Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 29

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч З.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Зоригтын Цэнд-Аюушд холбогдох эрүүгийн 1724000320023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИЦ89031871 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Боржгин овогт Зоригтын Цэнд-Аюуш.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр З.Цэнд-Аюуш намайг “хот руу ачаа ачих гэсэн юм, чи маргааш хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь очоод шар өнгөтэй Норд бенз машины чиргүүл дээр нь мод ачаад дууссан чинь З.Цэнд-Аюуш чиргүүлээ салгая гэхэд нь нэг хүний хамт чиргүүлийн гарны 2 талаас барьчихсан байж байтал гэнэт чиргүүл буруу тал руугаа хайчлагдсан. Гэтэл би чиргүүлийн гар, машины чиргүүл хоёрын хооронд баруун талаараа хавчуулагдаад хүмүүс орилолдоод машин урагшлахаар дундаас нь холдсон. З.Цэнд-Аюуш надад учруулсан хохирлоо барагдуулсан. Надад 17.000.000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Мөн эмчилгээний зардалд ойролцоогоор 1.900.000 төгрөг өгсөн. Одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

   Гэрч Ш.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр З.Цэнд-Аюушийн хашаанд машин дээр нь А.Бат-Өлзий, Х.Дарьсүрэн, Г.Сүхноров бид нар мод ачиж байсан юм. Машиных нь чиргүүл дээр модоо ачиж дуусчихаад машины толгой дээр мод ачих гэсэн чинь З.Цэнд-Аюуш намайг чиргүүл салгаарай гэж хэлчихээд өөрөө машинд суусан. Тэгтэл чиргүүлийн гарны хажуугаас Г.Сүхноров ирээд бариад авсан. З.Цэнд-Аюуш машинаа асаагаад хойшоо ухартал чиргүүл салаагүй. Дахиад ухарсан чинь чиргүүл салсан. Тэгэхээр нь би холдсон. Г.Сүхноров чиргүүлийн гарнаас барьж үлдээд чиргүүлийн гар машин хоёрын хооронд гараа хавчуулчихсан. З.Цэнд-Аюуш машинаа асаагаад ухрахаасаа өмнө 2 удаа дуут дохио өгсөн ба З.Цэнд-Аюуш Г.Сүхноров хоёрын дунд хэрүүл маргаан үүсээгүй...” гэсэн мэдүүлэг,

          Гэрч А.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машины чиргүүл дээр галын түлээний мод аччихаад толгой дээр нь банз палк ачих гээд чиргүүлийг нь салгах болсон. Тэгээд Г.Сүхноров, Ш.Батсуурь хоёр чиргүүлийг салгах гэж үлдээд би эхнэртэйгээ хамт банзан дээр очоод сууж байсан юм. Удалгүй хүн ёолохоор нь гүйгээд очтол Г.Сүхноровын баруун гарынх нь булчин хэсгээс цус шүүрсэн байсан. Ш.Батсуурь хэлэхдээ чиргүүлийн гар, машины ар тал буюу борхов хийдэг гогцоо хоёрын дундуур гараа хавчуулчихлаа гэсэн. З.Цэнд-Аюуш хойшоо хөдлөхөөсөө өмнө нэг удаа дуут дохио өгсөн. Тэгээд хөдлөх нь үү гээд харж байтал дахиж нэг дуут дохио өгөөд ухарсан. Хоорондоо маргалдаж муудалцах асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр З.Цэнд-Аюушийн машины чиргүүл дээр галын мод ачиж дуусчихаад сууж байтал хүн орилох чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь Г.Сүхноров чиргүүл салгах гэж байгаад гараа хавчуулчихлаа гэсэн. З.Цэнд-Аюуш урагшаа хойшоо хөдлөхдөө дуут дохио өгч байсан. Гэхдээ хэдэн удаа дуут дохио өгсөн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Т.Отгонбаярын: “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 172107 дугаартай иргэн Г.Сүхноровын биед гэмтэл учирсан байна. Г.Сүхноровын биед баруун талын бугалганы дунд 3/1-ээс доош тайрагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 70% нөлөөлнө. Г.Сүхноровын биед баруун гарын бугалганы дунд 3/1-ээс доош тайрагдсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-д болон 68.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,

            Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн:

 1. Иргэн Г.Сүхноровын биед гэмтэл учирсан байна.

 2. Баруун гарын бугалганы дунд 3/1-ээс доош тайрагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

 3. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 70% нөлөөлнө.

 4. Иргэн Г.Сүхноровын биед баруун гарын бугалганы дунд 3/1-ээс доош тайрагдсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-д болон 68.3-т  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн 172107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч З.Цэнд-Аюуш нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгслийн чиргүүлийг салгах оролдлого хийж байх үедээ болгоомжгүйгээр Г.Сүхноровын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Сүхноровын мэдүүлэг, гэрч Ш.Батсуурь, А.Батсуурь, Х.Дарьсүрэн, шинжээч Т.Отгонбаяр нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 172107 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч З.Цэнд-Аюушийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

            Шүүгдэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгслийн чиргүүлийг салгах оролдлого хийж байх үедээ болгоомжгүйгээр Г.Сүхноровын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнийг Прокуророос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Цэнд-Аюушийн үйлдлийн улмаас хохирогч Г.Сүхноровын биед Баруун гарын бугалганы дунд 3/1-ээс доош тайрагдсан гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2 дахь хэсэг болон 68.3 дахь хэсэгт  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч З.Цэнд-Аюушийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч З.Цэнд-Аюушийн “...Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах хашаандаа өөрийн эзэмшлийн Норд бенз маркийн 00-57 ХОҮ улсын дугаартай машины чиргүүлд мод аччихаад Ш.Батсуурь ахыг чиргүүл салгаарай гэж хэлчихээд би машин дотроо сууж байсан юм. Би машинаа хөдөлгөөд чиргүүлээ салгах гээд эхлээд урагшаа хойшоо нэг нэг удаа хөдөлсөн чинь чиргүүл салаагүй, тэгэхлээр нь дахиад нэг удаа хойшоо ухарсан чинь хүн орилох чимээ гарсан. Би урагшаа хөдлөөд машинаа унтраачихаад буугаад ирсэн чинь машины хойно Г.Сүхноров суучихсан байхаар нь яваад очтол чиргүүлийн гар, гузевны ирмэг хооронд гараа хавчуулчихлаа гээд гараас нь жаахан цус шүүрсэн байхаар нь гарыг нь алчуураар боогоод эмнэлэгт хүргэсэн...” гэж мэдүүлж байгаа нь Г.Сүхноровын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Цэнд-Аюушд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө  илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгдэгч З.Цэнд-Аюушийн хувьд ногдох хөрөнгө болох Panasonic маркийн 39 инчийн өнгөт LCD зурагт, H cence маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3 4, 36.6,  36.7,  36.8 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгин овогт Зоригтын Цэнд-Аюушийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгин овогт Зоригтын Цэнд-Аюушд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Цэнд-Аюушд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОТГОНХИШИГ