| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00412/И |
| Дугаар | 129/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 129/ШШ2024/00459
| 2024 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 129/ШШ2024/00459 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овгийн Э.Б
Хариуцагч: О овогт Л.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох 54,225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Хариуцагчийн өмгөөлөгч С.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.Ц нар шүүх хуралдааныг өөрсдийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох 54,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2015 оноос эхлэн Ц-ын ааш зан хувирч эрүүл согтуу аль ч үедээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Намайг байнга хөөж тууж, нүүр рүү нулимж халуун галын хайчаар нурууны ил гарсан хэсэгт түлэх, хайрах, хутга шөвөг барьж айлгаж сүрдүүлэх гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул миний бие байж суухын эцэсгүй болж 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Миний бие өөрийн болон хоёр хүүгийнхээ аюулгүй байдал, ирээдүйг бодсон ч Ц-той хамт амьдрах ямар ч боломжгүй тул эвлэрүүлэн зуучлалаар орохгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Иймд Л.Ц, Э.Б бидний гэрлэлтийг цуцалж хүү Ц.Ш, Ц.С нарыг төрсөн эх Э.Б миний асрамжид үлдээж хуульд заасны дагуу эцэг Л.Ц-оос тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нийт 72,300,000 төгрөгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 54,225,000 төгрөгийг гаргуулах, мөн хүү Ц.Ш, Ц.С нарын улсаас олгодог 100,000 төгрөгийг авах эрхийг ээж Б надад шилжүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Э.Б, Л.Ц нар гэр бүл болон амьдарч хоёр хүүхдийн эцэг эх болсон. Гэрлэгчдийн хэн аль нь сэтгэл зүйн таарамжгүй байдал үүсгэж гэрлэлтээ цуцлуулах шалтгаан бий болсон. Миний үйлчлүүлэгч Э.Б нь өөр хүнтэй гэр бүл зохиосон. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлын талаар эвлэрлийн гэрээндээ тусгасан байгаа гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Э.Б-ын гэрлэлт цуцлуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Харин хүүхдүүдийг Э.Б-д өгөхгүй. Э.Б эрүүл мэндийн хувьд ч зан аашийн хувьд ч хүүхдүүдийг асрамжиндаа авч, өв тэгш хүмүүжүүлэх боломжгүй, хүүхдүүд миний асрамжинд өөрсдийн өсөж төрсөн, ээнэгшиж дассан гэр орон орчин нөхцөлдөө амьдарч сурч боловсрох боломжтой гэв.
4. Зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: А аймгийн Ч сумын 1 дүгээр баг Ө гэх газар оршин суух Б овгийн Э-ын Б миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А аймгийн Ч сумын Ө гэх газар оршин суух О овгийн Л-гийн Ц-оос гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамждаа авч хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн. Үүнд:
1. Гэрлэлт цуцлуулах тал дээр Б, Ц бид хэн аль гэрлэлтээ цуцлуулахыг санал нэгтэйгээр харилцан зөвшөөрсөн. Гэрлэлтээ цуцлуулна.
2. Хүүхдийн асрамжийн асуудлын талаар 2016 оны 4 сарын 06-ны өдөр хүү Ш-ыг эцэг Ц-ын асрамжид, 2019 оны 7 сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц.С-ыг эх Б-ын асрамжид үлдээж харилцан бие биеэсээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр харилцан тохиролцлоо.
3. Харин улсаас хүүхдэд олгодог 100,000 төгрөгийг авах эрхийг хүү Ш-ыг асрамждаа авч байгаа аав Ц, хүү Ц.С-ыг асрамждаа авч байгаа ээж Э.Б нарт шилжүүлэхээр тохиролцлоо. Энэ тохиролцоог бид харилцан тохиролцож ярилцан сайн дурын үндсэн дээр хийсэн болно.
4. 2024 оны 9 сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Нэхэмжлэлд 3 хүнд оногдох 72 толгой мал буюу түлшний үнэ 54,225,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:
1. Тугалтай үнээг 37x12,000,000=44,400,000
2. Шүдлэн эр үхэр 3x600,000=1,800,000
3. Бяруу 12x450,000=5,400,000
4. Нас нийлсэн эр үхэр 2x2,000,000=4,000,000
5. Азарга 1x2,000,000=2,000,000
6. Гүү 4x1,500,000=6,000,000
7. Морь /нас нийлсэн/ 3x1,300,000=3,900,000
8. Даага 4x600,000=2,400,00. Үүнийг нэхэмжилж байсан. Энэ нэхэмжлэлээсээ тугалтай үнээ 4x1,100,000=4,400,000 төгрөг, сувай үнээ 2x1,000,000=2,000,000 төгрөгөөр үнэлж авч бусад нэхэмжлэлээсээ татгалзахаар тохирлоо. Учир нь 2023 онд Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ялангуяа А аймгийн Ч сум цас зуданд нэрвэгдсэн мал малчнаас шалтгаалахгүй байгалийн давагдашгүй хүчинд өртөж үхэж, үрэгдсэн учраас бусад нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Эвлэрсэн хэсэг болох 2 сувай үнээний үнэ 2,000,000 төгрөгийг авсан. Одоо үлдэх 4 тугалтай үнээний үнэ 4,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний өдрийн дотор Л.Ц нь Э.Б-д өгөхөөр тохирсон. Ингэж эвлэрч байгаа нь сайн дурын үндсэн дээр хийгдэж буй эвлэрэл бөгөөд ингэснээр бидний болон бусдын эрх ашиг зөрчихгүй болохыг ойлгосон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлнэ. Хэн аль нь гэрч асуулгах болон нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Нэгэнт эвлэрсэн учир хэн аль нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй. Өмгөөлөгч нараа шүүх хуралдаанд оролцуулна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс:
- А аймгийн Ч сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 20 тоот тодорхойлолт
- А аймгийн Ч сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 34 тоот тодорхойлолт
- А аймгийн Ч сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 44 тоот тодорхойлолт
- А аймгийн Ч сумын Ө багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 85 тоот тодорхойлолт
- Л.Ц, Э.Б-ын нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Ц.Ш, Ц.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрэл зураг /2024 оны 6 сарын 26-ны өдрийн байдлаар авсан зураг/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас:
- Харилцан ярианы зурвас /чат/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр А аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 31-07/3567 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 02/311 тоот албан бичгээр ирүүлсэн Л.Ц-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх баримтууд, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 05-ны өдрийн "Шийтгэл оногдуулах тухай" 251 тоот шийтгэврийг шүүх бүрдүүлсэн.
8. Хариуцагч талын хүсэлтээр А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 01/749 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 11/792 тоот албан бичгээр ирүүлсэн/, Э-ын Бын .............. дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /С дүүргийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 2037 тоот албан бичгээр ирүүлсэн/ шүүх бүрдүүлсэн.
9. Ц.Шаас асрамжийн талаар авсан саналыг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Л.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох 54,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
2015 оноос эхлэн Ц-ын ааш зан хувирч эрүүл согтуу аль ч үедээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Намайг байнга хөөж тууж, нүүр рүү нулимж, халуун галын хайчаар нурууны ил гарсан хэсэгт түлэх, хайрах, хутга шөвөг барьж айлгаж сүрдүүлэх гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул миний бие байж суухын эцэсгүй болж 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Миний бие өөрийн болон хоёр хүүгийнхээ аюулгүй байдал, ирээдүйг бодсон ч Ц-той хамт амьдрах ямар ч боломжгүй тул эвлэрүүлэн зуучлалаар орохгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Иймд Л.Ц, Э.Б бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах тайлбараар хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Э.Б-ын гэрлэлт цуцлуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэжээ.
4. Зохигч эвлэрлийн гэрээндээ:
1. Гэрлэлт цуцлуулах тал дээр Э.Б, Л.Ц бид хэн аль гэрлэлтээ цуцлуулахыг санал нэгтэйгээр харилцан зөвшөөрсөн. Гэрлэлтээ цуцлуулна.
2. Хүүхдийн асрамжийн асуудлын талаар 2016 оны 4 сарын 06-ны өдөр хүү Ш-ыг эцэг Ц-ын асрамжид, 2019 оны 7 сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц.С-ыг эх Б-ын асрамжид үлдээж харилцан бие биеэсээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр харилцан тохиролцлоо.
3. Харин улсаас хүүхдэд олгодог 100,000 төгрөгийг авах эрхийг хүү Ш-ыг асрамждаа авч байгаа аав Ц, хүү Ц.С-ыг асрамждаа авч байгаа ээж Э.Б нарт шилжүүлэхээр тохиролцлоо. Энэ тохиролцоог бид харилцан тохиролцож ярилцан сайн дурын үндсэн дээр хийсэн болно.
4. 2024 оны 9 сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Нэхэмжлэлд 3 хүнд оногдох 72 толгой мал буюу түлшний үнэ 54,225,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:
1. Тугалтай үнээг 37x1,200,000=44,400,000
2. Шүдлэн эр үхэр 3x600,000=1,800,000
3. Бяруу 12x450,000=5,400,000
4. Нас нийлсэн эр үхэр 2x2,000,000=4,000,000
5. Азарга 1x2,000,000=2,000,000
6. Гүү 4x1,500,000=6,000,000
7. Морь /нас нийлсэн/ 3x1,300,000=3,900,000
8. Даага 4x600,000=2,400,00 төгрөг. Үүнийг нэхэмжилж байсан. Энэ нэхэмжлэлээсээ тугалтай үнээ 4x1,100,000=4,400,000 төгрөг, сувай үнээ 2x1,000,000=2,000,000 төгрөгөөр үнэлж авч бусад нэхэмжлэлээсээ татгалзахаар тохирлоо. Учир нь 2023 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ялангуяа А аймгийн Ч сум цас зуданд нэрвэгдсэн мал малчнаас шалтгаалахгүй байгалийн давагдашгүй хүчинд өртөж үхэж, үрэгдсэн учраас бусад нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Эвлэрсэн хэсэг болох 2 сувай үнээний үнэ 2,000,000 төгрөгийг авсан. Одоо үлдэх 4 тугалтай үнээний үнэ 4,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний өдрийн дотор Л.Ц нь Э.Бд өгөхөөр тохирсон гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Ч сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 20 тоот тодорхойлолт, А аймгийн Ч сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 34 тоот тодорхойлолт, А аймгийн Ч сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 44 тоот тодорхойлолт, А аймгийн Ч сумын Ө багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 85 тоот тодорхойлолт, Л.Ц, Э.Бын нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ц.Ш, Ц.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг /2024 оны 6 сарын 26-ны өдрийн байдлаар авсан зураг/, харилцан ярианы зурвас /чат/, А аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 31-07/3567 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 02/311 тоот албан бичгээр ирүүлсэн Л.Цын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх баримтууд, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 05-ны өдрийн "Шийтгэл оногдуулах тухай" 251 тоот шийтгэвэр, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 01/749 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 11/792 тоот албан бичгээр ирүүлсэн/, Э-ын Бын ............... дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /С дүүргийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 2037 тоот албан бичгээр ирүүлсэн/, Ц.Ш-аас асрамжийн талаар авсан санал, эвлэрлийн гэрээ болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.Ц нар 2016 оны 1 сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн лавлагаа), гэрлэгчдийн дундаас 2016 оны 2 сарын 22-нд Ц.Ш, 2019 оны 7 сарын 03-нд Ц.С нар төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар (А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн лавлагаа) тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг, зохигч эвлэрэх сонирхолгүй, эвлэрээгүй, тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал байгаа талаар зохигч тайлбар гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
2016 оны 4 сарын 06-ны өдөр төрсөн хүүхэд Ц.Ш-ыг хариуцагч Л.Ц-ын асрамжид, 2019 оны 7 сарын 19-ний өдөр төрсөн хүүхэд Ц.С-ыг нэхэмжлэгч Э.Б-ын асрамжид үлдээхээр зохигч харилцан тохиролцож эвлэрсэн. Хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэхэд эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр, мөн гэрлэгчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцож болохоор хуульд заасан бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал бий болгосон нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Ц.Шыг эцэг Л.Цын Ц.Сыг эх Э.Бын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Мөн зохигч бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, төрөөс олгодог 100,000 төгрөгийг авах эрхийг хүү Ш-ыг асрамждаа авч байгаа аав Л.Ц, хүү Ц.С-ыг асрамждаа авч байгаа ээж Э.Б нарт шилжүүлэхээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тугалтай үнээ 4 буюу 4,400,000 төгрөг, сувай үнээ 2 буюу 2,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 2,000,000 төгрөгийг төлж, 4 тооны тугалтай үнээний үнэ 4,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Л.Ц нэхэмжлэгч Э.Б-д төлөхөөр тус тус эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг батлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.
Талууд П.О, н.А, С.Б, н.Т нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.
Мөн нэхэмжлэгч Э.Б 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс Э.Б-аас тусдаа амьдарч байгаа талаар нэхэмжлэлдээ бичсэн, 2024 оны 04 сарын 20-нд төрсөн М овогтой Б-ийн талаар гэрлэгчид тайлбар гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Л.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Ц.Ш-ыг /ИБД:................./ эцэг Л.Цын асрамжид, Ц.С-ыг /ИБД:.............../ эх Э.Бын асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тугалтай үнээ 4 буюу 4,400,000 төгрөг, сувай үнээ 2 буюу 2,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 2,000,000 төгрөгийг төлж, 4 тооны тугалтай үнээний үнэ 4,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Л.Ц нь нэхэмжлэгч Э.Бд төлөхөөр, мөн хүү Ц.Шыг асрамждаа авсан эцэг Л.Ц, хүү Ц.Сыг асрамждаа авсан эх Э.Б нар тус тус хүүхдэд төрөөс олгодог 100,000 төгрөгийг авах эрхтэй байхаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Ц-оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.
8. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА