Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 30

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ж.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б-д холбогдох эрүүгийн 17240000360017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б, /регистрийн дугаар **/.

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Бургаст гэх газрын ойгоос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.091 м3 хэрэглээний хуш мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэн ойн санд 216,988 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Бургаст нэртэй газрын ойгоос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.091 м3 хэрэглээний хуш мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тосонцэнгэл сумын төв рүү 41-64 ЗАН улсын дугаартай ниссан ваннити маркын автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. Хохирогч Б-ийн: “...Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Бургаст гэх газраас хууль бусаар 18 ширхэг хуш мод бэлтгэж, ойн санд 216.988 төгрөгийн хохирол учруулсныг мэднэ. Би хуульд заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Б нь хохирлоо бүрэн төлж барагдуулвал энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,

   2. Гэрч Х-ийн: “...Б-д түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон нь үнэн. Дээрх хугацаандаа мод бэлтгэж тээвэрлээгүй, хугацаа нь хэтэрсэн үедээ мод тээвэрлэсэн тохиолдолд уг эрхийн бичгээр мод тээвэрлэж болохгүй, хүчингүй болно. ...Тосонцэнгэл суманд хуш мод ховор болохоор манай суманд олгож байгаагүй. Түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод болон хуш мод бэлтгэж, тээвэрлэж болохгүй...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 22-р хуудас/,

3. Гэрч Э-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Идэр голын гүүрэн дээр үүрэг гүйцэтгэж байх үед цагаан өнгөтэй Ниссан Ваннити маркийн 41-64 ЗАН улсын дугаартай бага оврын тээврийн хэрэгсэл дээр 4 метрийн урттай 16 ширхэг хуш мод, 2 метрийн урттай 2 ширхэг хуш мод тээвэрлэсэн машиныг зогсоон жолоочийн бичиг баримт болон модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг шалгахад Д гэх залуу эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба мөн ачиж явсан модны гоожин гэх зүйлийг үзэхэд галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгээс өөр зохих зөвшөөрөл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 31-р хуудас/,

4. Д-ийн: “...Хониноос 17 цагийн үед ирэхэд аав эмээгийнд ирчихсэн байсан. Тэгээд намайг сумын төв рүү авч явна гэхээр нь би цуг явсан. Тэндээс хөдлөөд шууд сумын төв явсан. Сумын төв дөхөж байтал аав надад хандан гар өвдөөд байна, чи жаахан бариад яваадах гэсэн. Би машиныг бариад Идэр голын гүүрээр орж ирэхэд цагдаа шалгаад тээврийн хэрэгслийг саатуулсан” гэсэн мэдүүлэг /ХХ29-р хуудас/

5. Яллагдагч Б-ийн: “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Бургаст газарт очиж 16 ширхэг 4 метрийн урттай, 2 ширхэг 2 метрийн урттай хуш модыг ганцаараа бэлтгээд тухайн газар нь орхисон. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тухайн газарт Ц-ын Ниссан Ваннити маркийн 41-64 ЗАН улсын дугаартай жижиг оврын ачааны машинаар ачсан. Би машин дээрээ уг модыг ачихдаа 2 ширхэг дэр мод ашиглаад модоо өнхөрүүлж тэвшин дээр ачсан. Модоо ачаад буцах замдаа ээжийнд мал харж байсан төрсөн хүү Д-г аваад явсан. Сумын төв орох үед Д-д машины жолоог шилжүүлсэн. Ингээд Идэр голын гүүрээр гарч явтал замын цагдаагийн шалгалт таарч, түлээний модны эрхийн бичгээр 4 метрийн урттай хуш мод бэлтгэсэн гэж саатуулагдан шалгагдаж байгаа. Би хуш мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 16 ширхэг 4 метрийн урттай, 2 ширхэг 2 метрийн урттай хуурай хуш мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-р хуудас/

6. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаартай ”...Б нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.13 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Б нь ойгоос 18 ширхэг хэрэглээний шатсан хуурай бөөрөнхий хуш мод бэлтгэснийг Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хийсэн үзлэг, тооллого хэмжилтээр тогтоолоо. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 70200 төгрөг байна. Нийт 3,091 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 216.988 төгрөг байна. Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Бургаст гэдэг газар нь Ойн сангийн 2 дугаар мужийн ойд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 34-35-р хуудас/,

7. 41-64 ЗАн улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон уг тээврийн хэрэгслийн дээр ачсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /ХХ 5-6-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-9-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цагаан өнгийн эх биетэй, асаах татуурганы таг нь цэнхэр өнгөтэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө, 41-64 ЗАН улсын дугаартай Ниссан ваннити маркын автомашин, 4 метрийн урттай 16 ширхэг, 2 метрийн урттай 2 ширхэг хуш мод зэргийг эд мөрийн баримтаар Б-ээс хураан авсан тэмдэглэл /ХХ-12-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Б-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, цаашид гарах хохиролын талаар хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг зөвшөөрсөн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Бургаст нэртэй газрын ойгоос 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.091 м3 хэрэглээний хуш мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тосонцэнгэл сумын төв рүү 41-64 ЗАН улсын дугаартай ниссан ваннити маркын автомашинаар тээвэрлэсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон үзэж, прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээс гадна зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Б-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн эх биетэй, асаах татуурганы таг нь цэнхэр өнгөтэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө, зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан 41-64 ЗАН улсын дугаартай Ниссан ваннити маркын автомашин, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон  4 метр урттай 16 ширхэг, 2 метр урттай 2 ширхэг хуш мод зэргийг хураах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан 41-64 ЗАН улсын дугаартай, цагаан өнгийн ниссан ваннити маркын автомашиныг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш Ц-д 2017 оны 08 дугаар сард худалдсан, Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Нөгөө талаар Монгол улсын Зам тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: “Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн бол шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ” гэж, 3.2 дахь хэсэгт: “Өмчлөгч шилжилт хөдөлгөөнийг 7 хоногийн дотор хийлгэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл Б нь өөрийн эзэмшлийн автомашинаа Ц-д худалдан борлуулсан байж болох хэдий ч дүрэм журмаар тогтоосон үүргээ биелүүлээгүй явдлыг өмчлөгч өөрчлөгдсөн хэдий ч бүртгэл өөрчлөгдөөгүй шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

Харин хураагдсан хөрөнгөөс хохирол нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь  зүйтэй юм.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б-ийн хууль бусаар бэлтгэсэн 4 метр урттай 16 ширхэг, 2 метр урттай 2 ширхэг хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ 216.988 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, ойн санд учруулсан хохирол 650,964 төгрөгийг түүнээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулж, ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг тогтоох нь зүйтэй  гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар ойн санд учруулсан хохирол 650,964 төгрөгийг шүүгдэгч Б-ээс гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулсугай.

7. Ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосугай.

8. Шүүгдэгч Б-ийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Б-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн эх биетэй, асаах татуурганы таг нь цэнхэр өнгөтэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө, зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан 41-64 ЗАН улсын дугаартай Ниссан ваннити маркын автомашин, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон  4 метр урттай 16 ширхэг, 2 метр урттай 2 ширхэг хуш мод зэргийг хураасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураагдсан хөрөнгөөс хохирол нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

11. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН