| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2106 01314 0225 |
| Дугаар | 2022/ДШМ/922 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/922
А.А, Ж.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/978 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Н, А.А нарт холбогдох 2106 01314 0225 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн А-ын А, 2000 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х Их сургуулийн аялал жуулчлалын 3 дугаар түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Т овгийн Ж-ийн Н, 1998 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
А.А, Ж.Н нар нь бүлэглэн шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Манай компани нь Цонжинболдог орчимд амралтын газар байгуулж байгаа, тэрний хөрөнгө оруулалтад танаас зээлсэн мөнгийг зарцуулна, та 17.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, хүүд нь энэ байранд амьдарч болно” гэж хуурч, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “C” ХХК-ийн тэмдэг бүхий “Хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай” гэрээ гэх баримтыг ашиглан, хохирогч О.У-той Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... хорооллын ... тоотод хуурамч гэрээг бичгээр байгуулж, түүний эзэмшлийн 17.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 50хххххххх тоот дансаар дамжуулан хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газар: А.А, Ж.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Ж-ийн Н, Ш овогт А-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, хамтран оролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н, А.А нарт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ж.Н, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Ж.Н, А.А нар нь өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, А.А-ийн шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 хоногийг 8 цагаар тооцож, 16 цагийг түүнд оногдуулсан ялаас хасаж, ял эдэлсэнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Н-аас 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.У-т олгохоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх А.А-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан боловч Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулж, түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Түүнчлэн Ж.Н-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, хувийн байдал зэргийг дурдаагүй боловч шүүгдэгч нарт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан гэх дүгнэлт нь ойлгомжгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. ...Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөл хамтрагдах болон хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой хуульчилжээ. Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл буюу гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж биечлэн эдэлж буй ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн сонгох санкцитай хуульчилсан байхад хамгийн хүнд болох хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх ял оногдуулахдаа хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцүүлээгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж хууль заасан журмын дагаа шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанид нэг жилийн хугацаанд ажилласан. Тухайн үед Цонжинболдогт манай байгууллага амралтын газар байгуулах гэж байсан. Уг ажил нь бүтэлгүйтсэнээс болж манай байгууллагын захирлууд шалгагдаж явж байна. Хохирол, төлбөрөө би төлж барагдуулсан. ...” гэв.
Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэрэг байсан байна. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээнд нийцүүлэн эрх, хэмжээнийхээ хүрээнд сонгож хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл болон 17.3 дугаар зүйлийг хамруулахгүй гэж заасан. Харин 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамруулах зохицуулалт нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтаар оруулж өгсөн. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох зохицуулалт нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар бусад гэмт хэргүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгоно. Иймд анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх А.А, Ж.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.А, Ж.Н нар нь бүлэглэн шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Манай компани нь Цонжинболдог орчимд амралтын газар байгуулж байгаа, тэрний хөрөнгө оруулалтад танаас зээлсэн мөнгийг зарцуулна, та 17.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, хүүд нь энэ байранд амьдарч болно” гэж хуурч, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “C” ХХК-ийн тэмдэг бүхий “Хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай” гэрээ гэх баримтыг ашиглан, хохирогч О.У-трй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... хорооллын ... тоотод хуурамч гэрээг бичгээр байгуулж, түүний эзэмшлийн 17.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 50хххххххх тоот дансаар дамжуулан хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.У-ын: “...Би 2019 оны 09 дүгээр сард фейсбүүкээр байр түрээслэхээр зар харж байхад фейсбүүк дээр “Ц” ХХК гэсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээсийн үйлчилгээ явуулдаг компани байсан ба тухайн компани мөнгө зээлж аваад, зээлсэн мөнгөний хүүнд байранд 1 жилийн хугацаатай амьдруулаад гэрээний хугацаа дууссаны дараа зээлсэн мөнгөө буцааж өгдөг үйл ажиллагаа явуулдаг байсан тул хаягаар нь А гэх ажилтантай нь холбогдоход надад “та хэдэн ч төгрөг зээлж өгч болно, та амьдрах байраа сонгож орж болно” гэж хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А гэх хүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “...” хорооллын ... дугаар байрны ... дүгээр орцны ... тоот 2 өрөө байранд уулзаад, би тухайн байрыг өөрөө сонгоод авахаар тохиролцоод А.А-д танай компанид 17.000.000 төгрөг зээлж болно гэж хэлсэн. Би тухайн мөнгийг хэрхэн яаж надад буцаан өгөх юм бэ гэж асуухад А.А “манай компани Цонжинболдог орчимд амралтын газар байгуулж байгаа, тэрний хөрөнгө оруулалтад танаас зээлсэн мөнгийг зарцуулна” гэж хэлсэн. ...04 тоот байранд А-тай гэрээ байгуулж, 17.000.000 төгрөгийг А-ийн “ХААН” банкны 50хххххххх дугаарын данс руу 13 цаг 33 минутад шилжүүлсэн. Тухайн байрнаас гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гараад, А-аас зээлсэн мөнгөө авъя гэж хэлэхэд удахгүй өгнө гэж худлаа яриад өнөөдрийг хүрсэн. Мөн гэрээ байгуулахдаа Н гэх хүнтэй хамт ирсэн бөгөөд миний мөнгөнөөс 4.000. 000 төгрөгийг Н-д өгсөн гэж хэлсэн. А нь надад учирсан 17.000. 000 төгрөгөөс 12.600.000 төгрөгийг өгсөн. Одоо надад 4.400.000 төгрөг аваагүй асуудал байгаа ба тухайн мөнгийг Н нь төлөөгүй байгаа. ...” /хх 29-36/,
гэрч Б.У-ын: “...2020 оны 10 дугаар сард О.У гэх хүн залгаад “Баянмонголд сууж байгаа хүн байна. Манай гэрээ дууссан мөнгөө авъя” гэж хэлсэн. Би тухайн үед тийм хүнтэй өөрөө гэрээ хийгээгүй бөгөөд гайхаад Ж, М нар руу залгаж асуухад тийм хүн гэрээ байгуулаагүй гэхээр нь буцааж залгаад “Та ямар хүнтэй гэрээ байгуулсан юм бэ" гэж асуухад “А.А болон Ж.Н гэх хүмүүстэй гэрээ байгуулсан гэж хэлсэн. ...” /хх 47/,
шүүгдэгч А.А-ийн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 12.600.000 төгрөгийг О.У гэх хүнд өгсөн. Одоо Ж.Н-ын надаас авсан 4.400.000 төгрөгийг Ж.Н өгөөгүй. Ж.Н анхнаасаа О.У-оос мөнгө авч байгааг мэдэж байсан ба түрээсийн төлбөрийг төлөөд бид хоёр үлдсэн мөнгөө хувааж авсан. ...” /хх 141/,
шүүгдэгч Ж.Н-ын: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... О.У нь А.А бид хоёрт “Яаралтай байранд ормоор байна, түрээсийн мөнгө өгчих” гэж хэлсэн. ...О.У гэх хүнээс авсан 17.000.000 төгрөгөөс би 4.400.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай А.А-аас зээлж авсан. ...” /хх 147/,
хохирогч О.У, шүүдэгч Ж.Н, А.А нарын хооронд байгуулсан гэрээ /хх 7/, хохирогч О.У-оос 17.000.000 төгрөгийг шүүгдэгч А.А нь өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан болохыг нотолсон Хаан банкны 50хххххххх дугаартай депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх 83-87/,
шүүгдэгч А.А-аас шүүгдэгч Ж.Н-ын данс руу 4.400.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотолсон Ж.Н-ын эзэмшлийн 59хххххххх дугаартай дансны хуулга /хх 78/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А, Ж.Н рмандах нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг залилан авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ж.Н нарт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 (6 сараас 3 жил хорих) дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь шүүхийн эрх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож оногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтаны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсон нь зөв болжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн тухайн зүйл хэсэг нь гагцхүү хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан зохицуулалт байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд үүнд анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх ямар ч нөхцөлд хүндрүүлэхгүй байх хэм хэмжээ тогтоосныг дурдах нь зүйтэй.
Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тус тус хорих ял шийтгэснийг өөр хөнгөн төрлийн ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтаас гадна нарийвчилсан зохицуулалт болох хуулийн 510 дугаар зүйлийг давхар баримтлах нь хууль хэрэглээний тогтсон арга хэлбэр юм. Гэтэл анхан шатны шүүх бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг давхар баримталсан нь буруу болжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ж.Н, А.А нарын мэдүүлгүүд болон дансны хуулгаар Ж.Н нь хохирогчоос залилж авсан мөнгөнөөс шүүгдэгч А.А-аар дамжуулан 4.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Ж.Н-аас уг 4.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.У-т олгохоор шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ийн шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар эдлэх ялд оруулан тооцохдоо түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн атлаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар дүйцүүлэн сольсон мэтээр “16 цагийг түүнд оногдуулсан ялаас хасаж” тооцсон нь ойлгомжгүй болсон байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөв.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/978 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7 дахь заалтын “...цагдан хоригдсон 2 хоногийг 8 цагаар тооцож 16 цагийг түүнд оногдуулсан ялаас хасаж ял эдэлсэнд тооцсугай.” гэснийг “...цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 /хоёр/ хоногоор тооцож ял эдэлсэнд тооцсугай” гэж,
8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н-аас 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.У-т олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ