Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01021

 

Н.Энхтөвшингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 991 дүгээр магадлалтай,

Н.Энхтөвшингийн нэхэмжлэлтэй

Б.Туяа, Г.Батбямба нарт холбогдох

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц бэлэглэх гэрээний дагуу хийгдсэн бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу олгогдсон гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах, орон сууцыг Н.Энхтөвшингийн нэр дээр бичиж олгохыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 491 300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Туяагийн сөрөг нэхэмжлэлтэй,

Орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай хариуцагч Г.Батбямбын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Энхтөвшин, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Б.Туяа, түүний өмгөөлөгч С.Өлзий-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Туяатай 7 жилийн өмнө танилцаж заримдаа түүнээс мөнгө зээлдэг байсан. 2010 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой жилийн 1 хувийн хүүтэй төслийн зээлд хамрагдахаар төсөл бичиж, дансанд мөнгө байршуулахын тулд хэдэн хүнээс хугацаа богинотой өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Төслийн зээл батлагдаж 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд мөнгө нь орно гэж байсан боловч санхүүжилт орж ирэхгүй байна гээд хойшлогдсон тул хувь хүмүүсээс 5-7 хоногийн хугацаатай зээлсэн мөнгө, хүүгийн хамт нэхэгдэж эхэлсэн. Би Б.Туяагаас сарын хугацаатай, бага хүүтэй мөнгө олж өгөөч гэж хүссэн бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 7 дугаар байрны цайны газрын эзэн ижил нэртэй н.Туяагаас өдрийн 2 хувийн хүүтэй 2 500 000 төгрөгийг зээллээ хэмээн надад авч ирж өгснөөс хойш 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 29 481 860 төгрөгийг би Б.Туяагаас зээлсэн. Надад өгсөн зээлүүд нь өдрийн 1.5-2, сарын 45-60 хувийн хүүтэй байсан. Зээлийн хүү өндөр тул төлж чадахгүй болохоор Туяа надад мөнгө нэмж зээлдүүлэн өмнөх зээлийн заримыг дараагийн зээлд нэмэгдэж бодогддог байсан.

Туяа намайг зээлсэн мөнгөө бүрэн төлж чадахгүй болохоор янз бүрээр доромжилж, намайг өвчтэй хэвтэж байхад Б.Туяа ирж дарамтлаад байсан болохоор нь би тэсч чадалгүй түүний хүсэлтээр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29-16 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр үнэлж 13 000 000 төгрөгийг өрөндөө төлж, зөрүү 17 000 000 төгрөгийг би Б.Туяагаас авахдаа тухайн үед худалдах-худалдан авах гэрээ хийхэд татварт их мөнгө төлдөг байсан учраас бэлэглэлийн гэрээ байгуулах саналыг нь зөвшөөрч өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан, хүчин төгөлдөр бус хэлцэл.

Би Б.Туяагаас нийт 2 518 600 төгрөг зээлж, бэлнээр болон бараа материалаар  47 078 850 төгрөг төлж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг орон сууцны үнэд оруулан төлж, нийт 60 078 850 төгрөгийг нийт зээлд буцааж төлсөн. Зөрүү буюу зээлсэн мөнгөний хүүд 30 560 250 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ хийгээгүй атлаа мөн өндөр хүү тооцож надаас үндэслэлгүйгээр авсан. Дээр дурдсан 29-16 тоот орон сууцаа Туяад өгснөөр, өөрөө ажлын болон орон сууц түрээслэснээс 2011 оны 7 дугаар сараас одоог хүртэл надад 13 200 000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Туяа 29-16 тоот орон сууцыг 2012-2013 онд бусдад хөлслүүлж 6 500 000 төгрөгийн орлого олсон. Би Б.Туяад 21 550 000 төгрөгийн өртэй байснаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 35 705 750 төгрөгийг эргүүлэн төлсөн.  

Г.Батбямба нь Улаанбаатар хотод амьдарч байгаагүй, Төв аймагт мал маллаж байсан, мянгат малчин бөгөөд уг орон сууцыг түрээслүүлсэн байсан. Тэрээр орон сууцыг худалдаж авсан гэх баримтууд нь баримтын шаардлага хангаагүй, одоо сууж байгаад ч гэсэн тийм баримтыг хийх боломжтой. Мөн банкаар 50 000, 60 000 төгрөгийн гүйлгээг хийсэн байдаг. Байрны төлбөр нь 12 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болоод худалдах-худалдан авах гэрээг хийсэн гэдэг ч Б.Туяа, Г.Батбямба нар нь 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөнгө төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж ирсэн. Тиймээс Б.Туяа, Г.Батбямба нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн бэлэглэлийн гэрээг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Туяа шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2006 оноос танилцаж, мөнгө төгрөг зээлдэг болсон. 2010 онд мөнгө зээлээгүй гэхэд төслийн 150 000 000 төгрөгийн зээл авч байгаа гээд Улаанбаатар хот руу очиж зээлийн жагсаалтад өөрийн нэр орсон байгааг үзүүлж намайг итгүүлсэн. Тэр үед Н.Энхтөвшингөөс өр нэхсэн хүмүүс маш олон байсан. Н.Энхтөвшин хүнд байдалд байсан болохоор нь тус болох үүднээс мөнгө зээлсэн нь үнэн. Би 2011 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө байрыг барьцаалж, Хас банкнаас 15 000 000 төгрөгийн зээлийг Н.Энхтөвшинд авч өгөөд, өрийг нь даруулаад үлдэгдэл 4 000 000 гаруй төгрөгийг өөрт нь өгсөн. Тухайн үед Н.Энхтөвшин өөрийнхөө байр болон ахынхаа байрыг барьцаалаад ХААН банкнаас 40 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Н.Энхтөвшин таны байр болон өөрийнхөө байрыг алдах гээд байна. Та миний байрыг банкнаас чөлөөлөөд үлдэгдэл мөнгийг нь надад өгчих гэж гуйгаад байсан учраас би зөвшөөрсөн. ХААН банкинд 16 000 000 төгрөгийг шилжүүлээд 15 минутын дараа эдийн засагчаас нь байрных нь гэрчилгээг авсан. Би өмнөх өрийн үлдэгдэлд 13 000 000 төгрөгийг суутгаад, үлдэгдэл 17 000 000 төгрөгийг Н.Энхтөвшинд өгөөд, байрыг бэлэглэлийн гэрээ байгуулж авсан. Бидний хувьд эгч дүү шиг л харьцаатай, бие биедээ тусалж явсан. Одоо намайг луйварчин, залилагчаар хэлж байгаад нь гомдолтой байна. Би энэ хүнд тус болох зорилгоор байрыг нь авсан. Энэ байрыг хуулийн дагуу, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж авсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Батбямба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Мөнгөнморьт суманд нутаглаж байсан. Б.Туяа хямдхан байр авах уу, мөнгө төгрөгийг нь хувааж өгч болно гэхээр тохиролцоод худалдаж авсан. Миний байрандаа амьдрах эсэх нь миний эрхийн асуудал. Би албан ёсоор 2012 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 8 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 418 000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдлийг банкаар шилжүүлж, хуулийн дагуу гэрчилгээг нь гаргуулж авсан. Энэ байр бол миний өмч гэжээ.

Хариуцагч Б.Туяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Н.Энхтөвшинд 2010 оны 4 дүгээр сараас 2011 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд бэлэн мөнгө болон бараа материалаар нийт 64 061 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар баримттайгаар шилжүүлж өгсөн. Н.Энхтөвшин нь удаа дараа зээл авчхаад хугацаандаа зээлээ төлж байгаагүй. 2011 оны 7 дугаар сард Н.Энхтөвшин нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 19 тоот 2 өрөө орон сууцаа өөрийнхөө зээлж авсан зээлийн төлбөрөөс суутгуулах зорилгоор миний өмчлөлд шилжүүлсэн. Бид дээрх орон сууцыг тухайн үеийн ханшнаас илүү үнээр бодож буюу 30 000 000 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хоёул харилцан тохиролцож, бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Н.Энхтөвшин нь дээрх зээлийн төлбөрөөс одоо 9 491 300 төгрөгийг өгөхгүй байгаа тул Н.Энхтөвшингөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батбямба шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр бол миний өмч. Би ямар нэгэн байдлаар хууль зөрчиж уг байрыг аваагүй. Би уг байрыг хуулийн дагуу гэрээ байгуулж, шударгаар олж авсан учраас шударга эзэмшигч болон өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Туяагийн Хас банкнаас авсан 15 000 000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг аваагүй мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнгийн задаргааг тодруулмаар байна гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Энхтөвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Туяа, Г.Батбямба нарт холбогдох Н.Энхтөвшин, Б.Туяа нарын хооронд 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Орон сууц бэлэглэх гэрээ”-нд үндэслэн хийгдсэн Багануур дүүргийн 29 дүгээр байрны 16 тоот 2 өрөө байрыг Б.Туяагийн өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах, Б.Туяа, Г.Батбямба нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, энэхүү гэрээг үндэслэн Г.Батбямбад олгосон 000292612 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах, Багануур дүүргийн 29 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг Н.Энхтөвшингийн нэр дээр бичиж олгохыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 491 300 төгрөгийг нэхэмжлэгч Н.Энхтөвшингөөс гаргуулах тухай хариуцагч Б.Туяагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар Багануур дүүргийн 29 дүгээр байрны 16 тоот 2 өрөө байрны өмчлөгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Батбямба мөн болохыг тогтоож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 251 дугаартай Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах үйлдэл хийхгүй байх үүргийг хариуцагч Г.Батбямбад даалгасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөг, 180 000 төгрөг, 70 200 төгрөгийг, хариуцагч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 820 төгрөг, хариуцагч Г.Батбямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Энхтөвшингөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар төлүүлэхээр тогтоосон 551 201 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 289/б тоот захирамжаар хойшлуулсан 123 975 төгрөг, 42 250 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, Г.Батбямбад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 991 дүгээр магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байр, 16 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн” гэсний дараа оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 118 дугаар зүйлүүдэд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэн зөв үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтыг үнэн зөв, бодитоор тогтоож чадалгүй, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг зөвтгөж, хуулийг зөв хэрэглэж чадаагүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулж, Б.Туяа нь өдрөөр тооцож асар өндөр хувиар хүүлж, нэхэмжлэгчийг өрийн дарамт, хүнд байдалд оруулж, хэвийн төлөлттэй банкны зээлийн үлдэгдэл 16 000 000 төгрөгийг дур мэдэн төлж, үүндээ тооцож, нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хууль бус хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авсан байдаг. Талууд хоорондоо хэзээ ч тооцоо нийлж, зээлдүүлэгч Б.Туяа нь бичгээр мөнгө төгрөг эргэн төлөгдсөн талаар баримт үйлдэж өгч байгаагүй. Иймээс зохигчдын хоорондын тооцоо, зээл, түүний эргэн төлөлт, хүү, үндсэн зээлийн хэд нь төлөгдсөн талаар зөвхөн нэхэмжлэгч л тооцож, тооцоо гаргасныг шүүхүүд анхаарч, үнэлж дүгнээгүй орхигдуулсан төдийгүй талууд “Орон сууц бэлэглэлийн гэрээгээр хоорондын тооцоогоо дуусгавар болгосон” гэж ямар ч үндэслэл нотолгоогүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан “шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит байдалд үндэслэн, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр, магадлал гаргалаа.

Хариуцагч Б.Туяа нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан 9 491 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж, мэтгэлцээгүй атал шүүхээс “нотлогдохгүй байна” гэсэн хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэрлэснийг зөвтгөх ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байтал түүнд гомдол гаргалгүй орхиж буй нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь ямар ч нотолгоо, үндэслэлгүй болохыг давхар нотолж байна. Шүүх хуралдаануудад хариуцагч Б.Туяа нь ямар ч нотлох баримтад түшиглэж ярьдаггүй, зөвхөн өөрөө гэм буруугүй, ямар ч хүүгүй “буян бодож” мөнгө зээлдүүлж байсан мэтээр ярьсан мэдүүлгийг шүүх хүлээн авдаг атлаа тодорхой тооцоолол гэрч болон бусад нотлох баримтуудад үндэслэн мэтгэлцэж буй нэхэмжлэгчийн мэдүүлгийг шүүхүүд шийдвэрийнхээ үндэслэл болголгүй орхигдуулж, шийдвэр гаргаснаас талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн” гэрээний байгуулах болсон урьдчилсан нөхцөл байдал, түүний үр дагавар, гэрээний үнэ, гэрээ байгуулах хүсэл зориг бэлэглэгчид байсан эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийг илт орхигдуулж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангах боломжгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх” зарчмууд мөрдөгдөж чадалгүй, хэт нэг талын эрх ашгийг хамгаалж шийдвэрлэлээ. Хэрвээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хуульд заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлсэн бол хэргийн үйл баримт нь улам тодорхой болж улмаар зохигчдын хооронд 2011 оны “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2.-т бүрнээ нийцсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь бүрэн нотлогдох байлаа. Харамсалтай нь шүүхүүд энэ талаар хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн шаардлагыг хангаж ажиллаж чадаагүй болохыг анхааралдаа авч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн зарим дүгнэлт хуульд нийцээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Н.Энхтөвшин нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “...Б.Туяагаас 29 518 600 төгрөг зээлж, 47 078 850 төгрөгийг төлсөн. Түүний түрэмгий байдал, дарамт шахалтыг тэсэж чадалгүй орон сууцаа  түүнд зарсан бөгөөд Б.Туяа нь 13 000 000 төгрөгийг зээлд суутган авч, 17 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд орон сууцны үнэнд авах байсан 13 000 000 төгрөгийг нэмж тооцвол 60 078 850 төгрөг төлсөн. Б.Туяа нь бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй атлаа өндөр хүү тооцож илүү 30 560 250 төгрөгийг надаас үндэслэлгүйгээр авсан. Орон сууцыг бусдад хөлслүүлж 6 500 000 төгрөгийн орлого олсон. Б.Туяагийн хууль бусаар зээлийн хүүд тооцож авсан 30 560 250 төгрөг, орон сууцыг түрээслүүлснээс олсон ашиг 6 500 000 төгрөг нийт 37 060 250 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргаж байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 11 дүгээр сарын 18, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  өөрчилсөнтэй холбогдуулж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөв тодруулжээ. /1-р хавтас хх-1-3, 48- 57, 3-р хавтас хх-146, 147, 5-р хавтас 37-40, 174-184/

Нэхэмжлэгч Н.Энхтөвшин нь хариуцагч Б.Туяад холбогдуулж 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас уг гэрээний дагуу хийгдсэн бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, хариуцагч Б.Туяа, Г.Батбямба нарт холбогдуулж 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу олгогдсон гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах, орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ц.Туяа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 491 300 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Батбямба маргаж буй орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Н.Энхтөвшин нь өөрийн өмчлөлийн, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 16 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр үнэлсэн,  Б.Туяа нь орон сууцны үнийг төлөхдөө 13 000 000 төгрөгийг зээлийн үүрэгт нь тооцож, үлдэх 17 000 000 төгрөгийг Н.Энхтөвшинд өгсөн байх ба харин орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Н.Энхтөвшин болон Б.Туяа нарын хооронд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу талууд үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Талуудын хооронд орон сууцыг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй хэдий ч худалдах-худалдан авах гэрээ бодит үйлдлээр хийгдэж, гэрээ биелэгдсэн тул энэ гэрээний дагуу Б.Туяад шилжүүлсэн өмчлөх эрх хэвээр үлдэх учир бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлагагүй байжээ. Энэ талаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд харин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан дээрх үйл баримтад давж заалдах шатны шүүх үүрэг солих Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2.-т заасныг хэрэглэсэн нь тохироогүй байна.

Нэхэмжлэгч нь Б.Туяагийн зүгээс дарамт үзүүлсэн тул орон сууцаа худалдахад хүрсэн, тухайн үед үйлчилгээ явуулах зориулалттай 1 давхрын байр 90 000 000, 50 000 000-60 000 000 төгрөг байсан гэсэн үндэслэлээ ямар ч баримтаар нотолсонгүй.

Н.Энхтөвшин, Б.Туяа нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгө зээлж, буцаан төлж байсан үйл баримтууд тогтоогдож байх боловч талууд баримт үйлдээгүй, зээлийн үүрэг тодорхойгүй тул 9 491 300 төгрөг гаргуулах Ц.Туяагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрх тогтоогдоогүй гэх дүгнэлтэд  нийцжээ.

Иймд нэхэмжлэгч  Н.Энхтөвшингийн нэхэмжлэл болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Батбямба нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан боловч нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар  түүнийг хамтран хариуцагчаар татсан, Г.Батбямба нь бие даасан шаардлагаа сөрөг нэхэмжлэл болгон өөрчилсөн байдалд  анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Г.Батбямба нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар Ц.Туяагийн нэр дээрх өмчлөлийн бүртгэлийг буруу ташаа байсан гэдгийг мэдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцэх бөгөөд түүний өмчлөх эрх зөрчигдөөгүй, маргаж буй орон сууцны өмчлөгч тул дахин өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байжээ.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 991 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...9 дүгээр зүйлийн 9.4.1...” гэснийг “...183 дугаар зүйлийн 183.1...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 448 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР                                    

                                     ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА