Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б, О.З*******, М.С*******, Б.У*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн дотоодын аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У*******, нэхэмжлэгч Ш.Б, О.З*******, М.С******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нарын нэр бүхий 3 иргэн нь Чингэлтэй дү үргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн 50 дугаар бүрэн дунд сургууль нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0003237 дугаар шийдвэрээр дагуу Хятад, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан байна. Уг гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсоны дагуу нэхэмжлэгч Ш.Б, О.З*******, М.С*******г, Б.У******* нар нь тус тус Герман болон Хятад хэлний багшаар ажиллаж байсан байна.

3. Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 41/02-01 дугаар Илүү олгосон цалин, урамшууллыг төлүүлэх тухай актаар Боловсролын сайдын 2019 оны А/491 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан сургалтын үндсэн хөтөлбөрт заагдаагүй хятад хэл, герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид хичээл заахдаа төсвөөс цалинжсан багш Ш.Б, О.З*******, Б.У*******, М.С******* нарт 2021 онд урамшуулал илүү олгосон гэх үндэслэлээр тус маргаан бүхий актыг тогтоожээ.

3. Нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б*******ийн Нийслэлийн Ерөнхий Боловсролын 50 дугаар сургуулийн багш Ш.Б, О.З*******, Б.У*******, М.С******* нар 2021 онд 7,971,328 төгрөгийн урамшуулал авсан нь илүү цалин гэж үзэж тогтоосон актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б*******ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сангийн сайдад гомдол гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нараас Ш.Б, О.З*******, Б.У*******, М.С******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг хүлээн авч хянаад, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч /Сангийн сайд/-аас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/8940 дугаар албан тоотоор мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй гэж үзэж хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэл гаргагч нарт хүргүүлжээ.

5. Үүнд Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 50 дугаар сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №139 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот Ш.Б 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, О.З*******, М.С*******, Б.У******* нар нь тус мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүлээн авсан байна.

6. Ингээд нэхэмжлэгч нараас Чингэлтэй дүүргийн аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

7. Нэхэмжлэгч М.С*******, О.З*******, Ш.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасны дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №333 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын 3.9-д Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын нэмэгдэл зардлыг сургалтын орчныг сайжруулах, газрын авлага, сургалтын бусад хэрэглэгдэхүүнээр хангах, тухайн хичээлийг зааж байгаа багш, хичээлийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зарцуулна гэсний дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулиас Герман хэлний багш Ш.Б, М.С*******, Хятад хэлний багш Б.У*******, О.З******* нар нэмэгдэл хөлс буюу цалин авсан гэж ойлгож байсан. Гэтэл улсын байцаагч илүү цалин олгосон нь үндэслэлгүй гэж 2022 оны 07 дугаар сард акт үйлдсэнийг нэхэмжлэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-13-ны өдрийн хооронд гэрийн хаягаар шуудангаар хүлээн авсан. Хүлээн авсны дараа буюу захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг Сангийн сайд Б.Ж*******д гаргасан. Гэвч Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/8940 дугаар албан тоотоор Мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй гэж үзэж хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн албан тоотыг гардаж авсны дараагаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №333 дугаар тушаалд заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэмэгдэл хөлс авах үндэслэлтэй байх тул улсын байцаагчийн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

8. Нэхэмжлэгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 2018 оноос эхлэн Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд Хятад хэлний багшаар ажилласан. 2021 онд Ө******* бид хоёр гүнзгийрүүлсэн сургалттай ангид Хятад хэл зааж байсан. Бүтэн жилийн улирлын амралтын дараа гүнзгийрүүлсэн сургалттай ангид хичээл зааж байгаа багш нарт урамшуулал, цалин тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж сургуулийн захиргааны шийдвэр гарч бидэнд олгосон. Гэтэл энэ мөнгийг өгөх ёсгүй мөнгө гэж аудитын шалгалтаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн актыг ирүүлснийг би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардаж авч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн аудитын албанд гомдол гаргаж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэжээ.

9. Нэхэмжлэгч М.С*******, О.З*******, Ш.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2002 оны 333 дугаар тушаалын 2.1.2-т Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах орон тооны мэргэжлийн багштай байх бөгөөд тэдгээр нь мэргэжил, ур чадварын хувьд дараах шаардлага хангасан байна гэснийг нэхэмжлэгч багш нар хангасан. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт орон тооны бус, илүү хөлс гэсэн байдлаар тайлбарлаад байдаг. Тэгэхээр цалин гэж гэрээний үндсэн дээр тохиролцсон цалин хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлс гэдэг нь цалин дээр нэмэгдэж олгогдож байгаа хөлсийг хэлнэ. 333 дугаар тушаал хавсралтаар батлагдсан журам дээр орон тооны багштай байна. Нэмэгдэл хөлс, урамшуулал олгоно гэж заасан. Энэ журмын 3.9-д Багш, туслах ажилтанд олгох нэмэгдэл хөлсний хэмжээ нь тухайн сургалтын зардлыг 30 хувиас хэтрэхгүй байна гэж хэмжээг нь хүртэл зааж өгсөн. Хариуцагчийн хариу тайлбарт зөвхөн урамшуулал олгох ёстой. Гэтэл Герман, Хятад хэл зааж буй 4 багш нь гүнзгийрүүлсэн сургалтаар хичээл зааж, заасан хичээлийн төлбөрийг үндсэн багшийн цалингаар авдаг мөртлөө 333 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын дагуу давхардуулж урамшуулал авчээ гэсэн нь цалинг урамшуулал гэж ойлгоод, дээрээс нь нэмэгдэл хөлсийг урамшуулал гэж ойлгож 2 урамшуулал авсан мэтээр хариу тайлбар өгсөн нь үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албанаас 50 дугаар сургуулийн багш М*******н С*******гаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улсын байцаагчийн 41/02-01 дугаартай актаар 7,971,328 /долоон сая есөн зуун далан нэгэн мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг төсөвт оруулахыг тогтоосон нь ямар үндэслэлтэй бэ гэхээр Герман, Хятад хэлний сургалт нь Монгол Улсын боловсролын сайдын 2019 оны А/491 дүгээр тушаалаар батлагдсан сургалтын үндсэн хөтөлбөрт тусгагдаагүй тул Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын дагуу зөвхөн урамшуулал олгох ёстой. Гэтэл Герман, Хятад хэл зааж буй 4 багш нь гүнзгийрүүлсэн сургалтаар хичээл зааж, заасан хичээлийн төлбөрийг үндсэн багшийн цалингаар авдаг мөртлөө Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын дагуу давхардуулж урамшуулал авчээ. Иймд гүнзгийрүүлсэн сургалтын хичээл зааж цалин хөлс болон урамшуулал давхар авсныг тогтоож урамшуулалд акт тогтоосон болно. Монгол Улсын боловсролын сайдын 2019 оны А/491 дүгээр тушаалаар сургалтын үндсэн хөтөлбөр гэж баталсан. Тэр хөтөлбөрт Герман, Хятад хэл тусгагдаагүй. 2002 оны 333 дугаар тушаалаар Нийслэлийн боловсролын газартай сургуулийн зүгээс гэрээ байгуулж, төлөвлөгөө батлуулж хичээллүүлж байгаа. Зөвхөн гүнзгийрүүлсэн сургалтын орлогоос зохих хувийн цалинг олгоно. Харин Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа сургуулиуд хамааралгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхэд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/491 дугаар тушаалаар батлагдсан бага, дунд, ахлах ангийн сургалтын үндсэн хөтөлбөр болон Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Герман болон Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах зөвшөөрөл олгосны дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль нь нэмэлтээр гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

4. Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ыг баталсан байх ба тус журмын 3 дугаар зүйлийн 3.9-д Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын нэмэгдэл зардлыг сургалтын орчныг сайжруулах, гарын авлага, сургалтын бусад хэрэглэгдэхүүнээр хангах тухайн хичээлийг зааж байгаа багш, хичээлийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зарцуулна. Багш, туслах ажилтанд олгох нэмэгдэл хөлсний хэмжээ нь тухайн сургалтын зардлыг 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.

5. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам-ын 3 дугаар зүйлийн 3.9-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Б, О.З*******, М.С*******, Б.У******* нарт 7,971,328 /Долоон сая есөн зуун далан нэгэн мянга гурван зуун хорин найман мянга/ төгрөгийн урамшуулал олгосон Нийслэлийн Ерөнхий Боловсролын 50 дугаар сургуулийн захирлын үйлдэл нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журамд нийцсэн буюу маргаан бүхий актад дурдсан ...хөтөлбөрт заагдаагүй Хятад болон Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид хичээл заахдаа төсвөөс цалинжсан багш Ш.Б, О.З*******, М.С*******, Б.У******* нарт 2021 онд урамшуулал илүү олгосон гэж үзэхээргүй байна.

6. Иймд Чингэлтэй дүүргийн дотоод аудитын албаны улсын байцаагч Б.Б*******ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41/02-01 дугаар Илүү олгосон цалин, урамшууллыг төлүүлэх тухай акт болог шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбараас үзэхэд, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 50 дугаар сургуулийн багш Ш.Б, О.З*******, Б.У*******, М.С******* нарт 2021 онд илүү урамшуулал олгосон гэж үзэж илүү олгосон 7,971,328 /Долоон сая есөн зуун далан нэгэн мянга гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг холбогдох хүнээр нь төлүүлж, 2022 онд багтаан төсөвт оруулах, мөн Ш.Б, О.З*******, Б.У*******, М.С******* нар нь гүнзгийрүүлсэн сургалтаар хичээл зааж, заасан хичээлийн төлбөрийг үндсэн багшийн цалингаар авдаг мөртлөө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар баталсан журмын дагуу давхардуулж урамшуулал авсан гэж тайлбарлаж байгаа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан тус журамд нийцэхгүй байна.

7. Учир нь нэхэмжлэгч Ш.Б, О.З*******, М.С*******, Б.У******* нар нь төрийн албан хаагч бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах гэж заасан дээрх хуулийн зохицуулалтын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цалин, урамшуулал авах хуулийн зохицуулалттай байна.

8. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот акт нь бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр биш байх тул Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг тус тус баримтлан Ш.Б, О.З*******, М.С*******, Б.У******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 41-02/01 тоот актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн зохицуулах хорооноос 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ