Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 1724000010012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 41 настай, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Г, регистрийн дугаар: /**/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг Сөрт гэх газрын ойд ургаа мод унагаж байгаад Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Г нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг Сөрт гэх газрын ойд ургаа мод унагаж байгаад Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч О-гийн “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед эхнэр Г-г модонд цохиулаад ухаан алдсан гэж хэлсэн. Дараа нь Г утсаар залгаад Г нэг сонин болчихлоо гэсэн. Би Г гэдэг залуугаар уулын бэлд хүргүүлээд очиход Г дээшээ хараад хэвтчихсэн амьсгалахгүй байсан. Эмч үзээд нас барсан гэж хэлсэн. Намайг очиход талийгаач дээшээ хараад хэвтсэн, модны үзүүр 2-3 метрын зайтай байсан. Талийгаач Г-тэй мод бэлтгэсэн өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/

- Гэрч О-гийн “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн Сөрт гэх газарт модонд хүн цохиулсан гэсэн дуудлагаар 13 цагийн үед очиход 20 гаруй настай эрэгтэй дээшээ хараад, ухаангүй хэвтэж байсан. Тэр хүн нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас /

- Гэрч Ж-гийн  “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед Г-ийн гэрт байж байхад Г ирээд мод унагаасан чинь Г цохиулаад ухаангүй болчихлоо гэсэн... Нөгөө газарт очсон чинь Г-ийн унаагаасан гэх модны үзүүр 2-3 хугарсан, Г хугарсан үзүүрийн хажууд дээшээ хараад хэвтэж байсан... Г-ийн аав нь ирээд хүүгээ тэврээд нас барсан байна гэж байсан. Эмч үзээд нас барсан гэж хэлсэн... Г, Г нар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгэж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/

- Гэрч Г-ийн “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г ах Г-тэй хамт мод бэлтгэхээр явсан. Тэгсэн Г талийгаач Г-ийн унаж явсан морьтой ирээд “Г модонд цохиулаад ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Ж бид хоёр мотоциклтой мод бэлтгэж байсан газарт очиход Г юм ярихгүй, ам нь ангалзаад байсан. О ах хүү дээрээ очоод нас барсан байна гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Г ахын унагаасан гэх модны үзүүр 2-3 хугарсан, талийгаач модны үзүүрийн доод талд дээшээ хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44-р хуудас/

- Гэрч Д-гийн “...Г, талийгаач Г нар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-нд шилжих шөнө манайд хоносон. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Сөрт гэх газарт мод бэлтгэхээр явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/

- Гэрч Г-ын “...Г, Г нар Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн Сөрт гэх газарт мод бэлтгэхээр 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас /

            - Яллагдагч Г-ийн “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г-ийн хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн Сөрт гэх газарт мод бэлтгэхээр явж Г-ийнд гэрт очиж унтсан. Маргааш өглөө нь талийгаач Г бид хоёр мод бэлтгэхээр явсан. Бид хоёр 10 орчим унанга мод тайрсан, тэгээд талийгаач Г-г модоо цагаалж бай би ганц хуурай мод унагаая гээд мод чирүүлээд явуулсан. Би ургаа модоо хөрөөдөж эхэлсэн. Мод унах талаас нь хөрөөдөөд, дараа нь хойноос нь хөрөөдөхийнхөө өмнө ойр орчмоо харсан чинь хүн, амьтан байхгүй болохоор нь модоо нугасалж хөрөөдсөн. Унах талруу нь харсан чинь талийгаач гарч ирсэн, тэгэхээр нь мод уналаа шүү гээд 2-3 удаа хашгирсан ба тэр үед мод унасан. Гүйгээд очсон чинь талийгаач Г ухаан алдчихсан бололтой газар уначихсан, морь нь хажууд нь байсан... Миний хөрөөдөж байсан мод ертөнцийн зүгээр зүүн урагш унахаар байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 97-99-р хуудас/

            - “Талийгаач Г нь зүүн 9, 10, 12 дугаар хавирганы хугарал гэмтлийн улмаас гол судасны тасрал, 2 бөөр, дэлүүний эдийн няцрал гэмтлийн улмаас дотуур цус алдаж цус алдалтын шок болон өвдөлтийн шоконд орж нас барсан” гэсэн шинжээчийн №173027 тоот дүгнэлт /ХХ-ийн 76-77-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг Сөрт гэх газрын ойд ургаа мод унагаж байгаад Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзлээ.

Г-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, цаашид гарах хохиролын талаар хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг зөвшөөрсөн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх тул шүүх шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хураахаар хуульчилсан учир түүний гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан моторт хөрөөг хурааж улсын орлого болгох нь зүйтэй юм.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээллийг агуулж байгаа учир хэрэгт хавсаргаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн цамц, бор шаргал өнгийн босоо захтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц, хар саарал өнгийн өмд, ноосон өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан моторт хөрөөг улсын орлого болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, улаан хүрэн өнгийн цамц, бор шаргал өнгийн босоо захтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц, хар саарал өнгийн өмд, ноосон өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэгр хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН