Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0296

 

2024           04            02                                         128/ШШ2024/0296

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* сургууль /РД:*******/ 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*******

Хариуцагч:  Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л******* нарын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* сургууль нь шүүхэд хандаж тус сургуулийн ашиглаж байгаа нийт 3 газрыг нэгтгэн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гурван газрыг нэгтгэн ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* сургуульд нийслэлийн ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/548 дугаартай захирамжаар 1******* 18******* нэгж талбарын дугаартай 19,223 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дугаар захирамжаар 1 1 1 нэгж талбарын дугаар бүхий 9,996 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар 05-ны өдрийн А/979 дугаар захирамжаар 20,900 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай ашиглахаар гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

2.2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...тус сургуулийн ашиглаж байгаа газрын газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн нараас нэхэмжлэгчийн 3 газарт гэрчилгээ гаргаж өгөх боломжтой гэх тайлбарыг гаргаж улмаар тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4338 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Үүний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирамж Д.С*******т Гомдол хүсэлт гаргах тухай албан бичгээр “...тус сургуулийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын нийт хэмжээг хамгийн сүүлд хийлгэсэн нийт газрын кадастрын  зургийн хэмжээ болох 49,584.85 м.кв тогтоон газрын кадастрын мэдээллийн сангийн архивт бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.

2.4. Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний 03/4116 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “...газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын хувьд дээр дурдсан гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулна үү” гэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш захиргааны байгууллагын зүгээс тодорхой ажиллагаа хийгээгүй байна.

2.5. Улмаар нэхэмжлэгчээс 3 газрыг нэгтгэн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохоор дахин нэхэмжлэл гаргажээ. 

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа“...******* 1998 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхэлж Монгол улсын Улаанбаатар хотод ******* дүүрэгт 3 газар эзэмшиж байгаа талаар баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Монгол улсын Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан 15-60 жилээр газар эзэмшүүлэх ёстой гэсэн заалтыг зөрчиж 5 жилээр өгдөг. Газар сунгуулах хүсэлтэй өгсөн боловч өнөөдрийн нөхцөл байдалд хүрч байна. 2023 оны 5 дугаар сард Газрын албанаас үзэж манай эзэмшиж байсан газрыг кадастрын нэгдсэн сангаас хассан байна. Бид нар өнөөдрийн байдлаар 3 газраа эзэмшүүлэхийг хүссэн хүсэлтээ өгсөн байгаа. Газарын албанаас дэмжиж захирамжийн төсөл гарахаар бэлдэгдээд явж байсан. н.Амгалан даргын гарын үсэг зурах дутуу гэж хэлж байсан. Газрын алба болон нийслэлийн эрх бүхий этгээдүүд шинээр эзэмшиж байгаа газарт холбогдуулж манай газрыг сунгаж өгөхгүй гэж хэлж байгаа нь хууль зөрчиж байна. Бид нар эзэмшиж байгаа газрын хугацааг сунгуулж 3 газрыг бүртгүүлэх хүсэлт гаргасан. Нэгэнт хариуцагч тал захирамж гаргах төсөл гарсан явж байсан талаараа өөрөө өгсөн байгаа тул манай нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой. Ганц гарын үсэг зурах асуудал байгаа. Шинэ газар авах гэж байгаа асуудал биш, хуучин газраа баталгаажуулж, хугацааг нь сунгуулж газрын нэг болгож сунгуулах асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх гол үндэслэл нь захирамжийн төсөл явсан газрын алба хүлээн зөвшөөрсөн, хуулийн алба дээр гарын үсэг зурагдсан гэдэг нь хариуцагч талын удаа дараагийн тайлбараас нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс “...Хариуцагч талаас хавтаст хэрэгт өгсөн хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Би Нийслэлийн Засаг даргын төлөөлж байгаа. Нийслэлийн газар зохион байгуулах газрын хуулийн мэргэжилтэн. Үүнд ямар нэгэн байдлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газар хийх ёстой зүйлээ хийгээд явуулсан. Харин эрх бүхий албан тушаалтан дээр гацаж байгаа үйлдэл дээр ямар нэгэн тайлбар байхгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

  ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* сургуульд Улаанбаатар хот, ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийн А/548 дугаартай захирамжаар 1******* 18******* нэгж талбарын дугаартай, 19,223 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дугаар захирамжаар 1 1 1 нэгж талбарын дугаар бүхий 9,996 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар 05-ны А/979 дугаар захирамжаар 20,900 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай ашиглахаар гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...тус сургуулийн ашиглаж байгаа газрын газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн нараас нэхэмжлэгчийн 3 газарт гэрчилгээ гаргаж өгөх боломжтой гэх тайлбарыг гаргаж 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4338 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Тус шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/1282 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ******* сургуулиас газар эзэмших хугацаа сунгахтай холбоотой гаргасан өргөдөл хүсэлт, түүнд өгсөн хариуг тодруулахад 2024 оны 02 дугаар сарын 13-ны 01-05/760 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа болно...” гэх хариуг ирүүлсэн.

5. Улмаар шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/2736 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандан “...******* сургуулийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахтай холбоотой ажиллагаа одоо ямар шатандаа яваа, газар эзэмшүүлэх захирамж гарсан эсэх талаар талаар тодруулахад тус асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариу өгөх боломжтой гэжээ.  

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...******* сургууль газар эзэмшүүлэх асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар удаа хэлэлцэж, газар эзэмших, шинээр гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн. Газрын албанаас захирамжийн төслийг хүргүүлсэн. Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 1.3-д Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргаас асуудал шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандсан байгаа” гэжээ.

7. Дээрх нөхцөл байдал, талуудын тайлбараас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч ******* сургуульд 3 газар эзэмшүүлж, шинээр гэрчилгээ олгохтой холбоотой асуудлаар маргаагүй, газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх захирамжийн төслийг хүргүүлсэн талаар тайлбарлаж байна.

8. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан.

9. Гэтэл нэхэмжлэгчид газрыг анх эзэмшүүлэхдээ 5 жилийн хугацаагаар эзэмшүүлээд, хуульд заасан шаардлагыг бүрдүүлэн өгөхөд сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Засгийн газрын тогтоолоор  Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга  үүрэг болгосон учраас ******* сургуульд гэрчилгээ олгох, захирамж гаргах удааширч байгаа” гэх тайлбар үндэслэлгүй.

 10. Учир нь ******* сургууль нь тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд газрын гэрчилгээний хугацаа дууссан тул зөрчлөө арилган газар ашиглах хугацааг нэгтгэн сунгахтай холбоотой асуудал байх тул дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хамаарахгүй байна.

11. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас маргаагүй ч одоог хүртэл газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргаагүй эс үйлдэхүй тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* сургуулиас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сургуулийн ашиглаж байгаа нийт 3 газрыг нэгтгэн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гурван газрыг нэгтгэн ашиглах эрхийн хугацааг сунгасан гэрчилгээ олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА