Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/04182

 

 

 

 

 

 

 

 

2024 10 14 182/ШШ2024/04182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Дөл

Хариуцагч Н.Да

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Дөл нь хариуцагч Н.Дад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.Датай анх 2017 онд танилцаад улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтийн 1196730001 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бидний дундаас охин Д.Ер маань төрсөн. Одоо 5 настай. 2019 оноос хойш амьдарч байх хугацаанд Н.Да нь зан харилцаа, гэр бүлдээ гаргах хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн. Шалтгааныг нь ойлгохгүй яваад байсан чинь ажлынхаа эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байсан. Түүнийг нь мэдээд болих шаардлага тавьсан боловч энэ байдал нь үргэлжилсэн. Гэр бүлийн маргаан, хардалт, сэрдэлт дунд хүүхдээ өсгөхийг хүсээгүй. Ийм учраас 2024 онд гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь эцэг хүнийхээ хувьд хүүхдэдээ тусалж дэмжээд яваасай гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 онд бид хоёр танилцсан. 2019 онд Д.Ер гэдэг охинтой болсон. Одоо 5 настай. Гэр бүлд маань маргаан бол байсан. Уг нь гэр бүлээ авч үлдэх гэж маш их хичээсэн. Гэвч эхнэр маань хүлээн авч чадахгүй гэсэн. Тиймээс гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Ц.Дөлий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/

3.2 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/

3.3 Эмнэлгийн магадалгаа /хх-5/

3.4 Ц.Дөлий оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6/

3.5 Засаг даргын тодорхойлолт /хх-7

3.6 Д.Ерийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-8/

3.7 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-9- 10/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч Ц.Дөл нь хариуцагч Н.Дад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Дөлий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...хариуцагч нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж гэр бүлийн маргаан үүсэх болсон. Бид 2024 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсөж торниж байна. Гэр бүлийн маргаан, хардалт сэрдэлт дунд хүүхдээ өсгөхийг хүсэхгүй байна. гэж тайлбарлаж байна.

 

6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Гэр бүлд маань маргаан бол байсан. Би гэр бүлээ авч үлдэх гэж маш их хичээсэн боловч эхнэр маань хүлээн авч чадахгүй гэсэн. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгаар тайлбар гаргажээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Н.Да, Ц.Дөл нар нь 2017 онд танилцаж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Олонхнууд овогт Дашнямын Ертөнц төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

8. Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, үнэнч байх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 225 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

9. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлийн гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаангүй, өсөж дассан орчныг солих нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эсэх, эхийн хайр халамж зэргийг харгалзан үзээд охин Д.Ерийг эх Ц.Дөлий асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг Н.Дад энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Ц.Дөл нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Н.Да нь дээрх хуулийн дурдсан заалтын дагуу охин Д.Ерийг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр охин Д.Ерөд тэтгэлэг тогтоож, эцэг Н.Дааар сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 58,553 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ....нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Д.Ерийг эх Ц.Дөлий асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Олонхнууд овогт Дашнямын Ертөнц /РД:УТ19221681/-ийг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Дааар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дөлий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дааас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дөлд олгож, хариуцагч Н.Дааас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 58,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ц.Дөл, хариуцагч Н.Да нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ