Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/956

 

 

       2022            9              29                                      2022/ДШМ/956                           

Т.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Т.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1126  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Эы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 20000571 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Э, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 29-ноос 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 5 тоот буюу тусгайлан тохижуулсан байранд, олон тооны хүмүүс цуглуулан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, “Техас покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цоохорынхон овгийн Төмөрсүхийн Т.Эг “ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Эсануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн хайрцагтай покерын читон, хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ойлгож байгаа. Уг оногдуулсан ялыг эрүүл мэндийн хүнд шалтгааны улмаас өөрийн биеэр хийх боломжгүй байгаа бөгөөд нурууны L5-S1 гарах мэдрэлийн ёзоорын дарагдлаас болж нуруу чилж өвдөх, хөших, удаан зогсож чадахгүй, зүүн хөлөө дагаж бадайрч мэдээ алдах, хүнд зүйл өргөхгүй байх зэрэг эрүүл мэндийн шалтгаантай байгааг ойлгож, 500 цаг нийтэд тустай ажил хийх ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү.” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Эял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, жирэмсэн эмэгтэй, 55 дээш настай эмэгтэй, 60 дээш настай эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж заасан. Шүүгдэгч Т.Эы хувьд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэх нотлох баримт авагдаагүй. 60 дээш насны эрэгтэй биш болох нь тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийн 154.1.5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох эмч нарын комиссын дүгнэлт гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжтой. Мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх бөгөөд тус хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтоох боломжтой. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Эы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ноос 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 5 тоот буюу тусгайлан тохижуулсан байранд, олон тооны хүмүүс цуглуулан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, “Техас покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Баттогтохын “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Баяраа ахаас 100.000 төгрөгөө уулзаж авах санаатай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байранд очсон. Тэр байранд очиход хүмүүс покер тоглоод сууцгааж байсан. Би тэр тоглоомонд оролцоогүй, зүгээр зогсож байгаад яг гарах гэсэн чинь цагдаа нар орж ирсэн.” /хх 21/,

гэрч Б.Т.Эгийн “...2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө найзууд болох Ихбаяр, Амарзаяа нарын хамт гэртээ харих гээд явж байсан чинь Ихбаяр руу нэг хүн залгаад, Ихбаяр тоглолоо гээд Амарзаяа бид хоёрыг дагуулаад Сансарын хуучны 5 давхар руу очсон. Тэр байранд ороход тоглоомын ширээ тавьчихсан, 8-9 хүн байж байсан. Улмаар Ихбаяр тоглоно гээд Амарзаяа бид хоёр хажуугийн өрөөнд сууж байсан юм. Тэднийг тоглож байхад хүмүүс нэмэгдсээр байгаад нэлээн олон хүн болчихсон байсан. Тэгж байтал миний сууж байсан өрөөний цонхоор цагдаа нар орж ирсэн. ...Тэнд байсан хүмүүс техас покер тоглож байсан.” /хх 23/,

гэрч Н.Амарзаяагийн “...2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө найзууд болох Ихбаяр, Т.Э нартай уулзчихаад гэртээ харих гэж байхад Ихбаяр руу нэг хүн байн байн залгаад дуудаад байсан. Тэгээд Ихбаяр ийшээ нэг айлд очоод ирье гээд Т.Э бид хоёрыг дагуулаад Сансарын хуучны 5 давхар байр руу орсон. Тэнд ороод Т.Э бид хоёр нэг өрөөнд тамхи татаад сууж байсан. Тэгэхэд хүмүүс нэмэгдсээр байгаад аймар олон хүмүүс цугласан. Тэгээд тэд нар хөзөр тоглож байсан. Т.Э бид хоёр тэр тоглоомыг нь мэддэггүй болохоор тоглоомонд оролцоогүй. ...Тэгээд сууж байтал цагдаа нар цонхоор ороод ирцгээсэн.” /хх 25/,

гэрч М.Энхмаагийн “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орой 21, 22 цагийн үед таньдаг ах Т.Э над руу залгаад хүрээд ирээч гээд дуудсан. Тэгээд манай ажил амарч байсан болохоор Т.Э ахынд очсон. Намайг анх ороход 4 эрэгтэй хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд удалгүй хүмүүс нэмэгдсээр байгаад арваад хүн цуглачихсан. Цаад тоглоомынх нь өрөөнд 7 хүн сууж байх шиг байсан. Харин би хажуу талынх нь өрөөнд сууж байсан. Тэгээд тэнд байгаа хүмүүст цай кофе найруулж өгөөд үйлчилж байсан. Намайг тэгж үйлчилсний төлөө Т.Э ах ямар нэгэн хөлс төлөөгүй, харин дараа нь болно оо, мөнгө өгнө гэж хэлж байсан. Тэгээд хүмүүс тоглож байхад пижигнээд цагдаа нар ороод ирсэн.” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 8-15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Эыг “ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Шүүгдэгч Т.Э “...Миний бие уг хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ойлгож байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эрүүл мэндийн хүнд шалтгааны улмаас өөрийн биеэр хийх боломжгүй байгаа нөхцөд байдал байгааг минь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийх ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Эы гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай. 

4. Шүүгдэгч Т.Эы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ