Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0407

 

 

                               

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.,

Маргааны төрөл: Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Иргэн Б.аас Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.д холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж ******* дугаар байрны зоорийн давхар ******* тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр иргэн В.аас худалдан авсан байна.
  3. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасныг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай гэрчилгээг иргэн Б.ийн нэр дээр олгосон байна.
  4. Иргэн Б.аас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өргөдлийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн зураг, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Б. нь хяналт шалгалт явуулаад Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан байна.
  5. Тус дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.д хандан гомдол гаргасан байх ба Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/2639 дүгээр албан бичгээр “...дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. Хэрэв дээрх шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд хандаж гаргана уу” гэх хариуг өгсөн байна. 
  6. Улмаар улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Иргэн Б. би Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол /14252/ Сөүлийн гудамж ******* байр, зоорины давхар ******* тоот хаягт байрлалтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай Ү-******* дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-ээр В.аас худалдан авсан. Ийнхүү миний бие 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн газарт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлж”-ийг гаргаж, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 заасны дагуу авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон.

Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б. нь дээрх авто зогсоолд хяналт шалгалт явуулан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай дүгнэлтийг гаргасан. Би энэхүү дүгнэлтийг үл зөвшөөрч, Засгийн газрын 2016 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гал түймрийн улсын хяналтын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан боловч Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны 3/2369 дугаартай бичгээр гомдлын хариуг ирүүлэхдээ улсын хяналтын ахлах байцаагчийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн үзэж, өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж буй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Улсын ахлах байцаагчийн дугаартай дүгнэлтэд “Онцгой байдлан ерөнхий газарт ирсэн Б.ын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ирүүлсэн өргөдлийн дагуу … Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын ******* дугаар байрны актомашины дулаан зогсоолын галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг тус байрны ******* СӨХ-ийн гүіпртгэх захирал Б., ******* тоотод оршин суугч, иргэн Б. нарыг байлцуулан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг шалгалтыг зохион байгууллаа” гэсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-т “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, мөн тус зүйлийн 5.9-т зааснаар Байцаагч хяналт шалгалтын тэмдэглэлийг шалгуулагч этгээдэд өгөхөөр, 5.10-т зааснаар шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулахаар заасан байна. Энэхүү хуульд заасан шалгуулагч этгээд нь хяналт шалгалтын объект болж буй “автомашины дулаан зогсоол”-ын өмчлөгч миний бие юм.

Гэтэл улсын хяналтын ахлах байцаагч миний өмчлөлийн авто зогсоолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахдаа зөвхөн Онцгой байдлын ерөнхий газарт өргөдөл өгсөн иргэн Б., байрны СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б. нарыг л байлцуулан зохион байгуулсан. Тухайн хяналт шалгалтын объект нь анхнаасаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын ******* дугаар байр бус, байрны автомашины дулаан зогсоол байсан тул байрны СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.т намайг төлөөлөн миний өмнөөс байлцах эрх байхгүйгээс гадна Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар ч тийм бүрэн эрх олгогдоогүй юм. Өөрөөр хэлбэл, улсын хяналтын ахлах байцаагч нь хамааралгүй этгээдүүдийг хяналт шалгалтын явцдаа байлцуулж, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Б. миний оролцоог хангахгүй, тайлбар гаргах, баримт өгөх боломжийг ч олголгүйгээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.10-т заасан нийтлэг журмыг зөрчиж, тус дүгнэлтийг гаргасан.

2. Тус дугаар дүгнэлтээр “тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх нөхцөл бололцоог бүрдүүлэн анхны батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй нэмэлтээр байрласан *******, 22 дугаартай автомашины зогсоолыг зориулалтын бус газар байрлуулахыг хориглох” нь зүйтэй хэмээн үзсэн байна. Миний зүгээс өмнө нь Онцгой байдлын ерөнхий газрын даргад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдолдоо дурдаж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивд “*******” ХХК-ийг үйлчилгээтэй 85 айлын орон сууцны барилгын зоорины давхрын байгуулалтын зураг хадгалагдсан байх бөгөөд тус зургаар миний өмчлөлийн ******* дүгээр зогсоол нь анхнаасаа зураг төсөлд тусгагдсан болох нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******8/2011 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д “85 айлын орон сууц, 24 автомашины дулаан зогсоол”-аар авагдан байнгын ашиглалтад оруулсан байгаа нь тодорхой тусгагдсан байдаг. Тиймээс улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтэд тусгасан ******* дугаартай зогсоол нь нэмэлтээр байрлуулсан бус анхнаасаа зураг төсөлд байсан зогсоол юм.

Дүгнэлтэд ******* дугаартай зогсоолыг “зориулалтын бус газар байрлуулахыг хориглох “шийдвэрийг гаргахдаа тус зогсоолууд нь “... Авто зогсоол БНбД *******-05-10-ын 5.11, Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага *******-ын 4.7, 7.7, 8.1...” гэх заалтуудыг тус тус хангахгүй байгаа талаар дурджээ. Гэвч дугаартай дүгнэлтэд хяналт шалгалтын явцад шалгалтын объект нь ямар нөхцөл байдалтай байснаар дээрх норм дүрэм хангаагүй хэмээн үзсэн нь огт тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нь зогсоолыг зориулалтын бус газар байрлуулахыг хориглосон миний хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт үйлдсэн атлаа, тухайн ******* дугаартай зогсоолын яг ямар байдал нь дээрх норм дүрмийг зөрчсөн гэж үзсэн талаар үндэслэлээ ч дурдаагүй байна.

Түүнчлэн тус заалтыг улсын байцаагч нь тус норм, дүрэмд заасан хүрээнд хэрэглэхгүйгээр зөвхөн хэсгийг нь авч дүгнэлтэд тусгасан нь үндэслэлгүй юм. Учир нь БНбД *******-05-10 5.11 дэх заалт нь “Авто зогсоолын рамп (пандус), шаардлагатай гарц, орцын тоог ашиглалтын горим, хөдөлгөөний нягтрал, барилгын зохион байгуулалтыг харгалзан үзэж нэгдүгээрээс бусад нийт давхарт байрлах авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно. (газар доорх зогсоолын хувьд нийт давхарт)

Рамп (пандус)-ны төрөл ба хэмжээг авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно:

100 хүртэл авто тээврийн хэрэгсэлд зохих дохиолол бүхий нэг урсгалтай нэг рамп” гэж тогтоосон байна.

Миний өмчлөл бүхий авто зогсоол нь нийтдээ 22 зогсоолтой буюу 100 хүртэл авто тээврийн хэрэгсэл гэсэн хамаарах тул дээрх норм, дүрмийг хангахгүй гэх үндэслэл байхгүй болно.

Мөн улсын хяналтын ахлах байцаагч нь “... тус зогсоолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан эсэхийг Улсын бүртгэлийн холбогдох газраас тодруулах зүйтэй... хэмээн дүгнэлтдээ бичсэн байна. Өмнө нь дурдсанчлан миний бие тус автомашины зогсоолыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр В.аас “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдаж авсан бөгөөд тухайн автомашины зогсоол нь 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй юм.

Засгийн газрын 2016 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гал түймрийн улсын хяналтын дүрмийн 3.1.3-т хяналтын байцаагчид “аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гал түймрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт бичиг, мэдээ, материалыг үнэ төлбөргүй гаргуулж авах” бүрэн эрхийг олгосон байхад хуулиар олгосон уг бүрэн эрхээ огт хэрэгжүүлээгүй байгаа нь хяналтын ахлах байцаагч зогсоолын хууль ёсны өмчлөгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж буй атлаа бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг харуулж байна. Миний өмчлөлийн автомашины зогсоол нь 2013 онд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсноос хойш одоог хүртэл 10 жилийн турш ямар нэгэн доголдол, зөрчил үүсгэлгүй, зогсоол нэмж байрлуулж өөрчилсөн зүйлгүйгээр ашиглаж байхад хяналтын ахлах байцаагч нь хуульд заасан журмыг зөрчиж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хангалттай үндэслэл бүхий бус дүгнэлт гаргаж, өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б. нь 2019 онд н.тай худалдах, худалдан авах гэрээний дагуу 42 сая төгрөгийг төлж ******* тоот зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******8/2011 тоот актаар 85 айлын үйлчилгээний орон сууц, 24 автомашины дулаан зогсоолтойгоор хүлээн авч ашиглалтад орсон. ******* дугаар байрны ашиглалтыг хариуцдаг “*******” СӨХ-ийн дарга н. болон н. нарын гомдлоор энэ маргаан эхэлсэн. Энэ байр 22 зогсоолтой боловч өвлийн цагаар тухайн байрны оршин суугч биш хүмүүс автомашин байрлуулдаг. Үүнийг оршин суугч Б. СӨХ-ийн даргад хэлсэн боловч түүнийг ёс бус үгээр доромжилж, би энэ байрны зогсоолд ямар машин байрлуулахыг мэдье гэх агуулга бүхий зүйл ярьдаг байсан.

Машин хааж тавих ёсгүй. Тодорхойгүй машинууд зогсоохыг зөвшөөрч болохгүй, ингэж хураамж авч болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Үүний улмаас үл ойлголцол үүсэж гомдол гарсан гэж ойлгож байгаа. Маргааны үндэслэл болох улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой тайлбараа хэлье. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасан байдаг. Энэхүү хяналт шалгалт нь ямар нэгэн удирдамжгүй гэдгийг өмнөх хуралдаанаар хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар тэмдэглэлд тусгуулсан. Мөн шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдэлгүйгээр шалгалт явуулсан. Тайлбар мэдээлэл гаргаж өгөх боломжоор хангаагүй. Талуудын тэгш байдлыг хангах зарчмыг баримтлаагүй хяналт шалгалтыг хийсэн. Хэрэв энэ удирдамжийг танилцуулж нөхцөл байдлыг тодруулсан бол нэхэмжлэгч Б. хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой байсан гэж үзэж байгаа.

Улсын байцаагчийн дүгнэлтэд Монгол Улсын барилгын норм ба дүрэм *******-05-10 авто зогсоол гэсэн дүрмийн 5.11 дүгээр зүйлд заасан стандартыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Тухайн стандартад Авто зогсоолын рамп (пандус), шаардлагатай гарц, орцын тоог ашиглалтын горим, хөдөлгөөний нягтрал, барилгын зохион байгуулалтыг харгалзан үзэж нэгдүгээрээс бусад нийт давхарт байрлах авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно. 100 хүртэл авто тээврийн хэрэгсэлд зохих дохиолол бүхий нэг урсгалтай нэг рамп гэж заасан. Бодит байдалд ихэнх хотхон, хороолол 100 хүртэлх буюу энэ ангилалд хамаарагддаг. Энэ тохиолдолд нэг рамп буюу нэг урсгалтай, зөвхөн орц гарц нь нэг урсгалтайгаар төлөвлөгдөж явдаг. 100-аас дээш автомашинтай тохиолдолд 2 дохиолол бүхий буюу орц гарц нь ингэж зөрж байрлах ёстой байдаг гэж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ном дүрэмд заасан байгаа. Гэвч үүнийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/0302 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт цугларсан баримтууд, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх үндэслэлийг тодорхой хуульчилсан байдаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ёстой. Хариуцагчийн тайлбарласан мөн хуулийн 5.3 дахь заалтад хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд удирдамжгүйгээр хяналт шалгалт явагдах зохицуулалт байгаа. Энэ заалтыг хэрэглэхийн тулд Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр байх ёстой. Гэтэл заавал шийдвэр байх ёстой байсан юм уу, ер нь шийдвэр байдаггүй шүү дээ гэж хэлж байна.

Энэ төрлийн хяналт шалгалтууд буюу удирдамжгүйгээр хийгдэх хяналт шалгалтын төрөл бол огт биш. 2011 онд ашиглалтад орохдоо л 85 айлын орон сууц, 24 авто зогсоолтойгоор ашиглалтад орж комисс нь хүлээж авч акт үйлдсэн. Энэ актыг нь үндэслээд улсын бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. н. гэдэг хүнээс нэхэмжлэгч Б. худалдан авсан ийм л нөхцөл байдал байгаа. 10 гаруй жилийн хугацаанд энэ авто зогсолттой холбоотойгоор ямар нэгэн байдлаар галын аюулгүй байдлын дүрэм зөрчилдөөд галын ноцтой зөрчил гарсан нөхцөл байдал болоогүй байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-д заасныг үндэслэж удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн гэдэг зүйлийг ярьж байгаа үндэслэлгүй. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т удирдамжийн дагуу л хяналт шалгалтаа хийнэ гэсэн зохицуулалт байдаг. Иргэн өргөдөл гомдлоо гаргасан байж болно. Бүртгэлд бүртгэж дээд шатных нь албан тушаалтан удирдамжийг нь батлаад хяналт шалгалт хийгдэх ёстой. Гэтэл ийм хяналт шалгалтыг хийгээгүй. Заавал удирдамж байх ёсгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр байх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь дүгнэлтийг зөвтгөх үндэслэл болохгүй. Засгийн газрын 2016 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан гал түймрийн улсын хяналтын дүрмийн 1.6-д хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удирдлага болгох ёстой гэдэг зохицуулалттай. Хяналт шалгалт явуулж байгаа улсын байцаагчийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг мөн хэрэгжүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д бодит нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг. ******* гэдэг дугаарт бүртгэгдсэн авто зогсоол нь барилгын норм дүрмийг яаж зөрчсөн бэ гэж асуухад нүдэн баримжаагаар хэмжсэн, илт тодорхой учраас хэмжилт хийх шаардлагагүй шүү дээ гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд дүгнэлт нь юунд үндэслэж, яаж гарсан бэ? гэдэг нь тодорхой харагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд сонсох ажиллагааг зайлшгүй явуулдаг. Энэ хяналт шалгалтын хувьд сонсох ажиллагаа ч явагдаагүй, мөн дүгнэлтийг мэдэгдэх үйл ажиллагаа ч явагдаагүй. Энэ дүгнэлтийг иргэн Б. яаж мэдсэн бэ гэвэл СӨХ-ийн дарга нь ийм дүгнэлт гарсан, чи авто зогсоол дээр машинаа байрлуулахгүй шүү гэж дээрэнгүй харьцсан. Зарим үед цагдаа сэргийлэх дээрээ ч тулдаг ийм нөхцөл байдал үүссэн. Энэ хяналт шалгалтын ажиллагаа нь нэг талыг баримталсан. Гомдлын дагуу очиж нүдэн баримжаагаар хараад дүгнэлт гаргасан гэдэг нь өнөөдрийн хуралдаанаар тодорхой боллоо. Нэхэмжлэгчийн хувьд тухайн авто зогсоол нь хууль ёсны өмч. Хууль ёсны өмчлөгчийн хувьд эд хөрөнгөө хамгаалах, хуульд заасны дагуу захиран зарцуулах эрхтэй. Эрх бүхий байгууллагад нь бүртгүүлээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарчихсан. Өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Ашиглалтад оруулах комиссын актыг үндэслэж улсын бүртгэл бүртгэсэн. Анх удаа Б. гэдэг хүн худалдаж аваад гэрчилгээ гаргуулчихсан зүйл огт байхгүй. н. гэдэг хүн нь өмнө нь өмчилж байсныг нь худалдаж авсан. 24 авто зогсоолтой гэж хүлээж авсан Улсын комиссын акт байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Энэ газар байрлуулахыг хориглох гэж дүгнэсэн байна. Хориглоно гэдэг нь Б. энэ газар автомашинаа тавьж болохгүй гэдэг агуулга байгаа юм. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Хууль ёсны дагуу өмчилж байгаа эд хөрөнгөө захиран зарцуулах, өмчлөх боломжгүй болох хэмжээний дүгнэлт байна гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. СӨХ-ийн дарга нь өвлийн цагаар зөвшөөрөлгүй олон машиныг байршуулдаг, 1 урсгал байтугай бүтэн гараашийг нь хаагаад гадны машиныг тавиулчихдаг гэж байгаа юм. Тэгээд энэ асуудлыг иргэн хоорондын л асуудал шүү дээ гэж тайлбарлаж байна. Хэрвээ барилгын норм дүрэм зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол энэ нь адилхан л үйлчлэх ёстой. Б. барилгын норм дүрмийн 5.11-ийг зөрчсөн асуудал огт байхгүй. Хууль ёсны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээтэй байхад норм дүрэм зөрччихсөн гэж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлын тухай хуультай яаж нийцэж байгаа вэ? гэдэг нь ойлгомжгүй байна. 100 хүртэл автомашин 1 урсгалаар гарч орж болно. 1 урсгалыг нь хаачихсан зүйл огт байхгүй. Норм дүрмийн 4.7, 7.7, 8.1 заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байсан. Гэтэл энэ нь авто машин байрлуулахтай холбоотой зохицуулалт. Автомашиныг байрлуулахтай холбоотой норм дүрмүүдийн дагуу зураг төсөл нь хийгдэж байгуулагдсан зогсоолыг “зөрчиж байна” гэж дүгнэх нь үндэслэлгүй. Ашиглалтад оруулах улсын комисс хууль зөрчсөн. Зураг төсөл нь хууль бус байсан гэж хариуцагч хэлж байна. Гэтэл энэ барилга ашиглалтад ороод 10 гаруй жил болчихсоны дараа  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болж чадахгүй. Эдгээр болон одоо нэхэмжлэлд дурдсан бусад үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй. Иймд дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн Зураг, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Б. миний бие Онцгой байдлын ерөнхий газарт иргэн Б.ын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний едрийн ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 5 дугаар хорооллын ******* дугаар байрны автомашины дулаан зосоолын галын аюулгүй байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж, Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай дүгнэлт гаргахад дараах зөрчил илэрлээ.

Нэг. Барилга байгууламжийн ерөнхий мэдээлэл

1. ******* ХХК-ийн боловсруулсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* ХХК-ийн үйлчилгээтэй 85 айлын орон сууцны барилгын ажлын зураг нь Онцгой байдлын ерөнхий газраар 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр галын аюулгүй байдлын магадлал хийгдэж, Газрын харилцаа, Барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 711/2011 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан буюу зоорийн давхрын “БА-2” байгуулалтын зураг төсөлд 18 автомашины дулаан зогсоолын хүчин чадалтай төлөвлөгдсөн байна.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулбар үнэн зураг төсөлд тус барилгын “БА-2” зоорийн давхрын байгуулалтад 23 автомашины зогсоолын хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн.

3. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* ХХК-ийн үйлчилгээтэй 85 айлын орон сууцны барилга нь 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******8/2011 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын актаар 85 айлын орон сууц, 24 автомашины зогсоолын хүчин чадалтайгаар хүлээн авсан байна.

Хоёр. Илэрсэн зөрчил

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулбар үнэн зураг төсөлд нэмэлтээр тусгагдсан *******, 22, 23 дугаартай зогсоол нь Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага *******-ын 4.7-р заалт Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй Нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж автомашин байрлуулахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн.

Учир нь иргэн Б.т 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартайгэрчилгээ нь 18 м.кв /өргөн нь 3 метр урт нь 6 метр/ хэмжээтэй олгогдсон байгаа нь тус барилгын автомашины дулаан зогсоолын зорчих хэсгийн “Рамп” урсгалыг хаасан. Зорчих хэсгийн “Рамп” урсгал нь батлагдсан зураг төсөлд 6 метрийн өргөнтэй тусгагдсан.

2. Авто тээврийн хэрэгслийг байрлуулах газар, пандус (рамп) ба авто зогсоолын зорчих зурвасын хэмжээс авто тээврийн хэрэгсэл хоорондын болон тэдгээрээс барилгын бүтээц хүртэлх зай зэрэг параметрийг авто тээврийн хэрэгслийн төрөл (ангилал), хадгалах арга, овор хэмжээ, манёврлах чадвар ба байрлуулах байдал зэргээс хамааруулан зураг төслөөр тодорхойлно. /БНбД *******- 05-10-ын 5.24-р заалт/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулбар үнэн зураг төсөлд тусгагдсан *******, 22, 23-p зогсоолуудыг нэмэлтээр төлөвлөхдөө 1, 2, 3, 4, 5, 6-р зогсоолуудын орж, гарах хөдөлгөөний эргэлтийн радиусыг тооцоолон төлөвлөөгүй. /Автомашины эргэлтийн радиусыг архитекторын гарын авлага болон авто зогсоолын норм, стандартад тусгагдсан хэмжээст үндэслэн төлөвлөдөг.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулбар үнэн зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 “Гүйцэтгэлийн зураг гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг”-р заалтыг зөрчиж, эрх бүхий этгээдээр гүйцэтгэлийн зургийг баталгаажуулаагүй зогсоолын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

4. “*******” ХХК-ийн боловсруулсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “*******” ХХК-ийн үйлчилгээтэй 85 айлын орон сууцны барилгын ажлын зураг нь Онцгой байдлын ерөнхий газраар 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр галын аюулгүй байдлын магадлал хийгдэж, Газрын харилцаа, Барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 711/2011 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан буюу зоорийн давхрын “БА-2” байгуулалтын зураг төсөлд 18 автомашины дулаан зогсоолын хүчин чадалтай төлөвлөгдсөн баримт бичиг нь Архивын ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэлтэй.

/Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулбар үнэн зураг төсөл нь Архивын ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэлгүй/

5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******8/2011 дугаартай Улсын комиссын актаар 85 айлын орон сууц, 24 автомашины зогсоолын хүчин чадалтайгаар хүлээн авсан байгаа нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 “Гүйцэтгэлийн зураг гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсанбарилгын ажлын зураг төслийг”, 48 дугаар зүйлийн 48.5 дах хэсэг, 48.5.6 “Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл” -р заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн дээрх акт дээр 24 автомашины зогсоолын хүчин чадалтайгаар барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байгаа нь анхны батлагдсан зураг төсөл болон Автозогсоол БНбД *******-05-10. Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага ******* зэрэг холбогдох норм дүрмийг тус тус зөрчсөн. Зураг төсөл зохиогч нь өөрчлөлтийн зураг төслийг норм, дүрмийн дагуу боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянуулаагүй/

6. Рамп (пандус)-ны төрөл ба хэмжээг авто тээврийн хэрэгслийн тооноос хамааруулан тогтооно), 100 хүртэл авто тээврийн хэрэгсэлд зохих дохиолол бүхий нэг урсгалтай нэг рамп гэж норм заасан байдаг. Авто зогсоол БНбД *******-05- 10. Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага ******* зэрэг стандарт, норм дүрэм рампын өргөний хэмжээг тусгайлан зааж өгөөгүй буюу зорчих хэсгийн өргөний хэмжээг автомашины уртын хэмжээсээр тогтоож, эргэлтийн радиусыг автозогсоолын зэрэгцээ, ташуу, хоёр талын хөдөлгөөнд зориулсан гэх мэт төлөвлөлтөөс хамааруулан зураг төсөлд 45, 60, 90 градусаар тус тус тусгаж өгдөг болно.

Барилга байгууламжийн зураг төсөлд дулаан авто зогсоолыг төлөвлөхдөө Авто зогсоол БНбД *******-05-10, Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага ******* стандарт болон архитектур, инженерүүдэд зориулсан гарын авлагыг үндэслэн төлөвлөлтийг хийдэг болно.” гэжээ.

11. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хорооллын шилэн тоот эрх зүйн чуулган 12 зүйлийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. СӨХ-ийн дарга н., иргэн Г.ын гомдлын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжгүйгээр зохион байгуулж болно гэсэн эрх үүргийн дагуу зохион байгуулсан. Үүнийг өмнөх хуралдаанд хэлж тайлбарласан. Анхны комисс 85 айлын орон сууц хүлээн авсан. 85 айлын орон сууцад нэг айлд дунджаар 3 хүн амьдардаг гэвэл тодорхой тоо гарна. В1 давхар буюу авто зогсоолын давхар, ялангуяа орон сууцны барилгын хамгийн эмзэг давхар бол инженерийн дэд бүтэц байрладаг В1 давхар болох зоорины давхар байдаг. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд тухайн оршин суугчдын амь нас буюу эд хөрөнгө хамаарах учраас энэ шалгалтыг удирдамжгүйгээр зохион байгуулсан. Тухайн барилга байгууламжийн зураг төслийг “*******” ХХК хийсэн.

Уг барилгыг “Э*******” ХХК барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. 85 айлын хүчин чадалтай барилга байгууламж байсан. Монгол Улсын барилгын норм ба дүрэм *******0510-д 100 хүртэл тээврийн хэрэгслээр рампыг төлөвлөнө гэж заасан байдаг. Рампны зайны хувьд олон улсын стандарт гэж байгаа. Рамп гэдэг нь машины өргөний хэмжээ, тухайн автомашин 90 градусын өнцгөөр өөрөөр хэлбэл тэгш налуу, тэгш өнцөгт, дараалсан гэсэн 3 зогсоолын хэлбэрээр гардаг. Маргаж буй зогсоол нь 90 градусын налуутайгаар буюу автомашин байрлах тэгш өнцөгт хэлбэртэй зогсоол хэлбэрт орно. Шүүхээс үзлэг хийж газар дээр нь туршилт хийсэн. 6 метрийн өргөн өргөнтэй рамп дээр автомашин зогсоод 90 градусаар эргэлт хийхэд тухайн автомашины эргэлтийн процесст ухрах болон орчны хөдөлгөөнд саад учруулж байсан. Зургийн компани барилгын норм ба дүрэм, Барилгын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу зургийг зурж баталгаажуулдаг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан нэг зураг бий. Бодит кэйс дурдахад улсын бүртгэлийн газрын эрх бүхий албан тушаалтны хуулиар олгосон чиг үүргээ хэтрүүлсэн асуудал яригддаг. Авлигатай тэмцэх газарт энэ төрлөөр мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргаж өгч байсан. Анх зарсан хүн нь дур мэдэж гараар зураг гаргасан. Тэр зургийг Улсын бүртгэлд өгөхөд зохиогчийн зураг мөн үү? эрх бүхий албан тушаалтан зурсан зураг уу? гэх мэтээр албан ёсны бичиг баримтыг үзэхгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгдөг байдал нь ийм асуудал үүсгэж байна.

Анх улсын комисс 85 айлын орон сууцыг 24 машины зогсоолтой хүлээн авсан нь процессын алдаа гаргасан. Архивын ерөнхий газрын баримтаас үзэхэд 18 автомашины зогсоолтой байна. Барилгын тухай хуульд Улсын комисст авсан бичиг баримт үндсэн хувиараа Архивын ерөнхий газрын хадгаламжийн нэгжийн санд харьяалагдана гэж заасан байгаа. Тэгэхээр улсын бүртгэлд ямар эх сурвалжийн баримтад үндэслэн зогсоолын гэрчилгээг гаргасан бэ? гэдэг нь учир дутагдалтай байна. Бид “*******” ХХК гэдэг зураг төслийн компани руу албан бичиг явуулсан. Ямар учиртай бичиг вэ? гэхээр танай “*******” ХХК-ийн боловсруулсан 2010 оны зураг нь 18 автомашины хүчин чадлаар төлөвлөгдсөн байна. Танай байгууллагаас тус магадлалаар орсон зурагт зогсоолын хүчин чадлыг нэмэгдүүлэн дахин зурж боловсруулж баталгаажуулсан эсэх талаар тайлбар өгнө үү гэхэд хариу нь одоог хүртэл ирээгүй. Тухайн үед ажиллаж байсан архитектур ажлаасаа гарчихсан, манай харьяаллын биш болчихсон, мэдэгдэх гэсэн тайлбарыг амаар болон утсаар хэлсэн. Улсын бүртгэлийн газар ямар зургийг үндэслэж гэрчилгээ гаргасан нь тодорхой бус байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын авсан зураг нь Архивын ерөнхий газрын хадгаламжийн нэгжийн санд байх ёстой байсан. Гэвч байхгүй байна. 100 автомашин рамп гэдэг нь авто зогсоолын нормоор тогтоогдсон байхыг хэлнэ. Рамп гэдэг нь 6м өргөнтэй. 1 урсгалыг хэлдэг. 2 урсгалтай рамп нь мөн адил 6м өргөнтэй. Автомашины эргэлтийн радиусын олон улсын айсо /ISO/ стандарттай байдаг. Авто зогсоолын ангилал, ерөнхий шаардлага, нормыг үндэслэж эргэлтийн радиусыг тогтоож өгдөг. Өвлийн улиралд машин тавьсан гэдэг асуудлын тухайд нийтийн эдэлбэр газарт хувийн машин тавих эсэх нь Сууц өмчлөгчдийн холбоо иргэн хоёрын өөрсдийн хоорондын харилцааны асуудал гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.”Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: …”, 5.3.”Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хяналт шалгалтын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно.”, 52 дугаар зүйлийн 52.1.”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.”, 52.3.”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.”Гал түймрийн улсын хяналтын байцаагч хяналтын тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 6.1.3.”барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;” гэж заажээ.
  2. Иргэн Б.аас гаргасан өргөдөлд хийсэн цохолтын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, мөн өдрөө дугаартай дүгнэлтийг гаргасан байна.
  3. Хуульд зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэний өргөдлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр байх ба хариуцагч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын ******* дугаар байрны автомашины дулааны зогсоолын галын аюулгүй байдлын хяналт шалгалт явуулахдаа эрх бүхий этгээдийн удирдамжгүй хийсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.
  4. Хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хяналт шалгалтыг удирамжгүй хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зааснаар захиргааны акт гаргах эрх бүхий этгээд түүнийг гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол нөхцөл байдлыг захиргааны акт гаргахаас өмнө тогтоох үүрэгтэй.
  6. Гэтэл хариуцагчаас ******* дугаар байрны ******* тоот зогсоолын өмчлөгч буюу нэхэмжлэгч Б.т хяналт шалгах хийх талаар мэдэгдээгүй бөгөөд эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлээгүй байна.
  7. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, “Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг буюу ******* тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.3, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар дүгнэлтийн ******* дүгээр авто зогсоолд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ДАМДИНСҮРЭН