Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 25

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Сэрчмаа,

Хохирогч Р.Цогтгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

Шинжээч эмч Б.Ундармаа,

Гэрч М.Оргилсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.Ганбат,

Шүүгдэгч Н.Батсүх,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батсүхэд холбогдох 201613000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Нуваан овогт Нямдаваагийн Батсүх,  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Н.Батсүх нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр ангийн найз болох Ц.Ням-Очиртой архи уусангүй гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж, зодолдон улмаар түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч   Р.Цогтгэрэлийн  мөрдөн  байцаалтын   болон   шүүх   хуралдааны

хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө Завхан аймгийн Цагдаагийн газраас н.Дашдаваа гэдэг хүн танай хүү Ц.Ням-Очир нь өнгөрсөн шөнө бусдын гарт амь насаа алдсан байна гэж хэлсэн. Завхан аймагт очиход хүүгийн минь цогцсыг эмнэлгийн моорогт хийсэн байсан. Шүүх эмнэлгийн задланд орохын өмнө эхнэр С.Наранцэцэг орж үзэхэд баруун хөлнийх нь шагай мултарсан, доод уруул дотор талдаа хэгз цохигдсон зүүн талын бөөр ар талын нурууны арьс нь зулгарч цус тогтож хүрэнтсэн, зүүн нүдний дээр хонхор үүссэн байдалтай байсан гэсэн. Оршуулгын зардал, өмгөөлөгчийн төлбөр, унааны зардал, хүүгийн сургалтын төлбөр нийт 28.605.774 төгрөгийн зардал гарсан, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Оргилсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Батсүх бид хоёр “Даян” дэлгүүр рүү орж 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво авчхаад явж байхад Ц.Ням-Очир хашаан дотроо явж байхаар нь дуудахад гарч ирсэн. Бид гурав Ногоон хашааны хойно байдаг хуучин байшингуудын хажууд очоод пивоо уух гэсэн чинь тэр газар их заваан байхаар нь цаад талын дэнж дээр нь очиж уусан. Тэгтэл Н.Батсүх Ц.Ням-Очир луу уурлаад “чи миний өгсөн пивыг уухгүй, бага уулаа” гээд түүний зүүн шанаа руу нэг удаа алгадахаар нь та хоёр нэг ангийн хүүхдүүд байж болиоч гэхэд чимээгүй болчихсон. Миний толгой өвдөөд байхаар нь жаахан унтмаар байна гээд газарт хэвтэж байхад Н.Батсүх Ц.Ням-Очирыг заамдаж аваад тэр хоёр зодолдоод байсан. Би гайгүй байх гэж бодоод хэвтэж байсан чинь нам унтчихсан байсан. Намайг унтах үед Ц.Ням-Очирын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгтэл нэг хүн “хөөе” гээд дуудаад байхаар нь сэрээд хартал машинтай ах байсан. Харин Н.Батсүх, Ц.Ням-Очир нар байхгүй байсан. Намайг дуудсан машинтай ах наад доор чинь нэг хүн байна гэхээр нь очиход Ц.Ням-Очирын толгой нь газрын уруу, нүүр нь доошоо харчихсан хэвтэж байсан. Би Ц.Ням-Очирыг татаад босгох гэхэд тэр амьсгалахгүй байхаар нь хэвлий орчим 2-3 удаа дарахад амьсгаа авахгүй байсан. Түүний хамарнаас бага зэрэг цус, амнаас нь хөөс гарчихсан байсан. Мөн түүнийг дээш нь харуулахад өмсөж явсан цайвар өнгөтэй подволканы урд энгэр буюу цээжний хэсэгт гутлын ул мөр байж болохоор мөр гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Р.Өлзийтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчимд эхнэрийнхээ хамт самар цайруулах гээд ногоон хашааны арын дэнж рүү машинтай явж байхад замын хажууд биеийн тамирын өмдтэй, цайвар өнгийн подволктой эрэгтэй хүн толгойн хэсэг нь газрын уруу харчихсан нүүр нь доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь хажуугаар нь гараад дээшээ өгсөөд замын арын эрэг дээр гараад машинаа зогсоогоод харсан чинь тэр хүний дээд талд нэг хүн хэвтэж байсан. Би “хөөе чи босооч тэнд найз чинь эвгүй уначихсан байна” гээд дуудахад тэр залуу босоод манай найз хаана байна гэхээр нь наад доод талд чинь байна гэхэд доошоо уруудаж очоод түүнийг тэвэрч аваад газарт суусан. Би эхнэрээ цагдаа дуудаарай гэж хэлээд тэр залуугийн ойролцоо зогсож байхад түүний хамарнаас нь хөөсөрхөг зүйл гарчихсан хөөс нь бөмбөлөгтэй байсан болохоор амьсгал хураачихсан байх гэж би бодсон. Тэнд М.Оргилсайхан гэдэг залуу ганцаараа байсан. Ойр хавьд нь өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Даш-Өлзийгийн “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө Ц.Ням-Очир хичээлдээ яваад 14 цаг өнгөрч байхад ирсэн. Хажуу айлын 2 эмээ орж ирээд Ц.Ням-Очир тэр гурав хөзөр тоглож байхад Ц.Ням-Очирын утас дуугарахад утсаа авахгүй байхаар нь хэн залгаж байгааг асуухад манай ангийн М.Оргилсайхан байна гэж хэлсэн. Тэгээд гадаа хүмүүс Ц.Ням-Очирыг дуудахад гарсан. Удалгүй орж ирээд өвс ачихаар хөдөө явлаа гээд гарсан. Тэр шөнө ирээгүй. Ц.Ням-Очир нь гэрээс гарахдаа ил харагдах шарх, сорвигүй, архи уугаагүй байсан...” гэсэн  мэдүүлэг,

Гэрч Ж.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Л.Даш-Өлзийгийд ороход Ц.Ням-Очир хичээлээсээ ирээд хувцсаа сольж байсан. Би хэдэн түлээ хагалуулмаар байна гэсэн чинь Ц.Ням-Очир “багшийн өвсийг ачиж өгнө” гэж байсан. ...17 цаг өнгөрч байхад Н.Батсүх нэг хүүхэдтэй хамт Ц.Ням-Очирыг дагуулаад ногоон хашааны доод талаар хойшоо дэнж рүү чиглэлтэй явж байсан. Н.Батсүх архи уучихсан байх шиг байсан. Н.Батсүх саарал өнгийн цамцтай, улаан өмдтэй, Ц.Ням-Очир цагаан подволктой явж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хоролбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Батсүх, М.Оргилсайхан, Ц.Ням-Очир нарыг сайн танина. 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Н.Батсүх, М.Оргилсайхан нар дэлгүүрт орж ирээд “Боргио” нэртэй 2 литрийн пиво аваад гарсан. Орой 17 цагийн орчимд Н.Батсүх, М.Оргилсайхан, Ц.Ням-Очир гурав хамт орж ирээд М.Оргилсайхан нь карт уншуулаад 0,750 граммын “Болор” нэртэй архи аваад гарсан. Түүнээс хойш дахин орж ирээгүй. Тэр гурав манай дэлгүүрт орж ирэхдээ хэрэлдэж маргалдсан шинжгүй, ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Н.Батсүх, М.Оргилсайхан, Ц.Ням-Очир нар нь манай дэлгүүрт орж ирэхдээ их согтуу байгаагүй, бараг л эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Батсүхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Оргилсайхан бид хоёр ногоон хашаа уруудаж яваад дэлгүүрээс нэг пиво аваад явж байхад талийгаач Ц.Ням-Очир гэрийнхээ гадаа зогсож байсан. Бид гурав хойд талын хуучин байшингуудын тэнд очиж пивоо уугаад барахгүй болохоор хойд дэнж дээр гарч уусан. Тухайн үед талийгаач бид хоёр “чи уу, би уу” гэж маргалда барилцаж авахад М.Оргилсайхан салгасан. Тэгээд би унтаад сэрэхэд М.Оргилсайхан миний хажууд байсан. М.Оргилсайханыг явъя гээд татахад босохгүй байхаар нь гэртээ очоод унтаж байхад цагдаа нар ирээд намайг саатуулсан. Бид гурав 2.5 литртэй “Боргио” пиво уусан, түүнийгээ  барахгүй болохоор нь унтаад өгсөн. Өөр зүйл уугаагүй. Би эхлээд унтсан. ...Талийгаачийг би цохиогүй. Намайг хэвтэхэд М.Оргилсайхан Ц.Ням-Очир маргалдсан зүйлгүй байсан. Талийгаачтай нэг ангийн найзууд байсан. Бид өмнө нь хоорондоо маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. ...Тухайн үед би биеийн тамирын хүрэн өмдтэй, саарал цамцтай явсан. Би тэнд “Болор” нэртэй архи уугаагүй. Надад  талийгаачийг зодсон үйлдэл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн: “...Хүн зүрхний доргилт гэмтлийг авсан тохиолдолд богино хугацаанд нас бардаг. Талийгаач Ц.Ням-Очирт анх задлан шинжилгээ хийсэн эмч нь зүрхний булчингаас дээж авсан байдаг. Талийгаач Ц.Ням-Очирыг зүрх доргилт буюу зүрхний битүү гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн. Зүрхний доргилт гэмтэл нь цээжин тус газар буюу зүрх орчимд хүчтэй цохих, өшиглөх, дэвсэх үед доргилт үүссэнээс болж үүсдэг. Зүрх доргилт нь явганаас унах тохиолдолд үүсэх боломжгүй. Эд, эсийн шинжилгээгээр тухайн хүн зүрхний доргилт буюу битүү гэмтэл, эсвэл зүрхний цочмог шигдээсээр нас барсан болох нь ялгагдах боломжтой. Зүрхний шигдээсийн үед зүрхний булчингийн үхжилт үүсдэг бөгөөд талийгаач Ц.Ням-Очирт зүрхний булчингийн үхжилт үүсээгүй. Харин зүрхний булчингийн засвараар голомтлог цус харвалт үүссэн байсан. Зүрхний булчингийн завсар үйлчилж байгаа цус харвалт нь ямар нэгэн өвчний үед үүсэхгүй. Зүрх доргилт гэмтлийг авахад биед няцралт, хөхрөлт үүсэхгүй байж болно. Зүрхний шигдээс өвчтэй хүн нас барахаас өмнө зүрхний ойр орчимд маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд талийгаач Ц.Ням-Очирт зүрхний шигдээсийн шинж тэмдэг илрээгүй...” гэсэн мэдүүлэг,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 351 тоот “...Талийгаач Ц.Ням-Очирын шарил нь хүүрийн хожуу үеийн өөрчлөлт орж илжирч ялзарсан байна. Талийгаач Ц.Ням-Очирын шарил шинжилгээгээр гар, хөл, хүзүү, нуруу, нугас, хавирга, гавал ясанд хугарал, гэмтэлгүй байна. Талийгаач Ц.Ням-Очир нь зүрхний доргилтын улмаас нас баржээ. Зүрх доргилт нь мохоо зүйлээр буюу цээжинд цохих, өшиглөхөд үүснэ. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №201630018, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1412 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Талийгаачид зүрхний цочмог шигдээс /үхжил/ өвчин эд эсийн шинжилгээгээр батлагдахгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт,  

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 553 тоот “...Ц.Ням-Очирын биед доод уруулд цус хуралт, шарх, салстын язрал, дух нуруунд зулгаралт, дээд уруул, баруун зүүн өвдөг, баруун шилбэ, шагай, чацархай, зүүн бөөрний өөхөн эслэг, зүүн талын 11-р хавирга, хэлний зүүн хэсэг, төвөнх, бамбай булчирхай, хэлэн доорх яс орчмын зөөлөн эдэд цус хуралт, зүрхний булчингийн ширхэг завсар дахь голомтлог цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Ц.Ням-Очирын биед учирсан гэмтлүүд амьд үед үүссэн гэмтлүүд байх ба нас барсны дараа үүссэн гэх гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь элэг, ходоодны архаг үрэвсэл өвчтэй, зүрхний булчингийн өөхлөлттэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь зүрхний булчингийн хурц шигдээс өвчнөөр нас бараагүй, талийгаачид задлан шинжилгээгээр болон эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн хурц шигдээсийн үед илэрдэг өөрчлөлтүүд илрээгүй болно. Талийгаач нь зүрх доргилтын улмаас нас баржээ. Энэ нь зүрх доргилтын шинж болох зүрхний булчингийн чичирхийлэл, зүрхний булчингийн голомтлог цус харвалт шинжүүдээр тогтоогдож байна. Зүрх доргилт нь мохоо зүйлийн нэг удаагийн тухайлбал цээжинд хүчтэй цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. Зүрх доргилт явганаас унах үед үүсэх боломжгүй. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 201630018 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1412 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй, дахин шинжилгээ хийсэн шинжээчийн №351 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9104 тоот “...саарал өнгийн урдуураа цахилгаантай хоёр хажуудаа ногоон өнгийн оруулгатай халаастай бэлтгэлийн цамцанд цус илэрч байна. ...Н.Батсүхийн гэх цус шинжилгээнд тэнцэж байна. Ц.Ням-Очирын гэж цус нь шинжилгээнд тэнцэж байна. ...Саарал өнгийн урдуураа цахилгаантай хоёр хажуудаа ногоон өнгийн оруулгатай халаастай бэлтгэлийн цамцанд илэрсэн цус нь Ц.Ням-Очир гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, болон Н.Батсүхийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Н.Батсүх, М.Оргилсайхан нарын согтуурал шалгасан магадлагаа, Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны 201640072, 201640073, 201640071, 201610072, 201620343, 201630018 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1412 тоот шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтууд зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 

Талийгаач Ц.Ням-Очир нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хичээлээ тарж ирээд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байх өөрийн амьдардаг Л.Даш-Өлзийгийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь ил харагдах шарх сорвигүй, хөзөр тоглож байхад нь Н.Батсүх, М.Оргилсайхан нар дуудаж уулзаад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр очиж архи, пиво ууж, Н.Батсүх нь Ц.Ням-Очирыг “чи миний өгсөн пивыг уухгүй, бага уулаа” гэж маргалдан зодолдож улмаар түүний цээжин тус газарт өшиглөсний улмаас түүнд зүрх доргилт гэмтлийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэрч Л.Даш-Өлзийгийн “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Ням-Очир хичээлээсээ тарж ирээд хажуу айлын 2 эмээтэй хөзөр тоглож байхад гадаа хүмүүс дуудахаар нь гараад явсан. Тухайн үед Ц.Ням-Очир нь архи уугаагүй, түүний биед нь ил харагдах шарх сорви байгаагүй...” гэсэн,

- гэрч Ж.Нармандахын “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Л.Даш-Өлзийгийнд ороход Ц.Ням-Очир хичээлээсээ тараад ирсэн байсан. 17 цаг өнгөрч байхад Н.Батсүх нэг хүүхэдтэй Ц.Ням-Очирыг дагуулаад ногоон хашааны доод талаар хойшоо дэнж рүү чиглэлтэй явж байсан...” гэсэн,

- гэрч Б.Хоролбадамын “... 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Н.Батсүх, М.Оргилсайхан нар орж ирээд “Боргио” нэртэй 2 литрийн пиво худалдаж авсан. Мөн орой 17 цагийн орчимд Н.Батсүх, М.Оргилсайхан, Ц.Ням-Очир гурав орж ирээд М.Оргилсайхан нь карт уншуулаад 0,750 граммын “Болор” нэртэй архи авсан, тэд нар хэрэлдэж маргалдсан шинжгүй, тэдний биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэсэн,

- гэрч М.Оргилсайханы “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед  Н.Батсүх бид хоёр хамт явж байгаад Ц.Ням-Очирыг хашаан дотроо явж байхаар нь дуудахад гарч ирсэн. Бид гурав Ногоон хашааны хойно байдаг хуучин байшингуудын хажууд очоод пивоо уух гэсэн чинь тэр газар их заваан байхаар нь цаад талын дэнж дээр нь очиж уусан. Тэнд Н.Батсүх, Ц.Ням-Очир луу уурлаад “чи миний өгсөн пивыг уухгүй, бага уулаа” гээд түүний зүүн шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би та хоёр нэг ангийн хүүхдүүд байж болиоч гэхэд чимээгүй болчихсон. Миний толгой өвдөөд байхаар нь жаахан унтмаар байна гээд газарт хэвтэж байхад Н.Батсүх Ц.Ням-Очирыг заамдаж аваад тэр хоёр зодолдоод байсан. Би гайгүй байх гэж бодоод хэвтэж байсан чинь нам унтчихсан байсан. Намайг унтах үед Ц.Ням-Очирын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгтэл нэг хүн хөөе гээд дуудаад байхаар нь сэрээд хартал машинтай хүн байсан. Харин Н.Батсүх, Ц.Ням-Очир нар байхгүй байсан. Намайг дуудсан машинтай ах наад доор чинь нэг хүн байна гэхээр нь очиход Ц.Ням-Очирын толгой нь газрын уруу, нүүр нь доошоо харчихсан хэвтэж байсан. Би Ц.Ням-Очирыг татаад босгох гэхэд тэр амьсгалахгүй байхаар нь хэвлий орчим 2-3 удаа дарахад амьсгаа авахгүй байсан. Түүний хамар амнаас бага зэрэг цус, хөөс гарчихсан байсан. Мөн түүнийг дээш нь харуулахад өмсөж явсан цайвар өнгөтэй подволканы урд энгэр буюу цээжний хэсэгт гутлын ул мөр байж болохоор мөр гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- мөн хэрэг учралын газраас “Болор” нэртэй архины шил хураан авч, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол, дээрх архины шилнээс бэхжүүлж авсан №4 дугаартай гарын мөр нь Н.Батсүхийн гарын мөртэй тохирч байна гэх шинжээчийн 201630072 тоот дүгнэлт,

- шүүгдэгч Н.Батсүхийн өмсөж явсан саарал цамцнаас талийгаач Ц.Ням-Очирын цус илэрсэн гэх шинжээчийн 9104 тоот “...Саарал өнгийн урдуураа цахилгаантай хоёр хажуудаа ногоон өнгийн оруулгатай халаастай бэлтгэлийн цамцанд илэрсэн цус нь Ц.Ням-Очир гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт,

“...Талийгаач нь зүрх доргилтын улмаас нас баржээ. Талийгаач нь зүрхний булчингийн хурц шигдээс өвчнөөр нас бараагүй...” гэсэн шинжээчийн 351, 553 тоот дүгнэлтүүд болон шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаач Ц.Ням-Очир нь зүрх доргилт буюу зүрхний битүү гэмтлийн улмаас нас барсан. Зүрхний доргилт гэмтэл нь цээжин тус газар, цээжний урд хэсэг буюу зүрхний орчимд цохих, өшиглөх, дэвсэх зэрэг хүчтэй доргилтоос болж үүсдэг. Зүрх доргилт гэмтэл нь явганаас унахад үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо  зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат нь “...Талийгаач Ц.Ням-Очир нь газарт хүчтэй унах үед зүрхэнд доргилт гэмтлийг авсан байх боломжтой тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэж, мөн өмгөөлөгч В.Содномцэрэн нь “...Энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.Батсүх үйлдсэн болох нь нотлогдохгүй байна...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байх боловч эдгээр нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Б.Ундармаа, гэрч М.Оргилсайхан нарын  мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Н.Батсүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “...М.Оргилсайхан бид хоёр ногоон хашаа уруудаж дэлгүүрээс нэг пиво аваад явж байсан. М.Оргилсайхан утсаар яриад явж байтал талийгаач гэрийнхээ гадаа зогсож байсан. Тэгээд бид хоёр талийгаачтай хамт хойд талын хуучин байшингуудын тэнд очиж пивоо уугаад барахгүй болохоор хойд дэнж дээр гарч уусан. Тухайн үед талийгаач бид хоёр “чи уу, би уу” гэж маргалдаад барилцаж авахад М.Оргилсайхан салгасан. Тэгээд би унтаад сэрэхэд М.Оргилсайхан миний хажууд байсан. М.Оргилсайханыг явъя гээд татахад босохгүй байхаар нь орхичхоод гэртээ очоод унтаж байхад цагдаа нар ирээд намайг саатуулсан. Бид гурав 2.5 литртэй “Боргио” пиво ууж байгаад барахгүй болохоор унтаад өгсөн. Өөр зүйл уугаагүй. Би эхлээд унтсан. ...Талийгаачийг би цохиогүй. Намайг хэвтэхэд тэр хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй байсан. Бид өмнө нь маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. ...Тухайн үед би биеийн тамирын хүрэн өмдтэй, саарал цамцтай явсан. Би тэнд “Болор” нэртэй архи уугаагүй. Талийгаачийг зодсон үйлдэл байхгүй..” гэж мэдүүлж байх бөгөөд  2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр талийгаачийг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байх өөрийн амьдардаг Л.Даш-Өлзийгийн гэрт байхад нь Н.Батсүх, М.Оргилсайхан нар дуудаж уулзаад хамт явж Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр очиж  архи, пиво ууж, Н.Батсүх нь Ц.Ням-Очиртой маргалдсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийн энэ хэсгийг үнэн зөв гэж үнэлэв.

Харин шүүгдэгчийн “...Бид архи уугаагүй, талийгаачийг би цохиогүй, өшиглөөгүй, М.Оргилсайханаас би түрүүлж унтсан гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийн энэ хэсгийг үнэн зөв гэж үнэлээгүй болно.

Шүүгдэгч Н.Батсүхийн хохирогч Ц.Ням-Очиртой “пиво уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож улмаар түүний цээжин тус газарт өшиглөсөн үйлдэл, хохирогчийн биед учирсан зүрх доргилт гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Н.Батсүхийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Иймд Завхан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батсүхийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Батсүхийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Н.Батсүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч  Р.Цогтгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардал нийт 28.605.774 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс оршуулгын зардал 10.816.500 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс төлбөрт 3.000.000 төгрөг, экскумацын зардал 50.000 төгрөг, нийт 9 удаагийн замын зардал 4.120.000 төгрөг, буудлын зардал 640.000 төгрөг, эцэг Р.Цогтгэрэл  ажилгүй байсан хугацааны цалин 576.000 төгрөг, эх С.Наранцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 437.634 төгрөг, Р.Цогтгэрэл нийтийн тээврээр зорчиж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хуралд хохирогчоор оролцохоор зорчсон замын зардал 105.000 төгрөг, нийт 19.745.134 төгрөгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай баримт гэж үнэллээ.

Харин шарил дахин оршуулсан зардал 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч  холбогдох нотлох баримтгүй, талийгаач Ц.Ням-Очирын суралцаж байсан үеийн сургалтын зардалд 2.560.640 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй, хэрэгт хамааралгүй, өмгөөлөгч Ж.Энхжаргалтай өмгөөллийн гэрээг байгуулсан боловч өмгөөллийн хөлс төлсөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтгүй, мөн оршуулгын зардал 13.816.500 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирогч Р.Цогтгэрэлийн 28.605.774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс баримтаар тогтоогдож буй 19.745.134 төгрөгийг шүүгдэгч Н.Батсүхээс гаргуулан хохирогч Р.Цогтгэрэлд  олгож, 8.860.640 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Болор” нэртэй 0.750 граммын архины шил 3 ширхэг, “Спрайт” нэртэй ундааны хуванцар сав 1 ширхэг, нэг удаагийн хуванцар аяга 1 ширхэг, “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, “Кокакола” нэртэй ундааны сав 1 ширхэг, шүүгдэгч Н.Батсүхээс хураан авсан саарал өнгийн даавуун материалтай цамц 1 ширхэг, хар хөх өнгөтэй подволк 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.Батсүхийн цагдан хоригдсон 38 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Батсүхийн хувьд ногдох эд хөрөнгө болох 5 тооны эр үхэр буюу 2.700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахад зарцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.    

Шүүгдэгч Н.Батсүхэд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Нуваан овогт Нямдаваагийн Батсүхийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нуваан овогт Нямдаваагийн Батсүхийг 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Батсүхийн эдлэх 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Батсүхийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Батсүхээс нийт 19.745.134 /арван есөн сая долоон зуун дөчин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Цогтгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.860.640 /найман сая найман зуун жаран мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Батсүхийн хувьд ногдох эд хөрөнгө болох 5 тооны эр үхэр буюу 2.700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Болор” нэртэй 0.750 граммын архины шил 3 ширхэг, “Спрайт” нэртэй ундааны хуванцар сав 1 ширхэг, нэг удаагийн хуванцар аяга 1 ширхэг, “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, “Кокакола” нэртэй ундааны сав 1 ширхэг, шүүгдэгч Н.Батсүхээс хурааж авсан босоо захтай, задгай энгэртэй, урд хэсэгтээ цагаан өнгийн металл хөвүүртэй /цахилгаантай/, зүүн талын энгэр хэсэгтээ халаастай, халаасны эмжээр хэсэг нь ногоон болон саарал өнгө хослуулсан оруулгатай, урт ханцуйтай саарал өнгийн давуун материалтай цамц 1 ширхэг, хар хөх өнгөтэй дугуй захтай зүүн энгэр хэсэгтээ туулайны толгойн дүрс бүхий “Playboy” гэсэн бичигтэй, ханцуйгүй подволка 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, дээд хэсэгтээ цагаан болон хар хөх өнгө хосолсон резинтэй, хоёр ташаан хэсэгтээ тус бүр нэг халаастай, тухайн халааснууд нь хар хөх өнгийн эмжээртэй, металлан хөвүүртэй, зүүн ташааны  урд хэсэгт “kuangdihaofashion” гэсэн хар хөх өнгийн бичигтэй өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Батсүхэд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ

                                        ШҮҮГЧИД                                 Б.УРТНАСАН

                                                                                          Б.ӨЛЗИЙХИШИГ