| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/00028/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 26
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Н.Балжинням,
Хохирогч Б.Мягмаржав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямцэндийн Балжиннямд холбогдох эрүүгийн 1724000010005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхэд, хадам ээж, хадам ахын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт оршин суудаг, урьд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямцэндийн Балжинням /Регистрийн дугаар ИВ95030812/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Балжинням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Мягмаржавын 2016 оны 9 дүгээр сард хамарт нь, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нүүрэн тус газар нь, 2017 оны 6 дугаар сард уруул зэрэгт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч Б.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Н.Балжинням, Б.Мягмарсүрэн, Д.Отгончимэг нар пиво уусан. Н.Балжинням намайг ус хийж өг гэхээр нь би чадахгүй гээд бид хоёр хэрэлдсэн. Намайг хүүхдээ тэврээд байж байсан чинь Н.Балжинням миний баруун бөөрөнд өшиглөн газарт унагасан. 2016 оны 9 дүгээр сард согтуу байхдаа намайг хэвтэж байтал хамар руу гараараа нэг удаа цохиод миний хамрыг цааш нь цөмөлсөн. Дараа нь 2017 оны 6 дугаар сард Н.Балжинням хэрэлдэж байгаад уруул руу цохиж сэтэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр жимсэнд яваад гэртээ иртэл манай охин уйлчихсан Н.Балжиннямтай хэрэлдээд байж байсан. Б.Мягмаржавыг хүүхдээ тэврээд сууж байтал хажуу талаас нь өшиглөж унагаад дээрээс нь нэг удаа цохисон. 2016 оны 9 дүгээр сард Н.Балжинням нь манай охин Б.Мягмаржавыг цохиж хамрыг нь муруйлгасан. 2017 оны 6 дугаар сард Н.Балжинням согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мягмаржавыг зодож дээд уруулыг нь сэтэлсэн. Энэ хоёр нэг хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сард Б.Мягмаржав эгч манайд ирсэн. Тэгтэл хамар нь хавдчихсан байхаар нь асуусан чинь өчигдөр Н.Балжинням цохисон гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сард Н.Балжинням, Б.Мягмаржав манай эхнэр бид дөрөв архи уусан. Өглөө босоод Н.Балжиннямыг хаашаа явсан талаар асуусан чинь цагдаа нар ирээд аваад явсан гэж хэлсэн. Б.Мягмаржав эгч намайг Н.Балжинням цохисон гээд ам нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Чулуунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сард Д.Батгэрэлийнд очсон. Б.Мягмарсүрэнгийн баруун нүдний доод талд хөхөрсөн байсан. Нүдний шилнийх нь доод хэсгээр нүүр нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сард Б.Мягмаржавтай уулзахад нэг залуутай танилцсан гэж байсан. Маргааш нь уулзах гээд утсаар залгасан чинь нөгөө залуудаа зодуулсан гэж хэлсэн. 11 дүгээр сард уулзахад хамар нь гол хэсгээрээ овойсон байсан. 2017 оны 6 дугаар сард Н.Балжинням цохисон гээд уруул нь хавдаад язарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Мягмаржав манайд 2017 оны 6 дугаар сард ирэхдээ уруул нь хавдчихсан байсан. Надад Б.Мягмаржав хэлэхдээ Н.Балжинням цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сард эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагаар Н.Балжиннямын гэрт очсон. Б.Мягмаржавын уруул нь язарч хавдаад цус гоожсон байдалтай байсан. Б.Мягмаржаваас асуусан чинь Н.Балжинням архи авч өг гээд гараараа цохисон гэж хэлсэн. Тухайн үед Н.Балжинням Б.Мягмаржавтай хэрэлдээд байж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу Н.Балжиннямын гэрт очсон. Н.Балжинням гэртээ согтуу байсан. Хамтран амьдрагч Б.Мягмаржав нь уйлаад байж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Т.Отгонбаярын: “...Б.Мягмаржавын хамрын нурууны муруйлт, дээд уруулын сорви гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Мягмаржавын биед үүссэн гэмтлүүд эдгэрсэн байсан...” гэсэн мэүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн:
1. Б.Мягмаржавын биед 2016 оны 9 дүгээр сард авсан гэх хамрын нуруу яс дотогш цөмөрч баруун тийш муруйсан, яс эдгэрсэн байсан. 2017 оны 6 дугаар сард авсан гэх дээд уруулын зүүн завьжны хэсэгт бэрсүү бүхий сорвитой. 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр авсан гэмтэл, баруун хацрын төвгөрт бага зэрэг хавдар гэмтлүүд тогтоогдлоо.
2. Б.Мягмаржавын биед 2016 оны 9 дүгээр сард авсан гэх хамрын нуруу яс дотогш цөмөрч баруун тийш муруйсан яс эдгэрсэн байна. 2017 оны 6 дугаар сард авсан гэх дээд уруулын зүүн завьжны хэсэгт бэрсүү бүхий сорви гэмтлүүд нь эдгэрсэн байгаа тул хэзээ үүссэнг нарийн тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Б.Мягмаржавын хамрын нурууны муруйлт, дээд уруулын сорви гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 172104 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн засаг даргын “...Н.Балжинням нь Баянхайрхан сумын Асгат багийн иргэн Нямцэнд овогтой Балжинням нь 1995 онд төрсөн. Ам бүл 1, ганцаараа амьдардаг. Н.Балжинням нь Асгат багийн иргэн мөн болохыг тодорхойлов...гэсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Балжинням нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.Балжиннямыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Мягмаржавын 2016 оны 9 дүгээр сард хамарт нь, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нүүрэн тус газар нь, 2017 оны 6 дугаар сард уруул зэрэгт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Н.Балжиннямын “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ Б.Мягмарсүрэн, Б.Мягмаржав, Д.Отгончимэг нарын хамт архи уусан. Хамтран амьдрагч Б.Мягмаржавтай архины асуудлаас болж хэрэлдсэн. Би 2016 оны 6 дугаар сард гэртээ Б.Мягмаржавыг архи уугаад гарна гэхээр нь нэг удаа алгадсан. Өглөө гэртээ ирсэн чинь уруул хавдсан байсан. 2016 оны 9 дүгээр сард Б.Мягмаржав гадуур гарна гээд байхаар нь явуулахгүй гээд хардсандаа 1 удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгтэл хамраас нь цус гарч хамрын хянга хэсгээр хавдсан. 2-3 хоногийн дараа хавдар нь буусан чинь хамрын яс нь цаашаа цөмрөөд орчихсон байсан...” гэж мэдүүлж байгаа нь Б.Мягмаржавын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Балжиннямд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан прокурорын санал болгосон 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нямцэндийн Балжиннямыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нямцэндийн Балжиннямыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Шүүгдэгч П.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал, хохиролгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ