| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2017/00029/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 27
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Шүүгдэгч Х.Е,
Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.Е-д холбогдох эрүүгийн 1724000340008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ний өдөр **аймгийн ** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ** боловсролтой, малчин, хувирааа мал малладаг, ** аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х.Е. /РД:**/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Е нь зөвшөөрөлгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Агьтын эх хэмээх газрын ойгоос 61 ширхэг буюу 6.4745 м.кв шинэс мод бэлтгэн, ойн санд 454,509 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Е нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Агьтын эх гэдэг газрын ойгоос 61 ширхэг буюу 6.4745 м.кв шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
- “...Газрын хэвлийн дээд талд байрлалтай хураасан мод нь 30 ширхэг, доод талд нь хураасан мод нь 31 ширхэг, нийт 61 ширхэг 4 метр урттай мод байлаа...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-4-р хуудсанд/,
- Хохирогч Л.Баттулгын “...Х.Е нь хууль бусаар 61 ширхэг шинэс мод бэлтгэсэн хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/,
- Гэрч Х.Е-ийн: “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутгийн Шаргатын Асгат хэмээх газарт намаржиж байгаа. Би банкны зээлтэй, сургуулийн хүүхдүүдэд мөнгө явуулах гээд мөнгөний хэрэгцээ гараад мод бэлтгэхээр болсон. Мод бэлтгэх эрхийн бичгээ арай аваагүй байсан. Модоо бэлтгэчихээд сумын төв орж мод бэлтгэх эрхийн бичгээ авья гэж бодоод гэрийнхээ ойролцоох ойгоос 61 ширхэг 4 метр урттай, шатаж хатсан, хуурай унасан модыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлтгэсэн. Уг модыг бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөө ашиглан, ганцаараа бэлтгэж, цагаалсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/,
- Гэрч Г.Долгорсүрэнгийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт байрлах гэртээ байхад манай жолооч Балдансэнгэ, Мягмардорж, Болдбаатар нар нь модон яваад ирсэн. Ирэхдээ Тулгаа гэж дууддаг Е гэдэг хүн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын зоо хэмээх газарт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 19-р хуудас/,
- Гэрч Ж.Батчулууны “...Х.Е нь бага боловсролтой, 4 дүгээр анги төгссөн. Уншиж, бичиж чаддаг. Уг нь энэ хэдэн модыг бэлтгээд банкны зээл дарах санаатай байсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/,
- Гэрч Р.Балдансэнгийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Агьтын зоо хэмээх газарт Тулгаа гэж дууддаг Е нь мод бэлтгэсэн байсныг мэдээд модыг худалдаж авахаар Х.Ерөөлттэй уулзсан. Уулзаад бэлэн мөнгө байхгүй бол модоо өгөхгүй гээд өгөөгүй. Тэгээд хоосон буцаад сумын төв дээр ирээд энэ тухай Долгорсүрэнд хэлэхэд цагдаа руу мэдэгдчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/
- Гэрч Д.Мягмардоржийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг руу жолооч Р.Балдансэнгэ, Болдоо нарын хамт Ойн их хишиг компанийн тусгаарлалтын талбай руу явж байх замдаа Тулгаа гэх хүнтэй таарсан. Тулгаа мод зарна гэхээр нь модыг ачихаар нэрийг нь мэдэхгүй уулын ойд очиход бэлтгэсэн 4 метрийн урттай хэрэглээний моднууд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/,
- Гэрч Г.Болдбаатарын “...Тэр хүн мод зарна гэхээр нь модыг нь ачихаар бид нар нэг уулын ойд очиход бэлтгэсэн 4 метрийн урттай хэрэглээний моднууд байсан. Модыг нь ачих гэж байтал тэр хүн мөнгөө нэхсэн. Мөнгийг нь дараа өгье гэж Балдансэнгэ ах хэлэхэд тэр хүн мөнгөгүй бол модоо худалдахгүй гээд больсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/
- Гэрч Ч.Батжаргалын “...Би Рашаант багийн нутаг Агьтын зоог хариуцсан байгаль хамгаалагч юм. Х.Е нь тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хууль бусаар мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/,
- Шинжээчийн 11 дугаартай “...6.4745 мкв модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 454509 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хамаарна.
Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Х.Е нь 2017 оны 09 дүгээр дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Агьтын эх гэдэг газрын ойгоос 61 ширхэг буюу 6.4745 мкв шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Х.Е-ийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Е-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон үзэж, прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Х.Е-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Е-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метр урттай, 61 ширхэг шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50,000 төгрөгний үнэ бүхий моторт хөрөөг улсын орлого болгож, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Л.Баттулга нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх хэсэгт зааснаар сумын засаг дарга нь “...байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх...” үүрэг бүхий этгээд бөгөөд, түүнд төрд учирсан хохиролыг нэхэмжлэхгүй гэж хэлэх эрх үгүй юм.
Иймд шүүгдэгч Х.Е-ийн хууль бусаар бэлтгэсэн 61 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 454509 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, ойн санд учруулсан хохирол 1,363,527 төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулж, ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Е-ийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар ойн санд учруулсан хохирол 1,363,527 төгрөгийг шүүгдэгч Х.Е-ээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулсугай.
7. Ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосугай.
8. Шүүгдэгч Х.Е-ийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Е-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метр урттай, 61 ширхэг шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50,000 төгрөгний үнэ бүхий моторт хөрөөг улсын орлого болгосугай.
10. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН