Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/957

 

 

        2022             9             29                                     2022/ДШМ/957                           

 

 

С.Б, Р.Б, Х.Б, Ю.Г

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Ю.Гэрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/632 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Ю.Ггаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б, Р.Б, Х.Б, Ю.Гнарт холбогдох эрүүгийн 210501545 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С.Б, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 2.  Х.Б, 

3.  Р.Б,

4. Г, 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Шүүгдэгч С.Б, Р.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод оршин суух хөрш Ю.Ю.Гхууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж гурил элдэх зориулалттай модоор цохилоо гэх шалтгаанаар биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ю.Гнь 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоотод оршин суух С.Бийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл маргааны явцад гэрээсээ гурил элдэх зориулалттай модыг авч гарч С.Бийн толгой, нүүр хэсэгт цохиж “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий, Р.Бийн гар шуу хэсэгт цохиж “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б, Р.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Ю.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б С.Б, Р.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Р.Б, Х.Б нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Р.Б, Х.Б, Ю.Гнарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ю.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 2022/ШЦТ/632 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Намжил прокурор ээлжийн амралттай гээд ирээгүй. Томилогдсон прокурор нь 11 цагт болох байсан хурлыг хэрэгтэйгээ танилцана гэж хойшлуулаад үдээш хойш 3 цагт хурлыг эхлүүлсэн. Хоёр ээлжийн шүүх хурал болно гэж надад хэлсэн. Би тийм юм байх гэж бодоод байж байтал хурал дуусаад дүгнэлт гаргасан. Сая шүүгчээс миний биеийн байцаалтыг танилцуулахад өмнө нь ял шийтгэлтэй гэж таницуулагдсан. Тэр үйлдэл дээр би хүмүүсийг зохицуулах гэж буюу зодооныг салгах гээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд шууд миний гарыг мушгиад баривчлаад явсан. Хүмүүсийн боловсролд анхаарахгүй бол иймэрхүү байдал хэзээ ч зогсохгүй шинжтэй. Тэгээд би ялтан болсон. Дараах үйл явдал нь яасан гэхээр манай хажуу айл байнга архидан согтуурдаг. Манай байрны 90 хувь нь байр түрээсэлж амьдардаг хүмүүс байдаг. Тэр өдөр чимээн шуугиан болсон уу гэхээр бүгд үгүй гэж мэдүүлсэн юм шиг байналээ. Тийм гэж хэлвэл цагдаагаас дуудаад салахгүй гэж бодсон байх. Цагдаа дуудахаар ирдэггүй. Би өөрөө найруулагч мэргэжилтэй хүн. Хүмүүсийг айлгаж, сүрдүүлж байж ажлаа явуулдаг. Тэгэхгүй бол тэр олон хүмүүсийг удирдахын аргагүй байдаг. Намайг шаардлага тавихаас өмнө тэр айлд цаг гаруй хугацаанд зодоон болсон. Энэ асуудлыг огт шалгаагүй. Тэгээд би шаардлага тавихад 3-4 залуучууд уучлаарай ахаа гээд гараад явсан. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй үлдсэн. Би дахиад “та нар боль, шөнийн цаг болж байна. Би жаахан хүүхдүүдтэй” гэж шаардлага тавьсан. Би тухайн үед элдүүр барьсан. Гэхдээ цохиогүй. Манай эхнэр нүүр рүүгээ цохиулсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Цагдаагаас эд хогшилд гэмтэл учирсан уу гэхэд би үгүй гэж хэлсэн. Учир нь, тэрнээс ноцтой зүйл байсан. Манай хаалгын бариулыг цөм татаад ороод ирсэн гэж байхад тэгээд хэдэн төгрөгийн хохирол учирсан юм гомдол гаргасан уу гэдэг. Хүмүүс намайг зодох гэж орж ирсэн гэх талаас нь ярьж байхад эд хөрөнгө яриад байдаг. Цагдаа нар хэр барагийн зүйл тоохгүй болсон байдаг байх. Гэхдээ миний хувьд маш хүнд зүйл тохиолдсон. Бичлэг дээр бүх зүйл тодорхой харагдана. Би тэр хүмүүстэй цаашид нэг байранд амьдарна. Би тэр хүмүүсийг айлгах ёстой. Айлгана гэдэг нь очоод цохино гэсэн үг биш. Цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг судалдаг юм уу. Мөрдөн байцаалтын ажиллагааны системийг боловсронгуй болгох шаардлагатай. Би 9 дүгээр сарын 26-ны шөнө дуудлага өгсөн. Хажуу айлын хүмүүс дахиад нэг хүүхдийг үхтэл нь зодсон. Цагдаа дуудсан 45 минутын дараа ирсэн.” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хийгдвэл зохих бүх ажиллагааг хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Алдармаагийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Б, Р.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээс гадна тус тусын үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл Х.Бы айлын хаалганы бариул татаж эвдсэн, С.Быг айлд орчихоод орилж хашгирч байгаа байдлыг харахад эвгүй нөхцөл байдал байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд дүгнэлт хийхэд хохирогчийн зүй бус харилцаа, зан авир нөлөөлсөн байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.Б, Р.Б, Х.Б нар нь улмаар хэрүүл маргааныг даамжруулан Ю.Ю.Гбиед халдаж гэмтэл учруулсан. С.Б, Р.Б, Х.Б нар нь үйлдлээрээ нэгдсэн байдаг. Хэний үйлдлээс болж Ю.Гэрэлбаатарт гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй. Хэргийн үйл баримт хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр бүрэн тогтоогдсон. Ю.Гэрэлбаатараас сэтгэл санааны хохирол, өөр байр түрээсэлсэн асуудлыг ярьж байна. Ю.Ю.Гзүгээс ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгч нэхэмжлээгүй. Уг гэмт хэргийн улмаас айдас хүйдэстэй байсан бол баримтаа шүүхэд гаргаж өгөөд шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. С.Б, Р.Б нарын биед гэмтэл учирсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ю.Ю.Ггаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б, Р.Б нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 0 цагийн үед Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод оршин суух хөрш Ю.Ю.Гхууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж гурил элдэх зориулалттай модоор цохилоо гэх шалтгаанаар биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ю.Гыг 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 тоотод оршин суух С.Бийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл маргааны явцад гэрээсээ гурил элдэх зориулалттай модыг авч гарч С.Бийн толгой, нүүр хэсэгт цохиж “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий, Р.Бийн гар шуу хэсэгт цохиж “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Бийн “...Орж ирээд тэр ах “хэдэн өдөр ингэж шуугих гээд байгаа юм” гээд бид нар руу харааж эхэлсэн. Тэр үед манай хоёр найз “уучлаарай бид нар ингээд явах гэж байна” гэж хэлэхэд, би “юу яриад байгаа юм бэ, энд өчигдөр хүн байгаагүй. Та айлд ямар дураараа орж ирдэг юм” гэхэд хажуу айлын ах цаашаа яваад “нааш ир уулзъя” гэсэн. Тэр үед манай хоёр найз гарч байсан ба би тэр ах дээр очиход тэр ах гутлын тавиур дээрээ байсан ганжингаа аваад миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Тэр үед би тэр ахыг тэврээд түлхэлцээд гэр рүү нь орсон. ...Ухаан алдаад сэрэх үед миний нүүр цус болчихсон байсан бөгөөд айлын эхнэр над руу ганжин бариад дайрч байсан. Тэгээд би дахиад ухаан алдсан. Ахиад сэрэх үед манай найзууд болон эхнэр ороод ирчихсэн байсан. Би нөгөө ахаас намайг яагаад ингэж байгаа талаар асуухад өөдөөс инээгээд хариулахгүй байсан.” /хх 40/

хохирогч Ю.Ю.Г“...шөнө 04 цагийн үед хоорондоо хэрэлдээд зодолдоод эхэлсэн. Тэгтэл манай 3 настай хүү цочиж сэрсэн. Би зодолдоод байхаар нь юу ч болж магадгүй гээд гар утас дээрээ бичлэг хийж орхиод гарсан. Тэгээд би хувцсаа өмсөөд 14 тоот айл руу очиход хаалга нь онгорхой хаалганы гадна орцонд хоёр залуу зогсож байсан. Би 14 тоотын хүмүүст “та нар болиоч удаа дараа болж байна. Би балчир хүүхдүүдтэй, цочоод байна” гэж уурлаж хэлсэн. Тэгтэл гэрт байсан айлын залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл гэрт байсан хоёр залуугийн нэг болох өндөр туранхай залуу миний хоёр гарыг ард гаргаж өчсөн. Тэгээд би мултраад гэртээ ороод хаалгаа хааж амжаагүй байтал хаалганаас татаж, намайг коридорт гаргасан. Гэрт орох үед манай эхнэр өөдөөс ганжин бариад гарч ирсэн. Би ганжинг нь автал нөгөө залуус ганжинг надаас булааж авсан. Тэгээд коридорт гаргаад өндөр залуу нь намайг дахиад өчсөн. Тэр үед цагаан биеийн тамирын хувцастай залуу нь намайг мөргөж цохиж эхэлсэн. Тэгтэл гэрийн эзэн болох залуу нь намайг өшиглөж цохисон. Тухайн үед манай эхнэр гарч ирээд цагдаад дуудлага өгсөн ба би эхнэртээ хандаж “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд зодуулж байх үедээ мултарч гэртээ орж ирсэн ба ардаас нөгөө гурван залуу эхнэрийн хамтаар орж ирсэн. Тэр үед айлын эхнэр нь манай гэрийн үүдийг хаагаад “наадахаа ал” гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө гурван залуу нь намайг зодоод байсан ба өндөр залуу нь ганжингаар намайг олон удаа цохисон. Би тухайн үед өөрийгөө хамгаалсан ба өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж тухайн хүмүүстэй зодолдоогүй. Зөвхөн тэр хүмүүс намайг зодсон. Манай хүүхдүүд цочролд орсон байдалтай, тэр гэрт очихгүй гэж айж байна.” /хх 31/,

гэрч О.Д “...Орж ирээд та нар 2-3 хоног шуугилдлаа гэх утгатай зүйл яриад уурлаад байсан. Тэгтэл манай нөхөр “та юу яриад байгаа юм бэ, өчигдөр манайд хүн байгаагүй” гэхэд нөгөө ах “чи нааш ир уулзья” гээд манай нөхрийг дуудсан. Тэр үед манай нөхөр “яасан” гээд ойртоход тэр ах манай нөхрийг хаалга руугаа татаад гутлын тавиур хэсгээс ганжин аваад манай нөхрийн толгой хэсэг рүү олон удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд ардаас нь орсон. Тэгтэл тэр айлын эхнэр нь хаалга хаагаад түгжсэн. Манай нөхөр ороод ухаан алдаад унасан ба сэрэх үед хамраас нь цус гарчихсан байсан. Манай нөхөр сэрээд “та яаж байгаа юм бэ” гээд асуухад өөдөөс инээгээд юу ч хэлэхгүй байсан. Эхнэр нь бас цаанаас ганжин барьчихсан над руу дайрсан. Тэгэхээр нь би ганжингаас нь бариад булаацалдаж байхад нөхөр нь дахиад манай нөхөр рүү цохих гэхээр нь би гараас нь татах үед гараа саваад, тэр үед миний баруун нүдний дээд хэсэгт цохигдсон. Тэгээд би эхнэрээс нь ганжинг авах гээд булаацалдаж байх үед тэр хоёр “хүүхдүүдээ гараад ир, гарч ирээд бичлэг хий” гээд хашхираад байсан. Эхнэр бид хоёр нь ганжин булаацалдаж байгаад хүүхдүүдийнх нь өрөөний хаалганы үүдэнд таарсан ба би хаалгыг нь таглаж зогсоод “ийм муухай юм хүүхдүүдэд харуулж яах гээд байгаа юм” гэж хэлээд гаргаагүй. Тэгээд би ганжинг нь авч шидээд хаалга руу яваад хаалга онгойлгож хоёр найзыгаа оруулсан. Тэгтэл Х.Б, Р.Б нар нь тэр ахын ганжинг булааж авах гээд зууралдаж байтал айлын ах, эхнэр, хүүхэддээ хандаж “бичлэг хий, яг одоо бичлэг хий” гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би тэрийг нь сонсоод “та тэгвэл одоо зодооч дээ, зод” гэж хэлсэн. Тэр үед Р.Б нь манай нөхрийг авах гээд манай нөхрөөс барьчихсан байсан чинь Р.Бийн баруун гар руу ганжингаараа цохисон. Тэр үед Р.Б “наадах чинь хугархай гар шүү дээ” гэж хэлэхэд тоохгүй дахин дахин цохиод байсан. Тэгээд бид нар арай гэж нөхрийгөө аваад гарсан.” /хх 56/,

гэрч Э.П “...Цагдаа байна гэхэд “дурангаараа харъя, цагдаа мөн байвал тайлна” гэж байгаад дурангаараа харж хаалгаа тайлсан. Тэгээд гэрт нь ороход 25-30 орчим насны эхнэр, нөхөр байсан. Нөхөр нь дээгүүрээ нүцгэн, хамраас нь цус гарсан, нүүр нь халцарч улайсан байдалтай байсан. Тэр хүнээс юу болсон талаар асуухад “найзуудтайгаа гаднаас орж ирсэн чинь, хажуу айлын хүн орж ирээд гар гэж хэлсэн чинь гарахгүй, намайг гэр рүүгээ оруулж байгаад зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг “гэртээ байж бай” гэж хэлээд хажуу талын зодсон гээд байгаа айл буюу 15 тоот айл руу орсон. Тэр айлд ороход нэг залуу эхнэр хүүхдийн хамт байсан ба юу болсон талаар асуухад “манай хажуу айлын залуу шөнө унтуулж амраахгүй шуугилдаад байхаар нь би шаардлага тавьсан чинь намайг гэрт дайрч орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн.” /хх 62/, 

насанд хүрээгүй гэрч Г.Э: “...юу болж байгааг очоод хартал манай аав Ю.Гбайрны коридорт гарчихсан 4-5 хүнтэй зодолдож байсан. Мөн нэг эмэгтэй хүн байсан. Манай аавтай зодолдоод байсан хүмүүс манай гэр рүү ороод ирсэн. Эхэндээ том өрөөнд зодолдож байгаад бид нарын унтаж байсан өрөөнд орж ирээд зодолдсон. ...тэгээд манай ээжийг зүгээр байхад цохисон. Тэр үед бид нарыг аав “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд би бичлэг хийх гэтэл нэг эгч орж ирээд бид нарыг өрөө рүү түлхэж оруулаад хаалганы гадна талаас дараад бид нарыг гаргаагүй. Тухайн үед сонсож байхад манай гэрт хэсэг зодоон болсон. ...Манай аавын нүүр хэсгээс цус гарсан байсан, мөн тэр ах нараас цус гарсан байсан.” /хх 67-69/,

насанд хүрээгүй гэрч Г.Э “...манай гэр рүү нэг нүцгэн ах, өндөр туранхай ах, намхан тарган ах нар орж ирсэн. Тэгээд манай аавын толгой руу өндөр туранхай ах, намхан тарган ах нар гурилын элдүүрээр ээлжилж цохиод байсан. Уг нь тэр гурилын элдүүрийг манай ээж аавд өгөөд гэрээс гаргасан юм. Гэрийн гадаа манай аав гурилын элдүүрээ нөгөө ах нарт булаалгачихаад орж ирсэн.” /хх 70-72/,

яллагдагчаар Ю.Ю.Г“...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яллагдагч болохгүй, мэдүүлэг өгөхгүй, гомдолтой байна.” /хх 115/,

яллагдагчаар С.Бийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /хх 29/,

яллагдагчаар Р.Бийн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд маш эвгүй өнгө аясаар гараад ир гэж дуудсан. ...С.Бийг гэр рүүгээ татаж оруулаад хаалгаа дотроосоо түгжсэн. Гэр дотор нь чанга дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь Х.Б бид хоёр гэр рүү нь орох гэтэл хаалгаа онгойлгохгүй байсан. Удалгүй Дөлгөөн хаалгыг нь онгойлгохоор нь бид хоёр гэр дотор нь ороход тэр гэрийн эзэн гартаа ганжин барьчихсан, эхнэр нь нэг ганжин барьчихсан зогсож байсан. Манай найз С.Бийн нүүр, амнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Манай найз тийм байдалтай байсан учраас би тухайн гэрийн эзний гарт байсан ганжинг нь авч болиулах гэж оролдсон. Би тухайн үед гараа хугалчихсан байсан болохоор гараараа цохиогүй, харин гуя хэсэг рүү нь өшиглөсөн.” /хх 121/,

яллагдагчаар Х.Бы “...Буянаа газар суучихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед айлын эзэн Р.Б бид хоёр руу ганжингаа бариад дайраад байсан. Тэгэхээр нь Буянаагаа авч гарах гэж ахтай ноцолдсон ба ганжингаар цохиод байхаар нь би тэрийг нь хаах гэж байгаад шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон.” /хх 137/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7545 дугаартай: “...Ю.Ю.Гбиед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 76-77/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7555 дугаартай: “...С.Бийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 81-82/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 7556 дугаартай: “...Р.Бийн биед баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 86-87/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 107/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Ю.Гнь бичлэгийн 10 секундэд гэрээсээ гарч хаалгаа хааж, 25 секундэд маргалдаж, 47 секундэд Ю.Гнь гэрийн үүд хэсгээс ганжин аваад 49 секундэд 14 тоот буюу хажуу айл руу орсон байна.” /хх 100/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б, Р.Б, Х.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б, Р.Б, Х.Б нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин прокуророос Ю.Гыг 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 тоотод оршин суух С.Бийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл маргааны явцад гэрээсээ гурил элдэх зориулалттай модыг авч гарч С.Бийн толгой, нүүр хэсэгт цохиж “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий, Р.Бийн гар шуу хэсэгт цохиж “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, “...Ю.Гнь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж дүгнэж, Ю.Г-г гэм буруутайд тооцжээ.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Шүүх хохирогчийн санаатай, зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Ю.Ю.Г“...шөнө 04 цагийн үед хоорондоо хэрэлдээд зодолдоод эхэлсэн. Би 14 тоотын хүмүүст “та нар болиоч удаа дараа болж байна. Би балчир хүүхдүүдтэй, цочоод байна” гэж уурлаж хэлсэн. Тэгтэл гэрт байсан айлын залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл гэрт байсан хоёр залуугийн нэг болох өндөр туранхай залуу миний хоёр гарыг ард гаргаж өчсөн. Тэгээд би мултраад гэртээ ороод хаалгаа хааж амжаагүй байтал хаалганаас татаж, намайг коридорт гаргасан. Би ганжинг нь автал нөгөө залуус ганжинг надаас булааж авсан. Тэгээд коридорт гаргаад өндөр залуу нь намайг дахиад өчсөн. Тэр үед цагаан биеийн тамирын хувцастай залуу нь намайг мөргөж цохиж эхэлсэн. Тэгтэл гэрийн эзэн болох залуу нь намайг өшиглөж цохисон. Тухайн үед манай эхнэр гарч ирээд цагдаад дуудлага өгсөн ба би эхнэртээ хандаж “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд зодуулж байх үедээ мултарч гэртээ орж ирсэн ба ардаас нөгөө гурван залуу эхнэрийн хамтаар орж ирсэн. Тэгтэл нөгөө гурван залуу нь намайг зодоод байсан ба өндөр залуу нь ганжингаар намайг олон удаа цохисон.” /хх 31/, гэрч О.Д “...Х.Б, Р.Б нар нь тэр ахын ганжинг булааж авах гээд зууралдаж байтал айлын ах, эхнэр, хүүхэддээ хандаж “бичлэг хий, яг одоо бичлэг хий” гээд хашхираад байсан.” /хх 56/, гэрч Э.П “... Тэр айлд ороход нэг залуу эхнэр хүүхдийн хамт байсан ба юу болсон талаар асуухад “манай хажуу айлын залуу шөнө унтуулж амраахгүй шуугилдаад байхаар нь би шаардлага тавьсан чинь намайг гэрт дайрч орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн.” /хх 62/, насанд хүрээгүй гэрч Г.Э: “...тэгээд манай ээжийг зүгээр байхад цохисон. Тэр үед бид нарыг аав “бичлэг хий” гэж хэлсэн. Тэгээд би бичлэг хийх гэтэл нэг эгч орж ирээд бид нарыг өрөө рүү түлхэж оруулаад хаалганы гадна талаас дараад бид нарыг гаргаагүй.” /хх 67-69/, насанд хүрээгүй гэрч Г.Э “...манай гэр рүү нэг нүцгэн ах, өндөр туранхай ах, намхан тарган ах нар орж ирсэн. Тэгээд манай аавын толгой руу өндөр туранхай ах, намхан тарган ах нар гурилын элдүүрээр ээлжилж цохиод байсан. Уг нь тэр гурилын элдүүрийг манай ээж аавд өгөөд гэрээс гаргасан юм. Гэрийн гадаа манай аав гурилын элдүүрээ нөгөө ах нарт булаалгачихаад орж ирсэн.” /хх 70-72/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7555 дугаартай: “...С.Бийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 81-82/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 7556 дугаартай: “...Р.Бийн биед баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 86-87/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Ю.Гнь бичлэгийн 10 секундэд гэрээсээ гарч хаалгаа хааж, 25 секундэд маргалдаж, 47 секундэд Ю.Гнь гэрийн үүд хэсгээс ганжин аваад 49 секундэд 14 тоот буюу хажуу айл руу орсон байна.” /хх 100/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/ зэрэг нотлох баримтуудаар Ю.Гнь 2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 тоотод оршин суух С.Бийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, С.Бийн толгой, нүүр хэсэгт цохиж “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий, Р.Бийн гар шуу хэсэгт цохиж “баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн гарын шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Эдгээр нөхцөл байдлaас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ю.Гнь хохирогч С.Бийг “шөнийн цагаар хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, С.Б, Р.Б нарын эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Ю.Ю.Гдээрх үйлдэл нь хохирогч С.Б, Р.Б нарын өөр рүү нь чиглэсэн хууль бус халдлага, довтолгооноос өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Ю.Гнь С.Б, Р.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон гол хүчин зүйл, шалтгаан нь хохирогч нар шөнийн 04 цагийн орчим бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахаар нийтийн орон сууцанд архидан согтуурч үймээн шуугиан гаргасанаараа бусдын хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж орон байранд нь насанд хүрээгүй хүүхдүүдийг айлган халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Ю.Гт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус, зүй бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтыг зөв гэж үздэг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.

Иймд Ю.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ю.Гт холбогдох хэргийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/632 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ю.Ю.Ггаргасан “...шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/632 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Ю.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр шүүгдэгч ЮГ-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Бэсүүд овогт Ю.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Гг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

3 дахь заалтын “...Ю.Гт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Ю.Ю.Ггаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ