Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0320

 

2024          04          10                                      128/ШШ2024/0320                                  

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: М

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Т 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч  Т.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Мөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний Х******* ЗБН-ыг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэсэн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Иргэн Т.С*******, Д.У*******, Ц.Д******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Х******* ЗБН-ийг үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл, нөхөрлөл үүсгэн байгуулахаар нөхөрлөлийн  50, 25, 25 хувийг тус бүр эзэмшихээр шийдвэрлэн гэрээ байгуулсан байна.

3. Улмаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээдийн   улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-3 маягт өргөдлийг гаргаснаар гуравдагч этгээд Х******* ЗБН 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

            4.  Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны 6 сард Т.С******* болон 5 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөлийг Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу нөхөрлөлд байгаа хүнийг давхар нөхөрлөлд бүртгэхгүй гэдэг зүйл заалтыг зөрчиж Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Үүсгэн байгуулагчаар Т.С******* гэх хүн гэж гэрчилгээ олгосон байдаг. Энэ байдал нь цаашаа даамжирч тендерт оролцож өрхийн эмнэлэг авсан асуудал бол энэ асуудал гарсан. А******* өрхийн эрүүл мэндийн төвд Т.С******* байгаа боловч Х******* өрхийн эрүүл мэндийн төв бол 8, 9 сарын дараа тендерт ялсан байдаг. Ялсны дараа Улсын бүртгэл дээр давхар бүртгэлтэй байна гэдэг талаар 5 сард мэдсэн. Мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасан. Энэ талаар маргаан үүсгэж улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.” гэжээ.

5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай албан бичгээр хариу өгсөн. Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Иймд бүртгэсэн гэж албан ёсны хариу өгсөн байна” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ асуудлыг Улсын бүртгэлийн байгууллага алдаа гарсан байлаа гэж бодоход залруулах үүрэг нь Улсын бүртгэлд байгаа. Х******* ЗБН албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд хуулийн дагуу бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа асуудал дээр улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж Х******* ЗБН хохирох ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч энэ асуудлаар шаардах эрхтэй этгээд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Улсын бүртгэлийн байгууллага Х******* ЗБН-д олгосон гэрчилгээ нэхэмжлэгчид ямар буруу болоод байгаа талаар ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу шүүх дараахь үндэслэлээр маргаан бүхий бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Х******* ЗБН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Т.С*******, Д.У*******, Ц.Д******* нар нь Х******* ЗБН-ийг үүсгэн байгуулан 50, 25, 25 хувийг тус бүр эзэмшихээр шийдвэрлэн гэрээ байгуулж, улмаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргаснаар гуравдагч этгээд Х******* ЗБН 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

4. Улмаар тус нөхөрлөлд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар 4 гишүүн нэмэгдсэнээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, одоогоор Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэдэд өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А******* өрхийн эрүүл мэндийн төв нь 2001 оноос үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл байх бөгөөд

- 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.С******* нь нөхөрлөлийн гишүүнээр элссэн,

- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус төвийн даргаар томилогдон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр чөлөөлөгдсөн,

- 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр нөхөрлөлөөс гаргах хүсэлтийг гаргасны дагуу мөн өдрийн бүх гишүүдийн хурлаар чөлөөлөгдсөн байна.

 

6. Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно” гэж заасан бөгөөд Х******* ЗБН-ийг үүсгэн байгуулагч Т.С******* нь А******* өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүн байхдаа Х******* ЗБН-ийг байгуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

 

7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.2. үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс Х******* ЗБН-ийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзаж, алдаа зөрчлийг залруулах үүрэгтэй байсан байна.

 

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.

 

9. Энэ тохиолдолд Х******* ЗБН-ийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсний дараа тус хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орж гишүүдийн тоо нэмэгдсэн, нөгөөтэйгүүр үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй байна.

 

10. Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гуравдагч этгээд шинээр байгуулагдсан хороонд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцож зөвшөөрөл авсан нь хууль бус бөгөөд бидний эрх ашгийг зөрчиж байгаа...” гэж тайлбарлах боловч уг тендерт нэхэмжлэгч оролцоогүй, энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд уг тендерт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул маргаан бүхий бүртгэлийн хүчингүй болгох боломжгүй, харин энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д заасны дагуу нэгэнт хэрэгжсэн бүртгэл байх тул уг бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг тус тус баримтлан Мөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Х******* ЗБН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улын бүртгэлийн ерөнхий газраас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА