| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2207 00000 0089 |
| Дугаар | 2022/ДШМ/921 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/921
Б.У-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ынөмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ө.Учрал
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.У-т холбогдох 2207 00000 0089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн У, 1988 оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү, түүний нөхөр, хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 468 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 58 хоногийн хорих ялаар сольж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Б.У нь Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... гэр хорооллын ... дүгээр гудамжны зүүн талд шороон замд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөний 10 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урдаас хойш чиглэлд зорчиж байсан 00-00 УУУ улсын дугаартай “Lexus IS250” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б-ын Ө-тай машинаар дайрах шахлаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн Прокурорын газар: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-ийн У-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.У-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.911.544 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 9.800.000 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар “А” хүнсний дэлгүүрийн гаднах баруун хойш чиглэлтэй хяналтын камерт үзлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий 40 минутын дүрс бичлэгийг хуулж авсан 1 ширхэг сидийг хэрэгт хадгалж, хэргийн газраас шинжилгээнд зориулж авсан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 2 хэсэг шохойрхог дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.У болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн тухайд маргадаггүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд тохирсон, уг хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд багтсан байхыг чухалчлах хэдий ч үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад бодитой дүгнэлт хийж ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ. Хэдийгээр шүүгдэгч Б.У нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэдий ч шүүхээс оногдуулсан хорих ялаа хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нэгдсэн Үндэсний байгууллагын ерөнхий ассамблейн 217/А/III дугаар тогтоолоор батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй гэж заасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн болон гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрөө төлөөгүй шүүгдэгчтэй адилтган хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.У-т оногдуулсан хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан. Хохирогчийг алах тухай санаа, бодол байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ туйлын их харамсаж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Б.У-ын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, дэглэмийг хаалттай тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус зүйлд зааснаар 10 жилийн хугацаатайгаар оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эрх, хэмжээнийхээ хүрээнд хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол буюу бусдын амь нас хохирсон хор уршгийн хэм хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд уг ял шийтгэлээс 3 ял шийтгэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэлт гаргаж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.У нь Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... гэр хорооллын ... дүгээр гудамжны зүүн талын шороон замд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөний 10.30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урдаас хойш чиглэлд зорчиж байсан 00-00 УУУ улсын дугаартай “Lexus IS250” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Ө-тай “Машинаар дайрах шахлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж алсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын: “...Би “А” дэлгүүрийн хойд зам дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн, миний хүүгийн машин зам дээр хойшоо харсан байдалтай, хүү минь ертөнцийн зүгээр машиныхаа зүүн талд нь унасан байдалтай, би очоод миний хүү гээд дуудаад толгойг нь татаад өвдгөн дээрээ тавихад ямар нэг хариу үйлдэлгүй, нас барсан бололтой байсан. ...” /1хх 54-55/,
гэрч Г.Г-ын: “...Ө машинаасаа бууж урд гарч очоод “Зүгээр байгаарай” гээд цээж рүү нь түлхэхэд өндөр залуу Ө-ийн өөдөөс нь цээж рүү нь харилцан түлхсэн. Тэгтэл намхан залуу нь өндөр залуугаа “Боль” гээд цээж рүү нь түлхэж, хориглох гэхэд хажуугаар нь өндөр залуу гарч “Чи яах юм” гээд баруун гараараа Ө-ийн зүүн шанааны доор, эрүү хавьд нь цохиход пад гэсэн чимээ гарч, Ө хагас эргээд духаараа газар мөргөж унасан. ...Ө рүү очиж толгойг нь тэвэрч авахад духны баруун дээд хэсгээс цус гарч урсаж байсан. ...бие нь сулраад амьсгалахгүй болсон. ...” /1хх 43-44/,
гэрч Д.Д-ийн: “...Би гүйгээд очиж байтал машины жолооч нь буугаад ирсэн. Б.У тухайн жолоочийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд тухайн жолооч биеийнхээ хажуу хэсгээрээ газар уначихсан. ... газар унаад буцаж босож ирээгүй. ...” /1хх 51-52/,
гэрч С.Х-ийн: “...Нисэхийн хорооны голын зам дээр гараад такси барих гээд зогсож байтал нэг машин ирээд намайг мөргөх шахуу болоод зогссон. Тэгээд урд талын 2 хаалганаас 2 залуу бууж ирсэн. Нэг нь согтуу байсан ба “Замаа хараач” гээд орилж, хашхираад байхаар нь би “Чи чинь мэдрэл муутай юм уу, согтуу байгаа юм уу, хүний машин унасан юм уу, цагдаа дуудлаа шүү” гээд хэлээд эргээд хартал нэг залуу хойшоо унаж байсан ба хажууд нь Б.У ах зогсож байсан. Тэгтэл надтай маргалдаж байсан залуу “Танай найз чинь хүн цохичихлоо шүү дээ” гэж хэлээд Б.У руу дайрахад Б.У ах хойшоо ухарч алхаж байсан. Тэгсэн чинь Д.Д ах унасан залуу босож ирэхгүй болохоор нь очоод цээж болон бусад газар нь дарж үзээд “Энэ өнгөрсөн юм шиг байна, ухаангүй байна” гэж хэлсэн. ...” /1хх 48-49/,
гэрч Б.Б-ийн: “...Манай гудамжинд гурван залуу хоорондоо маргалдаад байгаа бололтой гудамжаар өгсөөд манай урдуур гарч явсан. ...Нэг нь ямартай ч хальт харахад У гэх манай гудамжинд амьдардаг залуу байсан. ...Манайхаас 20 гаруй метрийн зайтай урд талын айлын хашааны гадна зам дээр нэг залуу дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь нэг залуу “Миний найзыг алчихлаа” гээд газар хэвтэж байсан залууг цээжээр нь тэврээд орилоод байсан. ...У шонгийн мод налаад суучихсан “Би ганц л цохисон шүү дээ” гээд уйлагнасан байдалтай хажууд нь сууж байсан. ...” /1хх 30/,
гэрч Ч.Г-ийн: “...гудамжны 1 тоот хашааны гудамжны үзүүр рүү очиход нас барчихсан бололтой нэг залуугийн нүүрийг юмаар бүтээчихсэн ...Б.У гэх залуу “Би хүн алаад хаячихлаа” гээд орилоод байсан. ...” /1хх 32/,
шүүгдэгч Б.У-ын: “...“Lexus” загварын машин ирээд манай хүргэн С.Х-ийг мөргөчих шиг болоод жолоочтой нь “Зам тавьж өгсөнгүй” гэх зэргээр маргалдаж, жолооч нь машины зөв талаас гарч ирээд над руу дайрч, би зууралдаад цамцны энгэрээс нь барьж байхад зогсож байсан газраа гулжганаад газар унасан. ...” /1хх 112/ гэсэн мэдүүлгүүд,
амь хохирогч Б.Ө нь их тархины баруун зүүн духны дэлбэн, баруун зүүн чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгүүдийг хамарсан аалзан хальсан доор тархмал цус харвалт, их тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтуудын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх зогсож нас барсан бөгөөд түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /1хх 124/, хэргийн газарт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 2-8, 9-12/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б.У нь С.Х-ийн хамт явж байхдаа амь хохирогч Б.Ө, Г.Г нартай “Машинаар дайрах шахлаа” гэж маргалдаж, улмаар Б.У нь Б.Ө-ыг цохисны улмаас гэмтэл авч, нас барсан үйл баримт хангалттай тогтоогдсоноос гадна шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын амьд явах эрхэд хууль бусаар халдаж, амь насыг нь хохироосноор төгссөнд тооцдог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 440 дугаартай дүгнэлт /1хх 136-137/-ээр шүүгдэгч Б.У нь сэтгэцийн ямар өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно. Түүнчлэн, хугацаатай хорих ялыг эдлүүлэхдээ нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхдээ мөн адил эдгээр нөхцөл байдлыг харгалзахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгох анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт наймаас арван таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хэмжээний дотор оногдуулсныг шүүгдэгчийн гэм буруу, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт урьд гурван удаа ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгч, амь хохирогч нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж үзсэнийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх, шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй, хаалттай байгууллагын алинд эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон императив хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон диспозитив хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан нь шүүхэд үүрэг болгосон бус хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр сонгох эрх олгосон хэм хэмжээ юм.
Тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдол бүрт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ гэж ойлгож болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулж, хугацаатай хорих ял оногдуулсан тохиолдолд нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхийг сонгох нь шүүхийн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-т 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, шүүгдэгч нь урьд гурван удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр “шүүгдэгч Б.У-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ