн Засаг даргаас хууль зөрчсөн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/633 дугаар захирамжаа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/450 дугаар захирамжаар хүчингүй болгож, шийдвэрээ зөвтгөсөн байна. Хуульд нийцээгүй дээрх шийдвэрээ хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан заалттай нийцэж байна.
“Г б” ХХК-д анх газар олгосон шийдвэр нь хууль бус тул түүнд үндэслэж гаргасан дараа дараагийн шийдвэрүүд нь хууль бус байх хуулийн үндэслэлтэй. Анх газар олгосон 2011 оны 10 дугаар 19-ний өдрийн А/633 дугаар захирамжид шүүхээс дүгнэлт хийлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтыг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 120/ШШ2017/0016 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн а/633 дугаар захирамжаар тус аймгийн нутагт дэвсгэрт “Шинэ Даланзадгад” гэх байршилд орон сууцны зориулалтаар 55000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг “Г б” ХХК-д олгосон боловч 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Г б” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар “Г б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй болох нь нотлогдсон гэж үзлээ.
Учир нь “G t” хотхоны орон сууцны хорооллын барилгын эскиз зургийг “Форм” ХХК-иар гүйцэтгүүлж, Өмнөговь аймгийн ерөнхий архитектор Ц.О-р 2012 онд батлуулсан, мөн “Г б” ХХК-д хаяглан хүргүүлсэн “... танай техникийн нөхцөлийг шинэ Даланзадгадын ЦТП-1-ээс өгөх боломжтой байна” гэх Өмнөговь аймгийн Даланзадгадын “Д х” ОНӨҮГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн “Г-У” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаар албан бичиг, Өмнөговь аймаг дахь “М х с” ТӨХК-ийн “Техникийн нөхцөл олгох тухай” 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар албан бичиг зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Дээрх нотлох баримтууд болон анхан шатны шүүхиийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургаас үзэхэд нэхэмжлэгч “Г б” ХХК нь маргаан бүхий газар дээр газар шорооны ажил хийж, барилгын суурь тавьсан /барилга барихад бэлтгэсэн/ байдалтай байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан газар эзэмших эрхээ эдэлж байсан болохыг нотолж байгаа юм.
Мөн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Г б” ХХК нь газрын төлбөрөө төлж байсан нь “Х б” ХХК-ийн орлогын мэдүүлэг, “Х б” ХХК-ийн төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна.
Тиймээс “Г б” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж шууд үзэх боломжгүй бөгөөд хариуцагч уг үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй юм.
Иймд хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дүгээр захирамжаар “Г б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж Засаг дарга дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулахгүй “Г б” ХХК-д 5.5 га газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын а/450 дугаар захирамжийн талаар “Г б” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд сүүлд Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Г б” ХХК-д мэдэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Харин шүүхийн шийдвэрийг ойлгомжтой, биелэгдэх боломжийг хангах үүднээс “Тогтоох” хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 120/ШШ2017/0016 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        О.НОМУУЛИН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР