Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2024/0211/З |
Дугаар | 128/ШШ2024/0350 |
Огноо | 2024-04-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0350
024 04 18 128/ШШ2024/0350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М******* ХХК/РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн Э.П******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2. Анх М******* ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар Налайх дүүрэгт Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уулын баруун энгэр нэртэй газарт 2000 м.кв газрын аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах гэрчилгээ олгож, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар газар ашиглах гэрээг байгуулсан байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж М******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд М******* ХХК-ээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний 08 дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж “...2015 оны 08 дугаар сараас компанийн захирал М.Б******* нь хүндээр өвчилж “Булчирхайн хорт хавдар” хэмээн оноштойгоор 2 дугаар эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж 2015 оноос өнөөдрийг хүртэл эмчилгээ дуусаагүй химийн болон бусад эмчилгээнүүд хийгдсээр байна. Улмаар 2016 онд эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 80% алдсан учир группэд орсон. Иймд манай компанид тохиолдсон ноцтой хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учир А/51 тоот тушаалаар цуцалсан дээрхи газрыг ашиглах эрхийг сэргээж өгнө үү. Цаашид уг газрыг зориулалтын дагуу ашиглах болно” гэжээ.
4. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/458 дугаар “Газар ашиглах эрхийг сэргээх, хугацаа сунгах тухай” тушаалаар М******* ХХК-ийн ашиглаж байсан Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2000 м.кв талбайн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгасан байна.
5. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/244 дүгээр албан бичгээр “Тодруулбал танай компани дээрх хуульд заасны дагуу үүргээ биелүүлж ашиглах эрх авсан газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгох захиргааны акт гаргах болсныг мэдэгдье. Иймд дээрх зөрчилтэй холбоотой тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь хууль, журмын дагуу танай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу” гэж,
М******* ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Тэрэлж горхи тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “...Тус компани нь 2014 оны 12 сард 145 тоот гэрчилгээтэй 2 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар ашиглахаар авсан болно. Энэхүү газрыг зориулалтын дагуу ашиглахаар авсан боловч эрүүл мэнд, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой, гачигдал зовлон, хүндрэл бэрхшээл гарсан учраас уг газраа ашиглаж чадаагүй өнөөдрийг хүрсэндээ хүлцэл өчиж байна. Өнөөдрийг хүртэл газраа ашиглаж чадаагүй нь 2015 оноос хойш нөхөр М.Б******* маань хорт хавдраар өвдөж, олон жил гадаад дотоодод эмчилгээ хийлгэсээр бүх хөрөнгө мөнгөө хорт хавдрын эм тариа, эмчилгээнд зарцуулсаар байгаад хорт хавдрын өмнө хүчин мөхөсдөж, 2020 оны 8 сарын 5-ны өдөр ханийгаа бурхны оронд үдсэн. Гэвч өвчин үүгээр манай гэр бүлд дууссангүй мөн оны 8-р сарын 16-ны өдөр эхнэр А.Х******* миний бие нь бүдүүн гэдэсний хорт хавдартай болсноо мэдэж, Улсын нэгдсэн 2-р эмнэлэгт хагалгаанд ороод, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хяналтад байна. Иймд манай гэр бүлийн компанид тохиолдсон эдгээр асуудлыг хүндэтгэн үзэж, газар ашиглах гэрээг маань хэвээр үлдээж өгнө үү. Цаашид уг газраа зориулалтын дагуу хуулийн хүрээнд ашиглах болно” гэх тайлбарыг хүргүүлжээ.
6. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзжээ.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны 05/1447 дугаар албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна” гэх тайлбарыг ирүүлж нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08 өдөр нэхэмжлэл гаргасан байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаал ямар нэгэн зөрчил байхгүй. Хууль тогтоомжид нийцсэн тушаал гарсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2 удаа ирүүлсэн саналыг үндэслэж тушаал гаргасан. Хэдийгээр нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлаж байгаа боловч газар ашиглах эрх хуулийн этгээд дээр олгосон байгаа. Захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан боловч М******* ХХК нь газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Нийт 9 жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байсан талаар баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн үйл ажиллаа ямар нэгэн байдлаар доголдсон талаар баримт байхгүй байна. Иймд газрыг 2 жилийн хугацаанд ашиглах боломж байсан гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан. Сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгч компаниас хариу тайлбар ирүүлсэн. Хэдий хариу тайлбар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа дурдсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байгаа тул хуульд заасан журмын дагуу маргаан бүхий акт гарсан. Иймд маргааны бүхий актыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.
3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар М******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
4. Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
4.1. Шүүхэд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14/88 дугаар албан бичгээр М******* ХХК-ийн 2020-2023 оны газрын төлбөрийн тооцоог ирүүлсэн байх бөгөөд 2023 оны газрын төлбөрөөс 199,040 төгрөгийн үлдэгдэлтэй талаар баримтыг ирүүлсэн байна.
4.2. Үүнээс үзэхэд маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2023 оны 09 дүгээр сард гарсан бөгөөд 2023 оны 04 дүгээр улирал дуусаагүй, жилд төлөх 2,398,080 төлбөрөөс 2,199,040 төгрөгийн төлсөн байгаа нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэхээргүй байна.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
5.1. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Корона вирус буюу цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт байна.
5.2. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотолсон Улсын 2 дугаар төв эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны 2/12, 2/13 дугаар “Эмнэлгийн тодорхойлолт”, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны 2/167 дугаар хариу “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр 2015- 2020 оныг хүртэл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдож байна.
5.3. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий газартаа:
-“Б*******” ХХК-аар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №219 дүгээр гэрээгээр маргаан бүхий газарт 38,000,000 төгрөгөөр сараалжин хашаа барихаар гэрээ байгуулж,
2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2014/Р41 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15/01017/22 дугаар “Техникийн нөхцөл”-ийг авсан байгаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/244 дүгээр албан бичгээр маргаан бүхий газрыг цуцлах болсон талаар мэдэгдэж, нэхэмжлэгчээс М******* ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэх үзэх шалтгаантай байсан талаар тайлбарыг авсан атлаа зохих хариу өгөөгүй энэ хугацаанаас хойш жил гаруйн дараа газар эзэмших эрхийг цуцалжээ.
7. Үүнээс хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий акттай холбоотой сонсох ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ.
9. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд хуулийн дээрх заалтад заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүний цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актын талаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал аваагүй нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
10. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрын төлбөрийн үлдэгдэлтэй болон газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
12. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байсан, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан М******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА