Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0321

 

128/ШШ2024/0321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* холдинг ХХК / РД:/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Ч.Э*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ц*******

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Э

Гуравдагч этгээд: Н ХХК /РД: /

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.Н, М.Ө, Ж.Д

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ж.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д******* холдинг ХХК-иас Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан тус газраас нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Н” ХХК-ийн байранд хот хоорондын автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдэл хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох,

1.2.  Хот хоорондын нийтийн тээврийн автовокзал/зогсоол/-ын байршлыг тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулахыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгах”-аар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д******* холдинг ХХК болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХХГГ16/020 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* төвийн 1 давхрын 979.14 м.кв талбай, гадна авто зогсоолын зориулалттай 3634 м.кв эзэмшлийн талбайн ашиглалтыг өөрийн үзэмжээр хариуцан зохион байгуулахаар гэрээг байгуулж, тус талбайд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь баруун бүсийн автовокзалын үйл ажиллагааг явуулж байжээ.

2.2. Гэтэл Д******* холдинг ХХК, түүний хамаарал бүхий хуулийн этгээд нь 2023 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн эзэмшлийн талбайд барилга барих ажлыг эхлүүлсэн ба энэ нь үйлдвэрийн газрын ажилчид үйлчилгээ авч буй иргэдийн эрхийг зөрчиж аюулгүй байдал алдагдаж байна гэж үзэж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-иас Зам тээврийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж, үйлдвэрийн газраас ажлын хэсэг байгуулан автобуудлын стандартад нийцсэн орох, гарах гарц бүхий байр талбайг судалж улмаар “Н” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ТГ23/08 болон HP/23/506 дугаартай “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г байгуулсан байна.

2.3. Улмаар Д******* холдинг ХХК-иас Н ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ нь хууль бус, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д******* холдинг ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах д******* төвийн 1 дүгээр давхарт Авто тээврийн үндэсний төв байрлан 2001 оноос хойш 2023 оны 7 дугаар сар хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан. Дэд бүтцийн яамнаас тухайн үед хотын тээвэр байрлаж байсан тээврийн товчоог нүүлгэн шилжүүлж сонгон шалгаруулалт зарласны дагуу Д******* холдинг ХХК ялалт байгуулж 2001 оны 01 дүгээр сараас эхэлж төвийн болон баруун бүсийн аймаг, сумдад улс хоорондын зорчих болон шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж 23 жилийн хугацаа өнгөрсөн байна. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр д******* вокзалыг Н ХХК-ийн агуулахын байранд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан талаар мэдсэн. Тус нөхцөл байдлыг мэдэж 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 7123 дугаартай албан бичгээр Зам тээвэр хөгжлийн яамд хүсэлт гаргасан боловч захиргааны шийдвэрийн талаар мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа явуулаагүй, авто вокзалын сонгон шалгаруулалт зарлаагүй талаар гомдол гаргасан. Д******* вокзалыг нүүлгэн шилжүүлснээр Д******* холдинг ХХК-ийн төлөвлөгөөт жижиг дунд бизнес эрхлэгч нарын эрх ашиг сонирхол зөрчигдөн олон жил үргэлжилсэн үйлчилгээний тогтвортой байдал, түншлэл алдагдан ашиг орлого буурч баруун чиглэл руу түгжрэл үүсэх болж Д******* холдинг ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд унахад хүрсэн. Гэтэл Авто тээврийн үндэсний төв Н ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж авто вокзалыг нүүлгэн шилжүүлсэн хууль бус захиргааны акт гарсан гэж үзэж байна. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ энэхүү үйл ажиллагааны талаар Зам тээвэр хөгжлийн яамд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 203/23, 204/23 тоот албан бичгээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Авто тээврийн үндэсний төвийн хууль бус ажиллагааг таслан зогсоогоогүй. Сүүлдээ Зам тээвэр хөгжлийн яам ямар нэгэн хариу өгөхөөс татгалзаж Д******* холдинг ХХК-ийн эсрэг хуурамч мэдээллийг нийтийн сүлжээ, телевиз, сонин хэвлэлээр цацах болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Зам тээвэр хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаар тоот тушаал болон тус яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр улс хот хоорондын зорчигч, ачаа тээврийн үйлчилгээг зохион байгуулах ажил үйлчилгээг хэрэгжүүлэн ажилдаг тул захиргааны байгууллагын хуулиар олгосон чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа захиргааны байгууллага юм. Д******* авто вокзалыг нүүлгэн шилжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нэхэмжлэгчийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж сөрөг үр дагаврыг бий болгосон. Учир нь олон жилийн турш Д******* холдинг ХХК-ийн эзэмшлийн үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт нүүсэн нь Д******* холдинг ХХК-ийн түрээслэгч иргэд, байгууллага Д******* холдинг ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж гэрээгээ цуцалсны улмаас Д******* холдинг ХХК-ийн үйл ажиллагаа алдагдаж алдагдалд орсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Авто тээврийн үндэсний төвийн тус үйл ажиллагаа Д******* холдинг ХХК-ийн үйл ажиллагаа явуулах байршлыг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөн тогтоож Д******* холдинг ХХК-тай хамтын ажиллагааг гэнэт зогсоосон нь захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа гэж үзэж байна. Авто тээврийн үндэсний төв д******* вокзалыг нүүлгэн шилүүлсэн үйл баримт нийтэд илэрхий боловч нүүлгэх шийдвэрээ нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй. Эрх ашиг хөндөгдөж байгаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй нууцаар гэнэт хийсэн. Нэхэмжлэгч талаас захиргааны акт бичгээр эсвэл амаар гарсан актыг гэдгийг тодорхойлох боломжгүй тул тус Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 8352 дугаар захирамжид дурдсанаар маргаж буй захиргааны актын огноо, дугаарыг мэдэх боломжгүй байсан. Авто тээврийн үндэсний төвд хандаж шийдвэрээ албан ёсоор танилцуулахыг хүссэн боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн Авто тээврийн үндэсний төвийн хууль бус удирдлагын талаар Зам тээврийн хөгжлийн яамд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлэхээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөлгүй Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1,93.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны актын шинжийг агуулсан нүүлгэн шилжүүлэлтийн улмаас нэхэмжлэгч Д******* холдинг ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул шүүхэд хандсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Захиргааны актыг гаргах үндэслэл болсон акт гаргах захиргааны болон процесс ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулсан. Авто тээврийн үндэсний төв Д******* холдинг ХХК-ийн эрх, ашгийг дараах үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17, 31 дүгээр зүйлд зааснаар нээлттэй болон онцгой журмаар тендер шалгаруулах хууль ёсны шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан бусдын эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гарах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангадаг. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар аль нэг аж ахуй нэгжид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт дурдсан байна. Авто тээврийн тухай хуульд зааснаар хууль тогтоомж түүнийг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр заасан стандарт дүрэм журмыг сахиулна. Мөн хуульд тавигдах MNS63002011 стандартад заасан авто буудлын барилгын хот, суурин газрын А зэрэглэлийн бүсэд болон төмөр замын буудал хот дотор нийтийн тээврийн асуудлыг аль болох зөөн дамжин олон чиглэлд хүрэх газар байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зарласан бол Д******* холдинг ХХК энэ талаар мэдэж сонгон шалгаруулалтад оролцох байсан. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж хуулийн дагуу явуулаагүй. Нууцаар Н ХХК-тай шууд гэрээ байгуулсан учир Д******* холдинг ХХК-ийн шалгаруулалтад орох эрхийг хязгаарлаж хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Н ХХК-ийн байранд хот хоорондын авто вокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдлийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах, хот хоорондын нийтийн тээврийн авто вокзалын зогсоолын байршлыг тогтоохдоо олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг  Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас гаргасан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нээлттэй сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Н ХХК-ийн байранд хот хоорондын нийтийн тээврийн авто вокзал /зогсоолын байршил/ тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг Авто тээврийн үндэсний төвд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 3 нөхцөл байдалтай холбож тайлбарлаж байна. 23 жил зорчигч тээвэр, шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг тайлбар хэлж байна. Зам тээврийн хөгжлийн яам Авто тээврийн тухай хуульд зааснаар энэ чиг үүрэг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу одоогийнхоор Зам тээвэр хөгжлийн яамны сайдын бүрэн эрхийн асуудал байгаа. Үүнийг үндэслэж Авто тээврийн үндэсний төв энэ чиг үүргийг гэрээний үндсэн дээр хариуцан гүйцэтгэж явж байгаа. Улс хот хоорондын зорчигч тээврийн авто буудал үйлчилгээг Авто тээврийн төв үзүүлдэг гэдгийг нэхэмжлэгч тал зөвшөөрч байна. Энэ нөхцөл байдлын хувьд маргаантай асуудлын хувьд ямар асуудал үүсэж байгаа вэ гэвэл. Д******* холдинг ХХК-иас 2016 онд Авто тээврийн үндэсний төв 1 давхрын 76 м.кв талбайг авто буудлын зориулалтаар худалдан авах гэрээ хийсэн. Энэ үеэс эхэлж төлбөрийг үе шаттайгаар шилжүүлж байсан. Тус газрыг авто тээврийн зориулалтаар ашиглаж эхэлсэн. Үүнээс гадна гаднах авто зогсоолыг нийт барилга барьсан талбайн хэмжээнд авто зогсоолыг ашиглаж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлээд явж байгаа. 2023 оны 10 сараас тодорхой хэмжээний цөөн чиглэлийг явуулж байгаа. Хууль бус үйл ажиллагаа гэх нэхэмжлэгчийн тайлбар дээр хариулт хэлэхэд өөрийн өмчлөлд авсан 80 хувийн төлбөрийг хийсэн байгаа байрын асуудал дээр Д******* холдинг ХХК өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн болохоос эзэмших эрхийн асуудлыг шилжүүлээгүй байгаа. Гэвч өмчлөөд явж байгаагийн хувьд өөрийн өмчлөлийн буюу эзэмшлийн байрандаа авто буудлын үйл ажиллагаа явуулах эсэх асуудал нь Д******* холдинг ХХК-иас заавал асууж байж шийдвэрлэх асуудал биш гэж үзсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээ хийсэн үйл явц дээрээ байрын талбайг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх асуудал яригдаагүй. Шилжүүлэх болсон үндэслэл бол Д******* холдинг ХХК авто зогсоолын талбай дээр бүхэлд нь барилга барьж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж барьсан. Энэ үеэс эхэлж Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн яам хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдал. Зорчигч тээвэрлэгчийн аюулгүй байдлыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд аюултай байдал үүсэж эхэлсэн. Хавтаст хэрэгт баримтаар зургийг хавсаргаж өгсөн байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Авто тээврийн үндэсний төв авто буудлыг шилжүүлэн байршуулах зайлшгүй шаардлага үүсэж эхэлсэн. Үүнтэй холбоотой Зам тээвэр хөгжлийн яам дээр асуудал үүссэн. Зам тээвэр хөгжлийн яамнаас нэн даруй зорчигч болон тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангах талаар хөндсөн. Иймд захиргаан байгууллагаас гаргаж байгаа үйлдэл нь хууль зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч талаас түрээслэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөж байгаа талаар хэлж байна. Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанаас хамаарч дагавар байдлаар үйлчилгээ үзүүлэх асуудал байдаг. Гэвч энэ асуудал яагаад Авто тээврийн үндэсний төв улс, хот хоорондын зорчигч тээврийн авто буудлыг нүүлгэх болов оо гэвэл тус газарт барилгын үйл ажиллагаа явсан. Тус барилгын үйл ажиллагааны үндсэн цаад эзэн нь Д******* холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Үүнээс үүдэж энэ үйл ажиллагаа эхэлж байгаа тул энэ хүмүүс түрээслэгч нарын үйл ажиллагаа хөндөгдөнө гэвэл барилгын үйл ажиллагаа явагдаж эхлэхээс өмнө дотоодоо бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүддээ мэдэгдлээ өгөөд үйл ажиллагаа явах ёстой. Энэ зөвхөн Авто тээврийн үндэсний төвийн авто буудал шилжүүлснээс шалтгаалж байгаа үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Зөвхөн Авто тээврийн үйл ажиллагаанаас болж түрээслэгч нар орлого байхгүй боллоо гэдэг үндэслэл нь үндэслэлгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны акт мөн юм гэдэгтэй бид маргахгүй. Нэгэнт авто буудлын үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой нийтэд чиглэсэн үйлдэл үйл ажиллагааг гаргасан. Мөн сонсох ажиллагаа хийгээгүй гэх асуудлыг тавьж байгаа. Бидний зүгээс яагаад шууд сонсох ажиллагаа хийгээгүй вэ гэвэл. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа байгаа учир нэн даруй нүүх асуудлыг шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох бид нарт мэдэгдэхгүйгээр нүүсэн гэдэг асуудал нь үндэслэлгүй. Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал нэг номерт тавигдаж байгаа тул мэдэгдэл өгөөд сууж байх асуудал байхгүй. Д******* холдинг ХХК барилгын ажил эхэллээ гэдэг асуулдлаа Авто тээврийн үндэсний төвд мэдэгдээгүй. Энэ хугацаанд Д******* холдинг ХХК-ийн зөвлөх н.Батбаатар гэх хүнээс Авто тээврийн үндэсний төвд албан бичиг ирсэн байдаг. Яагаад Авто тээврийн үндэсний төв нүүх болов гэж бичиг ирсэн. Үүнтэй холбоотой Авто тээврийн үндэсний төвөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр хариу өгсөн. Барилгын ажил эхэлсэнтэй холбоотой болон зорчигч болон үйлчлүүлэгч нарын аюулгүй байдал яригдаж байгаа тул нүүх шаардлага үүссэн талаар хэлсэн. Мөн авто буудлын стандарт мөрдөхгүй байна. Хотын төвд байх ёстой гэдэг асуудлыг нэхэмжлэгч талаас хэлж байна. Улаанбаатар хотын хүрээнд MNS63002011 стандартын шаардлага хангах талбай болон зориулалтын байр одоогийн байдлаар байхгүй. Энэ үүднээс нүүхийн өмнө тодорхой хэмжээний зай талбай дээр судалгаа хийж үзсэн. 6 байршил дээр судалгаа хийж үзсэн. Үүнд судалгаа хийж үзэх эхний шаардлага нь зай талбай болон зай багтаамж, бэлэн байгаа буюу шууд байранд нүүж орох боломжийг судалж гаргаж ирсэн. Энэ хүрээнд Н ХХК-ийн талбай болон агуулахын зай үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзэж хүсэлт тавьсан. Мөн төмөр замын хажууд том талбайтай хэсэг байдаг. Тус төмөр замаас хүсэлтэд татгалзсан учир Н ХХК-ийг сонгож энэ хүрээндээ Н ХХК тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж авто вокзалын зориулалттай байрыг бэлэн болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг хэрэгжүүлээгүй. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэж хэлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Энэ хууль нь зөвхөн худалдан авахад үйлчилнэ. Авто тээврийн үндэсний төвийн хувьд үйлчилгээ үзүүлэх зай талбай мөн авто зогсоолын талбайг түрээсэлж байгаа. Түрээсийн мөнгөөр тодорхой зай талбайг ашигласны хүрээнд үнэ хөлс төлж байгаа болохоос биш үүн дээр талбай болон зай талбайг өнөөдрийн байдлаар худалдан авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн эхний шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэл байхгүй байна. Дараагийн шаардлага нь нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг Авто тээврийн үндэсний төвд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Эхний нэхэмжлэлийн шаардлага буюу Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа хууль ёсны байгаа тул дараагийн шаардлага үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ямар нэг байдлаар түрээсийн гэрээ хийж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж тендер зарлах эрх зүйн орчин байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д******* холдинг ХХК эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж хэлээд байдаг боловч тодорхой биш байгаа. Хариуцагч талаас хэд хэдэн зүйл хэлсэн. Д******* холдинг ХХК үйл ажиллагаанаасаа ашиг олж алдагдлаа өөрийн хөрөнгөөр хариуцдаг. Өөрийн хөрөнгөөр эрх эдэлж үүрэг хүлээдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани байгаа. Гэтэл түрээслэгч болон Д******* холдинг ХХК-ийн ашиг орлого буурсан нь яагаад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын буруу болж байгааг ойлгохгүй байна. Д******* холдинг ХХК дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтад зааснаар үйл ажиллагаанд нь авто тээвэр, тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй. Дэмжих үйл ажиллагаа явуулдаггүй нөхцөл байдал харагддаг. Мөн Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн яамны аливаа шийдвэр захиргааны акт хэмж хэмжээний актын үндсэн дээр авто тээврийн үйл ажиллагаа явуулаагүй байж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг нь тодорхойгүй байдаг. Хавтаст хэрэгт зураг авагдсан байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Д******* авто вокзалд очиж үзэхэд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн зарим үйл ажиллагаа явагдсан хэвээр байгаа. Тухайлбал Өмнөговь, Даланзадгад, Цагаан хад, Зуун-Мод зэрэг чиглэл явагдсан хэвээр байгаа. Үүнтэй холбоотой зургийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн түрээслэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан талаар ярьж байна. Түрээслэгч нарын үйл ажиллагааг харахад авто тээврийн үйл ажиллагаанаас үл хамаарах гар утасны сэлбэг хэрэгсэл худалдаа, бэлэн хувцас, тоглоом зэрэг үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нар байдаг. Гэтэл авто тээврийн үйл ажиллагаанд хэрхэн яаж хамаарч байгаа юм. Авто тээврийн үндэсний төв нүүснээр түрээслэгч нарын үйл ажиллагаанд яаж сөргөөр нөлөөлж байгаа юм гэдэг нөхцөл хамааралгүй, тодорхойгүй байна. Мөн сонсох ажиллагаатай холбоотой тайлбар хийгдээгүй гэж хэлж байгаа. Хариуцагч талаас тодорхой хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэн үндэслэлийг дурдаж байгаа. Тус үндэслэлийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэж зааж өгсөн байгаа. Энэ нөхцөл байдал үүссэн учир нүүх шийдвэр гаргах шаардлагатай болсон гэж үзэж байна. Мөн Авто тээврийн үндэсний төвийг нүүх болсон шалтгааныг Д******* холдинг ХХК бүрдүүлсэн гэж үзэж байна” гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслээд нэхэмжлэгч Д******* холдинг ХХК-иас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан зарим баримтуудаас дурдвал

- Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 336 дугаар тогтоолоор үндэслэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ыг байгуулсан,

- Засгийн газрын 2015 оны 55 дугаар “Төсвийн байгууллагад хийх бүтэц зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тогтоолын 7 дахь заалтыг үндэслэн  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын  09-ний өдрийн 76 дугаар “Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай” тушаал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т гэрээний үндсэн дээр шилжүүлэн ажиллах ажил үйлчилгээний жагсаалтыг баталсны дотор улс, хот хоорондын ачаа, тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн,

- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 55 дугаар “Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг баталжээ.

3. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Д******* холдинг ХХК-ийн Сонгинохайрхан 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д******* төвийн 1 давхрын талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХХГГ16/020 дугаар байгуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* төвийн 1 давхрын 979.14 м.кв талбай, гадна авто зогсоолын зориулалттай 3634 м.кв эзэмшлийн талбайн ашиглалтыг өөрийн үзэмжээр хариуцан зохион байгуулахаар тохиролцож, 2,888,463,000 төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаа явуулсаар  иржээ.

4. Шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Д******* холдинг ХХК болон Н ХХК-ийн дотор болон гадна талбайд хийсэн үзлэгээр тус 2 төвийн аль аль нь автовокзалын бүтэн чиглэлээр нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, гадна талбай хангалттай хүрэлцэхээргүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-иас баруун тийшээ тээвэрлэх чиглэлээр хувааж зохицуулалт хийсэн нь автовокзалаар үйлчлүүлэгчид болон тээвэрлэгчдэд илүү дөхөм, бодит нөхцөл байдалд нийцсэн байна.

5. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд маргаан бүхий газрын орчимд барилгын ажлыг эхлүүлсэнтэй холбоотой Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-иас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/789 дүгээр Чиглэл хүсэлт тухай албан бичгээр Зам тээврийн яаманд хандан “...Д******* холдинг ХХК нь иргэдийн үйлчилгээний зогсоолыг хааж барилгын ажлыг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хөдий аюулгүй байдал хангагдахгүй зогсоолын талбай хүрэлцэхгүй, хүнд машин механизмын үйл ажиллагаа зэргээс шалтгаалан хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байгаа бөгөөд авто буудлын стандарт хангагдахгүй байна. Цаашид Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэх шаардлага тулгарч байгаа бөгөөд 900 м.кв бүхий ажилчдын өрөө, үйлчилгээний заал болон 3000 м.кв бүхий үйлчилгээний зогсоол бүхий газар шаардлагатай байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчаас 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 04-00-01/004/38 тоот "Стандартын шаардлага хангуулах тухай" албан шаардлагыг ирүүлсэн.  Уг албан шаардлагад Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь нийтийн зориулалтын талбайг автобуудалтай хамт байхаар зохион байгуулаагүй, автобуудлын үйлчилгээний танхимын хүрэлцээ муу зэрэг олон зөрчил дутагдлуудыг арилгах албан шаардлага ирсэн боловч одоогийн байгаа тус байршилд дахин талбайг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэх эсэх талаар чиглэл өгнө үү” гэжээ.

6. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/2948 дугаар албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Д******* холдинг" ХХК-ийн эзэмшлийн талбайд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэлтэй байдал үүссэнтэй холбоотойгоор "Сонгинохайрхан" зорчигч тээврийн үйлчилгээний төвийн талаар тооцоо судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд холбогдох судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто зогсоолын багтаамж, хүрэлцээ, авто замын түгжрэл, замын хөдий аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан бодит зардал, үр ашгийн тооцоонд тулгуурласан санал дүгнэлт болон шийдлийн хувилбар боловсруулан тус яаманд ирүүлнэ үү” гэх хариуг өгсөн байна.

7. Мөн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-иас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/897 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “...Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04-00-01/004/38 тоот улсын байцаагчийн албан шаардлага ирсэн. Улаанбаатар хотоос 07 дугаар сарын 01-ний дотор гаргах, нүүлгэн шилжүүлэх шийдэл гаргах үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулах албан даалгавар ирүүлсэн. Иймээс үйлдвэрийн газраас ажлын хэсэг байгуулан автобуудлын стандартад нийцэн орох, гарах гарц бүхий байр талбайг судалсны үндсэн дээр “Н” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай барилгаас 1 м.кв талбайн үнийг 25,000.00 төгрөгөөр/НӨАТ орсон/ түрээслэх хүсэлттэй байгаа тул зохих журмын дагуу зөвшөөрөл өгөхийг хүсье” хүсэлтийг гаргасны дагуу  

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-1/1302 дугаар албан бичгээр “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр тэмдэглэлд заасны дагуу түрээслэх талбайн 1 м.кв  талбайн 1 сарын төлбөрийг 30,000.00 төгрөгийн дээд хязгаарт багтаан хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалтын үр дүнгээр харьцуулалт хийж, гэрээ байгуулан бусдаас ажлын байр талбай түрээслэхийг зөвшөөрч байна” гэх хариуг өгсөн.

8. Үүнээс үзэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т олгосон зөвшөөрөл нь төрийн өмчийн үйл ажиллагаа явуулах талбай түрээслэхэд чиглэжээ.

9. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ “...Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр “Н” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ТГ23/08 болон HP/23/506 дугаартай “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь хууль зөрчиж байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн мөрдөөгүй, түрээсийн гэрээ байгуулахад сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байсан” гэж маргадаг.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг, 4.1.4-д “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг” гэж тодорхойлсон.

11. Дээрх хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоос үзэхэд маргаан бүхий “Ажлын байрны түрээсийн гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээ хязгаарт хамаарахгүй, тус хуульд зааснаар зохицуулагдахаар харилцаа биш эд хөрөнгө түрээслэн авахтай холбоотой харилцаа гэж үзнэ.

12. Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг Улаанбаатар хотоос гаргах эсэх шийдэл гаргах талаар хариуцагчаас байгуулсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №1, 06 дугаар сарын 20-ны өдрийн №2 дугаар хурлын тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/827 дугаар “Хамтран ажиллах тухай” албан бичиг, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ХХН-иас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/226 дугаар албан бичиг зэргээс Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд судалгаа явуулж, тодорхой хэмжээний газруудыг судалж, сонгон шалгаруулалт явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

13. Хариуцагч Автотээврийн үндэсний төв нь Зам, тээврийн хөгжлийн яамны зарим чиг үүргийг шилжүүлэн авсан тул тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх захиргааны байгууллага гэж үзэх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлээр захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг нэрлэн заасан бөгөөд .4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг хариуцагч үйл ажиллагаандаа баримтлан ажилласан байна.

15. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь зорчигч тээврийн үйлчилгээний автобуудлын орчны орчны аюулгүй байдал, иргэд зорчигчид, тээвэрчдийн тав тухай аюулгүй үйлчлүүлэх нөхцөлийг хангах үүднээс баруун бүсийн автовокзалын тал чиглэлийг тээвэрлэх зорилгоор Н ХХК-тай гэрээ байгуулж талбай түрээсэлж ажилласан нь Д******* холдинг ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

16. Учир нь Д******* холдинг ХХК-ийн худалдаалсан үл хөдлөхийн байранд одоо ч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь үйл ажиллагаа явуулж, баруун бүсийн автовокзалын зарим чиглэл явж байгаа нь шүүхээс явуулсан үзлэг, хэргийг оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

17. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/03 дугаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон  Д******* холдинг ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд уг хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10262 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

18. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Нийслэлийн Засаг дарга болон Д******* холдинг ХХК-ийн хооронд байгуулсан санамж бичиг нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь холбогдох асуудлыг судлан үзэх  болон дэмжлэг үзүүлэх оролцоог хангах ажилласан ба нэхэмжлэгчид сөрөг нөлөөтэй үр дагавар үүсээгүй байх тул уг хэрэгт хамааралтай хамтран хариуцагч биш...” гэх тайлбарыг өгч нэхэмжлэгч зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хассан.

19. Мөн гуравдагч этгээдээс “... Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан санамж бичгийн хувьд нэхэмжлэгчийн төлөөлөх Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, санамж бичиг дээр эрх бүхий этгээд зурсан. Мөн Засаг дарга Авто тээврийн үндэсний төвийн өмнөөс санамж бичиг дээр газрын үсэг зурах эрх байхгүй” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тус компанийн хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон.

20. Иймд дээрх үндэслэлээр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-иас “Н” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ТГ23/08 болон HP/23/506 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээнээс шалтгаалж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Харин энэхүү шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд шинээр баригдах баруун бүсийн терминал төвд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах эсэх, сонгон шалгаруулалт зарлах эсэх үйл ажиллагаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д******* холдинг ХХК-иас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Н” ХХК-ийн байранд хот хоорондын автовокзалыг нүүлгэн шилжүүлсэн үйлдэл хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгох, Хот хоорондын нийтийн тээврийн автовокзал/зогсоол/-ын байршлыг тогтооход олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулахыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА